Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00103

 

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00103

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02957 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-т холбогдох,

 

Баянгол дүүрэг 18 дугаар хороо 37 дугаар байр 02 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Р.Оюунбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жиашидэ ХХК нь 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол Жалханзхутагт Дамдинбазарын гудамж 9 тоот хаягт байрлалтай 10 давхар үйлчилгээ, орон сууцтай 37 дугаар байрны барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байхад худалдан авсан. Уг барилгыг Жиашидэ ХХК цааш нь өөрийн хөрөнгө санхүүжилтээр үргэлжлүүлэн барьж 95 хувийн гүйцэтгэлтэйгээр 2012 оны 3 дугаар сарын 30-нд техникийн комисст, 2012 оны 12 дугаар сарын 12-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд дахин өөрчлөлт оруулж тухайн барилгыг Орон сууцны санхүүжилтийн корпорацид бүхэлд нь барьцаалсан байсан. Улсын Ү-2205037507 дугаарт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 10 давхар үйлчилгээ орон сууцны барилгын 5 664 мкв талбай бүхий хэсэг бүхэлдээ хамрагдаж байсан ба үүнд 37 дугаар байрны 2 тоотын 48.04 мкв талбайтай 2 өрөө орон сууц багтаж байсан. 2012 оны 03 дугаар сард текникийн комисст хүлээлгэн өгч оршин суугчидтай үл хөдлөх хөрөнгө захилгаар барих гэрээ байгуулж оршин суугчид гэрээнд зааснаар төлбөрөө зарим нь 100 хувь, зарим нь 50-70 хувийн урьдчилгаа төлж эхнээсээ орон сууцаа хүлээн авсан. 2012 оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгч нийт 110 айлын орон сууцны хувиарлалтыг хийсэн. Ж ХХК болон ОССК, худалдан авагч нарын хооронд хийгдсэн гэрээний дагуу тус байгууллагаас санхүүжүүлсэн худалдан авагчдын худалдан авсан орон сууцыг тэдний өмчлөлд шилжүүлснээр ОССК-тай хийсэн барьцааны гэрээг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болгож, тухайн орон сууцны барилгыг барьцаанаас бүрэн чөлөөлсөн. Ийнхүү барьцаанаас чөлөөлөгдсний дараа 37 дугаар байрны 110 айлын орон сууцыг захиалгаар худалдан авсан айлуудын өмчлөлд шилжүүлэх ажиллагааг явуулсан ба эдгээрээс бусдад худалдагдаагүй 2, 8, 11, 41, 64, 100 тоот 6 орон сууцны нэг болох 2 тоотын 2 өрөө орон сууцыг Жиашидэ ХХК өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар бүртгэлийн байгууллагад хандсаны дагуу 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Тус орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж ХХК бөгөөд улсын бүртгэлийн Ү-2205061437 дугаарт бүртгэлтэй 000470944 тоот гэрчилгээтэй. Гэтэл уг орон сууцыг Б.Э гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж ашиглаж байх тул Баянгол дүүргийн 18 дугаар хороо 37 дугаар байрны 2 тоот орон сууцыг Б.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Эшүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхийг уг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Баянгол дүүрэг 18 дугаар хороо 37 дугаар байрны 2 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө нь Б.Э-ийн өмчлөлийн хөрөнгө төдийгүй уг орон сууцанд гэр бүлийн хамт 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцыг Өгөөмөр мандал ХХК-иас 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үндсэн дээр захиалга өгч, нийт үнэ 42 879 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд 100 хувь төлж худалдан авсан. Өгөөмөр мандал ХХК нь Баянгол дүүрэг 18 дугаар хороо 37 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 48.04 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2012 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Ашиглалтад орсон тул орон сууцыг гэрээний дагуу шилжүүлэн өгсөн. Өгөөмөр мандал ХХК дээрх орон сууцны өмчлөх эрх, улсын бүртгэлийн гэрчилгээг захиалагч Б.Э-т гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байсан тул 2015 оны 08 дугаар сард дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Өгөөмөр мандал ХХК-нд холбогдуулан гаргасан. Улмаар хариуцагч Өгөөмөр мандал ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2015/05772 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гарсан. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 102/ШЗ2016/09731 шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргахад шүүгчийн захирамж гарсны дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ж ХХК өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авсан байсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс эрүүгийн журмаар шалгаж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Б.Э-т холбогдох Баянгол дүүрэг 18 дугаар хороо жалханз хутагт дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх дээрх эрхийн хүрээнд нэхэмжлэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид заасан журмын дагуу өөрийн хууль ёсны өмч болохыг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2205061437 дугаарт бүртгүүлэн өмчлөх эрхийн 000470944 дугаар гэрчилгээг гаргуулан авсан болох нь баримтаар нотлогдсон байдлыг хууль зүйн хувьд үгүйсгэсэн ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн нь холбогдох хуулийн заалттай нийцсэн. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх хууль ёсны бус болохыг нотолсон, тогтоосон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс энэ талаар ямар нэгэн маргаагүй.

Хариуцагч Б.Э нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш "Өгөөмөр мандал" ХХК /захирал А.Эрдэнэтөгстэй/-тай гэрээ байгуулж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчтэй гэрээ байгуулаагүй, уг орон сууцны төлбөрийг өмчлөгч биш этгээдэд төлсөн болохоо шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн. Түүний энэхүү тайлбар нь "Өгөөмөр мандал" ХХК, Б.Э нарын хооронд байгуулагдсан "Үл хөдлөх эд херөнгө захиалгаар барих гэрээ", "Өгөөмөр мандал" ХХК, БНХАУ-ын иргэн Chen Dunbiao нарын хооронд байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" болон бусад баримтуудаар нотлогдсон.

Улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болохын хувьд маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нэг этгээдийн өмчлөлөөс өөр этгээдийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх тохиолдолд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д тус тус зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. Энэ шаардлагыг хангаагүй хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Анхан шатны шүүх хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх хэлцэл, ийнхүү улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон байхад тухайн гэрээний харилцаанд хамаарахгүй Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэл хариуцагч Б.Э-ийг хууль ёсны эзэмшигч гэж үзсэн нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудад нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Хариуцагч Б.Э нь улсын бүртгэлийг эсэргүүцээгүй, энэ асуудлаар мараагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч Ж ХХК-ийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ. Гэтэл анхан шүүх хууль ёсны өмчлөгч Ж ХХК-ийн өмчлөх эрхийг үгүйсгэх ямар нэгэн нотох баримт, хууль зүйн үндэслэл дурдалгүйгээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн заалтад нийцээгүй шийдвэр гаргасан. Дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнг-ийг хариуцагч Б.Э-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б.Э-т холбогдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо 37 дугаар байр 2 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууцыг Өгөөмөр Мандал ХХК-иас худалдаж авсан гэж маргажээ. /хх 1-3/

 

Нэхэмжлэгч нь 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх гэрээний үндсэн дээр 37 дугаар байрыг 75 хувийн гүйцэтгэлтэй байхад худалдан авч 2012 оны 12 сард барилгыг барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгсөн. /хх 58,60-71,72-80/

 

Орон сууцны санхүүжилтийн корпораци 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр уг барилгыг бүхэлд нь барьцаалсан байснаа барьцааны гэрээ 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болж орон сууцны барилгыг барьцаанаас бүрэн чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Маргааны зүйл болох 2 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр олгогдсон боловч одоо уг сууцанд Б.Э гэр бүлийн хамт оршин суудаг бөгөөд 2016 онд түүнд мэдэгдэл хүргүүлж байсан, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаа татан авсан үйл баримтад талууд маргаагүй. /хх 7-28/

 

Хэргийн баримтаас үзвэл 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Фу Жиан Лян Хө ХХК нь Өгөөмөр мандал ХХК-тай хамтран ажиллаж хөрөнгө оруулах гэрээ байгуулсан. / хх119-123/

Талууд гэрээг дүгнэх, алданги хохирол тооцох зэрэг асуудлаас маргаж 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өгөөмөр Мандал ХХК нь Ж ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн үйл баримт тотгоогдсон. Уг хэрэгт гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад энэ маргааны зүйл болох 2 тоот орон сууцны талаар хариуцагч уг 2 тоот сууцыг алдангид тооцож өгөхөөр тохиролцсон талаар дурдсан.

 

Хяналтын шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Өгөөмөр Мандал ХХК-ийг алданги шаардах эрхгүй гэж дүгнэж шийдвэрлэснээс гадна ... гэрээний дагуу Ж ХХК дутуу баригдсан барилгад хөрөнгө оруулж барилга барьж дуусгах ажлыг хариуцаж улмаар 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барилгыг Улсын комисст актаар ашиглалтад хүлээлгэн өгсөн, орон сууцны барилгын 10 хувь болох 630 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний талбайг Өгөөмөр мандал ХХК-д хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэжээ. /хх 60-70, 69/

 

Нэгэнт Өгөөмөр Мандал ХХК, Ж ХХК-ийн хоорондын 630 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний талбайн харилцан тооцоо дуусгавар болсноос гадна 2 тоот сууцыг алдангид авах үндэслэлгүй талаар Хяналтын шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр тогтоол байгаа тохиолдолд Өгөөмөр Мандал ХХК маргааны зүйл болох 2 тоот орон сууцыг Ж ХХК-иас хууль болон гэрээнд заасан үндэслэлээр шилжүүлэн авсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг. Түүнчлэн Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.

Улсын бүртгэлд үндэслэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахдаа хэний эзэмшилд байгаагаар биш, харин улсын бүртгэлд хэн өмчлөгчөөр бүртгэгдсэнийг анхаарч үзэх учиртай юм. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох боловч эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол дээрх заалт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, 2 тоот сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч мөн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдсон тул өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хариуцагчийн хувьд эзэмшил хууль ёсных гэдэг нь нотлогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ. Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгч болсон гэж тайлбарлаж байгаа боловч уг шүүхийн шийдвэр нь Өгөөмөр Мандал ХХК, хариуцагч нарын хоорондын үйл баримтад хамааралтай байна. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн талууд нь өөр байх тул хэргийн үйл баримт нь өөр тул энэ хэргийн зохигчийн хооронд үйлчлэхгүй юм.

 

Иймд хариуцагчийн эзэмшлээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо 37 дугаар байрны 2 тоот орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгчид шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02957 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 18 дугаар хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 тоот орон сууцыг хариуцагч Б.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД