Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00652

 

Х.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02252 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 144 дүгээр магадлалтай,

Х.Агийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.А би Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 69 тоотод байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг 2014 онд урьдчилгаа болгон 45 000 000 төгрөг төлж, Хас банкнаас нийт 80 000 000 төгрөгийн зээл аван 125 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тус байрыг битүүмжилсэн. Тус байрны нийт үнэлгээ 125 000 000 төгрөг боловч 85 360 000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 4/18842 тоот албан бичгээр мэдэгдсэн ба энэ нь тус байрны бодит үнэлгээнээс хэт доогуур байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаас үзвэл тус 3 өрөө байр нь дуудлага худалдаагаар 59 752 000 төгрөгөөр борлуулагдах гэж байна. Энэ нь Хас банкны нэхэмжилсэн 81 160 000 төгрөгт хүрэлцэхгүй байна. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш сар болгон 1 000 000-1 500 000 төгрөг төлж нийт 2 сар гаруй хугацаанд 6 сая төгрөг төлсөн. Гуравдагч байгууллагын үнэлгээ нь байрны үнийн дүнгийн 50 хувьд ч хүрэхгүй байгаад гомдолтой байх тул хүчингүйд тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/00126 дугаар шийдвэрээр Х.А, О.Гарамханд нараас 81 548 257 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б дүгээр байр, 69 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Х.А, О.Гарамханд нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул маргаан бүхий орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18290906/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 18290906/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хураасан хөрөнгийн үнэлгээг харилцан тогтоон шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх тухай талуудад 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч Х.А, О.Гарамханд нар шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн байх тул 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаар тогтоолоор Виннэр-Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, 85 360 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хуульд заасан хугацаа хэтэрсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/00126 дугаартай шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Х.А, О.Гарамханд нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 80 826 177 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 562 080 төгрөг, нийт 81 388 257 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 6 000 000 төгрөг төлсөн ба 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 75 388 257 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нараас хөрөнгийн хувьд үнийн санал ирүүлээгүй ба хөндлөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан тул НШШГГаас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилох тогтоол гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу явагдсан. Виннэр Вэй ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлангаа НШШГГт ирүүлснийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу явагдсан. Хөрөнгийн үнэлгээчин нь хуулийн дагуу хуулийн шаардлагыг бүрэн хангасан дүгнэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланд маргаан бүхий орон сууцыг 85 360 000 төгрөгөөр үнэлсэн. Банкны барьцаа хөрөнгийн дотоодын дахин үнэлгээгээр уг орон сууц нь 80 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02252 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Г.Туяагийн нэхэмжлэлтэй, НШШГГт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 144 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс дараах гомдлыг гаргаж байна. Магадлалд нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7 дах хэсэгт заасны баримтлан нэхэмжлэгч дээрх хугацааг зөрчиж гомдол гаргасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Талууд СХД-ийн 17-р хороо, 1-р хороолол, 34Б байрны 69 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулж үнэлгээ хийлгүүлсэн. Шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2019 оны 08-р сарын 26-ны өдөр гарсан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.2-т зааснаар үйлчлүүлэгч нь үнэлгээчний үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад гомдол гаргах эрхтэй бөгөөд 11.1.3-т гомдлоо танилцсанаас хойш 30 хоногийн дотор гаргах талаар хуульд заасан. Хөрөнгийн үнэлгээ гаргах, гаргасан үнэлгээнд гомдол гаргах харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд заасан гомдол гаргах хугацаа дуусгавар болоогүй байхад шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь нэхэмжлэгч тал болох хөрөнгийн үнэлгээний улмаас эрх, ашиг сонирхол нь шууд хөндөгдөж буй этгээдийн хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарласан, хохироож байна. Иймд шүүхээс хөрөнгийн үнэлгээний асуудлыг нарийвчлан зохицуулсан, гомдол гаргах харилцааг тусгайлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.А нь барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 69 тоотод байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг 85 360 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/00126 дугаар шийдвэрээр Х.А, О.Гарамханд нараас 81 548 257 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгох, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байр, 69 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 18290906/01 тоот тогтоолоор барьцааны зүйл болох төлбөр төлөгч Х.Алтанарангийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэх, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 18290906/02 тоот тогтоолоор хураах, үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах, шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 ,53, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг зөрчөөгүй, шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан байхад нэхэмжлэгч нь  2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээтэй танилцсан боловч 2019 оны 09 сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т үнэлгээний талаар 30 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт хамаарахгүй, урьдчилан шийдвэрлэх журам биш тул энэ талаарх шүүхийн дүгнэлт оновчтой биш байх ба энэ дүгнэлт нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх хөрөнгийг 85 360 000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэх үндэслэл, баримт нотолгоо хэрэгт байхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02252 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 144 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА