Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 259

 

Г.З-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Д.Мөнхтуяа

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А-ийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0032 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0189 дүгээр магадлал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0032 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Г.З-г ажлаас чөлөөлсөн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор болох 13,329,612 төгрөгөөс Г.З-ийн авсан 6 сарын тэтгэмж болон Баянгол дүүргийн дотоод аудитын албанд мэргэжилтнээр ажиллаж авсан цалин хөлсийг хасч, зохих татвар суутгал хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасан байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0189 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Шүүхүүд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.З-г ажлаас чөлөөлсөн нөхцөл байдлыг буруу тодорхойлсон. Шүүх уг нэхэмжлэлтэй холбогдуулан өмнө Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд тус бүр дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэнтэйгээр ажиллаж байсан, одоо шинээр байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дотоод аудитын асуудал хариуцсан мэргэжилтэн 2 ажиллаж байгаа талаарх нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, шүүх хуралдааны явцад ахлах мэргэжилтний орон тоо байхгүй байгааг зөв тогтоосон. Энэ дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулж “нэхэмжлэгч ахлах мэргэжилтний орон тоо байхгүй бол мэргэжилтнээр ажиллая” гэснийг хуралдааны тэмдэглэлд тусгажээ. Өөрөөр хэлбэл ахлахын орон тоо байхгүй учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэгч шаардлагаа мэргэжилтний орон тоонд эгүүлэн тогтоолгох гэж тодруулсан юм.

5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч талын зөвшөөрч байгаачлан одоо тус яам нь дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэнгүй, дотоод аудит хариуцсан 2 мэргэжилтэнтэй ажиллаж байна. Гэтэл анхан шатны шүүх “...Г.З-ийн эрхэлж байсан “дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдаагүй, харин албан тушаалын орон тоог цөөрүүлсэн гэж үзэхээр байхад хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу” гэж, хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

6. Ингэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолыг баримтлан “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзэж, албан тушаалын орон тоо цөөрсөн” гэж тайлбарлажээ. Гэтэл яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нь төсөөтэй чиг үүргийг хэрэгжүүлж болох хэдий ч хүлээх хариуцлага, шатлан захирах ёс, эдлэх эрх, цалин хангамж, зэрэг дэвийн хувьд бүрэн ялгаатай, ондоо албан тушаал юм. Тухайлбал, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-д зааснаар “яамны ахлах мэргэжилтэн нь ТЗ-8, мэргэжилтэн нь ТЗ-7 зэрэгпэлд” хамаардаг болохыг тодорхой заасан. Одоо шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулиар шатлан дэвших замаар томилогддог албан тушаал болж илүү тодорхой тусгагдсан байна.

7. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчийг орон тоо нь хасагдсан учраас ажлаас чөлөөлжээ. Ийнхүү чөлөөлсөн тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримталж зохих нэг удаагийн тэтгэлгийг олгосон. Ингэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийг 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан баталгаагаар хангасан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь еөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч нь ахлах мэргэжилтний орон тоонд ажиллаж байсан хэдий ч хариуцагч уг заалтын дагуу хамгийн илүү шаардлага хангасан албан хаагчдыг томилсон.

8. Тухайлбал, Хөдөлмөрийн яамны дотоод аудитын мэргэжилтэн М.Э боловсролын магистрын зэрэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч тул Г.С, Г.З нараас давуу байсан. Харин Г.С нь Г.З-ээс ажилласан жил болон боловсролын түвшингээр илүү /магистр зэрэгтэй/ тул дотоод аудитын 2 орон тоонд ажлын байр нь хадгалагдаж үлдсэн М.Э, Г.С нарыг үргэлжлүүлэн томилсон. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4-т “...дотоод аудитор нь ... магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх” шаардлага тавигддаг бөгөөд /энэ нь ажлын байрны тодорхойлолтод туссан/ эдгээр шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нь гуравдагч этгээдүүд болно.

9. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгаруулалтыг хэрхэн яаж явуулах нь ажил олгогчийн бүрэн эрх бөгөөд үүнийг журамласан дүрэм, журам байхгүй учраас хариуцагч энэхүү шалгаруулах ажиллагааг төрийн албан хаагчдын хувийн хэрэг, төрийн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн системд тусгагдсан мэдээлэл, ярилцлагад үндэслэн хийсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй болно. Нэхэмжлэгч энэ асуудлаар маргаагүй учраас шүүх холбогдох гэрч нарыг асуугаагүй, нотлох баримтыг нэмж цуглуулаагүй гэж ойлгож байна. Энэ тохиолдолд хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтын хамт нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

10. Мөн хариуцагч нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгаагаар хангах шат дараалсан арга хэмжээ авсан бөгөөд нэхэмжлэгчийг ажлын байраар хангах асуудлаар яамнаас харьяа байгууллагуудад албан бичгээр чиглэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч ч уг шийдвэрийн дагуу холбогдох байгууллагуудад очиж уулзаж, хариу авч байсан. Тухайн шилжүүлсэн байгууллагуудад орон тоо байхгүй, ажлын байраар хангах боломжгүй, мөн тэтгэмжийг олгосны дараа л шүүхэд хандаж байгаа зэргээр нэхэмжлэгчийн хандлага, байр суурь давхар нотлогдоно. Нэхэмжлэгч Г.З-г ажлаас чөлөөлсөн бодит нөхцөл байдал нь ийм байхад шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

11. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгаруулалтыг хариуцагч өөрийн сонгон авсан хэлбэр, арга барилаар явуулж, яагаад гуравдагч этгээдүүдийг томилсон тухай хангалттай тайлбар, үндэслэлээ илэрхийлсэн байтал “гэрч асуухаас татгалзсан. Энэ нотолгоог шалгаагүй байж шалгаруулалтын талаар нотлох баримт байхгүй” гэж дугнэсэн нь үндэслэлгүй. Шүүх “зохих журмын дагуу сонгон шапгуулалт явуулаагүй” гэж хариуцагчийг буруутгасан хэрнээ ямар журам байдаг тухай шийдвэртээ тусгаагүй учраас хариуцагч ямар журам зөрчсөнөө мэдэхгүй, буруутгагдаж буй үндэслэлээ ойлгохгүй байна. Дээрх гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

12. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Давж заалдах шатны шүүх “...Г.З-ийн ажиллаж байсан “дотоод аудитын ахлах мэргэжилтэн”-ий албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт авагдаагүй байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтцэд “дотоод аудит хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд түүний ажиллаж байсан ахлах мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан, эсхүл уг орон тоо хасагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй" гэжээ. Бодит байдал дээр Г.З нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд ахлах мэргэжилтнээр томилогдон, уг албан тушаалын дагуу цалин хангамж авч, чиг үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Харин нотлох баримт цуглуулах үед ажлын байрны тодорхойлолтыг үзэхэд “дотоод аудит хариуцсан мэргэжилтэн” гэсэн ажлын байрны тодорхойлолт байсныг шүүхэд хүргүүлсэн, өөр тодорхойлолт байхгүй болно. Түүнчлэн яамдын дотоод аудитын ахлах мэргэжилтний ажлын байрны үндсэн чиг үүрэг нь өөр өөр байх боломжгүй, Төсвийн тухай хууль тогтоомжид заасан үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг.

13. Иймд шүүх нэгэнт байхгүй нотлох баримт, мөн хэргийн оролцогчдын маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтыг тогтоохоор ач холбогдолгүй нотлох баримт шаардсан гэж үзнэ. Учир нь, нэхэмжлэгч нь ажилд томилсон тушаалаа үндэслэж ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан гэдгийг хариуцагч ч хүлээн зөвшөөрдөг. Ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа “дотоод аудит хариуцсан мэргэжилтэн” гэж батлагдсан хэдий ч нэхэмжлэгч тухайн ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүргүүдийг л гүйцэтгэж байсан. Энэ чиг үүргүүдийн зарим хэсэг нь одоо маргаж буй 2 орон тоонд хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл дээрх асуудлаар талууд огт маргаагүй юм. Харин одоо үлдээд буй 2 орон тоонд 4 хүнээс 2-ыг нь буюу гуравдагч этгээдүүдийг авч ажиллуулсан, нэхэмжлэгчийг чөлөөлсөн үйл ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан эсэхэд маргадаг.

14. Мөн давж заалдах шатны шүүх “...албан тушаалын гүйцэтгэх чиг үүргээс үзвэл магистрын ззрэг зайлшгүй шаардлагатай гэж үзэхээргүй” гэжээ. Бид давж заалдах шатны шүүх ямар үндэслэл, шалгуураар ажлын байрны шаардлагыг магистрын зэрэг шаардлагагүй гэж дүгнэсэн нь юунд үндэслэж байгааг огт ойлгосонгүй. Харин бидний хувьд магистрийн зэрэгтэй байх шаардлагыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тоггоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4-т “...дотоод аудитор нь ... магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх” шаардлага тавьсныг үндэслэж ажлын байрны тодорхойлолтыг баталсан юм.

15. Мөн шүүх Г.З-г магистрийн зэрэгтэй байх шаардлага бүхий албан тушаалд ажиллуулсаар байсан байхад чөлөөлөхдөө уг шаардлагыг хангаагүй гэсэн агуулгаар буруутгажээ. Гэтэл бид өмнөх тушаал шийдвэрийн үндэслэл зөв бурууг шүүгээгүй бөгөөд бүтэц, зохион байгуулалт хийгдэх үед албан хаагчдаас 2-ыг шалгаруулж, томилсон юм. Иймд давж заалдах шатны шүүхийн дээрх үндэслэлгүй дүгнэлтүүдийг хүчингүй болгож өгнө үү.

16. Шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зуйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг Г.З-г ажлаас чөлөөлөх тушаалдаа баримтлаагүй гэж шүүх хариуцагчийг буруутгасан. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл нь “Төрийн албан хаагчийи баталгаа”-г зохицуулсан хуулийн зохицуулалт билээ. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд хэрэглэх биш энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Г.С, М.Э нарыг томилох тушаалд илүү хамаарах нэмэлт баталгаагаар хангасан зохицуулалт гэж үзнэ. Учир нь уг хуулийн зохицуулалт, утга агуулга нь орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн үлдэж буй төрийн жинхэнэ албан хаагчдыг шалгаруулсны үндсэн дээр томил гэж ажил олгогчийг үүрэгжүүлэх хэлбэрээр төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангасан. Харин хуулийн бичилт, техникийн хувьд дээрх нөхцөл байдлын хувьд шалгараагүй үлдсэн төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлнө гэж Төрийн албаны тухай хуульд бичээгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг хэрэглэсэн. Мөн ажлаас чөлөөлөхдөө төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж, тэтгэмж олгох зохицуулалт болох 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэсэн болно.

17. Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах үед Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг нь батлагдаагүй буюу Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдээгүй байсан юм. Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгч Г.З-г ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн /хуульд өөрчлөлт орохоос өмнөх байдлаар/. Учир нь нэхэмжлэгчийн ажлын байр цөөрсөн бөгөөд мэдлэг чадвар, мэргэшлийн хувьд хамгийн илүү шаардлага хангасан иргэдийг үлдсэн 2 ажлын байранд авч ажиллуулсан нь хууль зөрчөөгүй болно. Энэхүү гомдлын үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.

18. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтууд хоорондоо зөрчилдөөнтэй, бодит байдал дээр хариуцагч хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Энэ шүүхийн шийдвэрээр ажилтныг албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгах шийдвэр гараагүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг баримтлан ажиллаагүй хугацааны цалинг олгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна. Энэ үндэслэлээр шийдвэрийн 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү.

19. Шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх зарчмыг баримтлахгүй байна. Уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэлийн үндэслэлийн дагуу шүүх хариуцагч яамны дотоод аудитын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан уу, байгаа юу, одоо байгаа албан тушаал буюу дотоод аудитын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд гуравдагч этгээдүүд болох Г.С, М.Э нарыг томилоод Г.З-г чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх байтал шүүхийн хяналтын цар хүрээний хувьд шалгаж, тогтоох бүрэн боломжтой асуудал байтал актын биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Тухайлбал, шалгаргуулалтыг дахин явуулсан ч Г.З тухайн 2 орон тоонд томилогдох боломжгүй байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна.

20. Шүүхийн шийдвэрийн дагуу шалгаруулалтыг дахин явуулахад Г.З нь дахиад ажлаас чөлеөлөгдөх нөхцөл байдал үүсэх бөгөөд энэ тохиолдолд одоо хүчин төгөлдөр байгаа Төрийн албаны тухай хуулийн дагуу 3 сарын тэтгэмж олгогдож, эрх зүйн байдал нь улам дордохоор байна. Өөрөөр хэлбэл шүүх хэргийн оролцогчдын тайлбар, татгалзал бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байтал хариуцагчийн тайлбарууд, гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

21. Иймд гомдлын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

22. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

23. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсний дагуу маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

24. Харин давж заалдах шатны шүүх “Г.З-ийн ажиллаж байсан “дотоод аудитын ахлах мэргэжилтэн”-ийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт авагдаагүй, ажлын байрны тодорхойлолт тухайн үед батлагдсан эсэх, мэргэжилтнээс ялгаатай эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтцэд “дотоод аудит хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд түүний ажиллаж байсан ахлах мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан, эсхүл уг орон тоо хасагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй...” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй, иймээс энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 19-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

25. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, анх нэхэмжлэгч нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны Б/47 дугаар тушаалаар Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт “Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдсон, 2015 оны Б/03 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар “дотоод аудитын ахлах мэргэжилтэн”-ийн орон тоонд ажиллах болсон, хэрэгт эдгээр тушаалуудтай хамт Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ажлын байр /дотоод аудит хариуцсан мэргэжилтэн/-ны тодорхойлолт авагдсан байх тул “бодит байдал дээр Г.З нь ахлах мэргэжилтнээр томилогдон, уг албан тушаалын дагуу цалин хангамж авч байсан, ... “дотоод аудит хариуцсан мэргэжилтэн” гэсэн ажлын байрны тодорхойлолт байсныг шүүхэд хүргүүлсэн, өөр тодорхойлолт байхгүй, ... яамдын дотоод аудитын ахлах мэргэжилтний ажлын байрны үндсэн чиг үүрэг нь өөр өөр байх боломжгүй, иймд шүүх нэгэнт байхгүй нотлох баримт, хэргийн оролцогчдын маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтыг тогтоохоор ач холбогдолгүй нотлох баримт шаардсан...” гэх /Тодорхойлох хэсгийн 12-13/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

26.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд /Тодорхойлох хэсгийн 4-7/ “яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нь төсөөтэй чиг үүргийг хэрэгжүүлж болох хэдий ч хүлээх хариуцлага, шатлан захирах ёс, эдлэх эрх, цалин хангамж, зэрэг дэвийн хувьд бүрэн ялгаатай, ондоо албан тушаал юм, иймд нэхэмжлэгчийн ахлах мэргэжилтний ажлын байрны орон тоо хасагдсан учраас ажлаас чөлөөлсөн...” гэх атлаа тогтоолын Тодорхойлох хэсгийн 12-13-т “нэхэмжлэгч нь бодит байдал дээр мэргэжилтний чиг үүргийг хэрэгжүүлж байсан, дотоод аудитын ахлах мэргэжилтэн, мэргэжилтний чиг үүрэг нь өөр өөр байх боломжгүй” гэсэн утгатай хоорондоо зөрчилтэй гомдол гаргажээ.

27. Гэвч нэхэмжлэгчийн эрхэлж байсан “дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн” гэх албан албан тушаал /ажлын байр/ нь шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зохион байгуулалтын нэгж /газар, хэлтэс/-ийн бүтэц, орон тоонд байхгүй, харин дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн 2 байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо “нэршлийн хувьд” хасагдсан гэж үзэхээр байна. Гэхдээ “бодит байдал дээр нэхэмжлэгч нь мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдол, үүнийг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй үйл баримт болон түүний “мэргэжилтний орон тоонд эгүүлэн тогтоолгох” тухай даалгах нэхэмжлэлийн шаардлага, түүнчлэн анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн “нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан” гэх дүгнэлт зэргээс үзвэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо “цөөрсөн” гэж үзэх үндэслэлтэй, иймээс энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

28.  Гагцхүү анхан шатны шүүх “хариуцагч сонгон шалгаруулалт явуулаагүй”  гэж, харин давж заалдах шатны шүүх “...албан тушаалын гүйцэтгэх чиг үүргээс үзвэл магистрын зэрэг зайлшгүй шаардлагатай гэж үзэхээргүй байх тул...” гэж тус тус дүгнэсэн нь шүүх захиргааны эрх хэмжээ буюу “сонгох боломж”-д халдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4-т “...дотоод аудитор нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэсэн шаардлагыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтыг баталсан”, “дотоод аудитын мэргэжилтэн М.Э боловсролын магистрын зэрэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч тул Г.С, Г.З нараас давуу талтай, харин Г.С нь Г.З-ээс ажилласан жил болон боловсролын түвшингээр илүү /магистр/ тул дотоод аудитын 2 орон тоонд гуравдагч этгээд нарыг томилсон” гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй, хариуцагч бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

29. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “..., хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсний дагуу хариуцагчаас дээр дурдсан шалгуурыг харьцуулсны үндсэн дээр дотоод аудитын мэргэжилтний хоёр орон тоон дээр гуравдагч этгээд нарыг томилсон нь хуулийн уг зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

30. Иймд, “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгаруулалтыг хэрхэн, яаж явуулах нь ажил олгогчийн бүрэн эрх бөгөөд үүнийг журамласан зохицуулалт байхгүй, хариуцагч энэхүү шалгаруулах ажиллагааг төрийн албан хаагчдын хувийн хэрэг, нэгдсэн мэдээллийн системд тусгагдсан мэдээлэл, ярилцлагад үндэслэн хийсэн, энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй, ... шүүх зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй гэж хариуцагчийг буруутгасан хэрнээ ямар журам байдаг тухай шийдвэртээ тусгаагүй, ... мөн давж заалдах шатны шүүх Г.З-г магистрийн зэрэгтэй байх шаардлага бүхий албан тушаалд ажиллуулсаар байсан гэсэн агуулгаар буруутгажээ, гэтэл бид өмнөх тушаал шийдвэрийн үндэслэл зөв бурууг шүүгээгүй бөгөөд бүтэц, зохион байгуулалт хийгдэх үед албан хаагчдаас 2-ыг нь шалгаруулж, томилсон” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-9, 11, 14, 15-д заасан гомдол үндэслэлтэй.

31. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх “сонгон шалгаруулалт явуулсан гэдэг нь нотлогдохгүй байна” гэж хариуцагчийг буруутгаж байгаа ч, нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс өөрийн боловсролын зэрэг, мэргэшсэн байдал, ажилласан жил зэрэг шалгуур үзүүлэлт нь гуравдагч этгээд нараас дутуу байгаа талаараа маргаагүй /хүлээн зөвшөөрсөн/ тул дахин сонгон шалгаруулалт явагдсан ч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангах” гэсэн нөхцөл бүрдэхээргүй байх тул нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн, иймээс маргаж буй албан тушаалд эгүүлэн тогтоолгох эрхтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

32. Маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг нь хэдийгээр “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд” хэрэглэгдэхээр байгаа ч нэхэмжлэгчийн хувьд ажлын байрны орон тоо цөөрсөн, тухайн цөөрсөн ажлын байранд мэргэжил, ур чадварын хувьд томилогдох шаардлагыг “хамгийн илүү” хангаагүйгээс төрийн албанаас чөлөөлөгдсөн тул түүнд төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэх үүднээс хуулийн уг зүйл, заалтыг үндэслэн нэг удаагийн тэтгэлэг /6 сарын цалинтай тэнцэх хэмжээний/ олгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ /хэдийгээр хариуцагчаас албан тушаалын орон тоо нь хасагдсан гэж тайлбарлаж байгаа ч/, энэ утгаараа уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 16-17, 20-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй юм.

33. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0032 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0189 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.З-ийн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А-ийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ