Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00504

 

 “Шк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00165 дугаар шийдвэртэй

“Шк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 9 737 658 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номуундарь, Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

            Нэхэмжлэгч “Шк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номуундарь нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шк” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн Э.Бтай 18/010 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 4 800 000 төгрөгийг сарын 4 %-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Гэрээний дагуу Э.Бд өгөх зээлийг түүний хүсэлтээр Г.Болортуяагийн Хаан банк дахь 5944049639 тоот дансанд мөнгийг 4 удаагийн гүйлгээгээр хуваан шилжүүлж, нийт 4 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн өдрөө Э.Б нь мөнгө хүлээн авснаа баталгаажуулж баримт үйлдсэн. Зээлдэгч нь гэрээний дагуу 2018 оны 9 сарын 25-ны өдөр эхний төлөлт болон хугацаа хэтэрсний алдангийн хамт 520 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш нэг ч төгрөгийн төлбөр төлсөнгүй. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэж худал ярьсаар өнөөдрийг хүрсэн. Сүүлдээ би тэр мөнгийг чинь аваагүй Болортуяа авсан, тэр төлнө гэх болсон ба утсаа авахаа болиод байна. Э.Б нь өнөөдрийн байдлаар “Шк” ХХК-тай байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18/010 тоот "Зээлийн гэрээ-ний дагуу үлдсэн зээлд 4 487 400 төгрөг, хүүнд 2 004 372 төгрөг, алдангид 3 245 886 төгрөг буюу нийт 9 737 658 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Э.Бгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 9 737 658 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бодит байдалд дээр н.Эрдэнэсувд зээл авсан. Гэтэл н.Эрдэнэсувд зээлтэй байсан тул Э.Б гэрээ байгуулж, Г.Болортуяа мөнгийг авсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар мөнгийг өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно. Г.Болортуяагийн дансанд 4 хувааж зээл шилжүүлснээр нэхэмжлэгч өөрөө хэлдэг. Э.Б нь сайн ойлголгүй гэрээнд гарын үсэг зурсан. Зээл нь Г.Болортуяад олгогдсон. Гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаж байгаа боловч хуульд зааснаар гэрээ байгуулагдсан гэж шууд үзэхгүй. Хариуцагчид мөнгийг шилжүүлээгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэлсэн байдаг гэжээ.

           Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 9 737 658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Шк” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170 755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Булганбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...“Шк” ХХК нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Э.Б нь манай компани дээр ирж уулзаад 4 800 000 төгрөгийн зээл авах хүсэлтээ байгаа илэрхийлж, зээлдэгчийн хүсэлт, зээлдэгчийн анкетыг өөрийн гараар бичиж өгсөн. Зээлдэгч Э.Б нь гэрээнд гарын үсэг зурсны дараа Г.Болортуяагийн Хаан банк дахь харилцах дансанд мөнгийг шилжүүлэх хүсэлт тавьсны дагуу 4 удаагийн гүйлгээгээр нийт 4 800 000 төгрөгийг Э.Бгийн зээл гэсэн утгатайгаар, түүний нэрлэж зааж өгсөн Г.Болортуяагийн дансанд шилжүүлсэн. Э.Б хүсэлт тавьж, Г.Болортуяагийн дансыг хэлж өгөөгүй бол “Шк” ХХК-ийн зүгээс өөрийн дураар, зээл аваагүй иргэний дансанд мөнгө шилжүүлэх ямар ч боломжгүй. Мөн Э. Болормаа зээл аваагүй байсан бол 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 520 000 төгрөгийг буцаан төлөхгүй байсан. Хариуцагч нь ийнхүү зээлийн буцаан төлөлтийг хийснээрээ зээл авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байхад шүүх эдгээр үйл баримт, холбогдох нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Мөн хэрэгт “Шк” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн кассын зарлагын ордер авагдсан бөгөөд уг баримт дээр Э.Б нь зээлдүүлэгчээс олгож байгаа мөнгийг хүлээн авсан болохоо илэрхийлж гарын үсэг зурсан. Учир нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дэх хэсэгт “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан хуулийн зохицуулалтаас харахад компани болон хувьцаа эзэмшигч нар нь нэг нэгнийхээ үйл ажиллагаанд хамаарахгүйгээр өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээж буй үйлдлийнхээ хариуцлагыг тус тусдаа хариуцах тухай зохицуулалт байна. Гэтэл энэ тохиолдолд “Шк” ХХК нь Ө.Булганбаяр гэсэн 1 үүсгэн байгуулагчтай бөгөөд үүсгэн байгуулагч нь гүйцэтгэх удирдлагаар нь ажилладаг. Хэрэгт нотлох баримтаар өгсөн Хаан банк дахь 5063414774 тоот “Шк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Булганбаяр, ээж Л.Алтанцэцэгийн хамт эзэмшдэг бөгөөд 2018 онд уг дансыг ашиглан “Шк” ХХК-иас зээл авсан иргэд, хуулийн этгээдийн зээлийг олгож, мөн уг дансаар зээлийн эргэн төлөлтийг хүлээн авдаг байсан юм. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасны дагуу “Шк” ХХК нь Э.Бд олгох зээлийг гүйцэтгэх захирал Ө.Булганбаярын дансаар дамжуулан өгсөн болно. Мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний дагуу “Шк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Булганбаяр нь өөрийн данснаас зээлийн мөнгийг шилжүүлэн олгосон явдал нь хууль зөрчөөгүй бөгөөд түүнийг “Шк” ХХК-ийн зээлийг олгоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Шк” ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 737 658 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Э.Б зээлийн гэрээ байгуулсан ч мөнгийг Г.Болортуяа авсан, мөнгийг хариуцагчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх тул уг мөнгийг аваагүй учраас гэрээ байгуулагдаагүй” гэж тайлбарлажээ.

Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 18/010 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч талаас “Шк” ХХК-ийг төлөөлж захирал Ө.Булганбаяр, зээлдэгч талаас Э.Б нар гарын үсгээ зурж, “Шк” ХХК-аас 4 800 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон байна. /хх.8-9/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд харилцагч Л.Алтанцэцэг, хамтран эзэмшигч Ө.Булганбаяр нарын 5063414774 тоот данснаас 5944049639 тоот дансанд “Энхтайваны Болормаад зээл олгов” гэсэн агуулгатай 4 удаагийн гүйлгээ хийгдэж, нийт 4 780 000 төгрөгийг шилжүүлжээ. /хх.15/

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр харилцагч Л.Алтанцэцэг, хамтран эзэмшигч Ө.Булганбаяр нарын дээрх 5063414774 тоот дансанд  “Э.Бгаас зээл төлөв” гэсэн агуулгаар 520 000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Шк” ХХК-ийн кассын орлогын ордер авагдсан, уг баримтад 4 800 000 төгрөгийг зээл олгосон гээд Э.Б гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон үйл баримт байна. /хх.10,16/

Нэхэмжлэгч талаас хариуцагч Э.Б “Шк” ХХК-д зээл хүссэн өргөдөл анкетыг ирүүлж, зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан тухай бичгийн баримт дээр гарын үсэг зурсан, нэхэмжлэгч талаас “Э.Бгийн хүсэлтийн дагуу зээлийн мөнгийг Г.Болортуяа гэх хүний дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгч талаас мөнгө шилжүүлснийг мэдсэн учраас хариуцагч мөнгийг авсан бичгийн баримтад гарын үсэг зурсан” гэсэн тайлбар гаргасныг Э.Б үгүйсгэсэн, өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Э.Б өөрийн тайлбараа нотлох үүрэгтэй.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасан.

Хэрэгт авагдсан зээл авахыг хүссэн баримтууд болон зээлийн мөнгийг шилжүүлсэн, Э.Бгаас зээлийг буцаан төлсөн баримт болон зохигчдын тайлбарыг үнэлэн зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “Шк” ХХК нь зээлдэгч буюу хариуцагч Э.Бгийн хүсэлтээр иргэн Г.Болортуяагийн дансанд мөнгийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэлээ. 

Гэрээний 2-т “хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5%-иар бодож алданги тооцно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн алданги шаардсан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Э.Бгаас үндсэн зээлд 4 487 400 төгрөг, зээлийн хүүд 2 004 373 төгрөг, алдангид 3 245 886 төгрөг нийт 9 737 658 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шк” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Анхан шатны шүүх “Шк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Бд холбогдох иргэний хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалтыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж үзлээ.