Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 120/2016/0022/з |
Дугаар | 281 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 281
“ЖО” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжийн Б.Мөнхчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 120/ШШ2018/0001 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0231 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид,
Нэхэмжлэгч ““ЖО” ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, хариуцагч О.Баттогтох, гуравдагч этгээд Б.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигсүрэн нар,
Гуравдагч этгээд Б.Мөнхчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 120/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан ““ЖО” ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн Б.Мөнхчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0231 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 120/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус хасч, “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.1” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Мөнхчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Гуравдагч этгээд Б.Мөнхчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "“ЖО” ХХК" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн гуравдагч этгээд болох Б.Мөнхчимэг миний бие давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.
4. ““ЖО” ХХК” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багт уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2015 оны 11 дүгээр сард тус багийн айл өрхүүдэд нөхөн олговор тараасан. Уг нөхөн олговор мөнгө тараахдаа ямар ч гэрчилгээгүй иргэдэд өөрийн үзэмжээр мөнгө тарааж улмаар миний чулуун хашаа саравчийг иргэн Доржсүрэнгийн хөрөнгө мэтээр мөнгө олгосон. Уг асуудлаар би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргатал нэхэмжлэгч тал миний газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлт бүхий нэхэмжлэл Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байдаг. Уурхай нөлөөллийн бүсэд байсан ямар ч гэрчилгээгүй айл өрхөд нөхөн олговор олгох нь түүнд ногдуулсан хууль ёсны үүрэг. Гэтэл энэ үүргээсээ ийм аргаар зайлсхийж байгаа нь утгагүй байна.
5. Нэхэмжлэгч тал 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/35 тоот газар эзэмших гэрчилгээ холбогдох баримт бичиг судалж "хариу албан тоот” миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн байхад шүүх огт үнэлж үзсэнгүй. Захиргааны акт /газар эзэмших гэрчилгээ, захирамжтай/-тай танилцаж хариу өгсөн албан тоот байхад шүүх "таамгаар дүгнэх" боломжгүй гэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч тал өөрөө үйлдлээрээ нотолж байхад шүүх тааж үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч тал 2015 онд газрын гэрээ, гэрчилгээг албан ёсоор үзэж танилцсаныг шүүгч санаачлагаараа үгүйсгэж хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглэхгүй хэргийг шийдвэрлэсэн.
6. Мөн шүүгч Отгонцэцэг нь харин нэхэмжлэгч талд үйлчилж огт баримтгүй байхад санаачлагаараа шүүх хурлыг хойшлуулж, хэргийг шийдсэн. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны үйл баримтыг үгүйсгэж шүүх хуралдааны бичлэг устгаж хэт нэг талд үйлчилж хэргийг шийдвэрлэсэн.
7. Шинжээчийн дүгнэлтийг огт хэрэглэхгүй байсан юм бол яах гэж шинжээч томилсон юм. Гуравдагч этгээдийн хувьд шинжээчийн дүгнэлт маш ач холбогдолтой баримт гэж үзэж байгаа. Шүүх шийдвэрээ гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр зөвхөн газрын хэвлий дэх ашигт малтмал ашиглах, түүнтэй холбоотой эрх олгогддог бөгөөд газрын гадаргууг ашиглах эрх олгогддоггүй. Газрын гадаргууг эзэмших ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээжих харилцаа нь Газрын тухай хуулийн дагуу зохицуулагддаг ...тул Б.Мөнхчимэгт ...1500 м.кв талбайтай газар эзэмшүүлэх эрхтэй болно" гэсэн шинжээчийн дүгнэлтийг анхаарч үзсэнгүй шүүх шийдвэрээ гаргасан.
8. Өвөлжөөний өмчлөх эрхийн талаар ямар ч маргаагүй байхад шүүх өмчлөгч мөн болох нь тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь буруу юм. Нэхэмжлэлийн шаардлага өвөлжөөний өмчлөх эрхийн тухай маргаагүй.
9. Иймд, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн дугаар 221/МА2018/0231 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч ““ЖО” ХХК” ХХК-д Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1062 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт “Зангат уул-1” гэх газарт ашигт малтмалын ашиглалтын МҮ-016952 дугаар тусгай зөвшөөрөл олгогджээ.
12. Энэ хэргийн гуравдагч этгээд Б.Мөнхчимэгт мөн аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжаар Гурвантэс сумын 2 дугаар багийн Зүүн шархад гэх газарт 1500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн байна.
13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Б.Мөнхчимэгийн эзэмшлийн 1500 м.кв газар нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
14. Иймд, хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
15. Тодруулбал, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газрыг эзэмших эрх үүсэхээр бөгөөд цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш гуравдагч этгээд Б.Мөнхчимэгт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хариуцагч Засаг дарга нь дээрх хуулиар тавигдсан “давхцал” бий болгохгүй байх шаардлагыг зөрчсөн байна.
16. Засаг даргын дээрх хууль бус шийдвэрийн улмаас тухайн газрыг эзэмших эрхийн тухайд давхцал үүсч, нэхэмжлэгчийн олборлолтын үйл ажиллагаа эрхлэх, энэ зорилгоор газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ.
17. Иймээс “...шинжээчийн дүгнэлт чухал ач холбогдолтой нотлох баримт, шүүх энэ дүгнэлтийг огт хэрэгсээгүй, ...хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр зөвхөн газрын хэвлийг ашиглах эрх олгогддог...” гэх гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
18. Нэхэмжлэгч нь өвөлжөөний өмчлөх эрхийн тухайд маргаагүй байхад шүүх энэ талаарх харъяаллын бус асуудлаар дүгнэсэн нь буруу байгааг тэмдэглэх нь зүйтэй.
19. Дээр дурдсан бүгдийг нэгтгэвэл, нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал шийдлийн хувьд зөв байна.
20. Харин гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны актын талаарх энэ маргаанд Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалт хамааралтайг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байтал давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлд хамааралгүй хуулийг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
21. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0231 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 120/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ