Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/02591 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХУДЗДТГ т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 9 788 614 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009-2013 онд Хан-Уул даргын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны, удирдлагын хэлтэст Архив, бичиг хэргийн эрхлэгч, 2013-2017 онд Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтэст гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангахгүй гэдэг үндэслэлгүй шалтгаанаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар намайг тус дүүргийн 1-р хорооны зохион байгуулагчийн үүрэгт ажлаас халсан. Дээрхи захиргааны актууд нь Төрийн албаны болон бусад холбогдох хуулийг зөрчсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцэж, тухайн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 700 155 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учир албадан биелүүлэх хүсэлтийг захиргааны шүүхэд гаргаж гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Хариуцагч байгууллага нь ажилд томилох, цалин олговор нөхөн олгох шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, миний хуулиар олгогдсон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу 3 сарын цалингийн дунджаар нэг сарын цалин хөлсийг тооцож, 2017 оны 11 сарын цалин 914 171 төгрөг, 12 сарын цалин 1 386 282 төгрөг, 2018 оны 1 сарын цалин 936 171 төгрөг, нийт 3 236 624 төгрөгөөс 3 сарын хоол унааны хөнгөлөлт 567 000 төгрөгийг хасч, үлдэх 2 669 624 төгрөгийг 3 сард хуваахад нэг сарын дундаж цалин 889 874 төгрөгийг 11 сараар тооцож ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 9 788 614 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Дүүргийн засаг даргын Тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/777 дугаар албан бичгээр Н.Агийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргуулахаар Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч тус хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 345 дугаар албан бичгээр даатгуулагч иргэдийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн хариу ирсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг дахин хянуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч нарыг ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан эсэхийг тодруулах, мэдэх боломжтой байсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, тус шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Н.А нь өөр байгууллагад ажил эрхэлж байсан байж болзошгүй байгаа тул Н.Агийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын лавлагаа гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байсан, хэрэв ажиллаж байсан гэдэг нь тогтоогдвол цалингийн зөрүүг хасаж, үлдэгдлийг тооцох боломжтой гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 476 046 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, илүү нэхэмжилсэн 312 568 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Агийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ХУДЗДТГ т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 568 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 166 566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх цалингийн олговрыг дутуу бодож олгосон. Надад үр дүнгийн урамшуулал, шагнал 2017 оны 12 дугаар сард олгогдсон тул нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сар буюу 2017 оны 11, 12, 2018 оны 01 дүгээр сарын цалин хөлсөөр тооцоход 1 сарын дундаж цалин 889 874 төгрөг, ажлын нэг хоногт 39 549 төгрөг байх ба 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх нийт 292.5 хоногийн цалин олговорт 11 568 361 төгрөг болж байхад 9 476 046 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж дутуу олгосон 2 092 315 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэлгэрэнгүй лавлагааг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар хандсан боловч хувь хүний нууцтай холбоотой баримт тул гаргаж өгөх боломжгүй талаар албан бичгээр мэдэгдсэн. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийгмийн даатгалын лавлагааг гаргуулан цалингийн зөрүүг хасч, үлдэгдлийг тооцох боломжтой гэснийг шүүх авч хэлэлцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч ХУДЗДТГ т холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөслтэй тэнцэх олговорт 9 788 614 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь өөр байгууллагад ажил эрхэлж байсан байж болзошгүй, хэрэв ажиллаж байсан гэдэг нь тогтоогдвол цалингийн зөрүүг хасч, үлдэгдлийг тооцох боломжтой” гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Н.А нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтэст гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/38, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалуудыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрээр Н.Аг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтэст гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 9-21/   

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Н.Аг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоосон боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг буцаан ажилд нь томилох үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 788 614 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэгэнт ажил олгогч нь ажилтныг ажлаас буруу халсантай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийг буцаан ажилд нь томилох үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хариуцагч талын нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаал эрхэлж байсныг тогтоолгох, нийгмийн даатгалын лавлагааг гаргуулах тухай хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Захиргааны хэргийн шүүхээр ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой маргаан шийдвэрлэгдэх үед Н.Агийн урьд авч байсан дундаж цалин хөлсийг тооцож тогтоосон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Иймд дээрх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрт заагдсан хэмжээгээр түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг 738 171 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах боломжгүй тул 1 сарын дундаж цалинг 889 874 төгрөгөөр тооцох ёстой байсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх 19/

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/02591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Агаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 430 төгрөг, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 430 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН