Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

              Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чимгээ,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Доржготов,

хохирогч Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөгч А.Эрдэнэмөнх,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1486 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Чимгээгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөгч А.Эрдэнэмөнхийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Б-д холбогдох эрүүгийн 201701000031 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

              ................ овгийн ............... .............., 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл .., нөхөр, хүүхдүүдийн хамт ............. дүүргийн 20 дугаар хороо, ..-.. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

Т.Б нь гадаад улсад суралцахаар явсан, өөр байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажилладаггүй нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангид 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл санхүүгийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 313.305.310 төгрөг, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 60.277.358 төгрөг, нийт 373.582.668 төгрөгийг садан төрлийн холбоотой Б.Дэлгэрмаагийн Хаан банкны 5093165638 дугаартай дансанд шилжүүлж авах аргаар завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Т.Б-г бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Т.Б-г шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт заасныг баримтлан ял оногдуулах болохыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд шүүгдэгч Т.Б-д хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, шүүгдэгч Т.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгаас 310.725.167 төгрөг гаргуулж Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийи 1.5 дахь заалтад зааснаар Т.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөгч А.Эрдэнэмөнх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Т.Б-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг баримтлан 2 жилийн хугацаагаар хойшлуулж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан тухайгаа тайлбарлахдаа “хэвлийд байгаа ураг нь гэмт хэрэг үйлдээгүй тул давхар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй, мөн Монгол Улсын Олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй” тул Т.Б-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн хэмээн тайлбарлаж байсан ч Олон Улсын ямар гэрээ, конвенцод үндэслэж байгаагаа огт дурдаагүй. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа болно. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1486 дугаар шийтгэх тогтоолын “...Шүүгдэгч Т.Б нь 32-33 долоон хоногтой жирэмсэн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож, харагдах байдлаараа мэдэгдэж байх тул шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заасныг зөрчсөн. Т.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Зэвсэгт хүчинд 310.725.167 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар “их хэмжээний хохиролд” тооцогдоно. Мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсан ба тус гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг буруу хэрэглэж, их хэмжээний хохирол учруулж, хүнд гэмт хэрэг үйлдсэн Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэгт хэрэглэх хуулийн зүйл, хэсэг, заалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Т.Б нь хэдий шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 32-33 неделтэй байсан ч түүнийг ялаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль, хууль тогтоомжийн бусад актаар зохицуулагдаагүй. Төрд их хэмжээний хохирол учруулж, хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдүүдийг жирэмсэн гэх хуульд заагаагүй үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлвөл түүнтэй адил ажил, албан тушаал эрхэлж буй санхүүгийн албан тушаалтнуудад буруу ойлголт төрөх, цаашлаад төсвийн хөрөнгийг хууль бусаар завших, төрийн хөрөнгө хууль бусаар алдагдах, завшигдах нөхцлийг бүрдүүлэх олон сөрөг үр дагавартай юм. Иймд Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1486 дугаар шийтгэх тогтоолын “...хоёр жилийн хугацаагаар ял хойшлуулсан” хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Чимгээ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, жирэмсэн эмэгтэй гэдгээр хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нөхцөлд хамаарч байгаа боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байх тул хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелуүлэхийг хойшлуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хэрэглэх заалтыг хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заалтанд заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарч байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1486 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн 4, 5, 6 дугаар заалтыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. Миний бие саяхан төрсөн 1 сар, 1 хоногтой хүүхэдтэй. Хүүхдийн хувьд шарлалттай, биеийн байдал тааруу байгаа. Хувийн байдлыг минь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хойшлуулж, надад ашигтайгаар шийдэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүхэд гаргасан эсэргүүцэл, гомдлыг хүндэтгэж байна. Үүнийг үгүйсгэх боломжгүй. Т.Б-ийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 2 цэргийн ангид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Прокурор шүүхэд яллах дүгнэлт үйлдэж оруулж ирэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн хууль буцаан хэрэглэх журмыг баримталж оруулж ирсэн. Оногдуулах ялын хэмжээ хөнгөрсөн учраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж оруулж ирсэн. Гэхдээ яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх ёстой. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина.” гэж зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан. 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж ял оногдуулах нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Тийм учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан ял оногдуулахаар өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Т.Б нь гадаадад суралцахаар явсан, өөр байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажилладаггүй 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангид 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл санхүүгийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 313.305.310 төгрөг, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 60.277.358 төгрөг, нийт 373.582.668 төгрөгийг садан төрлийн холбоотой Б.Дэлгэрмаагийн Хаан банкны 5093165638 дугаартай дансанд шилжүүлж авах аргаар завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч О.Гантуяа /1хх-44/, гэрч Э.Ариунсанаа /1хх-47/, гэрч Ц.Түмэнбаяр /1хх-49/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэмөнх /3хх-190/, гэрч Д.Энхбор /4хх-239-240/, гэрч Б.Өлзийбаатар /4хх-241/, гэрч Н.Цэнгэл /4хх-242/, гэрч Ц.Сүхбаатар /4хх-243/, гэрч Д.Батмөнх /4хх-244/, гэрч М.Баярбат /4хх-245/, гэрч Г.Энх-Ундрах /4хх-246/, гэрч Г.Батцэцэг /4хх-247/, шинжээч С.Оргил /3хх-220-221/ нарын мэдүүлгүүд, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн цалингийн тооцоонд хийсэн шалгалтын акт /1хх-186-196/, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн цалингийн тооцоонд хийсэн шалгалтын акт /2хх-16-18/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 68 дугаартай дүгнэлт /3хх-201-216/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д “энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

 

Прокуророос Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу хянан шийдвэрлэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заасныг хүнд гэмт хэрэг үйлдсэн Т.Б-д хэрэглэн, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэжээ.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заасан байх тул Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн буюу 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцэхээр байх тул Т.Б-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хүүхэд төрүүлээд удаагүй байгаа байдлыг харгалзан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1486 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1486 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Төрхүүгийн Байгалмаад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ж овогт Т-ийн Б-г бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Ж овогт Т-ийн Б-г бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Т.Б-г шийтгэсүгэй.” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж Т.Б-г 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “...4 жилийн...” гэснийг “...5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй” гэж,

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Б.Чимгээгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөгч А.Эрдэнэмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ПҮРЭВСҮРЭН

 

                                      ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                                      ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ