Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00144

 

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00144

 

Х.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02252 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.А-гийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр, Н.Байгалтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д .Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 69 тоотод байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг 2014 онд урьдчилгаа болгон 45 000 000 төгрөг төлж, Хас банкнаас нийт 80 000 000 төгрөгийн зээл аван 125 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тус байрыг битүүмжилсэн. Тус байрны нийт үнэлгээ 125 000 000 төгрөг боловч 85 360 000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 4/18842 тоот албан бичгээр мэдэгдсэн ба энэ нь тус байрны бодит үнэлгээнээс хэт доогуур байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаас үзвэл тус 3 өрөө байр нь дуудлага худалдаагаар 59 752 000 төгрөгөөр борлуулагдах гэж байна. Энэ нь Хас банкны нэхэмжилсэн 81 160 000 төгрөгт хүрэлцэхгүй байна. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш сар болгон 1 000 000-1 500 000 төгрөг төлж нийт 2 сар гаруй хугацаанд 6 сая төгрөг төлсөн. Гуравдагч байгууллагын үнэлгээ нь байрны үнийн дүнгийн 50 хувьд ч хүрэхгүй байгаад гомдолтой байх тул хүчингүйд тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/00126 дугаар шийдвэрээр Х.А, О.Г нараас 81 548 257 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б дүгээр байр, 69 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Х.А, О.Г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул маргаан бүхий орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18290906/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 18290906/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хураасан хөрөнгийн үнэлгээг харилцан тогтоон шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх тухай талуудад 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч Х.А, О.Г нар шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн байх тул 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаар тогтоолоор Виннэр-Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, 85 360 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хуульд заасан хугацаа хэтэрсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/00126 дугаартай шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Х.А, О.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 80 826 177 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 562 080 төгрөг, нийт 81 388 257 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 6 000 000 төгрөг төлсөн ба 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 75 388 257 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нараас хөрөнгийн хувьд үнийн санал ирүүлээгүй ба хөндлөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан тул НШШГГ-аас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилох тогтоол гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу явагдсан. Виннэр Вэй ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлангаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлснийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу явагдсан. Хөрөнгийн үнэлгээчин нь хуулийн дагуу хуулийн шаардлагыг бүрэн хангасан дүгнэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланд маргаан бүхий орон сууцыг 85 360 000 төгрөгөөр үнэлсэн. Банкны барьцаа хөрөнгийн дотоодын дахин үнэлгээгээр уг орон сууц нь 80 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэлтэй, НШШГГ холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгч Х.А-ийн давж заалдах гомдолд: Би "Хас" банкнаас нийт 80 000 000 /наян сая төгрөг/-ийн зээл авч 125 000 000 /нэг зуун хорин таван сая/ төгрөгөөр худалдаж авсан боловч хувь хүний санхүүгийн байдлаас болон тус байрны эргэн төлөлтийг хийж чадаагүйгээс маргаан бүхий орон сууцыг битүүмжлэн дуудлага худалдаагаар орж борлуулах гэж байна. Тус байрын нийт өртөг болох 125 000 000 / нэг зуун хорин таван сая/ боловч үнэлгээгээр 85 360 000 /наян таван сая гурван зуун жаран мянган/ төгрөгөөр тогтоосныг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 4/18842 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар орон сууцыг 59 752 000 / тавин есөн сая, долоон зуун тавин хоёр мянган/ төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тул шүүхийн журмаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш cap болгон 1 000 000-1 500 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг төлсөн. Гуравдагч байгууллагын үнэлгээ нь миний худалдаж авсан орон сууцны үнэлгээг хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Х.Ань барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 69 тоотод байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг 85 360 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээ нь орон сууцны бодит үнээс хэт доогуур байгаа тул хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/00126 дугаар шийдвэрээр Х.А, О.Г нараас 81 548 257 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байр, 69 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 25-30/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нарт шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ гүйцэтгээгүй тул сууцыг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 18290906/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 18290906/02 тоот тогтоолоор хураасан. /хх 42-43/ Төлбөр төлөгч Х.А-ийн өмчлөлийн сууцыг битүүмжилж, хураасан үйл ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 ,54 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэсэнтэй нийцжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх 57-75/

 

Улаанбаатар хот

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар нэхэмжлэгч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч дээрх хугацааг зөрчиж гомдол гаргасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлснийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр талуудад танилцуулсныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй. /хх 76/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ш.ОЮУНХАНД