Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00840

 

Ж.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаар магадлалтай,

Ж.*******гийн нэхэмжлэлтэй,

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагчийн төлөөлөгч Б.Бейсен, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд 2001 оны 5 дугаар сарын 07-ны өдөр тооцооны нягтлан бодогч албан тушаалд ажилд орж, гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн жирэмсний амралт эдлүүлэх тухай 108 дугаар тушаалаар жирэмсний амралт авч, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хүүхэд асрах чөлөө олгох тухай 129 дүгээр тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөө авсан. Ажилд эргэн орох хүсэлтийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан бөгөөд гүйцэтгэх захирлын зүгээс түр хүлээж байхыг хүссэн. Улмаар гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 91 дүгээр тушаалаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шинээр томилогдсон үүрэг гүйцэтгэгч Б.Бейсен нь Ж.*******тай хамтарч ажиллах боломжгүй тул ажлаас халсан талаар хэлсэн. Улмаар түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлж, халсан тушаалыг авахыг хүсэхэд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тушаал хүчингүй болгох тухай тушаалыг өгсөн. Уг тушаал тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Найданхүүгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хэд хэдэн тушаалыг хүчингүй болгосны нэг нь ажилд эгүүлэн томилсон 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 91 дүгээр тушаал байгаа нь ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд Ж.*******г Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бейсены шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь тус хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Найданхүүгийн тушаалаар томилогдсон. Гэвч энэ хугацаанд Авлигатай тэмцэх тухай хуулийн хүрээнд М.Найданхүү нь хууль бусаар тамга эзэмшсэн гэх бичиг ирүүлсний дагуу Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын тушаал гарч М.Найданхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ж.*******г 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд эгүүлэн тогтоох тушаал гаргасан боловч ажил хүлээлгэн өгөх нягтлан бодогч нь өвчтэй гэх шалтгаанаар ажил хүлээлцээгүй. Ж.*******г ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй, харин М.Найданхүүгийн тушаалыг хүчингүй болгосон. Иймд Ж.******* албан ёсоор албан тушаалд томилогдоогүй, мөн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөг авсан тул энэ хугацаанд эгүүлэн ажилд нь томилох, захирлын үүрэг гүйцэтгэгчийн хугацаанд тушаал шийдвэр гаргах боломж байхгүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.*******г Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 199 892 төгрөгийг хариуцагч Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргуулан Ж.*******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд 82 148 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 148 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бейсены хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Ж.******* нь тус хүрээлэнд ерөнхий санхүүчийн ажил албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сард жирэмсний амралт авахаар болж, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу чөлөөг 2020 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд олгосон. Тэрээр нэхэмжлэлдээ ажилдаа эгүүлэн орох талаар хүсэлтээ 2019 оны 5 дугаар сард гаргасан гэж тайлбарласан байна. Тухайн үед тус хүрээлэнгийн захирлаар Т.Батсүх нь ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын тушаалаар Т.Батсүх нь ажлаас халагдсан бөгөөд түүний оронд М.Найданхүүг түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон. М.Найданхүү нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэний үндсэн дээр Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Өөрөөр хэлбэл М.Найданхүү нь томилогдохдоо хууль зөрчин томилогдсоны улмаас түүний гаргасан тушаал шийдвэр нь эхнээсээ хууль зөрчиж эхэлсэн болно. Үүнээс үүдэн Ж.*******г томилсон гэх шийдвэр нь М.Найданхүүгийн хууль бусаар томилогдсон цаг хугацаанд хамааран гарсан байх тул М.Найданхүүгийн гаргасан тушаалуудыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хууль журмын дагуу ажил албан тушаалдаа томилогдоогүй буюу чөлөөний хугацаа нь дуусаагүй байсан байгууллагаас нийгмийн даатгалыг төлж байгаа зэргээс хамаарч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байсан болно. Энэхүү нөхцөл байдлын талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шүүхээс дүгнэлтээ хийх ёстой байсан боловч хэргийн бүхий л бодит нөхцөл байдлыг зөв дүгнээгүйн улмаас үндэслэлгүй шүүхийн шийдвэр гарсан болно. Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр ирүүлсэн алба тоотыг үндэслэн М.Найданхүүг ажлаас чөлөөлсөн бөгөөд нэгэнт хууль зөрчиж томилогдсон этгээдийн гаргасан тушаал шийдвэр нь хууль зүйн хувьд хэрэгжих боломжгүй гэж манай зүгээс үзсэн. Энэхүү үндэслэлийг анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбарлан холбогдох баримтыг нотлох баримтаар өгсөн боловч огт анхаарч үзээгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлийг үүсгэж байгаа болно. Ж.******* нь анхнаасаа албан ёсоор томилогдоогүй байхад шүүхийн зүгээс түүнийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар томилогдсон гэж дүгнэж байгаагаас үүдэн энэхүү шийдвэр гарах болсон. М.Найданхүү нь нэгэнт хууль зөрчиж томилогдсон учраас түүний гаргасан тушаал шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж түүний тушаалыг хүчингүй болгосноос биш Ж.*******г халах шийдвэр гаргаагүй юм. Нэгэнт чөлөөтэй байгаа хүнийг ажлаас халах боломжгүй, нөгөө талаар түүнийг ажилд томилсон хууль ёсны тушаал шийдвэр байхгүй тул түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох боломжгүй болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд холбогдуулан Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгчийн чөлөөний хугацаа дуусаагүй байсан, М.Найданхүү хууль бусаар үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон тул түүний нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал хууль бус, ...ажлаас халах шийдвэр гараагүй, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг тайлбарлажээ.

Гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлтийг хийж, хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүүхэд  асрах чөлөөтэй байсан боловч 2019 оны 05 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Найданхүү 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 91 дугаар тушаал гаргаснаар нэхэмжлэгч ажилдаа оржээ.

Дээрх 91 дугаар тушаалыг, М.Найданхүүг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь үндэслэлгүй байсантай холбоотой мөн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон Б.Бейсенгийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогч хүлээнэ. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...-г заажээ. Нэхэмжлэгч Ж.******* хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан нь түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл болох бөгөөд өмнөх удирдлага шийдвэр гаргах эрхгүй байсан бол дараагийн удирдлага зөвтгөж залруулах боломжтой болохоос ажилтны эрх ашгийг зөрчих учиргүй байна.

Ж.******* 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 91 дугаар тушаалыг үндэслэн 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажилласан ба үүрэг гүйцэтгэгч Б.Бейсенгийн 2019 оны 09  дүгээр сарын 11-ний өдрийн 91 дугаар тушаал гарснаар тэрээр ажил үүргээ гүйцэтгээгүй тул ажлаас халагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Бейсенгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 82.148 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ