Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00498

 

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00498

 

Ж.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэртэй, Ж.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч МААЭШХ холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.М  нь МААЭШХ-д 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тооцооны нягтлан бодогч албан тушаалд ажилд орж, гүйцэтгэх захирлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Жирэмсний амралт эдлүүлэх тухай 108 дугаар тушаалаар жирэмсний амралт авч, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хүүхэд асрах чөлөө олгох тухай 129 дүгээр тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөө авсан. Ажилд эргэн орох хүсэлтийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан бөгөөд гүйцэтгэх захирлын зүгээс түр хүлээж байхыг хүссэн. Улмаар гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 91 дүгээр тушаалаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шинээр томилогдсон үүрэг гүйцэтгэгч Б.Бейсен нь Ж.М-тай хамтарч ажиллах боломжгүй тул ажлаас халсан талаар хэлсэн. Улмаар түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлж, халсан тушаалыг авахыг хүсэхэд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тушаал хүчингүй болгох тухай тушаалыг өгсөн. Уг тушаал тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Найданхүүгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хэд хэдэн тушаалыг хүчингүй болгосны нэг нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 91 дүгээр тушаал байгаа нь ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд Ж.М-г МААЭШХ-гийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч МААЭШХ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бейсен шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь тус хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Найданхүүгийн тушаалаар томилогдсон. Гэвч энэ хугацаанд Авлигатай тэмцэх тухай хуулийн хүрээнд М.Найданхүү нь хууль бусаар тамга эзэмшсэн гэх бичиг ирүүлсний дагуу Хөдөө аж ахуйн их сургууль-ийн захирлын тушаал гарч М.Найданхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ж.М-г 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд эгүүлэн тогтоох тушаал гаргасан боловч ажил хүлээлгэн өгөх нягтлан бодогч нь өвчтэй гэх шалтгаанаар ажил хүлээлцээгүй. Ж.М-г ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй, харин М.Найданхүүгийн тушаалыг хүчингүй болгосон. Иймд Ж.М албан ёсоор албан тушаалд томилогдоогүй, мөн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөг авсан тул энэ хугацаанд эгүүлэн ажилд нь томилох, захирлын үүрэг гүйцэтгэгчийн хугацаанд тушаал шийдвэр гаргах боломж байхгүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.М-г МААЭШХ-н ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 199 892 төгрөгийг хариуцагч Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргуулан Ж.М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Мөнхтуяагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг МААЭШХ-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ММААЭШХ-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 82 148 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч МААЭШХ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бейсен давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хөдөө аж ахуйн их сургууль-ийн захирлын тушаалаар Т.Батсүх нь ажлаас халагдсан бөгөөд түүний оронд М.Найданхүүг түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон. М.Найданхүү нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэний үндсэн дээр Хөдөө аж ахуйн их сургууль-ийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. М.Найданхүү нь томилогдохдоо хууль зөрчин томилогдсоны улмаас түүний гаргасан тушаал шийдвэр нь эхнээсээ хууль зөрчиж эхэлсэн. Үүнээс үүдэн Ж.М-г томилсон гэх шийдвэр нь М.Найданхүүгийн хууль бусаар томилогдсон цаг хугацаанд хамааран гарсан байх тул М.Найданхүүгийн гаргасан тушаалуудыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хууль журмын дагуу ажил албан тушаалдаа томилогдоогүй буюу чөлөөний хугацаа нь дуусаагүй байсан зэргээс хамаарч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаадлага нь үндэслэлгүй. Нөхцөл байдлын талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шүүхээс дүгнэлтээ хийгээгүй, анхнаасаа албан ёсоор томилогдоогүй байхад буруу дүгнэсэн. М.Найданхүүгийн тушаал шийдвэр нь хууль зуйн хувьд үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч МААЭШХ-д холбогдуулж тус хүрээлэнгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нь МААЭШХ-д 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс нягтлан бодогчоор ажиллаж байгаад тус хүрээлэнгийн захирлын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 49 дүгээр тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон, ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралт авч улмаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 129 дүгээр тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан үйл баримт тогтоогдсон./хх 9-17,49-52/

Мөн Ж.М нь хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажилдаа орох хүсэлтийг гаргаснаар тус хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Найданхүүгийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 91 тоот тушаалаар 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор томилжээ./хх-ийн 44/

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. МААЭШХ нь Ж.М-г эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулсан нь дээрх хуульд нийцжээ.

Мөн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 91 тоот тушаалыг хүчингүй болгосон хариуцагч байгууллагын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 91 тоот тушаалын үндэслэлд хуулийн ямар зүйл заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Нэхэмжлэгч Ж.Мөнхтуяаг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх 92 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 199 892 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцсэн. Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалд зааснаар зөв тооцоолж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 зааснаар эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 148 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ш.ОЮУНХАНД