Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01157

 

2021           10            05                                          001/ХТ2021/01157

 

 

 

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02957 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 103 дугаар магадлалтай,

 

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

.........т холбогдох

 

Баянгол дүүрэг 18 дугаар хороо 37 дугаар байр 02 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч ........., түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, З.Цэнгэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ......... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Р.Оюунбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.........” ХХК нь 2010.08.06-ны өдөр дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол Жалханзхутагт Дамдинбазарын гудамж 9 тоот хаягт байрлалтай 10 давхар үйлчилгээ, орон сууцтай 37 дугаар байрны барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байхад худалдан авсан. Уг барилгыг “.........” ХХК цааш нь өөрийн хөрөнгө санхүүжилтээр үргэлжлүүлэн барьж 95 хувийн гүйцэтгэлтэйгээр 2012.03.30-нд техникийн комисст, 2012.12.12-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. 2011.10.28-ны өдөр улсын бүртгэлд дахин өөрчлөлт оруулж тухайн барилгыг Орон сууцны санхүүжилтийн корпорацид бүхэлд нь барьцаалсан байсан. Улсын .........дугаарт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 10 давхар үйлчилгээ орон сууцны барилгын 5,664 мкв талбай бүхий хэсэг бүхэлдээ хамрагдаж байсан ба үүнд 37 дугаар байрны 2 тоотын 48.04 мкв талбайтай 2 өрөө орон сууц багтаж байсан. 2012.03 дугаар сард текникийн комисст хүлээлгэн өгч оршин суугчидтай үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээ байгуулж оршин суугчид гэрээнд зааснаар төлбөрөө зарим нь 100 хувь, зарим нь 50-70 хувийн урьдчилгаа төлж эхнээсээ орон сууцаа хүлээн авсан. 2012.12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгч нийт 110 айлын орон сууцны хувиарлалтыг хийсэн. “.........” ХХК болон ОССК, худалдан авагч нарын хооронд хийгдсэн гэрээний дагуу тус байгууллагаас санхүүжүүлсэн худалдан авагчдын худалдан авсан орон сууцыг тэдний өмчлөлд шилжүүлснээр ОССК-тай хийсэн барьцааны гэрээг 2015.12.18-ны өдөр дуусгавар болгож, тухайн орон сууцны барилгыг барьцаанаас бүрэн чөлөөлсөн. Ийнхүү барьцаанаас чөлөөлөгдсний дараа 37 дугаар байрны 110 айлын орон сууцыг захиалгаар худалдан авсан айлуудын өмчлөлд шилжүүлэх ажиллагааг явуулсан ба эдгээрээс бусдад худалдагдаагүй 2, 8, 11, 41, 64, 100 тоот 6 орон сууцны нэг болох 2 тоотын 2 өрөө орон сууцыг “.........” ХХК өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар бүртгэлийн байгууллагад хандсаны дагуу 2015.12.22-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Тус орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “.........” ХХК бөгөөд улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй ......... тоот гэрчилгээтэй. Гэтэл уг орон сууцыг ......... гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж ашиглаж байх тул Баянгол дүүргийн 18 дугаар хороо 37 дугаар байрны 2 тоот орон сууцыг .........ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ......... шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхийг уг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Баянгол дүүрэг 18 дугаар хороо 37 дугаар байрны 2 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө нь .........ийн өмчлөлийн хөрөнгө төдийгүй уг орон сууцанд гэр бүлийн хамт 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцыг .........ХХК-иас 2012.03.26-ны өдрийн гэрээний үндсэн дээр захиалга өгч, нийт үнэ 42,879,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд 100 хувь төлж худалдан авсан. .........ХХК нь Баянгол дүүрэг 18 дугаар хороо 37 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 48.04 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2012.12 дугаар сард ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Ашиглалтад орсон тул орон сууцыг гэрээний дагуу шилжүүлэн өгсөн. .........ХХК дээрх орон сууцны өмчлөх эрх, улсын бүртгэлийн гэрчилгээг захиалагч .........т гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байсан тул 2015.08 дугаар сард дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг .........ХХК-нд холбогдуулан гаргасан. Улмаар хариуцагч ......... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул 2015.09.23-ны өдрийн 102/ШШ2015/05772 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гарсан. 2016.03.17-ны өдөр захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 102/ШЗ2016/09731 шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргахад шүүгчийн захирамж гарсны дараа буюу 2015.12.22-ны өдөр “.........” ХХК өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авсан байсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс эрүүгийн журмаар шалгаж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02957 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч .........т холбогдох Баянгол дүүрэг 18 дугаар хороо жалханз хутагт дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ......... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 103 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02957 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 18 дугаар хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 тоот орон сууцыг хариуцагч .........ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ......... ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбат хяналтын гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. 1. Хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж буй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байр, 02 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авах болсон үндэслэл нь 2010.06.26-ны өдрийн .........ХХК болон БНХАУ-ын иргэн   .........   нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” бөгөөд энэхүү гэрээний шаардах эрхийг захиалагч ......... нь хүлээн зөвшөөрч .........т шилжүүлсэн байдаг. Улмаар дээрх гэрээний үргэлжлэл буюу 2012.03.26-ны өдөр .........ХХК-тай “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж гэрээний дагуу нийт төлбөрийг төлж барагдуулсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар гүйцэтгэгч болох .........ХХК нь захиалсан орон сууцны барилгыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болно. 2012.12.07-ны өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ийнхүү ашиглалтад оруулсан хугацаанаас өнөөдрийг хүртэл хариуцагч нь гэр бүлийн хамт амьдарсаар ирсэн. .........ХХК болон ......... нарын хооронд байгуулагдсан 2012.03.26-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ” хүчин төгөлдөр бөгөөд энэхүү гэрээний дагуу нийт 42,879,000 төгрөгийг төлсөн тухайд .........ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд мэдүүлэг өгч, хүлээн зөвшөөрсөн байдаг.Түүнчлэн 2015.09.23-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5772 дугаар шүүгчийн захирамжаар Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 02 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч .........ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .........ХХК биелүүлэхээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл маргааны зүйл болох 02 тоот орон сууцыг барьж гүйцэтгэн, өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр төдийгүй уг үйл баримт тогтоогдсон байтал давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг үгүйсгэсэн болон .........ХХК нь гэрээ байгуулах эрхгүй этгээд эсэх асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. 2. 2008.03.24-ний өдөр .........ХХК, “Фу Жиан Лян Хө” ХХК-иудын хооронд “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт оруулах тухай гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр “Фу Жиан Лян Хө” ХХК нь .........ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 9 тоотод орших 1,406 м.кв бүхий талбай дээр 10 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай барих барихаар 100 хувийн хөрөнгө оруулалт хийх, барилгыг тогтоосон хугацаанд ашиглалтад оруулах, нийт борлогдох ашигтай талбайн 10 хувь болох 630,183 м.кв талбайг .........ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. Дээрх “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт оруулах тухай гэрээ”-ний үүргийг “.........” ХХК нь 2010.08.06-ны өдрийн №01/07 дугаар гэрээгээр шилжүүлэн авсан байна. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “...Нэгэнт .........ХХК, “.........” ХХК-ийн хооронд 630 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний талбайн харилцан тооцоо дуусгавар болсноос гадна 2 тоот сууцыг алдангид авах үндэслэлгүй талаар Хяналтын шатны шүүхийн 2017.10.03-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр тогтоол байгаа тохиолдолд .........ХХК маргааны зүйл болох 2 тоот сууцыг “.........” ХХК-иас хууль болон гэрээнд заасан үндэслэлээр шилжүүлэн авсан гэж дүгнэх боломжгүй байна...” гэжээ. Гэтэл 2017.10.03-ны өдрийн 001/ХТ2017/01073 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор маргаан бүхий 02 тоот орон сууцыг алдангид авах үндэслэлгүй талаар огт шийдвэрлээгүй бөгөөд “.........” ХХК-иас .........ХХК-д хүлээлгэн өгсөн гэх 630 м.кв талбайд маргааны зүйл 02 тоот орон сууц багтсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх огт тогтоогдоогүй үйл баримтыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мэтээр үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн. 2017.10.03-ны өдрийн 001/ХТ2017/01073 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон үйл баримт нь .........ХХК болон “.........” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хариуцлагыг талууд хамт хүлээнэ гэсэн үндэслэлээр 327,550,000 төгрөгийн алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн “...маргааны зүйл болох 02 тоот орон сууцыг .........ХХК нь “.........” ХХК-ээс хууль болон гэрээнд заасан үндэслэлээр аваагүй ... “.........” ХХК-ийг хууль ёсны өмчлөгч...” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй бөгөөд нөгөө талаар хууль болон гэрээнд заасан үндэслэлээр авсан эсэхээс үл хамааран .........ХХК нь тухайн үед барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан, Улсын комисст хүлээлгэн өгсөн зэргээс үзэхэд хариуцагч эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсан болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хувьд .........ХХК болон “.........” ХХК-ийн хоорондын тохиролцооны талаар мэдэх боломжгүйн дээр 2012.12.07-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-д 110 айлын орон сууцны барилга нь .........ХХК-ийх төдийгүй хөрөнгө оруулагч, захиалагчаар .........ХХК-ийн нэр бичигдсэн байдаг. Гэтэл барилга байгууламж ашиглалтад ороогүй, баригдаж байх үед “.........” ХХК-ийг дангаар гүйцэтгэгч компани гэж үзэн, хоёр компанийн харилцан тохиролцсон нөхцөл байдлыг хариуцагч мэдэх ёстой мэтээр үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсон. 3. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт дурсдан “...Улсын бүртгэлд үндэслэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахдаа хэний эзэмшилд байгаагаар биш, харин улсын бүртгэлд хэн өмчлөгчөөр бүртгэгдсэнийг анхаарч үзэх учиртай” гэсэн үндэслэл нь үгүйсгэгдэх бөгөөд хариуцагч тухайн орон сууцанд 2010.06.26-ны өдрийн гэрээний дагуу шаардах эрхийг олж авч, 2012 оноос эхлэн эзэмшиж, ашиглаж ирсэн. Тухайн үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар гүйцэтгэгч компани болох .........ХХК нь өөрөөс шалтгаалах арга хэмжээг авалгүй удсан, “.........” ХХК, улсын бүртгэгч нарын хууль бус үйлдлийн улмаас хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж чадаагүй. Харин хууль ёсны өмчлөгч гэх “.........” ХХК нь маргаан бүхий 02 тоот орон сууцны өмчлөгчөөр 2015.12.22-ны өдөр бүртгэгдэж гэрчилгээ авсан байх бөгөөд тухайн орон сууцыг захиалах үед хэн хууль ёсны өмчлөгч нь вэ гэдгийг Улсын бүртгэлд үндэслэсэн бүртгэлээр харах боломжгүй. Өөрөөр хэлбэл орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэгдэн олгогдохоос өмнө эрх зүйн харилцаа эхэлсэн бөгөөд хууль ёсны өмчлөгчтэй гэрээ байгуулаагүй, өмчлөгч биш этгээдэд мөнгө төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдал Иргэний хуулийн 183.1, 91.1-т заасан зохицуулалт хамаарахгүй юм. Бий болоогүй хөрөнгийн хувьд хууль ёсны өмчлөгчийн асуудал үүсэхгүй бөгөөд өмчлөлийн харилцаа улсын бүртгэлд үндэслэгдэхээс өмнө үүссэн гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууц “.........” ХХК-ийн нэр бүртгэгдэхээс өмнө эрх зүйн харилцаа үүссэн байсан тул Иргэний хуулийн 91.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэн дээрх хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Маргаан бүхий орон сууцны гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж, үнийг бүрэн төлж эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 90.1-т зааснаар хариуцагч нь 02 тоот орон сууцны шударга эзэмшигч бөгөөд мөн хуулийн 93.1-т зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй. 4. Иргэний хуулийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн ” гэж тус тус заасан бөгөөд 2010.06.26-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, 2012.03.26-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ” 2012.12.07-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”, .........ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Эрдэнтөгсийн мэдүүлэг зэргээр маргаан бүхий орон сууцны гүйцэтгэгч нь “......... ХХК болох нь нотлогдоно. Иймд хариуцагч нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байр, 02 тоот орон сууцны хууль ёсны эзэмшигч төдийгүй, тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Гэтэл “.........” ХХК нь тус маргаан бүхий 02 тоот орон сууцны өмчлөгч гэж Улсын бүртгэгдсэн, уг бүртгэл юунд үндэслэгдсэн талаар тодорхой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. 5. 2012.03.26-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ” байгуулагдах үед .........ХХК нь гэрээ байгуулах эрхтэй этгээд болохыг үгүйсгэсэн ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Уг хэлцлийг хийсэн болон хэлцлээс үүсэх аливаа маргааны хариуцлагыг хүлээх этгээд хариуцагч биш бөгөөд .........ХХК, “.........” ХХК-иудын хооронд үүссэн маргааныг хариуцагчид хамаатуулж хууль ёсны эзэмшигч биш гэж дүгнэсэн. “.........” ХХК-иас .........ХХК-д хүлээлгэн өгсөн гэх 630 м.кв талбайд маргааны зүйл болох 02 тоот орон сууц багтсан эсэхээс үл хамааран тэдний хооронд үүссэн маргаан хариуцагчид хамааралгүй бөгөөд мэдэх ч боломжгүй. “.........” ХХК-ийн өмчлөх ёстой байсан орон сууцыг .........ХХК бусдад шилжүүлэх тухай гэрээ хэлцэл хийгдэж, төлбөр мөнгийг өөрөө хүлээн авсан байхад уг асуудлын хариуцлагыг хариуцагч хүлээх нь үндэслэлгүй юм. Тухайлбал, .........ХХК болон “.........” ХХК-ийн хоорондын “Хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэрээ”-нээс үүссэн маргаан орон сууцны хууль ёсны эзэмшигчид хамааралгүй. 6. “.........” ХХК нь 2016.02.25-ны өдөр шүүхэд хариуцагчид холбогдуулан “Хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 18-р хороо, 37 дугаар байрны 02 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тул 2016.04.14-ний өдрийн 102/Ш32016/13383 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан бөгөөд уг захирамж нь ИХШХШТХ-ийн 106.3-т заасныг удирдлага болгосон байдаг. ИХШХШТХ-ийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна”, мөн хуулийн 74.4-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан байтал нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2019.07.16-ны өдөр Иргэний хэрэг үүсгэсэн нь дээрх хуульд заасан журмыг зөрчсөн байна. 7. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Улсын бүртгэлтээ маргаагүй гэж тайлбарласан. .........ийн зүгээс хууль бусаар хувилдан гэрчилгээ гаргуулан авсан гэсэн гомдлыг 2016 оноос цагдаагийн байгууллагад гаргасан өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Энэ талаархи баримтыг шүүхэд хүсэлт гарган шүүхийн журмаар татаж аван хэрэгт хавсаргасан байгаа. 8. Тухайн хэрэгт хариуцагчийн зүгээс 1. 2010.06.26-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, 2. 2012.03.26-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ” 3. 2012.12.07-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт” 4. Мөнгө тушаасан баримт 5. 2015.09.23-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5772 дугаар шүүгчийн захирамж, 6. Албадан биелүүлэх захирамж, 7. Гүйцэтгэх хуудас, 8. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот, 9. Прокурорын мэдэгдэх хуудас, 10. Хохирогчоор тогтоогдсон тогтоол, 11. Хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг төрийн байгууллага, аж ахуйн нэгж, хууль хяналтын байгууллагын албан бичиг, шийдвэрүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Заримыг нь шүүх өөрийн журмаар гаргуулан авсан. Нэхэмжлэгч өөрийн өмч болох талаар ямар ч баримт өгөөгүй. Улсын дээд шүүхийн тогтоолыг ярьдаг боловч тэр тогтоолд нь миний байрны тухай нэг үг, өгүүлбэр байхгүй. Магадлал нь ИХШХШТХ-ийн 116.2-д Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлал нь үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтад үндэслэгдээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дээрх магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “.........” ХХК нь хариуцагч .........т холбогдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо 37 дугаар байр 2 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууцыг .........ХХК-иас худалдаж авсан, хууль ёсоор эзэмшиж байгаа гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэл тогтоогдов.

Зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

Хэрэгт байгаа баримтаар “.........” ХХК 2010.08.06-ны өдөр “Фу Жиан Лян Хө” ХХК-иас дутуу гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг худалдан авч, 2012.12 сард барилгыг барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгсөн, гэрээний дагуу орон сууцны барилгын 10 хувь болох 630 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний талбайг газар эзэмших эрхээр хөрөнгө оруулсан .........ХХК-д хүлээлгэж өгсөн, орон сууцыг худалдан авсан этгээдүүдийн өмчлөх эрхийг шилжүүлж, зарим орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлсний дотор хариуцагчийн эзэмшиж буй орон сууц багтсан үйл баримт тогтоогджээ./хх 58,60-71,72-80/

 

Давж заалдах шатны шүүх “Улсын бүртгэлд үндэслэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахдаа хэний эзэмшилд байгаагаар биш, харин улсын бүртгэлд хэн өмчлөгчөөр бүртгэгдсэнийг анхаарч үзэх учиртай. ..маргаж буй 2 тоот сууцны өмчлөгч нэхэмжлэгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдсон тул өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж үзэхдээ Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан зохицуулалтыг анхаараагүйгээс гадна ...2 тоот сууцыг .........ХХК алдангид авах үндэслэлгүй талаар хяналтын шатны шүүхийн 2017.10.03-ны өдрийн тогтоолоор тогтоогдсон...” гэж уг тогтоолд заагаагүй агуулгаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгоно.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл “.........” ХХК маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй хэдий ч өмчлөх эрхийг олж авахдаа “Фу Жиан Лян Хө” ХХК-иас эрхийн доголдолтой орон сууцыг хүлээн авсан гэж үзэх үйл баримт тогтоогдсон, бүртгэлийг үнэн зөв гэж тооцох боломжгүй байжээ.

 

Тодруулбал, “Фу Жиан Лян Хө” ХХК нь “.........” ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө 2010.08.01-ний өдөр БНХАУ-ын иргэн .........д “...төлсөн төлбөр нь 1 өрөө орон сууцны үнээс хэтэрсэн тул 2 өрөө орон сууцыг худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөв.” гэсэн агуулгатай албан бичгийг өгч байсан, ......... нь 2012.03.05-ны өдөр .........д орон сууцны үнэд үлдэгдэл 26,000,000 төгрөгийг төлж, 2012.12 сараас маргаж буй орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримтаас үзвэл “Фу Жиан Лян Хө” ХХК нь уг орон сууцыг захиран зарцуулсан атлаа “.........” ХХК-д шилжүүлсэн байна. /хх-86,40/ Нэхэмжлэгч нь 2015.12.22-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн хэдий ч өмчлөх эрхийг олж авсан үндэслэл дээрх байдлаар үгүйсгэгдсэн, түүнчлэн уг орон сууцыг ......... эзэмшиж байснаас үзвэл нэхэмжлэгч нь энэ талаар тодруулж, “Фу Жиан Лян Хө” ХХК-ийн бүртгэл буруу ташаа болохыг мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцогддог байна. Дээрх баримтаар “.........” ХХК-ийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлснийг үнэн зөв гэж үзэх нь эргэлзээтэй байна.

 

Хариуцагч ......... нь 2012.03.26-ны өдөр .........ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, орон сууцны үнэ 42,879,000 төгрөгийг гэрээ байгуулахаас өмнө .........ХХК, БНХАУ-ын иргэн ......... нарт өгсөн, ......... ХХК нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч .........ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн 2015.09.23-ны өдрийн 102/ШШ2015/05772 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтаас үзвэл .........ийг хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй,  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй талаар анхан шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ. ......... болон .........ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч өмчлөх эрх үүссэн болохыг гэрээний талууд маргаагүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан журмыг биелүүлээгүй явдал нь хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд шийдвэр гаргах үүрэгтэй тул энэ маргаантай холбоотой буюу орон сууцны өмчлөгчийн асуудлаар дүгнэлт өгөх, шийдвэр гаргах эрхгүй юм.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн бүртгэл эргэлзээтэй болохоос гадна хариуцагч .........ийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй, анхан шатны шүүхийн хууль хэрэглээ, нотлох баримтын үнэлгээг үгүйсгэх үндэслэл байхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 103 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХТУЯА

 

                         ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                        Х.СОНИНБАЯР

 

                                                                                                        Б.УНДРАХ