Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/02252

 

  2019 оны 10 сарын 23 өдөр

                Дугаар 183/ШШ2019/02252

                  Улаанбаатар хот

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.А би .......... тоотод байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг 2014 онд урьдчилгаа болгон 45.000.000 төгрөг төлж, Х банкнаас нийт 80.000.000 төгрөгийн зээл аван 125.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч хувь хүний санхүүгийн байдлаас болон тус байрны эргэн төлөлтийг хийж чадалгүй удаасны улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тус байрыг битүүмжлэн, дуудлага худалдаагаар борлуулагдах гэж байна. Тус байрны нийт өртөг болох  125.000.000 төгрөг боловч Шүүхийн шийдвэрийн үнэлгээ 85.360.000 төгрөгөөр гаргасныг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 4/18842 тоот албан бичгээр мэдэгдсэн ба энэ нь тус байрны бодит үнэлгээнээс хэт доогуур байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаас үзвэл тус 3 өрөө байр нь дуудлага худалдаагаар 59.752.000 төгрөгөөр орох гэж байна. Энэ нь Х банкны нэхэмжилсэн 81.160.000 төгрөгт хүрэлцэхгүй байна. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш сар болгон 1.000.000-1.500.000 төгрөг төлж нийт 2 сар гаруй хугацаанд 6 сая төгрөг төлсөн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд “Таны төлөлт маш удаан байна, ингэж төлж байгаа тохиолдолд орон сууцыг хураана” гэх мэтчилэн үг хэлсэн, иймд бид нар дээрх орон сууцыг хураалгаад урьдчилгаа мөнгөн дүнгээс тодорхой хэмжээний мөнгө авна гэж бодоод үнэлгээ гаргуултал дээрх үнэлгээ гарч ирж байна. Гуравдагч байгууллагын үнэлгээ нь миний худалдаж авсан байрны үнийн дүнгийн 50 хувьд ч хүрэхгүй байгаад гомдолтой байна. Гуравдагч этгээдийн гаргасан үнэ нь зах зээлийн үнээс хол зөрүүтэй байх тул хүчингүйд тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ........... дугаар шийдвэрээр Х.А, О.Г нараас 81.548.257 төгрөгийг гаргуулж “Х банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд ............ тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Х.А, О.Г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Х.А-гийн өмчлөлийн ............ тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18290906/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 18290906/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хураасан хөрөнгийн үнэлгээг харилцан тогтоон шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх тухай талуудад 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч Х.А, О.Г нар шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн байх тул 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаар тогтоолоор “............” ХХК-ийг шинжээчээр томилж, 85.360.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хуульд заасан хугацаа хэтэрсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ........... дугаартай шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Х.А, О.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 80.826.177 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 562.080 төгрөг, нийт 81.388.257 төгрөгийг гаргуулж “Х банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 6.000.000 төгрөг төлсөн ба 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 75.388.257 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нараас хөрөнгийн хувьд үнийн санал ирүүлээгүй ба хөндлөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Шинжээч томилох тогтоол гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу явагдсан. “............” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлангаа НШШГ-т ирүүлснийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу явагдсан. Хөрөнгийн үнэлгээчин нь хуулийн дагуу хуулийн шаардлагыг бүрэн хангасан дүгнэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланд ............ тоотод байрлах 40 м.кв 3 өрөө орон сууцыг 85.360.000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү орон сууц нь хойшоо харсан цонхтой, урсгал засвар хийгдээгүй, их хэмжээний засвар шаардлагатай, орон сууцны насжилт өндөр байгаа зэрэг нь зах зээлийн үнэлгээ доогуур байгааг харуулж байна.

Банкны барьцаа хөрөнгийн дотоодын дахин үнэлгээгээр уг орон сууц нь 80.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн болно. Шинжээчийн гаргасан үнэ нь дуудлага худалдаагаар зарагдах зах зээлийн дээд үнэ биш бөгөөд дуудлага худалдаагаар өсөх ёстой үнэ билээ. Нэхэмжлэгч тал нь шинжээчийн үнэлгээ гарснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн үнээс илүү дүнгээр уг орон сууцыг худалдан борлуулах эрхтэй ба анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээс дээгүүр дүнгээр худалдан борлуулах бүрэн боломжтой атал шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа үйлдэл гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Х.А-гийн нэхэмжлэлтэй, НШШГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ...........дугаар шийдвэрээр “...хариуцагч Х.А, О.Г нараас 80.826.177 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 562.080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд Х.А-гийн өмчлөлийн ............ тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангах”-аар шийдвэрлэжээ.

 

            Уг шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Х.А, О.Г  нар сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ГХ2018/00564 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Х.А-гийн өмчлөлийн ............ тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18290906/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 18290906/02 дугаар тогтоолоор хураан авч, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр “уг үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирүүлэх”-ийг төлбөр төлөгч Х.А, О.Г нарт мэдэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч Х.А, О.Г нар “...шинжээч томилж, үнэлгээ хийлгэх” тухай хүсэлтийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр НШШГ-т ирүүлсэн байна.

 

Уг хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “............” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Ш-08/26 дугаар Хөрөнгө үнэлгээний тайлангаар “............ тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 85.360.000 төгрөг” гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байх бөгөөд хууль зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

Мөн уг хөрөнгө үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарт 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж, хүргүүлсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг нэхэмжлэгч Х.А зөрчиж, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасныг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр Х.А-гийн нэхэмжлэлтэй, НШШГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлйин 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Г.Туяагийн нэхэмжлэлтэй, НШШГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.СЭМЖИД