Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/0386

 

С.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00113 дугаар шийдвэртэй

С.Тийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Мд холбогдох 122 223 150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нацагдорж, хариуцагч С.М, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сар дуустал С.Т нь С.Мгийн Хаан банкны 5077184833 дугаартай данс руу нийт 245 377 150 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөнөөс С.М 148 714 000 төгрөг төлсөн ч үлдэх мөнгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 9 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа зээлдүүлсэн 15 000 000 төгрөг гаргуулах, 10 560 000 төгрөгийн эд хөрөнгийг үндэслэлгүй авсан гэж 25 560 000 төгрөг гаргуулахаар нэмсэн. Иймд С.Мгаас нийт 122 223 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр 5-6 жил найз нөхдийн холбоотой байсан. С.Т манай нөхөр болон надаас орон сууц барьж байгаа, барилгын компанид мөнгө хэрэгтэй байна гэж удаа дараа мөнгө зээлж, төлдөг байсан. С.Т зээлсэн мөнгөө бүрэн төлөөгүйгээс манай гэр бүлийн хүн Чингэлтэй дүүргийн Цагдаад гомдол гаргаж, шалгуулж байгаа. Би ломбард ажиллуулдаг. Энэ хүнээс мөнгө зээлэх шаардлага байхгүй. Надаас авсан мөнгөө өгөөгүй байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн агуулга, шаардлага, үндэслэлээ нотолж чадсангүй. 24 000 000 төгрөг, зарсан бэлэглэсэн нь мэдэхгүй 10 560 000 төгрөгийн асуудал ярьдаг. С.Т С.Мд 245 000 000 төгрөг шилжүүлсэн юм бол яагаад нөхрөөс нь мөнгө зээлсэн юм бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах гэхээр Иргэний хэрэг үүссэн гээд ажиллагаа хийдэггүй. С.Т мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр орлого, найзаас нь, Тунгаа, найз нь, баярлалаа, ого гэж бичдэг байсан. Ё.Ганцоож, С.Т, С.М нарын данс бүгд холилдчихсон. Шалгах ноцтой зүйл байсан. Гэхдээ утасны бичлэг гарч ирснээр хэн хэнээс мөнгө зээлсэн нь тодорхой болсон. С.Т утасны бичлэгт хүүгийн дарамтад орсон гэдгээ хэлсэн. Талуудын хооронд бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн. С.Т С.Мгаас мөнгө зээлж, итгэл авч эргэлдүүлж мөнгө олдог. С.Т амьдралын болон санхүүгийн эх үүсвэрээ С.М, Ё.Ганцоож нараас олж авсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч С.Мгаас 69 731 150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 492 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 825 180 төгрөгөөс 769 066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 56 114 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж, хариуцагч С.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 506 606 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч С.Тт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч тал бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авсан нөхцөл байдал эрүүгийн журмаар шалгагдаж байхад зориуд цаг хугацаа хожих, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах агуулга, зорилготой зохиомол нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүгч зохигч талуудын иргэд хоорондын харилцах дансны шилжүүлгийн зөрүүгээр өглөг авлагын хийсвэр тооцоо бодож хэргийн бодит нөхцөл байдлыг мушгин гуйвуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хэм хэмжээ, зохицуулалтыг хэрэгжүүлэлгүй илт хууль бус шийдвэр гаргасан. 2017 онд нэхэмжлэгч С.Т нь найз нөхдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж янз бүрийн шалтаг тоочин эхнэр С.М болон нөхөр Ё.Ганцоожоос олон удаагийн үйлдлээр ихэвчлэн бэлэн мөнгөөр зээл авч байсан байдаг ба зээлийн цаг хугацаа өнгөрч төлбөрөө төлөхгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж олон иргэдийг залилсан асуудал шалгагдаж байх хугацаанд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан явдал нь хэргийн материалд тодорхой байхад шүүгч нэхэмжлэлд дурдсан шаардлагын хөрөнгийн эх үүсвэрээ нотолж чадаагүй байхад эрүүгийн хэрэгт шалгагдаж буй нөхцөл байдалтай шалтгаант холбоотой байхад зөвхөн түүний дансны хуулгад түшиглэн хэргийн шийдэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д заасан хуулийн заалтыг зөрчиж учир битүүлэг шалтаг дурдан илт нэг талыг баримталж хариуцагчийг зохиомол өр төлбөрт оруулсан явдал нь шударга ёсонд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч С.Т нэхэмжлэлдээ хариуцагч талтай найзууд гэдгээ тодорхой бичсэн ба хариуцагч талын данс руу 245 377 150 төгрөгийг шилжүүлсэн боловч С.Мд уг мөнгөнөөс 148 718 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үлдэгдэл 96 663 150 төгрөгийг өгөхгүй байх тул уг мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэсэн нэхэмжлэлд нэхэмжлэлийн агуулга, үндэслэл нь тодорхойгүй байхад ямар учраас, ямар эх сурвалжаар, юуг үндэслэн мөнгө шаардаж байгаа нь ойлгомжгүй байхад шүүгч хариуцагч талыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж шийдэж байгаа нь илт хууль бус шийдвэр гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгч С.Т нь анх нэхэмжлэлдээ мөнгө шилжүүлсэн гэдэг ба дараа нь хариуцагч С.Мд мөнгө зээлдүүлсэн гэж хувирдаг ба тэгсэн мөртлөө эхнэрээ нь дамжуулж нөхрөөс нь сарын 15 хүүтэй зээл авсан гэж шүүхэд бичгээр тайлбар гаргаж байгаа нь яагаад ч үнэнд нийцэхгүй авцалдаагүй өөрөө өөрийгөө үгүйсгэсэн тайлбар бөгөөд энгийн логик ухаанаар бодоход эхнэрээс нь авлагатай юм бол нөхрөөс нь яагаад дахин дахин мөнгө зээлээд байна вэ гэсэн энгийн асуултад шүүгч дүгнэлт хийх ёстой байсан ба нөхрөөс нь мөнгөн зээлсэн гэдгээ эрүүгийн хэргийн материалд гэрчийн мэдүүлэгт хүлээн зөвшөөрсөн мөртлөө эхнэрээс нь 69 731 150 төгрөгийн авлагатай болгож байгаа шүүгчийн шийдвэр бол яагаад ч үнэнд нийцэхгүй шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарах ёстой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан хүчингүй болгож, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг удирдлага болгон хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч С.Мд холбогдуулан 122 223 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчид 245 377 150 шилжүүлснээс 148 174 000 төгрөгийг буцаан шилжүүлсэнээс, 91 511 150 төгрөгийг өгөөгүй, мөн зээлийн гэрээний дагуу өгсөн 15 000 000 төгрөг, 10 560 000 төгрөгийн эд хөрөнгө өгсний үнийг гаргуулна” гэж,

 хариуцагч “...нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, харин хариуцагч орон сууц барьж байгаа гээд надаас удаа дараа мөнгө зээлж байсан, булган шуба, ноолууран пальто, матрын арьсан үүргэвч зэргийг 5 000 000 төгрөгт тооцож авсан” гэсэн зөрүүтэй тайлбаруудыг тус тус гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийсэн байна”, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд өөрийн Хаан банкны 5019682180 тоот данснаас С.Мгийн 5077184833 тоот данс руу нийт 240 225 150 төгрөг шилжүүлсэн, хариуцагч С.Мгийн Хаан банкны 5077184833 тоот харилцах данснаас С.Тийн 5019682180 тоот данс руу 148 714 000 төгрөг шилжүүлсэн бичгийн баримтыг гаргажээ. Зохигчид дээрх мөнгийг шилжүүлсэн болон буцаан шилжүүлсэн үнийн дүнгийн асуудлаар маргаагүй. /хх.5-64, 75-101/

Харин хариуцагч С.М нь өөрийгөө зээлдэгч гэж үзэж С.Тт мөнгө зээлдэг байсан гэх тайлбараа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөнөөс буцаан шилжүүлээгүй хэмжээний үнийн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу биш юм.

 Иймд анхан шатны шүүх хариуцагч С.Мг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалттай нийцжээ. 

Хариуцагч С.М нь өөрийгөө барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Тунгалаг нь “Гартаам- Агат” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2 000 000  төгрөгийг, сарын 120 000 төгрөгийн  хүүтэй, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 000 000 төгрөгийг сарын 70 000 төгрөгийн хүүтэй зээлсэн бичгийн баримтууд авагджээ.  /хх.202-204/

Хариуцагч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газраас зээлсэн мөнгөнөөс 2 780 000 төгрөг төлсөн” гэсэн, байх бөгөөд нэхэмжлэгч С.Т уг тайлбарыг үгүйсгээгүй байх тул хариуцагчийн төлөх мөнгөнөөс дээрх мөнгийг хасаж тооцсоныг буруутгах боломжгүй юм.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын нэг болох 24 000 000 төгрөг нь хариуцагчийн нөхөр Ё.Ганцоожид нэхэмжлэгч С.Т төлөх мөнгө болохыг хэн аль нь үгүйсгээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гүйлгээний үнийн дүнгийн зөрүү 91 511 150 төгрөгөөс барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлд эргүүлэн төлсөн гэх 2 780 000 төгрөг, мөн Ё.Ганцоожид төлөх ёстой 24 000 000 төгрөгийг хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс булган шуба, ноолууран пальто, матрын арьсан үүргэвч зэргийг 5 000 000 төгрөгөөр үнэлж авсан болохоо үгүйсгээгүй, зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрсөн хэмжээ буюу 5 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд хариуцагч С.Мгаас 69 731 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч С.Т хариуцагчид зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг зээлүүлсэн гэж шаардаж байгаа боловч уг мөнгийг зээлүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд холбогдох хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.