Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 783

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/00783

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух Н.Б, Ц.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин байх С ХХК-д холбогдох,

106,693,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч П.Ж, хариуцагчийн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эцэг Ц.Н нь “Сан-дэй” ХХК-тай 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 103/08 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, 175,11 м.кв талбайг 1 м.кв-г 1800 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон. 2013 оны 03  дугаар сарын 15-ны өдөр гэрээг харилцан дүгнээд үлдэгдэл төлбөрөө 2013 оны 03 дугаар сарын 15-нд бүрэн төлж 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Н.Б миний нэр дээр 175.11 м.кв талбайн ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарч хууль ёсны өмчлөгч болсон.

Өөрийн өмчлөлийн талбайд дрож тавихаар хэмжихэд талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байсан тул тус компанийн удирдлагад танилцуулахад зөвшөөрөхгүй маргасан тул мэргэжлийн “Уран асар” ХХК-иар хэмжилт хийлгэхэд Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Барилгын норм нормативын баримт бичгийг заавал мөрдөнө” гэх заалт, хэмжилт нь ММ56058:2009 стандартад нийцэхгүй 32.93 м.кв талбай дутуу болох нь тогтоогдсон. Иймд “Сан-дэй” ХХК нь гэрээнд заасан 175,11 м.кв-с 32,93 м.кв талбай дутуу шилжүүлж, гэрээ болон тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчиж иргэн намайг хохироосон тул дутуу 32,93 м.кв талбайн үнэ 59,274 ам.доллар буюу 106,693,200 төгрөгийг “Сан-дэй” ХХК-иас нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н миний бие тус шүүхэд охин Н.Бийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж тус иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Сан-дэй” ХХК-тай “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, 175,11 м.кв талбайн зургийг харж 1 м.кв-г 1800 ам.доллараар тооцож 315,198 ам.долларыг төлж хөрөнгө оруулсан. Энэхүү оффисын зориулалттай талбайг охиныхоо бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад зориулан түүний өмнөөс захиалж гэрээ хийсэн уг барилга нь гэрээнд заасан хугацаандаа ашиглалтанд ороогүй, зурагт тусгасан талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу зэрэг гэрээний үүргээ “Сан дэй” ХХК зөрчсөн асуудал гарч байсан. Миний бие бизнесийн болон хувийн журмаар гадаад улс руу явж байгаа тул энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгээ төлөөлүүлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч ******* оролцуулах хүсэлтэй байна. Л.Жавзмаа нь миний нэрийн өмнөөс нэхэмжпэгчийн хуульд заасан бүх эрх үүргийг хэрэгжүүлэх болно. Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн, гэтэл хариуцагч гэрээнд заасан үйлчилгээний талбайг шилжүүлээгүй тул зөрүү мөнгөө буцаан авахаар шаардж байна, энэ нэхэмжлэл үл хөддөх эд хөрөнгөтэй холбоотой учраас хэргийн хөөн хэлэцэх хугацаа дуусаагүй, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч С ХХК шүүхэд болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Н.Б нь манай компанитай 2008 оны 10 дугаар сарын 31-нд Peace tower оффис худалдааны үйлчилгээний зориулалттай барилгаас 3 давхрын 309 тоот 175.11 м.кв талбайг захиалж, гэрээ байгуулсан нь үнэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэрээ нь Ц.Н, С ХХК-ийн хооронд хийгдсэн байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч талбайг хүлээж авахдаа талбайн хэмжээний талаар мэдэх, хэмжилт хийлгэх боломжтой байхад хүлээж авсан, талбайг 2013 онд хүлээж авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн ХХК хэмжилтийг Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартаар хийсэн нь үйлчилгээний барилгад хамаарахгүй учраас хэмжээг тогтоосон баримтыг үнэлэх боломжгүй, зохигч 2008 онд гэрээ байгуулж талбайн хэмжээг тохиролцсон, стандарт 2010 оноос хэрэгжсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б, Ц.Н нар хариуцагч С ХХК-д холбогдуулан 106,693,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч С ХХК нар 2008 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 1031/08 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан, гэрээний 1.1-т зааснаар хариуцагч 175.11 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр, мөн гэрээний 1.1, 2.1, 2.2-т заасан төлбөрийг нэхэмжлэгч төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас хүлээн авч эзэмшиж эхэлсэн талаар зохигч маргаагүй байна.

Хариуцагч С ХХК нь 2008-2012 оны хооронд Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны өргөтгөл оффис, үйлчилгээний барилгыг барьж ашиглалтад оруулсан, барилгыг баригдаж байх хугацаанд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч баригдаж эхэлж буй барилгаас тодорхой тоо, хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар сонгосон гэрээний зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байхаар хариуцагчтай тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахаар гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зохигчийн хооронд байгуулсан гэрээ, Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссийн 2013 оны 01/51/2013 тоот актуудыг харьцуулж үзэхэд хариуцагч дээрх барилгыг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө буюу 2008 оны 06 дугаар сараас эхлэн барилгын ажлыг эхлүүлж, нэхэмжлэгчийн ямар нэгэн оролцоо, хамааралгүйгээр барилгыг барьж ашиглалтад оруулсан нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж заасны дагуу хариуцагч хууль тогтоомжид заасан барилга барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсны үндсэн дээр тус барилгын ажлыг гүйцэтгэх тул нэхэмжлэгчийг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч “барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэх, техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг авах, барилгын ажлыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх болон барилгын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл, хохирлыг хариуцах” зэрэг барилга захиалагчийн үүргийг хүлээхгүй, харин худалдан авагчийн хувьд гэрээний хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг эрх нь нэхэмжлэгчийг захиалагч гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй юм.

Иймд нэхэмжлэгч талын зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй, хариуцагчийн төлөөлөгчийн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ.

Нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан талаар хариуцагч татгалзлаа илэрхийлсэн ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг зургаан жил байхаар тогтоосон, хариуцагч гэрээнд заасан хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй үндэслэлээр гэрээний биет байдлын доголдолтой холбоотой гэрээний үндсэн үүргийг хариуцагчаас шаардсан тул нэхэмжлэгч 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас хүлээн авсныг зохигч маргаагүй нь шүүх дурдсан хугацаанаас эхлэн мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн гэж үзэж нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байна.

Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаанд “үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой” гэрээний үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан нь үүргийн шинж, мөн чанартай холбогдон нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эсэхээс шалтгаалж ялгамжтай хэрэглэгддэг. Нэхэмжлэгч, хариуцагчаас мөнгө шаардаж байгаа ч доголдолгүй үл хөдлөх хөрөнгийг  шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх явцад гарсан үүргийн зөрчил тул үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг гэж үзнэ.

Хариуцагч 2008 оны 1031/08 тоот гэрээний дагуу 175.11 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, 142.18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч 32.93 м.кв талбайн үнэ 59,274 ам.доллар буюу 106,693,200 төгрөгийг илүү төлсөн гэж шаардсан ба хариуцагчаас гэрээ байгуулах үед талбайн хэмжээг тооцдог аргачлал өөр байсан, MNS 6058;2009 стандарт нь 2010 оноос хэрэгжиж орон сууцны талбайн хэмжээг тооцохоос үйлчилгээний талбайг тооцоход хамаарахгүй гэж мэтгэлцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй буюу 32.93 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ц.Нэд хүлээлгэн өгөх байхад 142.18 м.кв талбайг хүлээлгэн өгсөн нь хариуцагч Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж зааснаар гэрээний үүргээ шударгаар биелүүлэх үүргээ ноцтойгоор зөрчиж, гэрээний нөгөө талын итгэл, шударга байдлыг ашигласан, гэрээний 1.1-т зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлд 175.11 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээнд зааснаас 32.93 м.кв талбайг дутуу буюу 142.18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдсан байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасны дагуу хариуцагчийн дутуу шилжүүлсэн талбайн хэмжээгээр тооцон илүү төлсөн үнэ 59,274 ам.долларыг хариуцагч С ХХК-иас буцаан шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023197 дугаартай, 175.11 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд ХХК 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хэмжилт хийж MNS 6058:2009 стандартаар 142.18 м.кв гэж тогтоожээ. /хэргийн 7-14 дэх тал/

Хариуцагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан, эд хөрөнгийг хүлээн авах үедээ талбайн хэмжээ өөр эсэхийг мэдэх боломжтой гэж маргажээ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар энэ хэрэгт нэхэмжлэгчийн шалгах үүрэг нь доголдлыг нэхэмжлэгч ердийн байдлаар илрүүлэх боломжтой, доголдол илт /м.кв-ын хувьд нүдэн баримжаагаар/ байж болохуйц эсхүл харьцуулах шинжтэй үед хэрэглэгдэх учир мэргэжлийн байгууллага, хөндлөнгийн шинжээчийн тусгай мэдлэг, багаж тоног төхөөрөмж ашиглан тогтоох боломжийг ашиглан тогтоох боломжтой байсныг энд хамааруулж үзэхгүйн зэрэгцээ хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа доголдлыг мэдэх боломжтой байсан тухай татгалзлаа нотлоогүй байна.

Хэрэв бүх тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг худалдан авагч өөрөө тооцох боломжтой, мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар тэр даруй шалгах үүрэгтэй гэж үзвэл Нэгдүгээрт: Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т зааснаар худалдан авагч хэн байх нь ач холбогдолтой. Эд хөрөнгийг шилжүүлж авах үедээ шалгах үүрэг хүлээсэн /мөн хуулийн 255.1.2-т заасан/ этгээд энэ үүргээ биелүүлээгүй бол маргаанд өөр дүгнэлт хийгдэнэ. Хоёрдугаарт: худалдан авагчийг заавал мэдсэн байх, мэдэх боломжид хэт өндөр шаардлага тавих нь төрөөс мэргэжлийн байгууллагад олгодог тусгай зөвшөөрлөөр олгогддог тусгай мэдлэгийг иргэн хүн зайлшгүй эзэмшсэн байхыг шаардсаны илэрхийлэл болно.

Иймд тухайн тохиолдол бүрийг хуулийн шаардлагатай харьцуулан үзэх шаардлагатай.

Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, бодитой биелүүлнэ гэсэн амлалт бүхий гэрээ, талуудын итгэлцэл нь нэхэмжлэгчийг гэрээний зүйлийг шалгах, гэрээ шударгаар бодитой биелэгдсэн эсэхийг тогтоохын тулд нэмэлт зардал гаргах, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авмагц доголдлыг мэдэх ажиллагаа хийх зэрэг хууль болон гэрээгээр хүлээгээгүй нэмэлт үүрэг хүлээлгэх нь үүргийн хуваарилалтыг зөрчихийн зэрэгцээ мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг шударгаар гүйцэтгэх зарчимд харшилна.

Түүнчлэн нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авмагц хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад эд хөрөнгөө хүлээн авсан ч энэ нь хариуцагчийг гэрээнд заасан хэмжээний талбай бүхий эд хөрөнгө шилжүүлэх үүргээс нь бүрэн чөлөөлж нэхэмжлэгчид эрсдэл бүрэн шилжихгүй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаанд гомдлоо гаргасан эсэхээс шалтгаалж нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх хязгаарлагдах үндэслэл болох ч ерөнхий буюу мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах шаардлагыг гаргах эрхийг үгүйсгэхгүй юм.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар хариуцагч гэрээний үүргээ шударгаар гүйцэтгээгүй явдал нь гэрээний болоод хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болж, нэмэлт үүрэг хүлээлгэх хариуцлага хариуцагчид хамаарна. Ийм учраас Иргэний хуулийн зорилго өөрөө мөн хуулийн 1.2-т заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, гэрээний эрх чөлөөг шүүхээр хамгаалж зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгдсэн байдаг.

Энэ үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т “Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно.” гэж заасны дагуу хариуцагч гэрээнд заасан хэмжээнээс 32.93 м.кв талбай дутуу шилжүүлсэн ч гэрээнд заасан 175.11 м.кв талбайн хэмжээгээр тооцож 59,274 ам.долларыг үндэслэлгүйгээр илүү тооцон авсан гэрээний үнийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

Өнөөгийн буюу нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хариуцагч талбайн хэмжээг дутуу шилжүүлсний үр дагаврыг нөхөх байдлаар арилгах боломжгүй учир Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д биет байдлын доголдлыг “гэрээгээр тохирсон тоо, хэмжээ, чанар” байхаар тодорхойлсны дагуу гэрээний биет байдлын доголдол болох 32.93 м.кв талбайн үнийг буцаан шаардах нь зохигчийн анх гэрээ байгуулахдаа “нэгжийн үнийг 1,800 ам.доллараар тохиролцон 175.11 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 315,198 ам.долларын үнэ бүхий” байхаар тохиролцсон үнээс нэхэмжлэгчийн өмчлөлд бодитой шилжүүлсэн 142.18 м.кв талбайн хэмжээг хасч тооцон хариуцагчийн дутуу шилжүүлсэн 32.93 м.кв талбайн хэмжээгээр анхны үнийг бууруулж 32.93 м.кв талбайн үнэ 59,274 ам.доллар буюу 106,693,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Монгол банкнаас гаргасан ханшийн лавлагаагаар зохигчийн 2008 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 1031/08 тоот гэрээ байгуулсан өдөр нэг ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1,144.37 төгрөг байжээ. Гэвч гэрээний талууд тус ханшийг баримтлалгүйгээр нэхэмжлэгчийн гэрээний үнийг төлөх нэг ам.долларыг 1,800 төгрөг байхаар гэрээгээр тохиролцсон байх тул шүүх тус 1,800 төгрөгийн ханшийг баримтлан хариуцагчаас /1,800х59,274=106,693,200/ 106,693,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нэд олгохоор шийдвэрлэсэн.

Мөн хариуцагч тал ХХК-ийн хэмжилт хийсэн тайлангаас татгалзаж оффис, үйлчилгээний зориулалттай барилгад “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058 : 2009 стандартыг хэрэглэсэн нь үндэслэлгүй, энэ маргаанд хамаарахгүй, түүнчлэн уг стандарт 2010 оны 02 дугаар сараас дагаж, мөрдсөн, зохигч 2008 онд гэрээ байгуулсан гэж маргажээ.

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058 : 2009 стандартыг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй байхаар журамласан бөгөөд энэ хугацаанаас эхлэн тус стандартыг орон сууцны талбайн хэмжээг тооцоход заавал дагаж мөрдөхөөр заажээ.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “стандарт” гэж бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичгийг” хэлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө” гэж хуульчилсан тул хариуцагч С ХХК нь MNS 6058 : 2009 үндэсний стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, дагаж мөрдөх үүрэгтэй.

Хариуцагч нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны өргөтгөл оффис, үйлчилгээний барилгыг 2008-2012 оны хооронд барьж ашиглалтад оруулсан, ийнхүү барилгын салбарт үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тухайн салбарт заавал мөрдөгдөх Монгол Улсын стандартыг мэдэх үүрэгтэй, мэдсэн гэж үзэх тул MNS 6058:2009 стандартыг мөрдөөгүй, барилгыг ашиглалтад оруулах үеийн стандартад нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах, илүү авсан төлбөрийг буцаан олгох үүргээ биелүүлээгүй, хуучин хэмжилтийг ашиглаж худалдан авагчтай гэрээ хийснийг зөвтгөх үндэслэлгүй.

Хариуцагч С ХХК, нэхэмжлэгч Н.Бтэй тус 2008 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 1031/08 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар гэрээний харилцаа үүсгээгүй, үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгч Н.Бийг хариуцагчид холбогдуулан 2008 оны 1031/08 тоот гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Бийн хариуцагч С ХХК-д холбогдуудан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2-т заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 106,693,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нэд олгож, нэхэмжлэгч Н.Бийн хариуцагч С ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691,410 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С ХХК-иас 691,410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ