Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

Б.*******ад холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор Н. Шүүгдэгч/******* аймгийн ZOOM/р Б.******* Шүүгдэгчий н өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбалын даргалж шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Б.*******ад холбогдох 1923001630113 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 15- ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, Завхан аймгийн ******* сумын ******* сургуулийн ******* ******* ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* баг тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт *******, регистрийн дугаар /ГГ/

Шүүгдэгч Б.******* нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай анги11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийндахь хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт 270 /хоёр зуун дал/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, 4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б. нь шүүгдэгч Б.*******аас хохирол нэхэмжлээгүйг дурдаж, хохирогч Н. шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 6,000,000 /зургаан сая/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, 6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолобусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний хувьд ногдох эд хөрөнгө 1,000,000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн тархи мана хөөргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн шоо дөрвөлжин хээтэй срочкон цамц, саарал өнгийн богино пальтог шүүгдэгч Б.*******ад, хар хөх өнгийн “Just do it” гэсэн бичигтэй ханцуйтай цамцыг хохирогч Б.т тус тус буцаан олгож, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан 3 ширхэг шүдийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дхэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дхэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйзааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч овогтой ******* миний бие (шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1363) Бямбаа овогтой *******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу түүний өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох 2019 оны 11 сарын 29-ны едреес хойш оролцож байгаа бөгөөд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 2021/шцт/141 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх Б. *******ыг гэм буруутайг шийдвэрлэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өршөөлийн тухай хуульд хамрагдахаар хуульчилсан байдлыг харгалзан үзэлгүй шийтгэл ногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хохирогч ыг хохирогч Сандагдорж зодсоноо хүлээн зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0013109 тоот шийтгэлийн хуудсаар торгуулсан байдаг ба 1хх132х-ны арын нүүрний доороосоо 13-р мөрөнд Хохирогч Б. ын 2019 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн дахин мэдүүлэгт: Би их согтуу байсан учир хөл дээрээ тогтож чадахгуй байсан ... гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийг 2 хүнд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Хохирол, иргэний нэхэмжлэлийн тухайд: ... Харин хохирогч Н. эрүүл мэндэд "дээд баруун 1,2 дугаар шүд. зүүн 1 дүгээр шүд булгарч унасан, буйланд шарх, цус хуралт" бухий хөнгөн хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт "Миний 3 шүд унасан. Одоогийн байдлаар 17000 төгрөгөөр түр зуурын шүд хийлгэсэн байгаа. Энэ шүд нь хэсэг хийж байгаад дахин ашиглаж боломжгүй болдог. Буйланд суулгаж хийдэг шүд нь нэг шуд нь 2 сая төгрөг бөгөөд 3 шүдийг нийт 6,000,000 төгрөгөөр суулгадаг юм байна. Үүнийг шүүгдэгч Б. *******аас нэхэмжилж байна” гэв Гэвч шүүх нь хохирогчид учирсан бодит хохирлыг гаргуулахаар хуульд тусгасан бөгөөд хохирогч Н. шүдээ эмчлүүлэхэд гарах зардлыг урьдчилан тогтоож шүүгдэгч Б. *******аас гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогч Н. Сандагдорж нь унасан шүдээ хийлгэж эмчлүүлээд гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ГЭЖ Нэгэнт хохирогч, иргэний нэхэмжлэгч 6000000 төгрөгийг ЭХХША-ний явцад нэхэмжилсэн ба шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө уг нэхэмжлэлээ татан аваагүй, шүүхийн шийтгэх тогтоол гартал нэхэмжилсэн байхад дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн үндэслэлгүй юм. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл. Шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх 36.3 дугаар зүйлийн 1-т Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний (1) үндэслэл, (2)хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно. Нэхэмжлэлийн үндэслэл нь гэмт хэргээс учирсан хохиролын нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагыг хангаагүй Нэхэмжлэлийн хэмжээний нотлогдсон байдал нь хохиролын хэмжээ буюу хэр хэмжээний хохирол учирсан нотлох баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ. гэж заасан ба иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж ИХШХШТ хуулийн дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх доорх 2 тохиолдлоос бусад үед эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэхээр хуульчилсан байна. Нэгт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл. Шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх 36.3 дугаар зүйлийн 3-т Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч НЬ нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно. Хоёрт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана. Энэхүү хэргийн иргэний нэхэмжлэл дээрхи 2 тохиолдлын алинд ч хамаарахгүй буюу иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогуй тохиолдолд байдал үүсээгүй харин ч тодорхой үнийн дүнгээр 6000000 төгрөг нэхэмжилсэн. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Сандагдорж нь нэхэмжлэл гаргаагүй нөхцөл байдал хавтаст хэрэгт байхгүй. Нэхэмжлэлээ татан аваагуй, Нэхэмжлэлээ дэмжиж оролцсон. ЭХХШТ хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10, 13-т заасан эрхээ эдлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т заасан нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ Шүүгдэгч Б.******* /******* аймгийн ZOOM/- р давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд шүүхээс хохирол, мөнгийг тогтоож өгсөн бол би эрт төлж дуусгбайсан. Гэвч шүүхээс надад хохирол, төлбөр гэж тогтоож өгөөгүй гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад ял оногдуулсан. Шүүгдэгч маань Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байгаа. Энэ хэрэг нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэгдсэн хэрэг байгаа. Тухайн гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хууль нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан. Тухайн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байгаа. Мөн хуулийн 1.1 дүгээр заалтад хорих ялын дээд хэмжээг 1 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон, зорчих эрхийг хязгаарласан ялын дээд хэмжээг 1 жилийн хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл байдал үүснэ гэсэн зохицуулалттай байсан. Энэ хэрэг маань шалгагдаад явж байх хооронд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Уг нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэсэн байгаа. Тэгээд ингэж өөрчлөлт орохдоо, тухайн өдрөө дагаж мөрдөх журмын тухай хууль гэж гарсан. Энэ дагаж мөрдөх журмын тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацааг 2017 оноос 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаагаар мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгаж болно гэсэн зохицуулалт орсон. 2 дахь заалтаараа шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөрчилсөнтэй холбогдуулж 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хоорондох хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон, Эрүүгийн хуулийн бүлэг заалттай гэмт хэргийг сэргээн шалгана гэсэн заалт байгаа. 3 дахь заалт дээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулж мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд одоо байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж өмнөх эрх зүйн байдлыг дордуулж оруулж ирсэнийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Прокурор Н. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцхугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татагдах хүртэл тоолно гэсэн байгаа. Тэгэхээр Б.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, прокуророос 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаа өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэсэн байгаа. Тэгэхээр 1 жилийн хугацааны дотор буюу 2 сар гаруй хугацааны дотор яллагдагчаар татсан. Ингээд яллагдагчаар татсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа яллагдагчаар татагдсанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол яллагдагчаар татаж болно. Үүнтэй холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хууль Б.*******ын үйлдсэн гэмт хэрэгтэй хамааралгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хяналаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 30-наас оны 10 дугаар сары01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Завхан аймгийн ******* сумын Жинст багийн нутагт байрлах “Ахмадын хороо”-ны орчим Б.тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт 2 удаа цохиж “зүүн чихний гэдэс хэсэгт зулгаралт, шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” гэмтлийг учруулсан, мөн Н.Сандагдоржийг Б. дагуулж ирээд нийлж зодох гэлээ гэсэн шалтгаанаар араас нь дуудаж эргэж харах үед нь нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж “дээд баруун 1, 2 дугаар шүд, зүүн 1-р шүд булгарч унасан, буйланд шарх, цус хуралт” бүхий гэмтлийг учруулж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан Хохирогч Н. “ ...2019 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө Завхан аймгийн ******* сумын Жинст багийн нутагт байрлах баарнаас гарсан. Энэ шөнийг би сайн санаж байна. Тухайн шөнө “” баар хааснаас хойш ойролцоогоор шөнийн 1 цаг орчим болсон байх Б. нь *******тай маргалдаад зогсож байсан. Би тэр хүмүүсийг цуг яваа хүмүүс юм гэж ойлгосон. Эдгээр хүмүүсийг ойролцоогоор 4-5 м орчмоос харсан. Харин надтай манай найз Т. цуг байсан. Тэр хоёрын маргаанд оролцоогүй, Б.ын нэг чихнээс нь цус гоожсон харагдсан. Уг гэмтлийг Б.******* гэх залуу учруулсан. Намайг “Ахмадын хороо”-ны баруун талаар тойроод явж байхад Б.******* араас ирээд миний нүүрний хэсэгт 1 удаа гараараа цохьсон. Миний урд талын дээд 3 шүд шууд унасан. Тухайн үед намайг цохьсон хүн өндөр нуруутай бор царайтай, гадуураа саарал өнгийн пальто гэж хэлмээр хувцастай, бараан өнгийн өмд өмссөн хүн байсан, тэр хүнийг өмссөн хувцас гаднах төрхөөр нь Б.******* гэдэг хүн эргэлзээгүй мөн гэдгийг таньж байна... гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.ын “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “” баараннэг багшийнхаа төрсөн өдрийг тэмдэглээд зургуулаа байж байсан. Тэгээд шөнийн 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Гадаа ажлынхаа газрын эмэгтэйчүүдийг машинд суулгаж өгчхөөд Базарваань бид хоёр үлдээд байж байтал Базарваанийг таньдаг хоёр залуу бид хоёр дээр ирсэн. Базарваань тэр хоёртой юм яриад байж байтал *******, Ууганбат хоёр ирсэн. Би тэр хоёрын урдаас нь алхаж очоод *******тай маргалдаад эхэлсэн. Би тухайн үед их согтуу байсан учир юунаас болж маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан маргалдсан. Тэгээд хэсэг зуур юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь намайг нөгөө Базарвааньтай уулзаад байсан хоёр залуу бариад авсан “нөгөө залуу чинь хаашаа явчхав. Гэрийг нь заагаад өг” гээд зогсож байсан. Тэгээд би тэр хоёртой мэдэхгүй маргалдаад байж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. *******, Сандагдорж хоёр саатуулах байранд байхдаа ******* “Би чамайг цохичихсон юм уу” гэсэн чинь Сандагдорж “ Чи намайг цохичихсон ш дээ” гэсэн чинь Б.******* “би цохисноо санахгүй байна. Хоёулаа тохирчихоё“ гээд яриад байсан...Би тэр өдөр *******аас өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Намайг *******тай маргалдахаас өмнө миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С. Т, Н. нарын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 749 дугаартай дүгнэлт, мөн Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаартай дүгнэлтүүд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 270 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй талаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заажээ. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс ялагдагчаар татах хүртэл” тоолно гэдэг зохицуулалт нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлт байна. Шүүх шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн хөөн хэлэлцэх хугацааг “гэхэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ялагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг үндэслэн тоолсон нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хууль буруу буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэжээ. Шүүгдэгч Б.*******ыг 2019 оны 09 дүгээр сарын 30-нд гэмт хэрэг үйлдэхмөрдөгдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан байсан бөгөөд шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахаас өмнө дууссан байна. Иймд энэ талаар бичсэн Б.*******, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдүндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.*******ад холбогдох 1923001630113 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дхэсгийн 1.2 -т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баритлан шүүгдэгч Б.*******ад холбогдох 1923001630113 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Ж.БАТТОГТОХ