Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

 

 

 

Э.С-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02415 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э Э Э Э”  ХХК-д холбогдох,

 

Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, автомашиныг Э.С-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 32 474 761 төгрөг гаргуулах, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюун,

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр,

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э.С-о нь “Э Э Э Э”  ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 90-94 УБМ улсын дугаартай Бенз Жи эл эй 250 /Benz GLA250/ маркийн авто машиныг барьцаалан ЗГ-117110З дугаартай зээлийн гэрээ байгуулан 45 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, сар бүр зээлийн хүү болох 2 250 000 төгрөгийг, үндсэн зээл болох 45 000 000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүүгийн хамт төлж дуусгах нөхцөлтэйгөөр зээлж авсан. “Э Э Э Э”  ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг байгуулан 90-94 УБМ улсын дугаартай Бенз Жи эл эй 250 маркийн авто машины өмчлөх эрхийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Э Э Э Э”  ХХК шилжүүлэн авсан. Зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний хавсралт №1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд нийт 48 152 499 төгрөгийг зээлдүүлэгч “Э Э Э Э”  ХХК-д төлсөн. Зээлдүүлэгч “Э Э Э Э”  ХХК-аас зээлийн хүү 15 199 800 төгрөг, үлдэгдэл алданги 19 180 000 төгрөг, үндсэн зээл 38 360 000 төгрөг, нийт 72 739 800 төгрөг төл гэж мессеж ирүүлдэг байсан. Тухайн компанийн захирал н.Тамир гэх хүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дүү Х.Бат-Оюуны хамт очиж уулзахад өнөөдрийн байдлаар зээл, хүү, алданги нийлсэн 38 000 000 төгрөгийг төл, үгүй бол барьцаа хөрөнгө болох 90-94 УБМ улсын дугаартай Бенз Жи эл эй 250 маркийн авто машиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж хэлсэн. Э.С-ын зүгээс үлдэгдэл 10 347 501 төгрөгийг төлөөд барьцаа хөрөнгөө авахаар хандсан ч зээлдүүлэгч талаас үндэслэлгүйгээр 38 000 000 төгрөгийг төлөхийг шаардаж байгаа төдийгүй авто машиныг худалдан борлуулах үйлдэл гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Зээлдүүлэгч “Э Э Э Э”  ХХК нь хэдийгээр барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан хэдий ч барьцааны зүйлийг аливаа хэлбэрээр өмчлөх болон захиран зарцуулах эрхгүй юм. Учир нь талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх заалт барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэснийг зөрчиж, автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь хууль бус байна. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэсэн заалтын дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, авто машиныг нэхэмжлэгч Э.С-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С-ын “Э Э Э Э”  ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “Э Э Э Э”  ХХК нь Э.С-од 45 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №ЗГ-117110З тоот “Зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан. Мөн тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 90-94 УБМ улсын дугаар болон WDS1569461J108595 арлын дугаартай автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, мөн өдөр №ФГ-1171103 тоот фидуцийн гэрээг давхар байгуулсан. “Э Э Э Э”  ХХК нь барьцаалан зээл олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага буюу Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл олгох үйл ажиллагаа явуулдаг. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тус тус заасанчлан үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга буюу зөвхөн хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд л хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээгээр хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж байгаа нь зөвхөн үүрэг гүйцэтгэгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой ба нөгөө талаас үүрэг гүйцэтгэгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байдаг. Манай компанийн зүгээс ч мөн адил Э.С-отой 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-ндээ өмчлөл шилжүүлэх зорилгыг тодорхой зааж өгсөн байдаг ба энэ нь зөвхөн зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч машиныг эзэмшилдээ авч худалдан борлуулахаар заасан байдаг. Дээрхээс бусад зорилгоор “Э Э Э Э”  ХХК нь барьцааны зүйлийг ямар нэг байдлаар өмчлөх, захиран зарцуулах эрх эдлэхгүй болно. “Э Э Э Э”  ХХК болон зээлдэгч Э.С-о нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дууссан ч зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гэрээг сунгаж, зээлийн төлбөрийг буцаан төлөх боломжоор хангаж ирсэн. Гэтэл зээлдэгч Э.С-о нь өдийг хүртэл зээлийг эргэн төлөх үндсэн үүргээ зөрчсөөр байгаа төдийгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр фидуцийн гэрээг үндэслэлгүйгээр хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэл гаргажээ. Харин ч зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болон үүргээ зөрчсөнөөс зээлдүүлэгчид учирсан хохирлыг зээлдэгч Э.С-ын фидуцийн гэрээгээр зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн барьцааны зүйлээр хангуулах үндэслэлтэй байна. Иймд барьцаалан зээл олгох газрын хөдлөх эд хөрөнгө болох автомашиныг барьцаалах гол арга нь фидуцийн гэрээ байх бөгөөд үүнийг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №ЗГ- 1171103 тоот зээлийн гэрээний үүрэгт 32 014 561 төгрөг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 460 200 төгрөг, нийт 32 474 761 төгрөгийг гаргуулах, фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. “Э Э Э Э”  ХХК нь Э.С-од 45 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №ЗГ-1171103 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан. Мөн тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож мөн өдөр №ФГ-1171103 тоот фидуцийн гэрээг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу давхар байгуулсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь тохирсон хугацаанд үндсэн зээлийн төлбөрийг, хүү төлөхөөр тохиролцсон бол хүүгийн хамт буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч Эм эн эф эс ХХК нь гэрээнд заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Э.С-ын Хаан банк дахь дансанд 45 000 000 төгрөгийг шилжүүлж, бэлэн бусаар зээлийг олгосон хэдий ч хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн. Тодруулбал, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр үндсэн зээл болох 45 000 000 төгрөгийг буцаан төлөх ёстой байсан хэдий ч төлөөгүй. Үүнээс хойш бид удаа дараа зээлээ төлөхийг шаардахад зээлдэгч Э.С-о нь зээл төлөх хугацааг сунгахыг хүсэж 2018 оны 07 дугаар 14-ний өдөр хүртэл зээлийн хүүг төлж явсан. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Э.С-о манай байгууллага дээр ирж зээлийг цаашид яаж, хэрхэн төлөх талаар ярилцаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж үндсэн зээлийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар болсон тухайгаа албан ёсоор бичгэн хэлбэрээр илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан. Э.С-о нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 48 377 499 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс хүүнд 21 832 206 төгрөгийг /нийт 9 сар 23 хоногийн хүү/, үндсэн зээлд 18 330 293 төгрөгийг, алдангид 7 990 000 төгрөгийг тус тус төлжээ. Хариуцагч Э.С-ын зээлийн эргэн төлөлтийн тооцоог 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар бодож үзэхэд үндсэн зээл 26 669 707 төгрөг, үлдэгдэл алданги 5 344 854 төгрөг /алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн буюу 379 хоног* 133 348.54 төгрөг /1 хоногийн 0.5%/=50 539 096 төгрөг болсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үндсэн зээл болох 26 669 707 төгрөгөөс 50 хувиар бодсон ба төлсөн алданги 7 990 000 төгрөгийг хасахад 5 344 854 төгрөг алдангид үлдэж байгаа болно./ нийт 32 014 561 төгрөг байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Э.С-ын эзэмшил, ашиглалтад байлгахаар тохиролцсон ба харин зээлийн гэрээний хугацаа дууссан боловч үүргээ гүйцэтгээгүй арав хоносон тохиолдолд автомашины эзэмшил, ашиглалтыг зээлдүүлэгчид шилжүүлэхээр фидуцийн гэрээгээр тохиролцсон. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор буюу автомашиныг зээлдэгч эзэмшилдээ авахтай холбоотойгоор манай компанид тээврийн хэрэгслийг зөөвөрлөхөд 110 000 төгрөг, тээврийн хэрэгслийг хадгалалттай холбоотой гараашийн төлбөрт 348 000 төгрөг, автомашины лавлагаа авсан төлбөрт 2 200 төгрөг, нийт 460 200 төгрөгийн хохирол учраад байна. Иймд хариуцагч Э.С-оос 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №ЗГ- 1171103 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 014 561 төгрөг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 460 200 төгрөгийг гаргуулж, фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С-ын зүгээс “Э Э Э Э”  ХХК-д холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсгүүдэд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, автомашиныг Э.С-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм. Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ-1171103 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, сар бүр зээлийн хүү болох 2 250 000 төгрөгийг, үндсэн зээл болох 45 000 000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүүгийн хамт төлж дуусгах нөхцөлтэйгөөр зээлж авсан. Зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний хавсралт №1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд нийт 48 377 499 төгрөг төлсөн, зээлийн гэрээ өнгөрсөн хугацаанд нэг ч удаа сунгагдаагүй бөгөөд зээлийн хүү /гэрээний хугацаанд 13 500 000 төгрөг/ 13 500 000 төгрөг, үндсэн зээлд 34 877 499 төгрөгийг тус тус төлсөн. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ-1171103 дугаартай зээлийн гэрээний дагуу 45 000 000 төгрөгөөс 34 877 499 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлийн 10 122 501 төгрөгийн үлдэгдэлтэй тооцоо гарч байна. Иймд хариуцагчийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, илүү нэхэмжилсэн 22 352 260 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 9094 УБМ улсын дугаартай, WDC1569461J108595 арлын дугаартай, Бенз Жи эл эй 250 /Benz GLA 250/ маркийн автомашиныг нэхэмжлэгч Э.С-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч “Э Э Э Э”  ХХК-д даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Э.С-оос 27 582 207 төгрөгийг гаргуулан “Э Э Э Э”  ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 4 892 554 төгрөгийн шаардлага, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э Э Э Э”  ХХК-аас 382 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.С-од олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 390 530 төгрөгийн 390 524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч Э.С-оос 295 861 төгрөгийг гаргуулж хариуцагч “Э Э Э Э”  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Э.С-о болон “Э Э Э Э”  ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэж Э.С-оос 27 582 207 төгрөгийг гаргуулж “Э Э Э Э”  ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Э Э Э Э”  ХХК-ийг зээлдэгчээс алданги шаардах эрхгүй дүгнэсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад бичгээр гаргасан хариу тайлбарт нийт 48 377 499 төгрөгийг төлсөн, гэрээний хугацаанд төлөх ёстой байсан хүү 13 500 000 төгрөг, үндсэн зээлд 34 877 499 төгрөгийг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 10 122 501 төгрөг байгаа талаар тайлбарласан. Анхан шатны шүүхээс алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн атал 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш тодорхой хэмжээний алданги төлсөн байдаг. Алдангид төлсөн мөнгөний талаар маргаагүй. Анхан шатны шүүх  нэгэнт төлсөн алдангийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн нь дутагдалтай. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь сунгагдаж байгаагүй. Э.С-о нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлийн төлбөрийг барагдуулах тухай хүсэлт гаргасан. “Э Э Э Э”  ХХК хүсэлтэд цохолт хийснийг хараад гэрээг сунгагдсан гэж үзэх боломжгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрээр илүү тогтоосон 17 459 706 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү Э.С-ын зүгээс гараар бичиж өгөөд байгаа хүсэлт нь өөрийнхөө нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх талаарх өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлсэн хүсэлт байсан. Гэрээ сунгасан гэдэг нь ямар ч баримтаар тогтоогдохгүй байгаа, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  гэрээ сунгагдах байсан. Э.С-ын бичиж өгсөн хүсэлтэд энэ мөнгийг хүүгийн хамт төлөх талаар илэрхийлээгүй байгааг шүүх анхаараасай гэж хүсэж байна. Анхан шатны шүүх алданги шаардах эрхгүй гэж дүгнэчихээд өмнө төлсөн мөнгийг алдангид оруулж тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Э.С-о нь хариуцагч “Э Э Э Э”  ХХК-д холбогдуулан, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 90-94 УБМ улсын дугаартай Бенз Жи эл эй 250 маркийн автомашиныг Э.С-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 26 669 707 төгрөг, алданги 5 344 854 төгрөг, тээврийн хэрэгсэл зөөвөрлөх, хадгалах, лавлагаа авахад гарсан зардал 460 200 төгрөг, нийт 32 474 761 төгрөг гаргуулах, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, талууд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ-1171103 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Э Э Э Э”  ХХК нь 45 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай Э.С-од зээлдүүлэх, Э.С-о нь сар бүр зээлийн хүү 2 250 000 төгрөгийг, үндсэн зээл 45 000 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх48-50/

 

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр  Э.С-о нь  2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ-1171103 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн 90-94 УБМ улсын дугаартай, WDC1569461J108595 арлын дугаартай, Бенз Жи эл эй 250 маркийн автомашиныг “Э Э Э Э”  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, улмаар зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд “Э Э Э Э”  ХХК нь шилжүүлэн авсан эд хөрөнгийг үл маргах журмаар худалдан борлуулж хохирлоо гаргаж авахаар харилцан тохиролцсон байна. /хх/

 

Дээрх гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн өмчлөх эрх “Э Э Э Э”  ХХК-д шилжсэн болох нь хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хх-54, 60/ Харин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлсэн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хэмжээний талаар маргасан байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч гэрээний дуусгавар болсон хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэж тооцож, зээлдэгч Э.С-ын гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг 27 582 207 төгрөг гэж буруу тодорхойлсныг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Эм эн эс эф” ХХК компанид хүсэлт гаргах нь гэсэн баримтыг үнэлж, зээлийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгагдсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд нэг бичгийн баримт үйлдэж, гарын үсэг зурсан бол гэрээг бичгээр байгуулагдсан тооцдог. Нэхэмжлэгч Э.С-о нь хариуцагч байгууллагад хандан “2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тухайн өдрийн байдлаар хүү 3 750 000 төгрөг, алданги 7 200 000 төгрөг, үндсэн зээл 45 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлсөн 10 000 000 төгрөгөөс хүү 2 250 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 7 750 000 төгрөгийг үндсэн зээлд тооцуулах” тухай хүсэлт гаргасныг хариуцагч байгууллага хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн агуулгыг тусгаж, тэмдгээ дарсан байна. /хх53/ Уг гэрээнд гэрээний хугацааг сунгах тухай бус, төлбөрийн хэрхэн тооцох тухай заасан байхад бөгөөд талууд уг баримт бичгийг үйлдсэнээр гэрээний хугацааг сунгасан эсэх үйл баримтын талаар маргаж байгаа тохиолдолд уг хэлцлийн агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсгийн дагуу гэрээний бусад нөхцөл, гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан тодорхойлно. Уг хэлцлийн агуулгад гэрээг ямар хугацаагаар сунгасан, хүүгийн хэмжээг хэрхэн тооцох талаар тодорхой хүсэл зориг илэрхийлэгдээгүй тул 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дууссан зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэл зоригоо илэрхийлсэн, хүү төлөхийг тогтоосон хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд үндсэн зээл 45 000 000 төгрөг, түүнд ногдох 6 сарын хүү 13 500 000 төгрөг, нийт 58 500 000 төгрөгөөс зээлдэгч Э.С-ын эргэн төлсөн гэх талуудын маргаагүй үнийн дүн 48 377 499 төгрөгийг хасаж тооцвол 10 122 501 төгрөгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги 5 061 250 төгрөгийг нэмж, нийт 15 183 751 төгрөгийг хариуцагч зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хангагдсан шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон шаардлага тус бүрийн талаар давж заалдах гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02415 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...27 582 207...” гэснийг “...15 183 751...” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...295 861...” гэснийг “...233 869...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюун давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 245 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                     ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН