Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/00052

 

 

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/00052

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Ж.М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: МААЭШХ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие МААЭШХд 2001.5.7-ны өдөр тооцооны нябо албан тушаалд ажилд орж, гүйцэтгэх захирлын 2013.7.15-ны өдрийн 49 дугаар тушаалаар ерөнхий санхүүчийн албан тушаалд томилогдон ажилласан. 2018.10.3-ны өдрийн 108 дугаар Жирэмсний амралт эдлүүлэх тухай, ажилд томилох тухай тушаалаар жирэмсний амралт авч, 2018.12.2-ны өдрийн 129 дугаар Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар 2019.12.28-ны өдрөөс 2020.12.22-ны өдөр хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөө авсан. Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилд эргэн орох хүсэлтийг 2019.5.1-ний өдөр гаргасан бөгөөд гүйцэтгэх захирлын зүгээс түр хүлээж байхыг хүссэн. Улмаар гүйцэтгэх захирлын 2019.8.30-ны өдрийн 91 дугаар тушаалаар 2019.9.1-ний өдрөөс ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон. Гэтэл 2019.9.9-ний өдөр шинээр томилогдсон үүрэг гүйцэтгэгч Б. надтай хамтарч ажиллах боломжгүй тул ажлаас халсан талаар хэлсэн. Улмаар түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлж, халсан тушаалыг авахыг хүсэхэд 2019.9.9-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай тушаалыг өгсөн ба уг тушаал тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Н 2019.8.30-ны өдрийн хэд хэдэн тушаалыг хүчингүй болгосны нэг нь намайг ажилд эгүүлэн томилсон 2019.8.30-ны өдрийн 91 дугаар тушаал байгаа нь ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд Ж.М намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, МААЭШХгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, хариуцагч байгууллагаас миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч МААЭШХгийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч нь манай хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Н тушаалаар томилогдсон. Гэвч энэ хугацаанд авлигатай тэмцэх тухай хуулийн хүрээнд М.Найданхүү нь хууль бусаар тамга эзэмшсэн гэх бичиг ирүүлсний дагуу Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын тушаал гарч М.Найданхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ж.М нь 2019.09.01-ний өдрөөс ажилд орох тушаал гаргасан хирнээ огт ажил хүлээлцээгүй, нөгөө нягтлан өвчтэй байсан. Нөгөөтэйгүүр Ж.Мгаас гадна хэд хэдэн хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн байсан тул би ажлыг хүлээж аваад 2019.09.09-ний өдөр М.Н тушаалыг хүчингүй болгосон Энэ хугацаанд Ж.Мг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй, харин М.Н тушаалыг хүчингүй болгосон. Иймд Ж.М албан ёсоор албан тушаалд томилогдоогүй, мөн  2020.12.22-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөг МААХ тушаалаар авсан тул энэ хугацаанд эгүүлэн ажилд нь томилох, захирлын үүрэг гүйцэтгэгчийн хугацаанд тушаал шийдвэр гаргах боломж байхгүй. Иймд уг нэхэмжлэл нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч МААЭШХд холбогдуулж 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дүгээр тушаал үндэслэлгүй Э.Мг МААЭШХгийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.М нь МААЭШХд 2001 оны 5 сарын 07-ны өдрийн 20 дугаар тушаалаар тооцооны нягтлан бодогчоор орж ажиллаж байгаад тус хүрээлэнгийн захирлын 2013 оны 7 сарын 10-ны өдрийн 49 дүгээр тушаалаар Ерөнхий санхүүчээр /нягтлан бодогчоор/ ажиллаж байгаад мөн захирлын 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 129 дүгээр тушаалаар 2020 оны 12 сарын 22-ны өдрийн хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан болох нь зохигчдын тайлбар болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, 129 тоот захирлын тушаал, ажлын байрны болон цалингийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн  9-17, 49-52/

 

Нэхэмжлэгч Ж.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2019.05.01-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтийг хүрээлэнгийн захирал Т.Б-эд гаргасан бөгөөд гүйцэтгэх захирлын зүгээс түр хүлээж бай, одоо ажиллаж байгаа нябо удахгүй жирэмсний амралтаа авна, түүнийг амрахаа чи орчих гэж хэлээд хүлээлгэсэн.” гэж тайлбарласныг хариуцагч тал маргаагүй байх ба уг хүсэлтийг тус хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Н 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 91 дугаар тушаалаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.М нь хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгахгүйгээр ажилдаа орох тухай хүсэлтийг хариуцагч байгууллагын захиралд гаргаж байсан болох нь тус хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Н 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 91 дугаар тушаалаар Ж.М нь ажилдаа орох хүсэлт гаргасан тул 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Ерөнхий нягтлан бодогчоор томилон ажиллуулах тушаалаар тогтоогдож байна. /хх-ийн 44/

Гэвч дээрх 91 дугаар тушаалыг мөн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Бгийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 91 дугаар Тушаал хүчингүй болгох турай тушаалаар хүчингүй болсонд тооцсон тушаалыг гаргаж, уг тушаалын үндэслэлдээ Авилгатай тэмцэх газрын 05/7070 албан тоот, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын Б/237 тоот зэрэг тушаалыг үндэслэсэн байх ба уг тушаал хууль зүйн үндэслэлгүй байна./хх-ийн

 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж зааснаар хариуцагч МААЭШХгийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Н Ж.Мг 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 91 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажилд нь томилсон тушаал хуульд нийцэж гарсан байх ба ажил олгогч нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлсэн байна.

Харин ажил олгогч байгууллагын удирдлага солигдож, улмаар дараагийн удирдлага шинээр томилогдсон асуудал нь өмнөх удирдлагын тушаал шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш бөгөөд энэ нь хуульд заасан үндэслэлгүй юм.

Түүнчлэн  мөн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Бгийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 91 дугаар Тушаал хүчингүй болгох тухай тушаалын үндэслэлд холбогдох хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэсэн нь тодорхойгүйн дээр төрийн байгууллагаас ирүүлсэн албан бичиг болон Б/237 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Мг Ерөнхий нягтлан бодогчийн ажилд нь томилсон 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 91 дугаар тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд Ж.Мг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 06-ны өдөр хүртэлх ажлын 92 хоногийн олговорт 4 199 892 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Мгийн цалинг хариуцагч байгууллагын цалингийн тодорхойлолтод дурдсан 701 075 төгрөг, ажилд томилогдсон 91 дугаар тушаалд дурдсан 40%-ийн нэмэгдлийн 280 430 төгрөг, нийт 981 505 төгрөгөөс /хх-ийн 42, 44/  Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцож нэхэмжлэгч нь сард 981 505 төгрөгийн цалинтай байх ба 92 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 4 199 982 төгрөгөөр /92х45 651төгрөг//981 505 :21,5// тогтоож, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул  хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд  ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 2018 оны 09 сарын 11-ний өдрийн 91 дугаар  тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагын дагуу 2018 оны 09 сарын 17-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргасныг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 , 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Мг МААЭШХгийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин 4 199 892 төгрөгийг хариуцагч Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргуулан Ж.М-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Мгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг МААЭШХ-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч МААЭШХгээс улсын тэмдэгтийн хураамжинд 82 148 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ