Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 78

 

“Х Х” ХХК, “С Г  ХХК нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02097 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Х Х” ХХК, “С Г  ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “К И ББСБ”  ХХК, С.О нарт холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн тул Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, 47 дугаар байр, 174 тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эсхүл 118 800 000 төгрөгийг “К И ББСБ”  ХХК-аас гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Жигжиддорж нь “Х Х” ХХК, “С Г  ХХК болон бусад аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж, хувьцааг нь эзэмшиж, захирлаар нь ажилладаг болно. “Х Х” ХХК-ийн захирал Ц.Жигжиддорж нь иргэн Т.Чинбатаар зуучлуулан “К И ББСБ”  ХХК-иас 2008 оны G-320 benz, 2008 оны Ford Raptor, 2012 оны Land Rover range гэсэн 3 авто машин худалдан авсан. Дээрх авто машинуудыг худалдан авсны дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой байхад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19/2015 дугаартай хуурамч зээлийн гэрээ байгуулсан байна. Гэсэн хэдий боловч иргэн Ц.Жигжиддорж нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг барагдуулахын тулд өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар нь ажилладаг “С Г  ХХК-ийн барьсан 3 байрыг, 15 сая төгрөгийн хамт тухайн банк бус байгууллагын нэр дээр шилжүүлэхээр анх “К И ББСБ”  ХХК-ийн машиныг манайд зарахаар зуулчилж иргэн Т.Чинбатаар дамжуулан хүлээлгэн өгөхөөр, холбогдох хүсэлт, нотлох баримтын хамт явуулсан. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, 47 дугаар байрны 136 тоот 61 м.кв орон сууц, мөн мөн хаягт байрлах 47 дугаар байрны 147 тоот 72 м.кв орон сууц, Баянгол дүүргийн 4-р хороо, 202 дугаар байрны 136 тоот 56.21 м.кв орон сууцуудыг /нийт 3 орон сууц/. Гэтэл “К И ББСБ”  ХХК нь иргэн Т.Чинбаттай хуйвалдан 1 байрыг аваагүй мэтээр нэхэмжлэл гаргаж шүүхийг болон манай компанийг төөрөгдүүлсэн байна. Ингэхдээ нотлох баримтыг нуун дарагдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргах үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч шүүхэд 2 байр авсан мэтээр нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 тоот лавлагаанд дурдсанаар 3 байрыг бүгдийг нь нэхэмжлэгч “К И ББСБ”  ХХК болон С.О нь хүлээн авсан болох нь тогтоогдсон. Ийнхүү нэхэмжлэгч “К И ББСБ”  ХХК болон С.О нь шүүхийг хуурч, иргэн Т.Чинбаттай хуйвалдан өөрийн хүлээн авсан 72 м.кв орон сууцыг нуун дарагдуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2712 дугаар шүүгчийн захирамж гаргуулсан.

Иймд “К И ББСБ”  ХХК болон С.Оюуныг үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоож Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна", мөн зүйлийн 493.2 дахь хэсэгт “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж тус тус заасны дагуу Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж 47 дугаар байрны 147 тоот, 72 м.кв орон сууцыг эсхүл 118 800 000 төгрөгийг “К И ББСБ”  ХХК, С.О нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд иргэн Т.Чинбат гэх хүнийг танихгүй, өөрсдийг нь “К И ББСБ”  ХХК болон иргэн С.Оюунтай хамтран хууран мэхэлсэн мэтээр бичжээ. Анх 2015 онд сонгуулийн ажилд автомашин хэрэгтэй байгаа тул 3 автомашин зээлээр авмаар байна гэсэн хүсэлт гарган, “Х Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Жигжиддорж, санхүү эрхэлсэн захирал Ц.Мөнхбаяр нар нь “Х Х” ХХК-ийн дотоод асуудал бусад холбогдох асуудлыг зохицуулдаг менежер гэх Т.Чинбатыг дагуулан ирж бид анх Т.Чинбат гэх хүнийг харсан байдаг. Улмаар “Х Х” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19/2015 дугаар зээлийн гэрээ байгуулж, 310 000 000 төгрөгийг 3 ширхэг автомашины төлбөрт зориулан зээлсэн. Уг зээлийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул манай байгууллага Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж талууд харилцан тохиролцож эвлэрснийг тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар баталгаажуулж, энэхүү захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Дээрх болсон процесс нь холбогдох хуулийн хүрээнд явагдсан. Хэн нэгнийг хууран мэхэлж, хохироосон зүйл байхгүй болно. 2017 оны 02 дугаар сард “Х Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Жигжиддорж, санхүү эрхэлсэн захирал Ц.Мөнхбаяр, мөн менежер гэх Т.Чинбат нартай манай компани дээр хамт ирээд манай компани зээлээ төлөх боломжгүй байна, барьж байгаа барилгууд нь банкны зээлийн барьцаанд байгаа тул зарагдахаар нь банк шууд мөнгийг нь аваад байна, компанид ч бас мөнгө хэрэгтэй байна, танайд өртэй тул танайх руу шилжүүлэхэд банк зөвшөөрнө. Тэгэхээр холбоотой компаниасаа танайд 3 байр шилжүүлж, 1 байрыг нь буцааж авч зараад компани бэлэн мөнгө гаргаж авна. Үлдсэн 2 байрыг тус бүр 85 сая төгрөгөөр тооцож зээлийн төлбөрт суутгуулъя, үгүй бол ямар ч байр шилжүүлж чадахгүй гэх нөхцөл тулгасан. Үүний дагуу Т.Чинбат нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуучин 1 байрыг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2 шинэ байрыг хэлбэрийн төдий худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн бөгөөд тэр өдөртөө 1 байрыг нь менежер Т.Чинбат өөрийн нэр дээрээ буцаан шилжүүлэн авсан. Гэрээнүүд бүгд хэлбэрийн төдий байсан ба тус гэрээг бидэнд огт өгөөгүй. Шинээр орон сууц шилжүүлэх гэрээнд “Х Х” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Ц.Мөнхбаяр “С Г  ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байсан. Т.Чинбат нь үндсэн зээлийн төлбөрт 2 байр тооцуулсан тухай дараа нь “К И ББСБ”  ХХК-иас албан бичиг авч явсан. Харин манайд тооцоо нийлсэн тухай хариу бичиг өгөхийг “Х Х” ХХК-иас удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Тус компанийн санхүү хариуцсан захирал Ц.Мөнхбаяр нь “Х Х” ХХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Нөгөө талаас холбоотой этгээд болох “С Г  ХХК-иас “К И ББСБ”  ХХК-ийн захирал С.Оюунд 2 байр шилжүүлэх гэрээнд мөн гарын үсэг зурсан.

2017 оны эвлэрлийн гэрээний дүн Ц.Мөнхбаярын хийсэн гэрээнүүдийн дүн ба тооноос өөр байгааг хүлээн зөвшөөрсөн нь “Х Х” ХХК-ийн санхүү хариуцсан захирал Ц.Мөнхбаяр түүгээр уламжлан гүйцэтгэх захирал гэх Ц.Жигжиддорж нар тухайн үедээ энэ асуудлыг мэдэж байсан нь тодорхой байна.

Дээр дурдсан 1 байрыг манай компанид шилжүүлээгүй буюу Т.Чинбатын нэр дээр буцаан шилжүүлсний дараа “Х Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай “К И ББСБ”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ярилцан тохиролцсоны үндсэн дээр эвлэрлийн гэрээг байгуулж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байхад 1 байрыг шилжүүлээгүй талаар мэдээгүй байсан гэдэг нь ор үндэсгүй худал юм.

Энэхүү маргаан үүсэж буй Улсын бүртгэлийн Ү-2205065356 дугаартай, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 47 байр, 147 тоот хаягт байршилтай, 72 м.кв талбай бүхий орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “К И ББСБ”  ХХК-ийн захирал С.Оюуны өмчлөлд бүртгүүлсэн хэдий ч тухайн өдрөө 212 дугаар нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн “Х Х” ХХК-ийн менежер гэх Т.Чинбатын өмчлөлд шилжсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газар, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11-1367323 дугаар албан тоот, мөн өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын С.Оюуны эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа зэрэг албан ёсны баримтуудаар тогтоогдож байгаа.

Дээрх нөхцөл байдлаас харахад С.О болон “К И ББСБ”  ХХК нь бусдын хөрөнгийг хууль бусаар олж авсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй болно. Манай компанийн зүгээс “Х Х” ХХК-ийн тавьсан саналын дагуу тэдний нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр зээлийн гэрээний хүүг багасгаж эвлэрсэн боловч одоог хүртэл эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг барагдуулалгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дээр дурдсан үндэслэл, асуудлаар явуулахгүй саад учруулсаар байгаа нь цаг хугацаа алдагдуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Оюунаас 118 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Х” ХХК, “Субутын гэгээ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нар нь хариуцагч “К И ББСБ”  ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 751 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Оюунаас 751 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Х” ХХК, “Субутын гэгээ” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...маргаж байгаа байранд эвлэрлийн гэрээ байгуулахдаа өр төлбөрт суутгаагүй нь болох тогтоогдсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа орон сууцыг “Субутийн гэрээ” ХХК-д буцаан шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлийг гаргасан. Маргаж байгаа нэг ширхэг орон сууцыг “Субутийн гэрээ” ХХК болон “Х Х” ХХК-уудын удирдлага Ц.Жигжиддорж, Ц.Мөнхбаяр нартай харилцан тохиролцож, 3 ширхэг орон сууцыг авъя, 1 орон сууцыг Т.Чинбатын нэр дээр буцаан шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Харин “Субутийн гэрээ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тохиролцоо байгаагүй. Энэ тохиролцооны дагуу “К И ББСБ”  ХХК-ийн захирал С.О нь Т.Чинбатын нэр дээр буцаан шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар нотлогддог. Т.Чинбатын нэр дээр шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хариу тайлбарт тодорхой харагддаг. Хариуцагч талын өр төлбөр дээр эвлэрсэн захирамжийн 1 ширхэг байрны үнийг хасаагүй гэдгийг мэдсээр байж, хүлээн зөвшөөрсөн шүүгчийн захирамжаар давхар нотлогддог. Эвлэрсэн шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хэлэлцүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан байдаг. Үүний дагуу тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Уг тогтоолд өнөөдрийн маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, шийдвэрлэгдсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамаарах нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...иргэн Т.Чинбатаар зуучлуулан “К И ББСБ”  ХХК-иас 3 ширхэг автомашин худалдан авахаар тохиролцож, төлбөрийн нөхцөлийг “С Г  ХХК-ийн барьсан 3 байрыг 15 000 000 төгрөгийн хамт тус компанийн нэр дээр шилжүүлэхээр хүсэлт гаргасан. Гэтэл тус компани нь Т.Чинбаттай хуйвалдан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47 дугаар байрны 147 тоот 72 м.кв орон сууцыг хүлээн аваагүй мэтээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган хэргийг шийдвэрлүүлсэн. ...Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар төлбөрт тооцож шилжүүлсэн 3 байрыг бүгдийг нь хүлээн авсан болох нь тогтоогдсон тул хариуцагчаас 72 м.кв талбайтай орон сууц эсхүл 118 800 000 төгрөгийг гаргуулна /хх 1-3, 68-71/ гэж,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Анх “Х Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Жигжиддорж, санхүү эрхэлсэн захирал Ц.Мөнхбаяр нар нь тус компанийн менежер гэх Т.Чинбатыг дагуулан ирж 3 автомашин зээлээр худалдан авах хүсэлт гаргаснаар  “Х Х” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 310 000 000 төгрөгийг 3 автомашины төлбөрт зориулан зээлсэн. Гэтэл 2017 оны 02 дугаар сард Ц.Жигжиддорж, Ц.Мөнхбаяр, Т.Чинбат нар манай компани дээр ирж “...зээлээ төлөх боломжгүй байна. Банкны зээлийн барьцаанд байгаа барилгуудыг танай компани руу шилжүүлэхэд банк зөвшөөрнө, танайд 3 орон сууцыг шилжүүлж, 2 байрыг тус бүр 85 сая төгрөгөөр тооцож зээлийн төлбөрт тооцож, үлдэх 1 байрыг нь худалдан борлуулж мөнгө гаргаж авахаар тохиролцож, Т.Чинбаттай худалдах, худалдан авах гэрээг байгуулан 3 байрыг шилжүүлэн авч, тэр өдөр нэг байрыг нь буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргийг шийдвэрлүүлсэн /хх 43-44/ гэх тайлбарыг тус тус гаргажээ.

 

Хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн лавлагаа, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11-1367323 дугаартай албан бичиг, иргэн С.Оюун, Т.Чинбат нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 47 дугаар байр, 147 тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн С.Оюуныг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн, улмаар мөн өдөр иргэн С.О нь уг орон сууцны өмчлөх эрхийг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Т.Чинбатад шилжүүлсэн гэх байдал тогтоогдож байгаа боловч уг орон сууцны өмчлөх эрх ямар байгууллага, иргэнд хэрхэн шилжсэн талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ. /хх 46, 53-55/

 

Нөгөөтэйгүүр “Х Х” ХХК-иас зээлийн төлбөр гаргуулах тухай “К И ББСБ”  ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаартай шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэхэд зохигчдын хэн аль нь 118 800 000 төгрөгийн үнэ бүхий дээрх орон сууцны өмчлөх эрхийг иргэн С.Оюунаас Т.Чинбатад ямар зорилгоор шилжүүлсэн болон ийнхүү орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлснээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хэнийх нь мөнгөн төлбөрийн үүрэгт тооцох талаар тайлбар гаргаагүй байхын зэрэгцээ, иргэн Т.Чинбат нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг С.Оюунаас өөрөө шилжүүлэн авсан, эсхүл зохигчдын хэн нэгэнд нь зуучилж шилжүүлэн өгсөн зэргийг зохигчдын гаргасан дээрх тайлбартай харьцуулан дүгнэх боломжгүй байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 751 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

 

                                                                                                    Д.ЦОГТСАЙХАН