Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2957

 

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/02957

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж ХХК.

Хариуцагч: Б.Э

Баянгол дүүрэг 18 дугаар хороо 37 дугаар байр 2 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Оюунбадам, өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч Б.Э, өмгөөлөгч Г.Мөнхбат, гэрч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Р.Оюунбадам шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж ХХК нь 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр Баянгол дүүрэг 00000000000000000 9 тоот хаягт байрлалтай 10 давхар үйлчилгээ, орон сууцтай 37 дугаар байрны барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байхад худалдан авсан байдаг. Уг барилгыг Ж ХХК цааш нь өөрийн хөрөнгө санхүүжилтээр үргэлжлүүлэн барьж 95 хувийн гүйцэтгэлтэйгээр 2012 оны 03 дугаар сарын 30-нд техникийн комисст, 2012 оны 12 дугаар сарын 12-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд дахин өөрчлөлт оруулж тухайн барилгыг Орон сууцны санхүүжилтийн корпорацид бүхэлд нь барьцаалсан байсан. Улсын Ү- 00000000000000000 дугаарт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 10 давхар үйлчилгээ орон сууцны барилгын 5664 мкв талбай бүхий хэсэг бүхэлдээ хамрагдаж байсан ба үүнд 37 дугаар байрны 2 тоотын 48.04 мкв талбайтай 2 өрөө орон сууц багтаж байсан. 2012 оны 03 дугаар сард текникийн комисст хүлээлгэн өгч оршин суугчидтай үл хөдлөх хөрөнгө захилгаар барих гэрээ байгуулж оршин суугчид гэрээнд зааснаар төлбөрөө зарим нь 100 хувь, зарим нь 50-70 хувийн урьдчилгаа төлж эхнээсээ орон сууцаа хүлээн авсан. 2012 оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгч нийт 110 айлын орон сууцны хувиарлалтыг хийсэн байдаг. Ж ХХК болон ОССК, худалдан авагч нарын хооронд хийгдсэн гэрээний дагуу тус байгууллагаас санхүүжүүлсэн худалдан авагчдын худалдан авсан орон сууцыг тэдний өмчлөлд шилжүүлснээр ОССК-тай хийсэн барьцааны гэрээг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болгож, тухайн орон сууцны барилгыг барьцаанаас бүрэн чөлөөлсөн. Ийнхүү барьцаанаас чөлөөлөгдсний дараа 37 дугаар байрны 110 айлын орон сууцыг захиалгаар худалдан авсан айлуудын өмчлөлд шилжүүлэх ажиллагааг явуулсан ба эдгээрээс бусдад худалдагдаагүй 2, 8, 11, 41, 64, 100 тоот 6 орон сууцны нэг болох 2 тоотын 2 өрөө орон сууцыг Ж ХХК өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар бүртгэлийн байгууллагад хандсаны дагуу 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Тус орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж ХХК бөгөөд улсын бүртгэлийн Ү- 00000000000000000 дугаарт бүртгэлтэй 00000000000000000 тоот гэрчилгээтэй. Гэтэл одоо уг орон сууцыг Б.Э гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа. Компаний зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч чөлөөлж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар Баянгол дүүрэг 18 дугаар хороо 37 дугаар байр 2 тоот орон сууцыг Б.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхийг уг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хэрэгжүүлэх ёстой. Гэтэл хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн хөрөнгө болох 00000000000000000 2 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө нь Б.Э миний өмчлөлийн хөрөнгө төдийгүй уг орон сууцанд миний бие гэр бүлийн хамт 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байна. Тодруулбал дээрх орон сууцыг Ө.М ХХК-иас 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр захиалга өгч, орон сууцны нийт үнэ 42.879.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд 100 хувь төлж барагдуулан худалдан авсан байтал Ж ХХК өмчлөгч гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Гүйцэтгэгч Ө.М ХХК нь 00000000000000000 тоот хаягт байрлах 48.04 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2012 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Ийнхүү ашиглалтад орсон тул орон сууцыг гэрээний дагуу надад шилжүүлэн өгсөн. Энэ хугацаанд Ө.М ХХК дээрх орон сууцны өмчлөх эрх, улсын бүртгэлийн гэрчилгээг захиалагч Б.Э миний нэр дээр гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байсан тул 2015 оны 08 дугаар сард дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Ө.М ХХК-нд холбогдуулан гаргасан. Улмаар хариуцагч Ө.М ХХК нь Баянгол дүүрэг 18 хороо жалханз хутагт дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 48.04 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2015/05772 дугаартай хариуцагчийн зөөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гаргасан. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 102/ШЗ2016/09731 шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргахад шүүх шийдэж шүүгчийн захирамж гарсны дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ж ХХК өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авсан байсан. Дээрх орон сууцыг би Ө.М ХХК-иас худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон атал ямар үндэслэлээр Ж ХХК орон сууцны өмчлөгч болж гэрчилгээ гаргуулж авсан нь тодорхойгүй байна. Ж ХХК улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад бүрдүүлэх баримт бичгийг хуурамчаар үйлдэж улсын бүртгэгчтэй үгсэн хуйвалдан өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс эрүүгийн журмаар шалгаж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б.Эт холбогдох Баянгол дүүрэг 18 дугаар хороо жалханз хутагт дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

Ө.М ХХК-ийн эзэмшлийн 00000000000000000 тоот 1406 мкв талбайд Фу жиан лян хө ХХК 100 хувийн хөрөнгө оруулалт хийж Ө.М ХХК-тай хамтарч 10 давхар, үйлчилгээ орон сууцны барилга барих зориулалтаар Хамтран ажиллах гэрээ 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдаж нийт борлогдох ашигтай талбайн 10 хувь болох 630.183 мкв талбайг Ө.М ХХК өмчлөхөөр тохиролцсон, 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Фу жиан лян хө ХХК нь Ж ХХК-тай 01/07 тоот Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх гэрээ байгуулж өөрийн барьж буй барилгыг Ө.М ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний үүргийн хамт Ж ХХК-нд шилжүүлсэн байна.

Уг гэрээг үндэслэн Ж ХХК барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж улмаар барилгыг 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын комиссын актаар байнгын ашиглалтад хүлээлгэн өгч орон сууцны барилгын 10 хувь болох 630 мкв талбай бүхий орон сууц үйлчилгээний талбайг Ө.М ХХК-нд хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож, зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч 2 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч тул бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ, хариуцагч Ө.М ХХК-тай үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ байгуулж мөнгийг 100 хувь төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч Б.Э нь Ө.М ХХК-тай 00000000000000000 тоот 48.04 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээний үнэ 42.879.000 төгрөг төлөгдсөн болох нь мөнгө хүлээж авсан баримт, Ө.М ХХК-ийн тодорхойлолт /хх-52, 88/ гэсэн баримт, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.Эийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Ө.М ХХК, Б.Э нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ хүчин төгөлдөр, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн захирамжаар Б.Эийн нэхэмжлэлтэй Ө.М ХХК-нд холбогдох 00000000000000000 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч Ө.М ХХК биелүүлэхээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Б.Э нь Ө.М ХХК-аас 00000000000000000 48.04 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авч үнийг төлж эзэмшиж байгаа тул түүнийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар орон сууцыг эзэмших эрхтэй гэж үзэхээр байна.

Хэдийгээр Ж ХХК улсын бүртгэлийн гэрчилгээгээр тухайн орон сууцын өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч хариуцагч Б.Э Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасан хууль ёсны эзэмшигч байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106.1-т зааснаар шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагч Б.Эт холбогдох 00000000000000000 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Б.Эт холбогдох 00000000000000000 орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА