Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/02267

 

 

 

 

 

 

 

 

2024 06 05 181/ШШ2024/02267

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, * хаягт байрлах Б ХХК /РД:/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, * тоот хаягт оршин суух Б овогт Б.А /РД:*/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, * тоот хаягт оршин суух Б овогт Г.М /РД:*/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б ХХК-д 24,387,677 төгрөг, Б.А-д 5,329,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Б.А-гийн өмгөөлөгч: Б.П,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Түвшинтөгс,

Иргэдийн төлөөлөгч: П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК, Б.А нар нь хариуцагч Г.М-д холбогдуулан Б ХХК-д 24,387,677 төгрөг, Б.А-д 5,329,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт UBH центр барилгын зүүн урд талд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Г.М гэгч нь татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэнээр гал гарч, үүний улмаас манай компанийн өмчлөлийн UBH центр барилгын булан шатаж, 24,387,677 төгрөгийн хохирол учирсан.

Нэхэмжлэгч Б.А нь UBH центрийн харуул хамгаалалтын албанд ажилладаг. Тухайн өдөр UBH центрийн гадаа өөрийн өмчлөлийн ****-УНУ улсын дугаартай, цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг байршуулсан байсан ба эзэмшигчийг албан үүргээ гүйцэтгэж байх явцад нь машинд гал хүрч, тээврийн хэрэгсэл нь шатсан байдаг. Авто машины үнэлгээг Ашид билгүүн үнэлгээний газраар үнэлүүлэхэд 6,679,000 төгрөг гэж тогтоосон боловч машины сэлбэг зарсан дүнгээ хасаад 5,329,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод явж байна.

Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Г.М-ын бусдын эд хөрөнгөд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэлд 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар * тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан.

Г.М шалгалтын явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 40 минутын үед ажлаасаа гараад UBH центрийн зүүн урд талын буланд очиж парламент гэх тамхи татаад, тамхины ишийг нь хогийн сав руу няслаад хаясан. Маргааш өглөө хүрч ирэхэд миний тамхи татаад зогсож байсан газрын ойролцоо зогсож байсан машин шатсан, барилгын зүүн урд талын булан шатсан байдалтай байсан. Тэгээд л UBH центрийн хүмүүс хүрч ирээд надтай уулзаад бичлэг харуулсан. Би бичлэгийг үзэхэд миний тамхины ишээ нясалж хаясны дараа 4 орчим минутын дараа гал гарч байгаа бичлэг байсан Би ил задгай гал гаргаж болохгүй гэдгийг мэддэг бөгөөд би бусдын эд хөрөнгийг устгая гэсэн санаа зорилго агуулаагүй, татаж байсан тамхины ишээ няслаад л хаячихсан бөгөөд унтарчих байх гэж бодсон юм аа. Санамсаргүй байдлаас ийм зүйл болсон байгаад маш их харамсаж байгаа... Яг одоогийн байдлаар бол барагдуулж чадахгүй эхний ээлжинд хохирсон хүмүүстэй уулзаж ярилцаж тохиролцоно. Мөн эцэг эхтэйгээ уулзаад хохирлыг төлөх талаас нь арга хэмжээ авна хэмээн өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.

Гэвч Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэргийг хянан үзээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1680 тоот тогтоолыг гаргасан бөгөөд ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хуульчилсан. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ноцтой хохирол гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг ойлгоно гэх заалтуудыг үндэслэн хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ нь хуульд заасан хэмжээнд хүрээгүй, мөн ноцтой хохирол учраагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй, харин хохирогч нар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлын асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн эрүүгийн хэргийг хаасан.

Хэргийг хаасан тухай Г.М-д танилцуулахад Миний үйлдлээс болж гал гараагүй гэдэг үндэслэлээр хуулийн дагуу гомдол, хүсэлт гаргах боломжтой байсан ч гаргаж байгаагүй.

Гал хэрхэн, яаж гарсныг нотлох баримт нь камерын дүрс бичлэгт үлдсэн байдаг. Гал гарсан хогийн харалдаа байсан булангийн камерын бичлэг үлдсэн байдаг. Тухайн бичлэг хэрэгт авагдсан гол, тодорхой нотлох баримт юм. Хэрвээ бичлэг байгаагүй бол нотлох баримт олоход хүндрэлтэй. Бичлэгт ямар байдалтай, хаана, хэрхэн зогсож байсан, тамхийг яагаад шидсэн талаарх нөхцөл байдал тодорхой харагддаг. Хариуцагчаас бусад хүмүүсийн хаана, ямар үйлдэл хийж байсан нь харагддаг. Камерын бичлэг тусч байгаа өнцөг нь UBH центр болон цаана байгаа шүүх эмнэлгийн барилга, хойшоо харсан морг байдаг. Хана болон зорчих хэсгийг бүхэлд нь харуулдаг. Гал гарах хугацаанд өөр хүн яваагүй нь бичлэгт харагддаг. Гал бүхэлдээ гараад утаа бүрхэх үе хүртэл камер ажиллаж л байсан. Шатаж дууссаны дараа камерыг сугалж авахад ханатай цаана холбогдсон утас нь сугарч үлдсэнийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан байдаг. Өөр тог ашиглах ил задгай утас байхгүй. Камер галд шатаад дууссаны дараа автомашин шатсан. Машинаас үүсэлтэй гал гарсан байх боломжгүй.

UBH центр нь хэд хэдэн орцтой, гал гарсан байрлалын харалдаа хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн дэлгүүрээс гарч байгаа шатахад хялбар цаасан хайрцаг зэрэг нь галыг өдөөх хүчин зүйл болсон. Шинжээчийн дүгнэлтээр ил галын нөлөөгөөр үүссэн гэдгийг тогтоосон. Үнс нурмын хувьд янз бүрийн тэсэрч, дэлбэрэх төрлийн бодис байж байгаад ассан уу? үгүй юу? гэсэн талаас нь ярьдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг гал гарсан даруйд очиж үзсэн учраас бүх зүйл тодорхой, үндэслэл бүхий байсан. Олон жил өнгөрсөн учраас дахин шинжээч томилж тухайн байдлыг сэргээх боломжгүй юм.

Хариуцагч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдээгүй гэж тооцсон боловч тэрээр өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгах үүрэг бүхий, эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд мөн гэж бид үзэж байна. Иймд хариуцагч Г.М нь бусдын эд хөрөнгөд илт болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэн Б ХХК-ийн эд хөрөнгөд учруулсан 24,387,677 төгрөгийн хохирол, нэхэмжлэгч Б.А-гийн эд хөрөнгөд учруулсан 5,923,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.М нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбарт болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Маргааны гол асуудал нь Г.М-ын шидсэн тамхины иш шидсэн үйлдлийн улмаас Маргааны гол асуудал нь Г.М-ын шидсэн тамхины иш шидсэн үйлдлийн улмаас UBH центрийн зүүн талын хогийн цэг дээр гал гарсан гэдэг үйл баримт байдаг.

Г.М-ын хувьд тамхины иш нясалсан үйлдэл дээр маргадаггүй. Г.М-ын тамхины ишээ шидсэнээс хойшхи хугацааны буюу хогийн цэгийн камерын бичлэг хэргийн материалд байхгүй. Хариуцагчийн хувьд энэ үйл баримтыг нотлох үүргийн дагуу Шүүх шинжилгээний газрын зүүн талын камерын бичлэгийг авах хүсэлт гаргахад шүүхээс хангаж шийдвэрлэсэн ч Шүүх шинжилгээний газраас 2018 оны камерын бичлэг тус газрын архивт хадгалагдаагүй байна гэдэг. Камерын бичлэгийг дахин гаргуулах, сэргээх боломжгүй тул дахин нотлох баримт гаргуулах боломжгүй болсон.

Дахин шинжээч томилоод тухайн цаг үеийн үйл баримтыг тогтоох боломжгүй гэж яриад байна. 2020 оны шинжээчийн дүгнэлтээр ч, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн үйл баримтыг тогтоох боломжгүй, таамаглал дээр л явж байгаа үйл явдал.

Хэрэгт цугласан баримтын хүрээнд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн гаргасан нэмэлт шинжилгээний баримтаар Г.М-ыг энэ хэрэгт буруутгадаг. Шинжээчдийн бүрэлдэхүүнд Батсайхан, Батхишиг, Дамдин гэх хүмүүс орсон. Хэргийн газар үзлэг хийсэн хүн нь хошууч Батсайхан юм. Хошууч Батсайхан 2020 оны 02 дугаар сарын 10-ны дүгнэлтээс өмнө 2 дүгнэлт гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 348/1277 тоот дүгнэлт байдаг. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3771277 дугаартай дүгнэлтэд Г.М-ын үйлдлээс гал гарсан эсэхийг уг хавтаст хэргийн материалд тулгуурлан тогтоох боломжгүй байна гэдэг.

Камерын бичлэг нь хогийн цэг рүү биш, Г.М-ын хийж байгаа үйлдлийг харуулсан бичлэг байдаг. Тамхины иш хаана буусан, галын эх үүсвэр болсон эсэх нь тодорхой бус. Тамхины иш хаяснаас 4 минут 30 секундийн дараа гал ассан байдаг. Үйл баримтыг тогтоох объект байхгүй учраас таамаглалын түвшинд дүгнэлт гарч болохгүй. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байгаа зүйл нь дүгнэлт гарахтай холбоотой шүүхээс 249 хуудастай хавтаст хэрэг 1 ширхэг, 85 хуудастай хавтаст хэрэг 1 ширхэг, 3 ширхэг диск, шинжээч томилох тогтоолтой хамт явуулсан. Энэ дүгнэлтийг хавтаст хэргийн хүрээнд гаргасан.

Зөвхөн Г.М-ын тамхиа нясалж байгаа өнцгийг нь авчихвал гал гарсан мэт харагдаад байна. Шүүхээс хөдөлбөргүй тогтооё гэвэл нөгөө талаас харагдах камерын бичлэгийг харах шаардлагатай.

Цагдаагийн байгууллагаас 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газрын үзлэгийг хийсэн байдаг. Үзлэгийн тэмдэглэл дээр камерын бичлэг, камераас унжсан утасны дээж, шатсан авто машины араас гарч байгаа утаснаас дээж авсан. Эдгээрт шинжээчийн дүгнэлт огт гараагүй. Дүгнэлт гаргуулахаар явуулсан тогтоол нь хавтаст хэргийн хүрээнд харахад зөвхөн үнсийг явуулсан байдаг. Гамшиг судлалын газраас ирсэн хариунд Үнс нь шинжилгээ хийхэд хангалтгүй байна, хэмжээг нь ихэсгэж явуулах хэрэгтэй гэсэн байдаг. Үнсийг буцаагаад нэмж явуулсан эсэх баримт байхгүй. Үлдэж байгаа хоёр утаснаас шалтгаалж гал гарсан, гараагүйтэй холбоотой асуудлаар шинжээчийн дүгнэлт ч байхгүй, хэргийн газрын үзлэгт ч байхгүй.

Г.М-ыг дээрх баримтуудад тулгуурлан гал гаргасан этгээд гэж дүгнэхэд учир дутагдалтай, эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар, нотлох баримтыг үнэлэхдээ ач холбогдолтой, урдаас тогтоогдсон баримтад тулгуурладаг. Иймд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байна гэж үзэж байна.

Мөн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шинжээч Батсайханаас хариуцагчийн өмгөөлөгч Эрхэмбаяр хэд хэдэн асуулт асуусан. Өмгөөлөгч Үнс нурам байхгүйгээр дүгнэлт гарах боломжтой юу? гэхэд шинжээч Батсайхан Боломжгүй гэж хариулдаг. Өнөөдрийн гаргасан дүгнэлтүүдийг үнс нурамтай холбоогүйгээр зөвхөн камерын бичлэг, хавтаст хэрэгт тулгуурлан гаргасан нь үндэслэлгүй байна.

Шинжээч Батсайхан 3 шинжээч хэлэлцээд хэргийн материал болон дискийн материалтай танилцаж байгаад дүгнэлтийг гаргасан гэдэг. Гал түймэр гарсан тэмдэглэл зэргийг дүгнэлт гаргахад ашигласан уу? гэхэд Онцгой байдлын газраас гаргах актыг хэлж байна уу? гэдэг. Тэгэхээр энэ акт гараагүй. Галын аюулгүй байдлын тухай хуульд гал түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын газраас акт, тэмдэглэл гарах ёстой ч гараагүй. Юунд тулгуурлаж дүгнэлт гаргаад байгаа нь эргэлзээтэй байна.

Г.М тамхины ишээ шидсэн нь ёс суртахууны хувьд буруу гэдгийг ойлгодог. Ил галын нөлөөний дотор цахилгааны утас, бусад шатамхай бодисууд ч ордог. Гол нь Г.М-ын тамхины ишнээс болж гал гарсан, галын эх үүсвэр болсон эсэхийг зөвхөн камерын бичлэгт тулгуурлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд зарим нэгэн зүйлүүд эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч талаас 2020 оны дүгнэлтийг зөвшөөрч байгаа эсэхийг асуухад Г.М-ын гэм буруутайг тогтоох боломжгүй, ил гал гарсан эсэхэд шинжээч дүгнэнэ гэдэг зөрүүтэй хариулт өгдөг. Хэрвээ ил галаас байна гэвэл тодорхой. Гол санаа нь юунаас болж гал гарсан бэ? гэдэгт байсан.

Нэхэмжлэгч Б ХХК-ийг гал гарах гол нөхцөлийг бүрдүүлсэн гэж харж байна. Яагаад гэвэл камерын утас унжсан, байгууллагуудын хувьд гал гарахаас, аюулаас хамгаалах үүднээс хогийн бункерийг зайтай байрлуулдаг. Гэтэл хөл хөдөлгөөн ихтэй, хүмүүс тамхи татдаг гэдгийг мэдсээр байж, UBH центрийн зүүн буланд тавьсан байдаг. Иймд гал гарах үндэс, нөхцөлийг бүрдүүлсэн гэж хардаг. Б ХХК-д хариуцлага хүлээх үндэслэлтэй.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд Г.М-ын үйлдлийг таамаглалын түвшинд гэм бурууг тогтоох нь шудрага ёсонд нийцэхгүй, нэхэмжлэгч талын гэм буруутай гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглаж оролцлоо. 2018 онд гарсан хэргээр, камерын бичлэг, 3 хавтаст хэрэгтэй танилцсан. Тамхины ишийг няслах, хогийн цэг хүртэлх хугацаа хооронд ямар хэмжээтэй байвал гал гарах боломжтой байдаг вэ? гэдэг талаас бодсон. Хариуцагч талын тавьж байгаа шаардлагыг шүүхээс хүлээж аваасай гэсэн үзэл бодолтой байна. Нэхэмжлэгч талын хувьд хариулж байгаа хариултыг сонсоход, байгууллагын зүгээс аюулгүй байдал талаас тавьж байгаа арга хэмжээ нь хангалтгүй харагдаж байна. Түрээсийн дэлгүүрийн хувьд ч хогоо хаяж байгаа байдал, компанийн хувьд ч тэр тодорхой хариуцлага тооцох, хариуцагчийн хувьд иргэний үүргээ зөрчсөн байна. Хогийн цэгээ тодорхойлоод, түрээслэгч байгууллагууд нь хариуцлагатай ажиллаж байсан бол өнөөдрийн асуудал гарах нөхцөл бүрдэхгүй байх байсан гэв.

 

4. Хэргийн оролцогчдоос гаргасан болон хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын тухайд:

 

4.1. Нэхэмжлэгч Б ХХК-иас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 280,000 төгрөг төлсөн баримт, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Ц, Б.П нарт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1680 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01612 дугаар шийдвэр, * дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн.

 

4.2. Нэхэмжлэгч Б.А-гаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 128,214 төгрөг төлсөн баримт, Б.А-гийн иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1680 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Ашид билгүүн ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, Ашид билгүүн ХХК-ийн нэхэмжлэх, Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн.

 

4.3. Хариуцагч Г.М-аас шүүхэд нотлох баримтаар: хариу тайлбар, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Г.М-ын иргэний үнэмлэхний хуулбар, Б.П-ид олгосон итгэмжлэл, **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 04/137 тоот албан бичгийг ирүүлсэн.

 

4.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх түүхчилсэн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Г.М-ын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хохирогч Б.А-гаас гаргаж өгсөн сиди бичлэгийг гаргуулж, үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас * тоот хавтаст хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн өнгөтөөр, UBH төвийн гадна фасадны зүүн урд өнцгөөс унжсан байдалтай зэс утасны үзүүрээс авсан дээжийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт, үзлэг хийсэн тэмдэглэл, Гамшиг судлалын хүрээлэнгээс ирүүлсэн 9/63 дугаартай албан бичгийг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газраас 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн камерын бичлэг хадгалагдсан эсэх лавлагааг гаргуулж, Б.А-аас гэрчийн мэдүүлэг авсан. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, шинжээчээр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг томилж, дүгнэлт гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК, Б.А нар шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Г.М нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр татсан тамхины ишээ унтраалгүйгээр шидсэнээс үүдэж, UBH центрийн барилгын булан шатаж, 24,387,677 төгрөгийн хохирол, нэхэмжлэгч Б.А-гийн эзэмшлийн машин шатаж 5,329,000 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч Г.М-аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г.М-ын тамхины иш шидсэн үйлдлийн улмаас гал гарсныг хөдөлбөргүй тогтоосон баримт байхгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Мөн UBH центрийн барилга нь нэхэмжлэгч Б ХХК-ийн өмчлөлийн барилга эсэх нь эргэлзээтэй. Г.М-ын үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учраагүй, шалтгаант холбоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах UBH центрийн барилгын зүүн урд талд гал гарсны улмаас UBH центрийн барилгын булан, нэхэмжлэгч Б.А-гийн эзэмшлийн **** УНҮ улсын дугаартай, Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл шатсан болох нь тогтоогдсон. /1хх, 154-169/

 

4.2. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар Б ХХК-ийн гадна фасад, агуулахад учирсан хохирлын хэмжээг 24,387,677 төгрөгөөр, нэхэмжлэгч Б.А-гийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 6,679,000 төгрөгөөр тогтоосон байна. /1хх, 11-17, 152-153/

 

4.3. Нэхэмжлэгч Б ХХК нь UBH центрийн барилга буюу эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, * тоот хаягт байршилтай 19,500 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар,

нэхэмжлэгч Б.А нь * УНҮ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эзэмшиж байсан болох нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

4.4. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөх байцаах тасгаас хариуцагч Г.Мыг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах UBH барилгын зүүн урд талд татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэний улмаас гал гарч, бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1680 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Г.М-д холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй буюу хохирлын хэмжээнд хүрээгүй гэх үндэслэлээр хаажээ./1хх, 154-157/

 

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нийт 4 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан.

 

а. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ш-05 тоот шинжээчийн дүгнэлтэд ...гэрчийн мэдүүлэг болон хэргийн газрын камерын бичлэг зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан ил галын нөлөөгөөр /унтраагүй тамхи/ үүсвэрлэн гарсан байна. гэж дүгнэжээ. /1хх, 95-96/

 

б. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 348/1277, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 377/1277 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Уг Г.М-ын үйлдлийн улмаас гал түймэр гарсан эсэхийг уг хавтаст хэргийн материалд тулгуурлан тогтоох боломжгүй байна. Хэргийн газрын үзлэг, хэргийн материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. /Ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан шүдэнз, галын цог, ил задгай үнс нурам болон бусад ил задгай галыг тооцно./ Уг гал түймэр нь хогийн цэгээс үүсвэрлэн гарч барилгын хана болон иргэн Б.А-гийн автомашин руу дамжин тархсан байна. гэж дүгнэжээ. /1хх, 125-126, 2хх, 59-60/

 

в. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2020 оны 02 дугаар сарын 75/1277 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Хэргийн газрын үзлэг, хэргийн материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байнаГал гарсан цэг болон хэрэгт авагдсан сиди бичлэг дэх Г.М-ын тамхины иш шидэх үед зогсож байсан газар хоорондын зай метр байсан. Г.М нь тамхи татаж байгаад сиди бичлэгийн 18:43:40 цаг дор тамхийг гал үүсвэрлэн гарсан хогийн цэг байрлах хэсэг рүү шидсэн үйлдэл нь гал гарахад хүргэсэн байна. Уг гал түймэр нь хогийн цэгээс үүсвэрлэн гарч барилгын хана болон иргэн Б.А-гийн автомашин руу дамжин тархсан байна. гэж дүгнэжээ. /2хх, 88-89/

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

6. Шүүх хэрэгт авагдсан шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагч Г.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, хариуцагч Г.М-ын тамхиа унтраалгүй хогийн бункер руу чиглүүлэн шидсэн үйлдлийн улмаас 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гал гарч, нэхэмжлэгч Б ХХК, Б.А нарын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж дүгнэв.

 

Хариуцагч Г.М-ын хувьд гэм буруугүй гэж маргасан боловч тамхи татаж байгаа хүн унтраалгүй хаяснаас гал гарч болох эрсдэлтэй гэдгийг энгийн ухамсрын хэмжээнд ухамсарлах, ойлгох бүрэн боломжтой. Гэтэл тэрээр илтэд хайхрамжгүйгээр татсан тамхиа унтраалгүйгээр хогийн цэг чиглүүлж нясалсан үйлдлийг хийсэн, ийнхүү нясалсан үйлдлээс хойш удаагүйгээр гал түймэр гарсан, шинжээчдийн дүгнэлтэд галын шалтгааныг ил гал гэж дүгнэсэн, ил гал гэдэгт татсан тамхины иш хамаарна.

 

Шүүхээс хэргийн газар очиж үзлэг хийсэн тэмдэглэл, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс дүгнэхэд тухайн гал гарах цаг хугацаанд Г.М-ын үйлдлээс өөр бусад этгээдийн үйлдлийн улмаас гал гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцагч Г.М-ыг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Г.Мын болгоомжгүй /тамхиа унтраалгүй хаясан/ үйлдэл, нэхэмжлэгч Б ХХК, Б.А нарын эд хөрөнгөд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Б.А-гийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 5,329,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

7. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ. гэж, 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б ХХК-ийг барилгын өмчлөгчийн хувьд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Б ХХК нь Тамхины тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4.-т зааснаар утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулаагүй, 5.2.5.-т зааснаар утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага байгуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс UBH центрийн гадна талбайд хүмүүс тамхи татдаг болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.

 

Хэдийгээр цаг хугацааны хувьд гал гарсан цаг хугацаанаас хойш 5 жилийн дараа шүүхээс үзлэг хийхэд гал гарсан газрын орчимд 5 литрийн усны савтай тос эгнүүлэн өрсөн байсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Түрээслэгч нарын хаясан цаас, хайрцаг хогийн савны гадна хаягдсан байсан гэх тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Б ХХК-ийн илт хайхрамжгүй байдал хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч Б ХХК нь Г.М-ын шидсэн тамхины иш уугиж гал асах нөхцөлийг бүрдүүлсэн, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасны дагуу хариуцагч Г.М-ын Б ХХК-д учирсан хохирлыг хариуцах гэм хорын хэмжээг 50 хувиар багасгаж, хариуцагч Г.М-аас 12,193,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.М-аас 5,329,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д, 12,193,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Б ХХК-ийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан байгууллагын зүгээс аюулгүй байдал талаас тавьж байгаа арга хэмжээ нь хангалтгүй харагдаж байна. Түрээсийн дэлгүүрийн хувьд ч хогоо хаяж байгаа байдал, компанийн хувьд ч тэр тодорхой хариуцлага тооцох, хариуцагчийн хувьд иргэний үүргээ зөрчсөн байна. Хогийн цэгээ тодорхойлоод, түрээслэгч байгууллагууд нь хариуцлагатай ажиллаж байсан бол өнөөдрийн асуудал гарах нөхцөл бүрдэхгүй байх байсан гэх дүгнэлт дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй тохирч байна.

Харин хариуцагч Г.М-ын хувьд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ нотлоогүй тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М-аас 12,193,838 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д, 5,329,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,193,839 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,000 төгрөг, нэхэмжлэгч Б.А-гийн төлсөн 128,214 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 210,051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д, 100,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

 

А.ЦЭЛМЭГ