Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ДШМ/31

 

Б.Жаргалсайханд холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.Одонтуяа Шүүгдэгч Б.Жаргалсайхан Хохирогч П.Одонтуяа /онлайнаар/ Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Жаргалсайханы давж заалдсан гомдлоор Б.Жаргалсайханд холбогдох 201713000051 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Аймгийн Онцгой байдлын газарт аврагч, гал сөнөөгч ажилтай, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг 1-р 60 айлын 2 дугаар орцны 22 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хотгор овгийн Банзайн Жаргалсайхан, /РД:ИЮ79102774/

Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн П.Одонтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Хотгор овогт Банзайн Жаргалсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жаргалсайханыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Жаргалсайханд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдаж, шүүгдэгч Б.Жаргалсайханд өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Жаргалсайхан нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.Жаргалсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Б.Жаргалсайхан нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 974 дугаартай дүгнэлтэд дурдсан хүзүү, зүүн гарын бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл гарсан боловч миний бие Б.Жаргалсайхан зөвхөн хувцаснаас түлхэж гаргасан болно. Тэгэхээр Шүүхийн шинжилгээний дүгнэлтэд дурдсан зүүн гарын бугалга, зүүн гуяны цус хуралт зэрэг гэмтлийг би учруулаагүй болно. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг 2017 оны 06 сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутын орчимд болсон юм. Би 2 хүүхэдтэйгээ байж байхад хамтран амьдрагч П.Одонтуяа гаднаас орж ирэн ээжтэй муудалцаад хэрэлдэж байхад нь би унтаж байгаад сэрсэн. Ээж П.Одонтуяа 2 хэрэлдээд хувцаснаасаа зууралдаж байхад би дундуур нь орж салгасан. Тэгээд би П.Одонтуяаг хаалгаар түлхэж гаргасан биед нь гар хүрээгүй. Өөр хэлэх зүйл байхгүй гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Жаргалсайханы гаргасан гомдлыг дэмжиж байна. Улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хавтаст хэргийн материалаас харахад улсын яллагч шинжээчийн дүгнэлтүүдийг шүүгдэгчийн үйлдлээс болж гэмтэл учруулсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Жаргалсайханы үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан эсэх нь бүрэн тогтоогдохгүй байна гэж үзсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Жаргалсайханы үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан талаар тусгагдаагүй байгаа. Тухайн үед шүүгдэгч хохирогчийг гэрээс түлхэж гаргахаас өмнө гэрч В.Пүрэвжавтай ямар нэгэн хэлбэрээр маргаан үүсэх нөхцөл байдал бий болсон. Хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь хэний үйлдлээс болж үүссэн талаар хавтаст хэрэгт бүрэн нотлогдоогүй байна. Шүүгдэгч хохирогчийг хүзүүнээс нь түлхэж гаргасан талаар шүүгдэгч болон гэрчийн мэдүүлгээр бүрэн нотлогдон тогтоогдож байгаа. Шүүгдэгч уг үйлдлээр ямар гэмтэл үүсгэсэн талаар бүрэн дүүрэн нотлогдоогүй байгаа. Бүрэн дүүрэн тогтоогдоогүй байгааг шүүх анхаарч үзэх байх. Цэрэндулам эмчийн үзлэгээр ахуйн зүйл гэж яригдсан. Мөн тухайн үед гуяны гэмтлийн талаар яригдаагүй. Мөн хадам ээжид нь хөхөрсөн гэмтэл үүссэн байсан. Энэ гэмт хэрэг гарах үед одоогийн мөрдөгдөж байгаа хууль хэрэгжээгүй байсан. 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 06 сарын хугацаа өнгөрсөн байна. Тийм учраас шүүгдэгч Б.Жаргалсайханы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Хохирогч П.Одонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Б.Жаргалсайханаас 2-3 удаа ажил дээр нь очиж уучлалт гуйж байсан. 2 хүүхдээ бодоод амьдрах ёстой гээд зөндөө гуйж байсан. Тэгээд 10 хоног нөхрөөсөө тусдаа амьдарсан. Би үнэхээр Б.Жаргалсайханы аавын гэрт орохоос айдаг, байнга хүүхдүүдээ аваад сал гэдэг байдлаар надтай харьцдаг. Намайг жирэмсэн байхаас эхлээд, төрсөнөөс хойш өдий хүртэлх хугацаанд надад их муу хандаж байсан. Хамгийн анхны ач нарыг нь ихэрээр нь гаргаж өгч байхад надад ингэж хандаж байгаад гомдолтой байна. Намайг бүлэглэж Б.Жаргалсайханы эгч Б.Амарзаяа хүртэл зодсон. Гэтэл Б.Жаргалсайхан намайг түлхээд нөгөө гараараа намайг боогоод наад хүүхнээ тавьж бай, би алъя гээд дайраад байсан. Намайг 4 давхарын шатнаас түлхэж унагаасан. Би орцноос гараад Цагдаагийн байгууллагад шууд хандсан. Миний хувьд үүнээс өөрөөр гэмтэл авах ямар ч боломжгүй. Зодуулсаны дараагаар биеийнхээ зургийг тэр дор нь авсан. Манай ажлынхан ч энэ байдлыг нүдээр харж цуг байсан. Тиймээс давж заалдах шатны шүүхэд гаргасан Б.Жаргалсайханы гомдол үндэслэлгүй. Шүүх шинжилгээний хариу гарсан байхад, намайг доромжилж байгаа шиг хууль дүрмийг битгий доромжлооч гэж хүсч байна. Асуудал хууль, дүрмийн дагуу явагдах ёстой. Өөр ярих зүйлгүй гэв. Прокурор Б.Одонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Жаргалсайханд холбогдох 201713000051 дугаартай эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн 1-р 60 айлын 2-р орцны 22 тоотод хамтран амьдрагч Б.Одонтуяаг хүүхдээ авах гэлээ гэсэн шалтгаанаар түүний хоолойг боож түлхэн, бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Одонтуяа, гэрч Ч.******* мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 201720100 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 974 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Жаргалсайханы мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримт сэлтээр хангалттай нотлогдож байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Жаргалсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутын үед Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн 60 айлын 2 дугаар орцны 22 тоотод гэр бүлийн хамтран амьдрагч П.Одонтуяаг “хүүхдээ аваад явах гэлээ” гэсэн шалтгааны улмаас хоолойг нь боож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Уг үйл явдал 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр болсон. Түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх 2015 оны шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэсэн байна. Шүүх 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуулиудын алийг нь шүүгдэгч Б.Жаргалсайханд хэрэглэх нь ашигтай талаар харьцуулсан хуульзүйн дүгнэлтийг хэрэгт хийгээгүй орхигдуулсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

2. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ