Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 165

 

 

 

                            2020 оны 01 сарын 08 өдөр

 Дугаар 101/ШШ2020/00165

 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин байрлах Ш ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2*******,*******,*******,******* тоот хаягт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, , тоотод оршин суудаг гэх Ч овогт Э-н Б /РД: /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,737,658 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, Б.Н, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш ХХК нь 2017 оноос эхлэн барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрсэн билээ. Үйл ажиллагааныхаа хүрээнд 2018 оны 8 сарын 18-ны өдөр иргэн Э. Б 18/010 тоот Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 4,800,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцхоор харилцан тохиролцсон болно. Улмаар уг гэрээний дагуу Э.Б зээлийг нь өгөх гэтэл Г.Б-н Хаан банк дахь тоот дансанд шилжүүлж өгнө үү гэсний дагуу зээлийг 4 удаагийн гүйлгээгээр хуваан шилжүүлж, нийт 4,800,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн бөгөөд тухайн өдрөө Э.Б нь мөнгө хүлээн авснаа баталгаажуулж баримт үйлдэж өгсөн байдаг. Зээлдэгч нь гэрээний дагуу 2018 оны 9 сарын 25-ны өдөр эхний төлөлт болон хугацаа хэтэрсний алдангийн хамт 520,000 төгрөг шилжүүлэн өгсөн бөгөөд үүнээс хойш нэг ч төгрөгийн төлбөр төлсөнгүй. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэж худал ярьсаар өнөөдрийг хүрсэн. Сүүлдээ би тэр мөнгийг чинь аваагүй Болортуяа авсан, тэр төлнө гэх болсон ба утсаа авахаа болиод байна. Э.Б нь өнөөдрийн байдлаар Ш ХХК-тай байгуулсан 2018 оны 8 сарын 18-ны өдрийн 18/010 тоот "‘Зээлийн гэрээ”-ний дагуу үлдсэн зээлд 4,487,400 төгрөг, хүүнд 2,004,372 төгрөг, алдангид 3,245,886 төгрөг буюу нийт 9,737,658,00 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Э.Б гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 9,737,658,00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан. Улмаар эргэн төлөлтийн хуваарийг баталсан. Мөн гэрээгээр алданги тооцохоор заасан. Хариуцагч нь Бгийн дансанд мөнгийг шилжүүлэхийг хүссэнээр шилжүүлсэн. Тухайн өдөр хариуцагч нь мөнгө авсан талаар баримт үйлдсэн. Хариуцагч нь 520 000 төгрөг төлсөн ба өөр төлбөр хийгүй. Төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Иймд үндсэн зээлд 4 487 400 төгрөг, хүүнд 2 004 372 төгрөг, алдангид 3 245 886 төгрөг, нийт 9 737 658 төгрөг гаргуулна гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 281.1-д зээлдэгчид мөнгө шилжүүлэх, зээлдэгч буцаан төлөх үүрэг хүлээдэг. Мөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцоно гэж байна. Хариуцагч нь зээл хүсэх тухай хүсэлт гаргаж, анкет бөглөсөн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцагч нь өөрөө хүсэлт гаргаад Бийн дансанд шилжүүлсэн. Улмаар бэлэн мөнгө авсан баримт дээр гарын үсэг зурсан байдаг. Зээлдэгчийн хүсэлтээр Бд мөнгө шилжүүлсэн. Иймд гэрээнд зааснаар хариуцагч нь зээлийн үүргийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бодит байдалд дээр Э-д зээл авах гээд нэхэмжлэгчийн захиралтай танил байсан. Гэтэл Эрдэнэсувд зээлтэй байсан тул Б гэрээ байгуулж, Б мөнгийг авсан. Иргэний хуулийн 281-д зааснаар мөнгийг өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцоно. Б-гийн дансанд 4 хувааж зээл шилжүүлсэнээр нэхэмжлэгч өөрөө хэлдэг. Б нь сайн ойлголгүй гэрээнд гарын үсэг зурсан. Зээл нь Б-д олгогдсон. Гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаж байгаа боловч хуульд зааснаар гэрээ байгуулагдсан гэж шууд үзэхгүй. Хариуцагчид мөнгийг шилжүүлээгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэлсэн байдаг гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 9,737,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Э.Б нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 4,800,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 8-9 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь гэрээний дагуу олгох зээлийг хариуцагчийн хүсэлтийн дагуу Г.Б-гийн дансанд шилжүүлсэн гэж тайлбарласан боловч хариуцагч ийнхүү хүсэлт гаргасан болох нь баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал өөрийн дээрх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй.

Хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн кассын зарлагын ордер байх боловч үүнийг зээл олгохоос өмнө үйлдсэн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан. Энэхүү тайлбар нь мөнгийг хүлээн авсан Г.Б-гийн Хаан банк дахь дансны хуулга, түүнд бичигдсэн орлого орсон огноогоор тогтоогдсон. Иймд энэхүү баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм.

 

Мөн мөнгийг 2018 оны 08 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр Г.Б-гийн дансанд шилжүүлсэн болох нь гэрч Г.Б-гийн Хаан банк дахь дансны хуулга, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Л.А, Ө.Б нарын Хаан банк дахь дансны хуулгаар тус тус тогтоогдсон. Энэ үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

Түүнчлэн мөнгийг Л.А, Ө.Б нарын данснаас шилжүүлсэн тул нэхэмжлэгч Ш ХХК нь гэрээний дагуу зээл олгосон гэж үзэх боломжгүй. Учир нь хэдийгээр Ө.Б нь нэхэмжлэгчийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага гэж тайлбарлаж байх боловч Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар хувьцаа эзэмшигч нь компаний, компани нь хувьцаа эзэмшигчийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь зээл олгоогүй, мөн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хүчин төгөлдөр болоогүй байна. Өөрөөр хэлбэл  нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин шаардах эрх бүхий этгээд нь зохих этгээдэд холбогдуулан шилжүүлсэн мөнгөний талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 9,737,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД