Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01164

 

Н.Б-Э, Ц.Н нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03237 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр магадлалтай,

Н.Б-Э, Ц.Н нарын нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

57,222 ам.доллар буюу 102,999,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б-Э-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, өмгөөлөгч Б.Туул, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Н нь “С” ХХК-тай 2008.10.31-ний өдөр 1031/08 тоот худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 175.11 м.кв талбайг 1 м.кв-ыг 1800 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон. 2013.03.15-ны өдөр гэрээг харилцан дүгнээд үлдэгдэл төлбөрөө 2013.03.15-нд бүрэн төлсөн. 2015.03.05-ны өдөр охин Н.Б-Э-ийн нэр дээр 175.11 м.кв талбайн Ү-2202023187 дугаарт бүртгэлтэй 000395113 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарч хууль ёсны өмчлөгч болсон. Анхны гэрээнд дараа оныхоо 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч 2009 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж чадаагүйн улмаас 2013.03.15-ны өдөр гэрээ биелэгдсэн. 2008, 2013 онд байгуулсан гэрээ нь үг, үсгийн хувьд адилхан, гэрээний хугацаа буюу ашиглалтад оруулах хугацаанд өөрчлөлт орсон “С” ХХК нь аль ч гэрээнд зааснаар 175.11 м.кв талбайг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Өөрийн өмчлөлийн талбайд дрож тавихаар хэмжихэд талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байсан тул тус компанийн удирдлагад танилцуулахад зөвшөөрөхгүй маргасан тул мэргэжлийн “У-А” ХХК-аар хэмжилт хийлгэхэд Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “Барилгын норм нормативын баримт бичгийг заавал мөрдөнө” гэх заалт, хэмжилт нь МNS6058:2009 стандартад нийцэхгүй 32,93 м.кв талбай дутуу болох нь тогтоогдсон. “С” ХХК нь гэрээнд заасан 175.11 м.кв-аас 32.93 м.кв талбай дутуу шилжүүлж хохироосон тул дутуу 32,93 м.кв талбайн үнэ 59,274 ам.доллар буюу 106,693,200 төгрөгийг “С” ХХК-аас нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 175.11 м.кв байх ёстойгоос 143.32 м.кв байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд 31.79 м.кв талбайг 1 м.кв-ыг 1800 ам.доллараар бодож 57,222 ам.доллар буюу 102,999,600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Н, 2008.10.31-ний өдөр “С” ХХК-аас Peace tower оффис худалдаа үйлчилгээний зориулалттай барилгаас 3 давхрын 309 тоот 175,11 м.кв талбайг худалдаж авахаар гэрээ байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 2008.10.31-ний өдөр хийгдсэн гэх гэрээг өгсөн. Уг гэрээг үзвэл “С” ХХК болон Ц.Н нарын хооронд өмнөх гэрээгээ цуцалсан гэх агуулгыг дурдаж, тамга тэмдэг дарж баталгаажуулжээ. Үүнийг дэмжиж байгаа. Цуцлагдсан гэрээ болон шинээр байгуулагдсан гэрээ хоёр юугаараа ялгаатай вэ гэхээр нэгж бүрийг 1800 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон, эхнийх дээр талбайн хэмжээ 141,29 м.кв, хоёр дахь дээр 175,11 м.кв талбай гэсэн. Эндээс үзэхээр гэрээг өөрчилсөн шалтгаан нь захиалагч тал нэмж талбай худалдаж авахаар болсон. Өөрөөр хэлбэл, 175,11 м.кв талбайг нийтийн эзэмшлийн талбайн хамт авъя гэсэн тохиролцоог 2013.03.15-ны өдөр хийсэн. 2008.10.31-ний өдөр үүссэн гэх харилцаа өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Энэ гэрээний дагуу 2013 оны 7 дугаар сард талбайгаа хүлээж авч ашиглаж байгаа. 2015 онд Ц.Н-ээс охин Н.Б-Э-ийн нэр дээр өмчлөх эрх шилжиж, өмчлөгч өөрчлөгдсөн. Өмчлөгч өөрчлөгдөхөд өмчлөх эрхийн талбайн хэмжээ 175,11 м.кв гэж тусгагдсан. Талуудын хооронд дээр дурдсан гэрээний үүргийн доголдлын талаар маргаан 2017 оны 12 сард үүссэн. Худалдан авагчийн доголдлын талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 онд дууссан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч талбайг хүлээж авахдаа талбайн хэмжээний талаар мэдэх, хэмжилт хийлгэх боломжтой байхад хүлээж авсан, талбайг 2013 онд хүлээж авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн “У-А” ХХК хэмжилтийг Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартаар хийсэн нь үйлчилгээний барилгад хамаарахгүй учраас хэмжээг тогтоосон баримтыг үнэлэх боломжгүй, зохигч 2008 онд гэрээ байгуулж талбайн хэмжээг тохиролцсон, стандарт 2010 оноос хэрэгжсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон “Тоонто гранд” ХХК-ийн дүгнэлтээр гэрээний талууд хоорондоо нийтийн эзэмшлийн талбай худалдан авч болох эсэх талаар хариулжээ. Эрх зүйн асуудлын талаар тусгай зөвшөөрөлтэй хэмжилт хийдэг компани хариулах боломжгүй. Дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэл нь барилгын зураг төсөл боловсруулах шатанд ашигладаг барилгын норм ба дүрмийг 31-03-03 барьж хэмжилтийг хийсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03237 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2-т заасныг баримтлан “С” ХХК-аас 102,999,600 төгрөг гаргуулж Ц.Н-эд олгох, нэхэмжлэлээс 3,693,600  төгрөгийн шаардлагыг Н.Б-Э-ийн  нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгох, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 691,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “С” ХХК-аас 672,948 төгрөгийг гаргуулж Ц.Н-эд олгох, Ц.Н-ээс шинжээчийн ажлын хөлс 315,304 төгрөгийг гаргуулж “Тоонто гранд” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,948 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ц.Н, “С” ХХК-ийн хооронд 2008 онд худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 1031/08 тоот гэрээ байгуулагдаж, түүгээр худалдан авагч нь 141,29 мкв талбайг нэгж бүрийн үнэ 1800 ам.доллар бүгд 254,322 ам.доллароор худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон боловч худалдан авагч нь дахин талбай нэмж авахаар 2010 онд өөрчилж, уг өөрчлөлтөөр худалдан авагчийн худалдан авах талбайн хэмжээ 175.11 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамтаар/ байхаар нэмэгдүүлж нэгж үнэ урьдын адил 1800 ам.доллар, бүгд үнэ 315198 ам доллар байхаар өөрчилсөн. Худалдан авагч 2013.03.15-нд хүлээн авч, 2015 онд охин Н.Б-Э-ийн нэр дээр өмчлөх эрхийг баталгаажуулан өгсөн байдаг. Зохигчдын хооронд үүссэн маргааныг шүүхүүд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлтийг өгсөн боловч худалдах-худалдан авах гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар гомдлын шаардлагыг гэрээний талууд харилцан бие биедээ гаргасан эсэхийг үл харгалзан шийдвэр, магадлалд “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь эд хөрөнгийн биет байдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацааны дотор тухайн гэрээний талууд харилцан биедээ тавих шаардлага буюу тухайн асуудлыг хамгийн нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт тул энэ шаардлагыг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу гаргаагүй бол шүүхэд гомдлын шаардлагаа шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл үүсэхгүй. Гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө боловч маргааны зүйл талбайн хэмжилтээс үүсэх зөрүүд ногдох үнэ тул түүнийг бүхэлдээ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж үзэх нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Б-Э, Ц.Н нар нь “С” ХХК-д холбогдуулан /дутуу талбайн үнэ/ 59,274 ам.доллар буюу 106,693,200 төгрөг гаргуулахыг шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнийн дүнгээ  57,222 ам.доллар буюу 102,999,600 төгрөг болгон багасгасныг хоёр шатны шүүхээс хангаж шийдвэрлэхдээ гэрээний гол нөхцөлийг тайлбарлаж чадаагүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй нь Иргэний хуульд нийцээгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж дурдан, хариуцагчийг гэрээнд заасан хэмжээний буюу 175,11  м.кв талбай  бус харин 143,32 м.кв талбайг шилжүүлсэн гэж илүү төлсөн төлбөрийг  шаарджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, 2008.10.31-ний өдрийн “худалдаа үйлчилгээний барилга захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” нь  худалдах-худалдан авах гэрээний шинжтэй, хоёр шатны шүүх гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэсэн боловч гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ дутууг биет байдлын доголдол мөн эсэхийг оновчтой дүгнэж чадаагүй  байна. 

Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ. Талууд, үйлчилгээний талбай худалдах, худалдан авахаар тохиролцсон нь тогтоогдсон хэдий ч эд хөрөнгийн талбайн хэмжээ нь  гэрээний гол нөхцөл байсан гэх байдал нотлогдохгүй байна.  

Нэхэмжлэгч нь  2013 оны 7 дугаар сард  талбайг хүлээн авч, өмчлөх эрхээ 2015.03.05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба талбайн хэмжээ бага болохыг тухайн үед мэдээгүйг нотлох баримтгүй, энэ талаар худалдагчид мэдэгдээгүй нөхцөл байдлаас үзэхэд гэрээний гол нөхцөл гэж үзээгүй байна.

Шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар гомдлын шаардлагыг гэрээний талууд харилцан бие биедээ гаргасан эсэхийг үл харгалзан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж дүгнэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2008.10.31-ний өдрийн 1031/08 дугаартай “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г талууд 2 удаа хийсэн бөгөөд анхны гэрээний 2.1-ээс үзвэл нэхэмжлэгч нь үйлчилгээний заалны хөрөнгө оруулалт хийх, 2.8-д зохион байгуулалтыг өөрчлүүлэх зэрэг талаар тохиролцож байжээ. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог.

 Үүнээс үзвэл, хариуцагч буюу худалдагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар орон сууцыг байгаа байдлаар нь сонгож, худалдан авсан тул гэрээнд талбайн хэмжээг 175.11 м.кв гэж тусгасан, бодит байдалд 143.32 м.кв байсан ч доголдол гэж үзэхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч талын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03237 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  “С” ХХК-аас 57,222 ам.доллар буюу 102,999,600 төгрөг гаргуулах тухай Н.Б-Э, Ц.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 672,948 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.УНДРАХ

                      ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Х.СОНИНБАЯР

                                                                                                   Б.МӨНХТУЯА