| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 102/2019/02364/И |
| Дугаар | 210/МА2020/00055 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2020/00055
| 2020 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 210/МА2020/00055 |
Ө Э Б Э ХХК -ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/02646 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ө Э Б Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Б-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, УБ паласын зүүн талд, Блю жем-4, А-2 байрны 47 тоот 115.48 мк талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 34 644 000 төгрөг, торгууль 4 500 000 төгрөг, алданги 50 000 000 төгрөг, нийт 89 144 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, мөн гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 45 000 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцацрал, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгч Ө Э Б Э ХХК -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ө Э Б Э ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт Блю жем 4 хотхоны 107 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд Н.Б-тай 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээ байгуулж, тус барилгын А-2 байрны 47 тоот 115,48 м/к 3 өрөө орон сууцыг 294 474 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 100 хувь төлж дуусгахаар гэрээнд тусгасан. Захиалагч гэрээний үүргээ ноцтой зөрчиж урьдчилгаа 45 000 000 төгрөгийг л төлсөн, үлдэгдэл 249 474 000 төгрөгийг төлөөгүй. Төлбөрөө төлөхийг бид удаа дараа шаардсан боловч ... та нар шүүхдээ өг гэсэн хариуг авсан. Компани 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 013 тоот албан мэдэгдлийг өгч, төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох, гэрээний бусад суутгалыг хийх, гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. Дахин 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 037 тоот мэдэгдлийг хүргүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101 тоот албан бичгээр Н.Б-д тухайн сарын 30-ны дотор албадан гаргахыг сануулж, торгууль алданги болон гэрээний 4.1-д заасны дагуу түрээсийн төлбөр сарын 2 309 600 төгрөгөөр тооцож, гэрээ байгуулснаас хойш 12 сарын хугацааны түрээсийн төлбөр 27 715 200 төгрөг, гэрээний 2.12-д заасны дагуу алданги 4 500 000 төгрөгийг тус тус суутгахыг мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлүүдийг хариуцагч хүлээн авч гарын үсэг зурсан. Удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч үүргээ биелүүлэхээс зайлсхийж орон сууцыг чөлөөлөхөөс татгалзаж байна. 2019 оны 6 сарын 12-ны өдөр 141 тоот албан мэдэгдлийг дахиж өгч 2019 оны 6 сарын 15-ны дотор орон сууцыг чөлөөлөх, сайн дураараа чөлөөлөөгүй тохиолдолд албадан гаргахыг мэдэгдэж, мөн алданги, суутгал хийхийг дахин сануулсан боловч Н.Б нь ... шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан гаргах хуультай байдаг, хуулиа унш гэж албан бичигт гараар бичиж гарын үсгээ зурж мэдэгдлийг хүлээж авсан болно. Иймд Н.Б-тай байгуулсан 2018 оны 2 сарын 4-ний өдрийн орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээг цуцалж, 3 өрөө сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, гэрээний 4.10.1-д заасны дагуу 15 сар амьдарсны хөлсөнд 34 644 000 төгрөг, мөн гэрээний 2.12-т заасны дагуу урьдчилгаа 45 000 000 төгрөгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 4 500 000 төгрөгийн торгууль, гэрээний 3.7-д, нэмэлт гэрээний 1.4-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алдангид 50 000 000 төгрөг, нийт 89 144 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б урьдчилгаа 45 000 000 төгрөг өгсөн үүнийг буцааж өгөх боломжгүй. Учир нь гэрээний 3.5 дэх хэсэгт захиалагч тал төлбөрөө гэрээний 2.1-т заасан төлөх хугацаанаас хуанлийн тооллоор 14 хоногоор хойшлуулсан тохиолдолд гүйцэтгэгч тал 3 удаа утсаар сануулах юм уу бичгээр мэдэгдсэний эцэст төлбөр төлөх хугацаанаас 21 хоногийн дараа гэрээг дангаар цуцлах эрхтэй. Гэрээний 4.10-д захиалагч нь байр хүлээн авч тус байранд нүүж орсноос хойш үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу төлж чадахгүйд хүрсэнээс үүдэн гэрээ цуцлагдаж буцаагдах тохиолдолд дараах төлбөрийг үл маргах журмаар төлөх эсвэл урьдчилгаа төлбөрөөс суутгуулна гэж заасан. Үүнийг аль аль тал нь зөвшөөрсөн. Хууль мэдэхгүй гэж байгаа нь үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэрээг цуцлах болсон үндсэн шалтгаан захиалагчаас 100 хувь шалтгаалсан. Энэ байранд бараг бүтэн 1 жил амьдарсан байж, суутгал өгөхгүй байрыг чөлөөлнө гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцацралын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэ компани хууль эрхийг ноцтой зөрчиж ирсэн. Тог тасалж тоолуурыг өрөөндөө нуух, ус таслах зэрэг нь удаа дараа давтагдаж хоол хүнс маань муудаж, гэрэлгүй, усгүй олон хоносон. Эрх мэдэлтэй хэдэн залуучууд авч ирж албадан гаргана гэх, мөн 8 удаагийн мэдэгдлийг хэн таарснаараа өгч явуулж хувийн нууц задруулж сэтгэл санааны хүнд дарамттай өнөөдрийг хүрлээ. Бид бэлэн болсон орон сууцад орсон. Одоо хүртэл цахилгаан шатны нэг нь тавигдаагүй байхад ямар нэг танил талаараа улсын комисс хүлээж авсан нь ноцтой. Орон сууц маань их хэмжээний цууралт өгсөн, олон шаардлага хангахгүй асуудлууд байгаа тул уг компанид зөрчлийг арилгах талаар хүсэлт гаргасан, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан хийнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл хийгдээгүй. Амьдарч суухад ийм олон шаардлага хангахгүй бодит байдлууд байгаа, мөн хүсэлтийг биелүүлэхгүй байгаа зэрэг нь энэ байр бидний амьдралын баталгаа болж чадахгүй гэдгийг ойлгосон учраас гэрээг биелүүлэхээс татгалзаж байна. 2018 оны 6 сарын 28-ны өдөр албан бичиг өгсөн. Албан бичгээр 18 зүйлийг засаж өгөхийг шаардсан. Хавар дулаан орохоор янзалж өгнө та мөнгөө хийгээрэй гэсний дагуу би маргаан нь графикийн дагуу 10 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл янзалж өгөөгүй тул би дахин албан бичиг өгсөн. Мөн би графикийн дагуу 7 дугаар сард 10 000 000 төгрөгийг төлсөн. Манай нөхөр цагдаагийн байгууллагад 30 жил ажилласан. Тэтгэвэрт гарахдаа авсан мөнгөө байрны урьдчилгаанд өгсөн. Удаа дараагийн албан бичигт хариу өгөөгүй, доголдлоо арилгаж өгөөгүй. Нэхэмжлэгч тал мөн гэрээний үүргийг зөрчсөн.
Сөрөг нэхэмжлэлийн талаар: Амьдрах явцад доголдол дутагдал гарсан. Удаа дараа буюу 2018 оны 6 сарын 29-ний өдөр, 2019 оны 1 сарын 9-нд тус компанид 2 удаа хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй. СӨХ нь улсын жишиг үнээс хэтэрсэн өндөр төлбөр авдаг. Ө Э Б Э ХХК -тай 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 45 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг баримтлан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Блю жем-4 хотхоны А-2 дугаар байрны 47 тоот 115.48 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Б эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Н.Б-аас 89 144 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө Э Б Э ХХК -д олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Ө Э Б Э ХХК -Аас 5 856 000 төгрөг гаргуулж хариуцагч Н.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 39 144 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 750 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 608 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 108 646 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцацрал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Мөн гэрээний гол үр дүн болсон хөдлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг хангалтгүй хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэжээ
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ө Э Б Э ХХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, УБ паласын зүүн талд, Блю жем-4, А-2 байрны 47 тоот 115.48 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, хохиролд 34 644 000 төгрөг, торгуульд 4 500 000 төгрөг, алданги 50 000 000 төгрөг, нийт 89 144 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд мөн дээрх гэрээнээс татгалзаж,урьдчилгаанд төлсөн 45 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Зохигчид 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, УБ паласын зүүн талд, Блю жем-4, А-2 байрны 47 тоот 115, 48 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч орон сууцны үнийн урьдчилгаанд 4 500 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.
Хариуцагч дээрх орон сууцад 2018 оны 03 дугаар сард нүүж орсон, уг сууцад 15 сар амьдарсан, гэрээ байгуулж 2019 оны 02 дугаар сарын 04-ний дотор төлбөрийг 100 хувь төлөхөөр график гарган тохиролцсон, орон сууцны нийт үнэ 249 474 000 төгрөг болох тухайд талууд маргаагүй. /хх 8-12,14,15/
Хариуцагчийн хувьд удаа дараа төлбөрөө гүйцээж төлөхийг шаардсан мэдэгдлийг нэхэмжлэгчээс хүлээн авснаа үгүйсгээгүй ч байранд доголдол илэрсэн тул гэрээнээс татгалзана гэж тайлбарлажээ. /хх-30-31, 85-86/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Талууд гэрээний зүйл, үнэ зэрэгт маргаагүй. Гагцхүү хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үнийг гүйцэт төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байна.
Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэх байдал, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 225.4.3-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн, үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлүүлэхээс гадна суусан хугацааны төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой байна.
Анхан шатны шүүхээс талуудын хоорондын эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж буруу дүгнэснийг зөвтгөх шаардлагатай. Нэхэмжлэгч шаардлага, үндэслэлээ хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж хохирол гаргуулна гэж заасан хохирлын хэмжээг төлбөрийг төлөөгүй тохиолдолд талуудын гэрээнд зааснаар 1 м.квийг 2 309 600 төгрөгөөр түрээсэлж суухаар тохиролцсонтой холбон тайлбарлаж байна. Харин гэрээг цуцалж байгаа тохиолдолд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги торгуулийг гаргуулах үндэслэлгүй.
Талууд гэрээнээс татгалзаж байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд хариуцагчийн гэрээний урьдчилгаанд төлсөн 45 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх түрээсийн төлбөрийг 15 сараар тооцож гаргуулсныг буруутгах үндэслэлгүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагчаас 34 664 000 төгрөг гаргуулж Ө Э Б Э ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 45 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэсэн өөрчлөлтийг, түүнчлэн тогтоох хэсгийн дугаарлалт болон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/02646 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталж Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Блю жем-4 хотхоны А-2 дугаар байрны 47 тоот 115.48 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Баярмагнайн эзэмшлээс чөлөөлж, хариуцагчаас 34 664 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өү Энд Би Эн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54 480 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Өү энд Би Эн ХХК-иас 45 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Баярмагнайд олгосугай гэж өөрчлөн нэгтгэж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 750 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 331 270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 382 950 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай гэж тус тус өөрчлөн, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дахь заалтыг 3 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоо гүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД