Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01508

 

  

Шанд капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00165 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 202/МА2020/00504 дүгээр магадлалтай, 

Шанд капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,737,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Шанд капитал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шанд капитал ХХК нь 2018.08.18-ны өдөр иргэн *******тай 18/010 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 4,800,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Гэрээний дагуу *******д өгөх зээлийг түүний хүсэлтээр Г.Болортуяагийн Хаан банк дахь 5944049639 тоот дансанд мөнгийг 4 удаагийн гүйлгээгээр хуваан шилжүүлж, нийт 4,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн өдрөө ******* нь мөнгө хүлээн авснаа баталгаажуулж баримт үйлдсэн. Зээлдэгч нь гэрээний дагуу 2018.09.25-ны өдөр эхний төлөлт болон хугацаа хэтэрсний алдангийн хамт 520,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш нэг ч төгрөгийн төлбөр төлсөнгүй. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэж худал ярьсаар өнөөдрийг хүрсэн. Сүүлдээ би тэр мөнгийг чинь аваагүй Г.Болортуяа авсан, тэр төлнө гэх болсон ба утсаа авахаа болиод байна. ******* нь өнөөдрийн байдлаар Шанд капитал ХХК-тай байгуулсан 2018.08.18-ны өдрийн 18/010 тоот зээлийн гэрээний дагуу үлдсэн зээлд 4,487,400 төгрөг, хүүд 2,004,372 төгрөг, алдангид 3,245,886 төгрөг буюу нийт 9,737,658 төгрөгийг төлөөгүй байна. Иймд *******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 9,737,658 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бодит байдалд дээр н.Эрдэнэсувд зээл авсан. Гэтэл н.Эрдэнэсувд зээлтэй байсан тул ******* гэрээ байгуулж, Г.Болортуяа мөнгийг авсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар мөнгийг өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно. Г.Болортуяагийн дансанд 4 хувааж зээл шилжүүлснээр нэхэмжлэгч өөрөө хэлдэг. ******* нь сайн ойлголгүй гэрээнд гарын үсэг зурсан. Зээл нь Г.Болортуяад олгогдсон. Гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаж байгаа боловч хуульд зааснаар гэрээ байгуулагдсан гэж шууд үзэхгүй. Хариуцагчид мөнгийг шилжүүлээгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэлсэн байдаг гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00165 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 9,737,658 төгрөг гаргуулах тухай Шанд капитал ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 202/МА2020/00504 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар *******гаас 9,737,658 төгрөгийг гаргуулан Шанд капитал ХХК-д олгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтад *******гаас 170,755 төгрөгийг гаргуулан Шанд капитал ХХК-д олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,755 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий зээлийн гэрээний төлбөр болох 4,780,000 төгрөгийг Ө.Булганбаяр, Л.Алтанцэцэг нарын дундын данснаас гэрч Г.Болортуяагийн данс руу шилжүүлсэн ба энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Ө.Булганбаяр нь хэдий нэхэмжлэгч Шанд Капитал ХХК-ийг 100 хувь эзэмшдэг боловч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч нь компанийн, компани нь хувьцаа эзэмшигчийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан ба зээлийн гэрээний төлбөрийг Ө.Булганбаяр, Л.Алтанцэцэг нарын дундын данснаас гэрч Г.Болортуяагийн данс руу шилжүүлснийг нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно хэмээн хуульд тусгайлан заасан. Мөн Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан. Гэвч хэрэгт авагдсан баримтаар Шанд капитал" ХХК-ийн өмнөөс Ө.Булганбаяр, Л.Алтанцэцэг нарыг түүний үүргийг гүйцэтгэсэн гэх баримт огт байдаггүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Алтанцэцэгийг Ө.Булганбаярын ээж гэх боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Хэрэв нэхэмжлэгч хариуцагчид гүйцэтгэх үүргээ гуравдагч этгээдээр дамжуулан гүйцэтгүүлсэн гэж үзэх бол үнэхээр Ө.Булганбаяр, Л.Алтанцэцэг нар нь Шанд капитал ХХК-ийн өмнөөс үүргийг гүйцэтгэсэн эсэхийг баримтаар нотлох шаардлагатай, үгүй бол ахин Ө.Булганбаяр эсвэл Л.Алтанцэцэг нарын хэн хэн нь мөнгийг хүлээж авсан Г.Болортуяагаас ахин нэхэмжлэх боломжтой болох юм. Мөн Г.Болортуяад зээлийн мөнгийг шилжүүлэн өгснийг хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд үүргийг гүйцэтгэсэнд тооцно хэмээн заасан. Гэтэл хариуцагч нь өөрийнх нь өмнөөс зээлийг Г.Болортуяад олгохыг зөвшөөрсөн, мөн ашиг олсон зүйл огт байхгүй тул гэрч Г.Болортуяаг хариуцагчийн өмнөөс үүргийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй юм. Мөн Г.Болортуяа нь анхан шатны шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө бодит байдал дээр н.Эрдэнэсувд гэх найз маань зээл авах гээд үүний дагуу зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурж зээлийн мөнгийг би дансаараа аван буцаагаад н.Эрдэнэсувд руу шилжүүлсэн гэдгээ хэлсэн, мөн өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн нь батлагдсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн өмнөөс Ө.Булганбаяр, Л.Алтанцэцэг нар нь үүргийг гүйцэтгэсэн хариуцагчийн өмнөөс Г.Болортуяа нь үүргийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүхэд гол үндэслэсэн нотлох баримт болох бэлэн мөнгө хүлээн авсан кассын бичгэн дээр хариуцагч нь гарын үсэг зурсан байх тул үүргийг хүлээн авсан гэж үзнэ хэмээн үзсэн нь үндэслэлгүй бөгөөд бодит байдал дээр бэлнээр мөнгө хүлээлгэн өгсөн зүйл огт байдаггүй, нэхэмжлэгч мөнгө хүлээлгэн өгөөгүй боловч бэлэн мөнгө хүлээн авсан кассын баримтад хариуцагчаар гарын үсэг зуруулсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч уг баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй. Мөн хариуцагчийн нэг удаа зээлийн эргэн төлөлт хийсэн гэж дүгнэдэг боловч тухайн 520,000 төгрөгийг хариуцагч эсвэл өөр этгээд төлсөн эсэх нь огт нотлогдоогүй атал хариуцагчийг төлсөн хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгийн зүгээс үндсэн зээлд 4,800,000 төгрөг зээлдүүлсэн хэмээн үүнээс хүү, алданги тооцож нэхэмжилсэн боловч Ө.Булганбаяр, Л.Алтанцэцэг нарын данснаас гэрч Г.Болортуяагын дансны 4 удаа нийт 4,780,000 төгрөг орсон болох нь талуудын дансны хуулгаас харагддаг, гэвч нэхэмжлэгч нь зээлийн тооцооллыг 4,800,000 төгрөгөөр тооцон нэхэмжилснийг үндэслэн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Шанд капитал ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох зээл 4,487,400 төгрөг, хүүд 2,004,372 төгрөг, алданги 3,245,886 төгрөг, нийт 9,737,658 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Шанд капитал ХХК нь зээл олгоогүй, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хүчин төгөлдөр болоогүй, нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй гэсэн үндэслэл заажээ.  

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний гаргасан гомдлын зарим хэсгийг доор дурдсан үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан.  

Шанд капитал ХХК барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2017.09.05-ны өдрийн 000142536 дугаартай гэрчилгээ, үйлчилгээ эрхлэх БЗҮ/05-61, БЗҮ/05-62, БЗҮ/01-81 тоот гэрээнүүдээр нотлогдож байна.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх аливаа аж ахуйн нэгж нь хуульд зааснаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн үйл ажиллагааг явуулдаг байна.  

Харин барьцаалан зээлдүүлэх газар нь тухайн үйл ажиллагаа явуулахдаа хаанаас, хэрхэн зөвшөөрөл авахыг хуульд тусгайлан заагаагүй, гагцхүү Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017.10.19-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталж, 2018.01.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS 5274:2017 Монгол улсын стандартад энэхүү төрлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахыг зохицуулжээ.  

2. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй этгээд Иргэний хуульд заасан тусгайлсан зохицуулалтын хүрээнд эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 

а/ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжуудад үндэслэн зээлийн үйл ажиллагааны буюу зээлдүүлэгчийн эрх зүйн байдлыг авч үзвэл Иргэний хуульд зээлийн харилцааг хоёр төрөл хэсэгт хувааж, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс хэрэгжүүлж байгаа зээлийн харилцааг ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт, бусад зээлийн харилцааг /барьцаалан зээлдүүлэх газраас олгож байгаа зээл хамаарна/ бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт тус тус хамааруулж зохицуулсан ба эдгээр нь эрх зүйн зохицуулалтаараа ялгаатай болно. 

Түүнчлэн зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авах, түүнийг эргүүлэн төлөхтэй холбогдсон харилцааг Иргэний хууль болон тухайн эрх бүхий этгээдийн эрх зүйн байдалтай холбоотой өөр өөрийн нарийвчилсан хуулиар зохицуулдаг. 

Барьцаалан зээлдүүлэх газрын эрх зүйн байдал болон зээл олгох, буцаан төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг зохицуулах илүү нарийвчилсан хууль байхгүй, тухайн төрлийн зээлийн харилцааг зохицуулах хэм хэмжээ нь Иргэний хууль байна. 

Түүнчлэн Иргэний хууль, бусад нарийвчилсан хуулиудаас үзэхэд зээлийн гэрээний талууд зээлийг буцаан төлөх нөхцөлийг хүүтэй болон хүүгүй, тодорхой хугацаатай болон хугацаагүй, гэрээний зүйл нь мөнгө эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байхаар, мөн зээл нь зориулалттай, барьцаатай байх зэрэг зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг тусгаж өгчээ. 

б/ Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааны талаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаас үзвэл тус газар нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг зээлийн гэрээний онцлогтой. 

Дээр дурдсанаар барьцаалан зээлдүүлэх газар нь бусад зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс тухайлбал банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгох зээлээс ялгаатай бөгөөд зөвхөн хөдлөх эд хөрөнгөөр барьцаалагдсан зээл олгох, үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хөдлөх эд хөрөнгийн барьцаа гэж тухайлан зохицуулжээ. 

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах арга, журмыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж зааснаас үзэхэд барьцааны зүйлээр зээлийн төлбөрийг хангуулахдаа дуудлага худалдааны хамгийн хялбар нөхцөл, аргыг сонгож хуульчилсан байна. 

3. Гэрээ байгуулагдсан боловч тухайн гэрээ агуулга болон хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан эсэх буюу гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргасан эсэхээс үл хамаарч шүүх дүгнэлт хийнэ. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулагдсан эсэх, барьцаат зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. 

4. ******* 2018.08.18-ны өдөр Шанд капитал ХХК-тай 18/010 тоот гэрээг бичгээр байгуулж, 4,800,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан нь нотлогджээ.

 Хаан банкны 2019.11.25-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас дүгнэвэл Л.Алтанцэцэг, Ө.Булганбаяр нарын хамтран эзэмшдэг 5063414774 тоот данснаас 2018.08.18-20-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр 4,800,000 төгрөгийг Г.Болортуяагийн 5944049639 тоот дансанд Энхтайваны Болормаад зээл олгов гэсэн агуулгатай шилжүүлсэн байна.  

Шанд капитал ХХК зээлийг өөрөө шилжүүлээгүй, бусдаас буюу Л.Алтанцэцэг, Ө.Булганбаяр нараас 4,800,000 төгрөгийг шилжүүлсэн нь барьцаалан зээлдэх газрын үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцээгүй, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2, 286.3-т тус тус заасныг зөрчсөн байна.  

Иймээс талуудын хооронд байгуулсан 2018.08.18-ны өдрийн 18/010 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.  

Харин барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч барьцаанд бариулаагүй нь Шанд капитал ХХК өөрөө хүлээх эрсдэл болох бөгөөд гэрээний хүчин төгөлдөр бус байдалд нөлөөлөхгүй.  

Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр бус болсон, энэ маргаанд Л.Алтанцэцэг, Ө.Булганбаяр нарын шилжүүлсэн мөнгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч маргаагүй учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар *******гийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 520,000 төгрөгийг хасч үлдэх 4,280,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ. 

Эдгээр байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний хяналтын журмаар гаргасан гомдлын ...нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм... гэсэн хэсэг хангагдана. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 202/МА2020/00504 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Шанд капитал ХХК, ******* нарын хооронд байгуулсан 2018.08.18-ны өдөр 18/010 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, *******гаас 4,280,000 төгрөгийг гаргуулж Шанд капитал ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,457,650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 83,430 төгрөгийг гаргуулан Шанд капитал ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Билгүүний гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,755 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Г.АЛТАНЧИМЭГ 

                                                                   ШҮҮГЧИД                     Л.АТАРЦЭЦЭГ 

                                                                                                          П.ЗОЛЗАЯА 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

              Х.ЭРДЭНЭСУВД