| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 182/2019/02229/И |
| Дугаар | 210/МА2020/00091 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2020/00091
| 2020 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2020/00091 |
Б.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 182/ШШ2019/02038 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч П Д ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 31 245 639 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, Г.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнх-Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Япон улсад аялалын зорилгоор зорчихоор болж 2018 оны 04 сарын 21-ний өдөр П Д ХХК-тай гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын 170100004984 тоот гэрээ байгуулж даатгалын хураамж 172,5 доллар төлсөн. Япон улсад очсоны дараа гэнэт бие муудаж acute e.coli infection гэх шээсний замын цочмог халдвар оноштойгоор Токиогийн их сургуулийн эмнэлэгт 2018 оны 06 сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл 28 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний төлбөрт иенээр 1 256 864 төгрөг төлсөн. Ингээд 2018 оны 08 сарын 16-ны өдөр хариуцагчид хандан гэрээний дагуу нөхөн олговрын маягтыг бөглөн нөхөн төлбөр хүссэн боловч давхар даатгалын компанийн шийдвэрийг хүлээж байгаа мөн эмчилгээ үйлчилгээ авсан тухай бичиг баримтыг дахин дэлгэрэнгүй гаргуулж ирүүл гэх зэргээр шалтаг тоочсон. Баримт бичгийг Токиогийн их сургуулийн эмнэлэгээс гаргаж өгсөөр байтал нөхөн төлбөрийг олгохгүй байсан. Гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж нөхөн төлбөрийг олгох талаар 2019 оны 02 дугаар 28-ны өдрийн 9/658 тоот, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9/2154 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн. Нөхөн төлбөр олгох талаар ямар ч ажиллагаа хийхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул П Д ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн ханшид хөрвүүлэн 31 245 639 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П Д ХХК болон итгэмжлэгдэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, Б.Амарбаясгалан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан. Нэхэмжлэгч шээсний замын цочмог халдварын улмаас Токиогийн их сургуулийн эмнэлэгт 2018 оны 06 сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл 28 хоног хэвтэн эмчлүүлж эмчилгээний зардалд 1 256 864 иен буюу 31 245 639 төгрөг төлсөн гэдэг. Даатгуулагчийн нөхөн төлбөр авахаар бүрдүүлсэн материалуудыг хүлээн авч шалгахад гэрээний 2 дугаар зүйлийн b-д хэрэв нэн яаралтай болон зайлшгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэх шаардлага гарсан бол холбогдох баримт тооцоо нэхэмжлэлийн эх баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай заасан шаардлагыг хангаагүй байсан. Даатгуулагч нь Япон улсад 28 хоног хэвтэн эмчлүүлэхдээ чухам ямар эмчилгээ хийлгэж байсан талаар харж болох Токиогийн их сургуулийн эмнэлэгийн эмчилгээний дэлгэрэнгүй тайланг өнөөдрийг хүртэлх хугацаанд даатгагч талд ирүүлээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй байна. Эмнэлэгийн дэлгэрэнгүй тайлан байснаар даатгуулагчид хийсэн эмчилгээ нь зөвхөн гэнэтийн өвчлөл буюу e-coli халдвараас үүдэлтэй байсан эсэхийг тодруулах, ямар хүндрэлийн улмаас 28 хоног эмчилгээ хийлгэсэн зэрэг нөхцөл байдлыг магадлах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход ач холбогдолтой. Даатгуулагчийн иргэний эрүүл мэндийн дэвтрээс харахад 2015 онд архаг бронхит, зүрхний цусан хангамжийн дутагдал, шээсний замын халдвар, архаг бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны шархлаа, улайн хоолойн сөөргөө, архаг холецистист зэрэг оношийн улмаас эмнэлэг болон амбулаториар эмчилгээ хийлгэж байжээ.Гэрээний даатгалд хамрагдахгүй нөхцлийн 2.b-д даатгуулахаас өмнөх аливаа архаг хууч өвчин эмгэг, урьд нь өвдөж байсан өвчин хамаарч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг баримтлан хариуцагч П Д ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 31 245 639.04 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 178.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 178.20 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Баярмагнай давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Б нь П Д ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулсан бөгөөд шээсний замын цочмог халдвар оноштойгоор Япон улсын Токиогийн их сургуулийн эмнэлэгт 28 хоног хэвтэж эмчлүүлсэн зардалд 1 256 864 иен буюу 31 245 639 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч маргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... дээрх гэрээнд даатгалын эрсдэл гэдгийг 1 гэнэтийн осол, 2 гэнэтийн өвчлөл гэж тохиролцсон байх ба гэнэтийн өвчлөл гэж өмнөх аливаа хууч өвчин эмгэг, гэмтэл бэртэл, урьд өмнө нь өвдөж байсан өвчин гэж тодорхойлсон байна гэсэн дүгнэлтийг шүүгч хийжээ. Гэтэл даатгуулагч болон даатгагч нарын хооронд байгуулсан даатгалын гэрээнд гэнэтийн өвчлөл гэдгийг тодорхойлсон заалт байхгүй бөгөөд дээрх заалт нь гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлүүдийн 2с заалтыг гэнэтийн өвчлөл гэдэг ойлголтыг тайлбарласан мэтээр илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. улмаар уг дүгнэлтээ үндэслэн .... талууд гэрээндээ даатгалын тохиолдлыг гэнэтийн өвчлөл гэж тохиролцсон бөгөөд тэрээр шээсний замын халдвар гэсэн оноштойгоор өндөр халуурсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага гарсан нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэхээр байна гэсэн дүгнэлт хийжээ. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт бол даатгалын тохиолдол гэсэн ойлголтыг тайлбарласан заалт бөгөөд даатгалын энэ тохиолдлын хувьд тохиролцсон болзол бүрдээгүй буюу даатгуулагч гэнэтийн өвчлөлийн улмаас биш урьд өмнө нь өвдөж байсан өвчний улмаас эмчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч П Д ХХК-д холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын 170100004984 тоот гэрээгээр даатгалын нөхөн төлбөрт 31 245 639 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 12-16/
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулж хураамжид 175,5 доллар төлсөн, Япон улсад очоод байхад даатгуулагчийн бие цочмог муудаж шээсний замын цочмог халдвар оноштойгоор Токиогийн их сургуулийн эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 28 хоног хэвтэж эмчлүүлсэн, эмчилгээний төлбөрт 1 256 864 иен төлсөн үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь хариуцагч буюу даатгагчид хандан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авахаар хүсэлт гаргасан ч шийдвэрлэж өгөөгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд хандан хариу авсан нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Талууд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээг бичгээр байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч даатгуулагч Б.Б-ын e-coli халдвараас үүдэлтэй гэх цочмог үрэвсэлт өвчнийг даатгалын тохиолдолд хамрадагдах эсэхэд маргаантай байна.
Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. Гэрээнээс үзэхэд гадаадад зорчигч иргэний эрүүл мэнд буюу гэнэтийн өвчлөл нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2 дахь хэсэгт заасан даатгалын зүйл байна.
Гэрээний даатгалд хамрагдахгүй байх нөхцлүүдэд нэхэмжлэгчийн Япон улсад гэнэт өвчилж эмчлүүлсэн байдал хамаарахгүй юм. Даатгуулахаас өмнөх аливаа архаг хууч өвчин эмгэг, гэмтэл бэртэл, урьд өмнө өвдөж байсан өвчнийг эмчлүүлсэн үед нөхөн төлбөр олгохоос даатгагч татгалзах эрхтэй байхаар талууд тохиролцсон./хх 16/ Гэтэл Токиогийн Их сургуулийн эмнэлэгийн ... өвчтөн нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өндөр халуурсны улмаас шээсний замын халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн, хурц гэнэтийн халдвар гэх оношоос үзэхэд гэнэтийн өвчлөл буюу даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ. / хх 20-22/
Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно. Гэрээнд талууд гадаад улс оронд 92 хоног хүртэлх хугацаагаар зорчих явцад гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлд өртвөл даатгалын баталгаанд заасан нөхцлөөр нөхөн төлбөр олгохоор даатгалын тохиолдлоо тодорхойлсон. /хх 12/ Нэхэмжлэгчийн шаардаж буй даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь гэрээний хэсэг А - Үндсэн хамгаалалт - Эмнэлэг эмчилгээний зардлын хүрээ хэмжээнд багтжээ. /хх 13/
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа гэрээний 2 дугаар зүйлийн В заалтад Хэрэв нэн яаралтай болон зайлшгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэх шаардлага гарсан бол холбогдох баримт, тооцоо, нэхэмжлэхийн эх баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай гэж заасныг хангаагүй гэж тайлбарлах байх боловч татгалзал үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч холбогдох баримт, тооцоогоо гаргасан байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж заасан бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т даатгуулагчийн өргөдөл, даатгалын баталгааны эх хувь, учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал, шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт эдгээр байна гэж заасан байх ба нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн Токиогийн Их сургуулийн дэргэдэх эмнэлгийн эмчийн дүгнэлт, тодорхойлолт, санхүүгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч П Д ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ш.ОЮУНХАНД