Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 148

 

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Доржготов, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1486 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар магадлалтай, Т.Б-д холбогдох 201701000031 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Ж овогт Т-ийн Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан “Хөрөнгө завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-г бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 4 жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас 310,725,167 төгрөгийг гаргуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабт олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг Т.Б-д хүлээлгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт заасныг баримтлан ял оногдуулах болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Т.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Т.Б-г бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, Т.Б-г 5 жил 01 сар хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “...4 жилийн...” гэснийг “...5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй” гэж,

4 дэх заалтыг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон хохирогч Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөгч А.Э-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх Т.Б-д 4 жилийн хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилсэн. Энэ нь Т.Б-д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр байсан. Зөвхөн шийтгэх тогтоолын ял хойшлуулсан хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх Т.Б-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн хэмээн тайлбарлаж шийдвэрлэсэн. Энэ нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5-аас 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Ийм учраас давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хэвээр үлдээж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон гэж үзэж байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Т.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг байдлыг харгалзан үзэлгүй ял оногдуулсан, түүнчлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох саналтай байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг журамлаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн Т.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Т.Б-г Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа 065 дугаар ангид 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл санхүүгийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “гадаад улс руу суралцахаар явсан, өөр анги байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан” зэрэг шалтгаанаар тус ангид ажилладаггүй нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж 313,305,310 төгрөг,

Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа дээрх аргаар 60,277,358 төгрөг, нийт 373,582,668 төгрөгийг садан төрлийн холбоотой Б.Д-ийн эзэмшдэг ХААН банкны 5093165638 тоот данс руу шилжүүлж авч завшсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан байхад хүнд гэмт хэрэг үйлдсэн Т.Б-д дээрх зохицуулалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Харин давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд “2002 оны Эрүүгийн хуульд анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэж заасан тул Т.Б-д холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн буюу 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцнэ” гэсэн дүгнэлт хийж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 01 сар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хууль буцаан хэрэглэх эсэх асуудлыг тодорхойлохдоо тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан сонгож Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг хүн тус бүрт өөр өөр байдлаар хэрэглэж болох нөхцөлийг бүрдүүлжээ.

Нөгөөтэйгүүр, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон гэмт этгээдийн хувийн онцлог хоёрын зүй зохистой харьцаанд нийцсэн байх ёстой гэсэн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ялыг биечлэн эдлүүлэх, эсхүл хойшлуулах эсэх нь шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн байх ёстой.

Гэтэл шүүх Т.Б-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг орхигдуулж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болох ба энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1486 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Т.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН