Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00104

 

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00104

 

 

Н.Б, Ц.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03237 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б, Ц.Н нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С ХХК-д холбогдох,

 

59 274 ам.доллар буюу 106 693 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь С ХХК-тай 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1031/08 тоот худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 175.11 м.кв талбайг 1 м.кв-г 1800 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон. 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээг харилцан дүгнээд үлдэгдэл төлбөрөө 2013 оны 3 дугаар сарын 15-нд бүрэн төлсөн. 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Н.Б-ийн нэр дээр 175.11 м.кв талбайн Ү-2202023187 дугаарт бүртгэлтэй 000395113 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарч хууль ёсны өмчлөгч болсон. Анхны гэрээнд дараа оныхоо 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч 2009 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж чадаагүйн улмаас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээ биелэгдсэн. 2008, 2013 онд байгуулсан гэрээ нь үг, үсгийн хувьд адилхан, гэрээний хугацаа буюу ашиглалтад оруулах хугацаанд өөрчлөлт орсон С ХХК нь аль ч гэрээнд зааснаар 175.11 м.кв талбайг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Өөрийн өмчлөлийн талбайд дрож тавихаар хэмжихэд талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байсан тул тус компанийн удирдлагад танилцуулахад зөвшөөрөхгүй маргасан тул мэргэжлийн Уран-Асар ХХК-аар хэмжилт хийлгэхэд Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Барилгын норм нормативын баримт бичгийг заавал мөрдөнө гэх заалт, хэмжилт нь МNS6058:2009 стандартад нийцэхгүй 32,93 м.кв талбай дутуу болох нь тогтоогдсон. Иймд С ХХК нь гэрээнд заасан 175.11 м.кв-с 32.93 м.кв талбай дутуу шилжүүлж хохироосон тул дутуу 32,93 м.кв талбайн үнэ 59 274 ам.доллар буюу 106 693 200 төгрөгийг С ХХК-иас нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 175.11 м.кв байх ёстойгоос 143.32 м.кв байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.Иймд 31.79 м.кв талбайг 1 м.кв-ыг 1800 ам.доллараар бодохоор 57 222 ам.доллар буюу 102 999 600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н, 2008 оны 10 сарын 31-ний өдөр С ХХК-иас Peace tower оффис худалдаа үйлчилгээний зориулалттай барилгаас 3 давхрын 309 тоот 175,11 м.кв талбайг худалдаж авахаар гэрээ байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 2008 оны 10 сарын 31-ний өдөр хийгдсэн гэх гэрээг өгсөн. Уг гэрээг үзвэл С ХХК болон Ц.Н нарын хооронд өмнөх гэрээгээ цуцалсан гэх агуулгыг дурдаж, тамга тэмдэг дарж баталгаажуулжээ. Үүнийг дэмжиж байгаа. Цуцлагдсан гэрээ болон шинээр байгуулагдсан гэрээ хоёр юугаараа ялгаатай вэ гэхээр нэгж бүрийг 1800 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон, эхнийх дээр талбайн хэмжээ 141,29 м.кв, хоёр дахь дээр 175,11 м.кв талбай гэсэн. Эндээс үзэхээр гэрээг өөрчилсөн шалтгаан нь захиалагч тал нэмж талбай худалдаж авахаар болсон. Өөрөөр хэлбэл 175,11 м.кв талбайг нийтийн эзэмшлийн талбайн хамт авъя гэсэн тохиролцоог 2013 оны 03 сарын 15-ны өдөр хийсэн. 2008 оны 10 сарын 31-ний өдөр үүссэн гэх харилцаа өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Энэ гэрээний дагуу 2013 оны 7 дугаар сард талбайгаа хүлээж авч ашиглаж байгаа. 2015 онд Ц.Н-ээс охин Н.Б-ийн нэр дээр өмчлөх эрх шилжиж, өмчлөгч өөрчлөгдсөн. Өмчлөгч өөрчлөгдөхөд өмчлөх эрхийн талбайн хэмжээ 175,11 м.кв гэж тусгагдсан. Талуудын хооронд дээр дурдсан гэрээний үүргийн доголдлын талаар маргаан 2017 оны 12 сард үүссэн. Худалдан авагчийн доголдлын талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 онд дууссан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч талбайг хүлээж авахдаа талбайн хэмжээний талаар мэдэх, хэмжилт хийлгэх боломжтой байхад хүлээж авсан, талбайг 2013 онд хүлээж авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн Уран-Асар ХХК хэмжилтийг Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартаар хийсэн нь үйлчилгээний барилгад хамаарахгүй учраас хэмжээг тогтоосон баримтыг үнэлэх боломжгүй, зохигч 2008 онд гэрээ байгуулж талбайн хэмжээг тохиролцсон, стандарт 2010 оноос хэрэгжсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон Тоонто гранд ХХК-ийн дүгнэлтээр гэрээний талууд хоорондоо нийтийн эзэмшлийн талбай худалдан авч болох эсэх талаар хариулжээ. Эрх зүйн асуудлын талаар тусгай зөвшөөрөлтэй хэмжилт хийдэг компани хариулах боломжгүй. Дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэл нь барилгын зураг төсөл боловсруулах шатанд ашигладаг барилгын норм ба дүрмийг 31-03-03 барьж хэмжилтийг хийсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2-т заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 102,999,600 /нэг зуун хоёр сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,693,600 /гурван сая зургаан зуун ерэн гурван мянга зургаан зуун/ төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Н.Б-ийн хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 672,948 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ээс шинжээчийн ажлын хөлс 315,304 төгрөгийг гаргуулж Тоонто гранд ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн маргааны зүйл болох доголдлыг нотолсон гэх баримт нь удаа дараагийн хэмжилт хийсэн дүгнэлтүүд байх бөгөөд уг дүгнэлтүүдэд баримталсан эрх зүйн актууд нь орон сууцны талбайн хэмжээ тогтооход баримтлах МЫ5 6058:2009 стандарт, мөн барилгын зураг төсөл боловсруулах шатанд баримталдаг БНбД 31-03-03 аргачлал зэргээр үйлчилгээний талбайг хэмжиж дүгнэлт гаргасан байхаас гадна шинжээч томилсон шүүгчийн захирамжаар "нийтийн эзэмшлийн талбай худалдаж болох эсэх талаар" хууль зүйн агуулгаар асуулт тавьж, түүнд шинжээч хариулж байгаа явдал нь шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.7-д заасныг илтэд зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан доголдол илэрсэн болох ньтогтоогдоогүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайд эд хөрөнгийг шилжүүлж авсанаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд баталгаат хугацаа заагаагүй бөгөөд өнгөрсөн хугацааанд нэхэмжлэгч Ц.Н, Н.Б нарын зүгээс гомдлын шаардлага гаргаж байгаагүй.Гомдлын шаардлага гаргах дээрх хугацаа нь худалдах худалдан авах гэрээний харилцаанд хэрэглэх хамгийн нарийвчилсан зохицуулалт. Шүүх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт 6 жилийн хугацаанд шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэсэн ньхуулийг буруутайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б, Ц.Н нар нь хариуцагч СХХК-д холбогдуулан .., дутуу шилжүүлсэн 32,93 м.кв талбайн үнэ 102 999 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч С ХХК-тай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Peace Tower оффис үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхарт 309 тоот нийт 175,11 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ талбайг 1 м.кв-ыг 1800 ам.доллараар, нийт 315 198 ам.доллараар худалдах-худалдан авахаар тохирч үнийг төлсөн, С ХХК нь уг 175,11 м.кв талбайг 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улсын комисст ашиглалтад хүлээлгэн өгсөн, Ц.Н нь 171,11 м.кв үйлчилгээний талбайд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг охин Н.Б-ийн нэр дээр 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргуулан авсан үйл баримт тогтоогджээ. /хх 4-5,166-168 /

 

Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр байдал зэрэгт маргаагүй. Гагцхүү гэрээгээр худалдах-худалдан авахаар тохиролцсон талбайг хэмжээний хувьд бүрэн шилжүүлэн өгсөн эсэхэд маргаж байна.

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч Ц.Н нь 171,11 м.кв талбайг 1 м.кв-ыг 1 800 ам.доллараар тооцон нийт 315 198 ам.долларыг хариуцагчид төлсөн үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тохиролцсон тайлбайгаа хэмжээний хувьд бүрэн шилжүүлэхийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч тал талбайг бүрэн шилжүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хэрэгт шинжээчээр томилогдсон Тоонто гранд ХХК-ийн хэмжилтээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 54 байр, 314 тоот хаягт байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ 143,32 м.кв гэж хэмжиж дүгнэсэн. /хх146-155 /

 

Гэрээгээр дутуу шилжүүлсэн 31,79 м.кв талбайн үнийг талуудын гэрээгээр тохирсон 1 м.кв талбайн үнэ 1 800 ам.доллараар тооцон 102 999 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хэмжээнээс дутуу хөрөнгө шилжүүлсэн үндэслэлээр шаардлага гаргасан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672 948 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД