Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00996

 

Н.Соджаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01414 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2058 дугаар магадлалтай,  

Н.Соджаргалын нэхэмжлэлтэй

Глобал удирдагч дээр сургуульд холбогдох 

38,183,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч Н.Соджаргал, өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Соджаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Н.Соджаргал нь Глобал удирдагч дээд сургуулиас гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой учирсан хохирол гэх үндэслэлээр нийт 38,183,392 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гадаадад тэтгэлэгтэй суралцуулах үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгчийн гаргасан зардал түүнд өөрт нь зарцуулагдсан гээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.26-ны өдрийн 181/ШШ2020/01414 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 359 дүгээр зүйлийн 359.1., 367 дугаар зүйлийн 367.2.-т зааснаар хариуцагч Глобал удирдагч дээд сургуулиас хамт 3,088,306 төгрөг 10 мөнгийг хариуцагч Глобал удирдагч дээд сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх 35,095,085 төгрөг 90 мөнгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348,866.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 64,363 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 2058 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.26-ны өдрийн 181/ШШ2020/01414 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Глобал удирдагч дээд сургууль БСБ-д холбогдох, нийт 38,183,392 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Н.Соджаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Соджаргалаас төлсөн 333,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Глобал удирдагч дээд сургууль БСБ-аас төлсөн 64,363 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгч Н.Соджаргал, өмгөөлөгч Д.Мөнхтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тухайн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудад тулгуурлаж иргэний эрх зүйн харилцааны объектод /үйл баримтанд/ бодитой дүгнэлт хийгээгүй. Учир нь Н.Соджаргал би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа АНУ руу явах болсон шалтгаан, тус улсын Айво Веслиан их сургуультай хэрхэн яаж холбогдсон, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Глобал удирдагч дээд сургууль, Айво Веслиан их сургуульд хоорондын харилцаа зэргийн талаар тодорхой дурдсан. Надад хэн нэгэн хувь хүн, хуулийн этгээд, байгууллагаас ор үндэслэлгүйгээр мөнгө төгрөг нэхэх ёс зүй хийгээд, амьдралын шаардлага, шалтгаан байхгүй.

Өөрөөр хэлбэл би амьжиргаа, амьдралын мөр хөөж, цагаачлах, хууль бусаар ажиллаж, амьдрахаар АНУ руу яваагүй, зөвхөн Глобал удирдагч дээд сургуульд суралцаж, тэдний сургуулиас гаргасан 1+1 хөтөлбөрийн дагуу, хамтын ажиллагаатай гэх Айво Веслиан сургуулийнх нь Бизнесийн удирдлагын ангид нь суралцахаар очсон. Миний бие АНУ руу энэ сургуульд суралцана гэж явахаас өмнө ТВ-5 телевизэд Гадаад харилцааны даргаар ажиллаж байсан бөгөөд Глобал удирдагч дээд сургуульд суралцах, энэ сургуулийн 1+1 хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан нь миний цаашдын ажлын карьерт нөлөөлнө гэсэн хүсэл зорилго, эрмэлзэл байсан болохоос биш дээр дурдсан шиг амьдралын мөр хөөж гэр бүл, үр хүүхдүүдээ орхиж гадны улс руу яваагүй. Харин Глобал удирдагч дээд сургууль, түүнтэй хамтын ажиллагаатай гэх Айво Веслиан их сургуулиудын буруу мэдээллийн дагуу гадны улсад очсоноор санаж төлөвлөсөн бүх зүйл эсрэг эргэж, би санхүү мөнгөний асуудалд орсон.

Энэ бүгдээс үзэхэд Глобал удирдагч дээд сургууль яагаад заавал АНУ-ын нэгэн их сургуулийг онцолж иргэдийг сургалтад хамруулах болов? Сургалтдаа хамруулахын тулд яагаад заавал 90%, 100% гэх мэтээр тэтгэлэг амлах болов? гэсэн асуулт, эдгээрийн хоорондын шалтгаант холбоо үүсч байгаа юм. Хэрвээ Глобал удирдагч гэгч дээд сургууль нь ийм хөтөлбөр хэрэгжүүлж, танилцуулга хийгээгүй байсан бол, улмаар гэрээндээ шууд зааж тусгаагүй боловч тэтгэлэгт хамруулна, ... очиход миний хүссэн чиглэлийн сургалттай Бизнесийн удирдлагын анги байгаа гэж итгүүлээгүй байсан бол надад аль аль сургуульд нь /Монголд болон АНУ-д/ суралцах шаардлага байгаагүй бөгөөд энэ бүгд нь намайг төөрөгдөлд оруулсан хэлбэр гэж үзэж байна.

Үүнийг нотлох энгийн нэг баримт нь намайг АНУ руу явахаас өмнө Глобал удирдагч дээд сургуулийн захирал Б.Отгонбат нь надтай хамт UBS телевизийн кофе юу цай юу, нэртэй нэвтрүүлэгт оролцож Америкт 100% тэтгэлгээр суралцах бакалавр, магистрын хөтөлбөрийн талаараа ярилцлага өгч байсан болно. Мөн Глобал удирдагч дээд сургуулийн захирал Б.Отгонбат нь Монгол Улс дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яаманд виз хүсэн Глобал удирдагч дээд сургуулийг төлөөлөн албан тоотыг үйлдсэн болно. Энэхүү албан тоотын утга нь Н.Соджаргал нь тус сургуулийн 1+1 хөтөлбөрт хамрагдан 90 хүртэлх хувийн тэтгэлэгтэйгээр хамтын ажиллагаатай гэх Америкийн нэгдсэн улсын Iowa Wesleyan их сургуульд суралцахаар явж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэсэн утга бүхий албан тоотыг өгч байсан болно.

Үүнээс гадна Глобал удирдагч дээд сургуулиас гаргасан ... Наваанданзан овогтой Соджаргал нь Глобал удирдагч дээд сургуульд 2017 оноос 2018 оны хичээлийн жилд Бизнесийн удирдлага мэргэжлээр магистрын 1-р курсийг нийт 28 кредит суралцаж, Америкийн Нэгдсэн Улсын Iowa Wesleyan их сургуульд 90 хувийн тэтгэлэгтэй шилжин суралцаж байгаа нь үнэн болно" гэсэн тодорхойлолтонд аль ч шатны шүүхийн шийдвэр /анхан, давж заалдах/ нь дүгнэлт хийж үгүйсгээгүй болно. Аливаа байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас гаргаж буй албан бичиг, тодорхойлолт нь тухайн үйл баримтыг нотлох нотолгооны эх сурвалж болдог бөгөөд Гүйцэтгэх захирал О.Амарцэнгэл гэсэн гарын үсэг, аж ахуйн нэгжийн тамга тэмдэг бүхий дээрх тодорхойлолтыг хэн нэгэн этгээд хуурамчаар үйлдээгүй.

Гэтэл шүүх хэргийн үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг бүрэн гүйцэт шинжлэн судалж, харьцуулан бодитой дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна. Зөвхөн өөрийн сургуулийн үйл ажиллагаа, ашиг олохын тулд ийм байдлаар бусдыг төөрөгдөлд оруулж байгаа нь нэхэмжлэгч Н.Соджаргал надад гэлтгүй бусад иргэдэд хохиролтой байх болов уу.

4.2 Давж заалдах шатны шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо мөн л хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судалж, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гол үндэслэлээ ... Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж буруу тодорхойлсон гэсэн нь хууль хэрэглээний асуудал болохоос биш шүүхийн шийдвэрийг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...хариуцагч нь нэхэмжлэгчийг гадаад улсад тэтгэлэгтэйгээр суралцуулахаар ямар нэгэн ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн нь ... хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж, ... талууд 2017.10.28-ны өдөр М24/2017 тоот Магистрын сургалтын гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Глобал удирдагч дээд сургууль нь Н.Соджаргалд магистрын зэрэг эзэмшүүлэх, Н.Соджаргал нь сургалтын төлбөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Энэхүү гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг гадаад улсад 90 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулах үүргийг хүлээгээгүй байна. Гэрээний 4.9-д Магистрант онцлох амжилт гаргах, сургуульд бусад сургалтад үргэлжлүүлэн болон зэрэгцэн суралцах тохиолдолд сургууль сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, тэтгэлэг олгож болно хэмээн заасан нь оюутан тухайн Глобал удирдагч дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах, зэрэгцэн суралцах тохиолдолд хөнгөлөлт үзүүлэх, эсхүл тэтгэлэг олгох эсэхийг сургууль өөрөө шийдэх агуулгатай байна. Өөрөөр хэлбэл өөр улсын сургуульд тэтгэлэгтэй суралцуулах үүрэг хүлээсэн агуулгагүй байна гэж тус тус дүгнэснийг нэхэмжлэгч би хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь, Глобал удирдагч дээд сургуулийн 1+1, 1+3 гэх мэт сургалтын хөтөлбөрүүдийн гол зорилго, агуулга нь суралцагч /оюутан/ эхний нэг жилдээ Глобал удирдагч дээд сургуульд суралцах, дараа жилээс нь хамтын ажиллагааны гэрээтэй аль нэг улсын их сургуульд үргэлжлүүлэн суралцах эрх нээгдэнэ гэсэн агуулгатай юм. Тийм ч учраас миний бие уг хөтөлбөрийнх нь дагуу Глобал удирдагч дээд сургуулийг сонгон 1-р курстээ суралцаж, үргэлжлүүлэн 2-р курстээ Глобал удирдагч дээд сургуулийн хамтын ажиллагааны гэрээтэй АНУ-ын Айво Веслиан их сургуульд тэдний гурван нөхцөлийг хүлээн зөвшөөрч сонгосон. Үүнд 1-рт 90 хувийн тэтгэлэгтэй, 2-рт бизнесийн удирдлагын анги байгаа, 3-рт 1+1 хөтөлбөрийн зорилго болох 1 курстээ судалсан 28 кредит шилжин тооцогдоно гэсэн нөхцөлүүд байсан. Энэ дагуу ч АНУ-ын Айво Веслиан их сургуулиас F1 буюу урилга ирсэн байдаг. Гэтэл АНУ-ын Айво Веслиан их сургуульд зардал гарган очтол бизнесийн удирдлагын анги тухайн сургуульд угаасаа байхгүй болж манлайллын удирдлагын ангид суралцах боломжтой болж, ийнхүү суралцах мэргэжил өөрчлөгдсөнөөс болж Глобал удирдагч дээд сургуульд 1-р курст суралцсан 28 кредитийн 9 кредит л шилжих болсон. Тухайн сургуулийн вэбсайт руу ортол угаасаа гадаадын болон тухайн улсын оюутан 1 кредитийн төлбөр 485 доллар байсан, өөрөөр хэлбэл урилгад тэтгэлэгтэй гэж санал болгосон сургалтын төлбөр үнэндээ тэтгэлэггүй байсан. Энэ байдлыг нотлохоор тухайн сургуулийн сайтад үзлэг хийлгэсэн болно.

Харин ч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үгүйсгээд байгаа Гэрээний 4.9-д заасан, сургуульд бусад сургалтад үргэлжлүүлэн ... суралцах тохиолдолд сургууль сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, тэтгэлэг олгож болно гэсэн зохицуулалт нь надад хамааралтай зохицуулалт юм. Хэрэв Гэрээний энэ зохицуулалтыг надад болон Глобал удирдагч дээд сургууль, АНУ-ын Айво Веслиан их сургуулийн аль алинд харилцан хамааралгүй гэж үзэж байгаа бол Глобал удирдагч дээд сургуулийн 1+1, 1+3 гэсэн хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжих байсан бэ?, хөтөлбөрийн үр дүнг хэрхэн дүгнэх байсан бэ? гэсэн асуултууд урган гарна.

Давж заалдах шатны шүүхээс Глобал удирдагч их сургууль болон АНУ-ын Айво Веслиан их сургууль нар 2017.09.15-ны өдөр хэлцэл хийж, хоёр сургууль оюутан солилцоо, боловсон хүчин солилцоо, шинжлэх ухааны материал, хэвлэлийн солилцоо, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний уулзалт зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцжээ. Уг хэлцэл нь бие даасан гэрээний шинжгүй, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгаагүй, хоёр талын цаашид хамтран ажиллагаа явуулах агуулгатай санамж бичиг байна. Дээрх АНУ-ын Айво веслиан их сургуулийн нэрийн өмнөөс бусадтай хэлцэл хийх, түүний нэрийн өмнөөс тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах эрхийг Глобал удирдагч дээд сургуульд олгоогүй байгааг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмнө тухай сургуулийн нэрийн өмнөөс үүрэг хүлээсэн баримт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь Глобал удирдагч дээд сургуулийн Гүйцэтгэх захирал О.Амарцэнгэлийн гаргасан Наваанданзан овогтой Соджаргал нь Глобал удирдагч дээд сургуульд 2017 оноос 2018 оны хичээлийн жилд Бизнесийн удирдлага мэргэжлээр магистрын 1-р курсийг нийт 28 кредит суралцаж, Америкийн Нэгдсэн Улсын Iowa Wesleyan их сургуульд 90 хувийн тэтгэлэгтэй шилжин суралцаж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолттой зөрчилдөж байхаас гадна хэрэв давж заалдах шатны шүүхээс дүгнэсэнчлэн Санамж бичиг" юм бол энэхүү Санамж бичиг-ийг суралцагч нарт зориулсан сургалтдаа ашиглах шаардлагагүй байсан гэж үзэх үндэслэлийг бий болгоно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх АНУ-ын Айво Веслиан их сургуулийн танилцуулгыг суралцагч нарт танилцуулсан нь зохигчдын хооронд байгуулсан гэрээ гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү танилцуулга нь нийтэд мэдээлэл өгөхөд зориулагдсан шинжтэй баримт байна гэж дүгнэж байгаа нь эрх зүйн аливаа маргаанаас үүдэн гарах үр дагавар, гэм хорын хохирлыг дутуу үнэлсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлнэ. Энэ нь бусдын танилцуулгыг өөрсдийн бизнесийн ашиг олох хэрэгсэл болгож болохгүй гэсэн санаа юм.

Нөгөөтээгүүр давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, эсхүл хэрхэн үгүйсгэсэн талаараа огт дүгнэлт хийгээгүй болно. Жишээ нь: Нэхэмжлэл гаргагч Н.Соджаргал яагаад АНУ руу явах болов?, түүнд АНУ-ын виз олгогдох ямар хүчин зүйл байв?, яагаад заавал АНУ-ын Айво Веслиан гэх их сургуульд очиж суралцах болов?, Глобал удирдагч дээд сургууль, Айво Веслиан их сургууль хоорондын хамтран ажиллах гэрээний зорилго юу байв? гэх мэт үйл баримтуудад шүүх бодитой дүгнэлт өгч чадсангүй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн этгээд өөрийн хүсэл зоргоор АНУ руу зорчих боломжгүй гэдэгт, тухайн улсад очсон тохиолдолд заавал ч үгүй Айво Веслиан гэх их сургуулийг сонгож суралцах болсон гэдэгт бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүйг харуулж байна.

Иймд нэхэмжлэгч Н.Соджаргал миний гомдлыг хүлээн авч, нотлох баримтуудад тулгуурлаж шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч Н.Соджаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч Н.Соджаргал нь хариуцагч Глобал удирдагч дээд сургуульд холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 38,183,392 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...энэ сургуулийн 1+1 хөтөлбөрийн дагуу нэг жил суралцаж байгаа оюутанд үлдсэн нэг жилийг хамтран ажилладаг АНУ-ын Айво Веслиан сургуульд 90 хувийн тэтгэлгээр суралцахаар тохиролцсон. ... сургалтын гэрээний 4.9 дэх заалт энэ тухай зохицуулсан. ... сургууль үүргээ зөрчсөнөөс хохирол учирсан ... гэж тайлбарлаж байна. 

7. Хариуцагч Глобал удирдагч дээд сургууль нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Н.Соджаргал бизнесийн удирдлагын магистрын ангил элсэн 1.5 жил суралцаж дипломоо авсан, ... сургууль гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дуусгавар болгосон. Энэ гэрээ зөвхөн Монголд суралцах харилцааг зохицуулна. Гадаадын сургууль манайхаас материалыг нь илгээсэн оюутныг судалж үзээд хэдэн хувийн тэтгэлэг өгөх эсэхээ өөрөө шийддэг. Тэтгэлэг авсан оюутнуудтай магистрын Монгол дахь гэрээнээс гадна оюутан солилцооны гэрээ тусад нь байгуулдаг. ...Н.Соджаргал оюутны тэтгэлэгт хамруулах тухай гэрээ байгуулаагүй, журамтай танилцаагүй гэж маргаж байна.  

8. Анхан шатны шүүх нийт нэхэмжлэлийн дүнг зардал ба хохирлын утга тус бүрээр дүгнэж, зохигчдын хооронд байгуулсан сургалтын гэрээний 3.2.1, сургалтын зардалд хамаарах 1105 ам доллар /1105*2671.8 (ам доллартай харьцах албан ханш)/, дүнгийн жагсаалтыг Монгол шуудан компаниар илгээхэд гарсан 135,945 төгрөг, нийт 3,088,306 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас АНУ-д зорчих зөвшөөрлийн төлбөр160 ам.доллар, оюутны заавал төлөх төлбөр 200 ам.доллар, дипломын үнэлгээний 205 ам.доллар, АНУ-аас ирж, очсон тийзний төлбөр 250 ам.доллар болон 2,500,000 төгрөг, сургалтын зардлын зөрүү 4655 ам.долларт холбогдох хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд зохигчдын хооронд үүссэн харилцаа Глобал удирдагч дээд сургуульд эдгээр зардал, төлбөрийг хариуцах үүрэг бий болгоогүй, зохигчдын хооронд гадаад улсад тэтгэлэгтэй суралцуулах тохиролцоо хийгдсэн болох нь тогтоогдсонгүй гэж дүгнэжээ.  

10. Нэхэмжлэгч Н.Соджаргал анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргахдаа талуудын хооронд 2017.10.28-ны өдөр байгуулсан гэрээг маргаан бүхий харилцааг зохицуулах зорилготой гэрээ гэж тайлбарлаж байх боловч энэ талаар давж заалдах шатны шүүхээс өгсөн дүгнэлт буюу Глобал удирдагч дээд сургууль нь Н.Соджаргалд магистрын зэрэг эзэмшүүлэх, Н.Соджаргал нь сургалтын төлбөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний нийтлэг үндэслэлийн хэсэгт 1+1 гэх тэмдэглэгээг хийсэн нь тус гэрээгээр суралцагч аливаа этгээдийн өмнө хамтын ажиллагаа бүхий гадаадын сургуульд суралцах тэтгэлэг олгох, эсхүл тэдгээр сургуулиас тэтгэлэг олгохыг зөвшөөрсөн гэж үзэх хангалттай нотолгоо биш. Иймд энэхүү гэрээ нь талуудын дотоодод суралцахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулахад чиглэгдсэн, гадаадад суралцах харилцааг зохицуулахгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

11. Нэхэмжлэгч Н.Соджаргал маргаан бүхий гэрээний 4.9 дэх заалтыг, түүнийг АНУ-ын Айво Веслиан их сургуульд сонгосон мэргэжлээрээ магистрын зэрэг эзэмшихээр суралцахад сургалтын зардлын 90 хувийг төлөх тэтгэлэг олгох үүргийг Глобал удирдагч дээд сургууль хүлээсэн болохыг илэрхийлэх зохицуулалт гэж тайлбарлаж байх ба анхан шатны шүүх уг заалтыг үндэслэн сургалтын зардлаас 1105 ам.долларыг Глобал удирдагч дээд сургууль хариуцах ёстой гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх уг заалт нь ... оюутан тухайн Глобал удирдагч дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах, зэрэгцэн суралцах тохиолдолд хөнгөлөлт үзүүлэх, эсхүл тэтгэлэг олгох эсэхийг сургууль өөрөө шийдэх агуулгатай гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу гэрээний дээрх заалтын үгийн шууд утгаас аль нэг өөр сургуулийг заасан, тэр дундаа гадаад улсын аль нэг сургуулийг заасан гэж үзэх, улмаар тэдгээр сургуулийн сургалтын зардлын тэтгэлэг, хөнгөлөлтийн асуудлаар нөхцөл заагаагүй үүргийг сургууль өөртөө үүсгэсэн гэж үзэхээргүй байна. Иймд маргаан бүхий гэрээний заалтыг тайлбарласан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

12. Түүнчлэн Н.Соджаргал нь 90 хувийн тэтгэлэгтэй суралцахаар АНУ-ын Айво Веслиан их сургуульд явж байгаа тухай Глобал удирдагч дээд сургуулиас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ... байгууллагад гаргасан тодорхойлолтыг Н.Соджаргалын сургалтын төлбөрийн 90 хувийг албан бичиг илгээсэн сургууль хариуцах тухай амлалт, зохигчдын хооронд энэ талаар байгуулсан, тэтгэлэг төлөх үүрэг хүлээсэн хэлцэл гэж дүгнэх нь учир дутагдалтай. Тодруулбал, дотоод ба гадаадын их дээд сургуулийн сургалтын төлбөрийн зонхилох хэсгийг төлөх үүргийг өөртөө хүлээсэн хувийн ба нийтийн эрх зүйн байгууллагаас зарлах тэтгэлгийн хүлээн зөвшөөрөгдсөн, эсхүл заншсан журам ёсоор тэтгэлэг хүртэгч нь харьцангуй нарийвчилсан болзол шаардлага хангасан байх, үе шаттайгаар шалгуурыг давах, тэнцэх замаар хамрагдах нь нийтлэг бөгөөд таамаглах боломжтой, зүй ёсны нөхцөл тул дээр дурдсан агуулга бүхий тодорхойлолт энэ бүх нөхцөл байдлыг дангаар илтгэнэ гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд Наваанданзан овогтой Соджаргал нь Глобал удирдагч дээд сургуульд 2017 оноос 2018 оны хичээлийн жилд Бизнесийн удирдлага мэргэжлээр магистрын 1-р курсийг нийт 28 кредит суралцаж, Америкийн Нэгдсэн Улсын Iowa Wesleyan их сургуульд 90 хувийн тэтгэлэгтэй шилжин суралцаж байгаа нь үнэн болно гэж дурдсан албан тодорхойлолтоор АНУ-ын Айво Веслиан их сургуулийн сургалтын төлбөрийн 90 хувьтай тэнцэх тэтгэлгийг дотоодын сургуулиас хариуцахаар зөвшөөрсөн нь нотлогдоно гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар тодорхойлолт, албан бичиг гаргаж өгсөн нь Н.Соджаргалаас АНУ-ын Элчин сайдын яамнаас виз хүсэх, АНУ-д сурахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үйлдэгдсэн баримт гэж үзнэ гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзлээ.

 

13. Суралцагч нь Айво Веслиан их сургуульд очих үедээ сургалтын тэтгэлгийг тус сургуулиас хариуцна гэх ойлголттой байсан талаараа тайлбарлаж байх ба Глобал удирдагч дээд сургуулийн магистрын хөтөлбөрт хамрагдаж, кредитийн болон англи хэлний тодорхой шалгуур хангаснаар АНУ-ын Айво Веслиан их сургуулийн сургалтын төлбөрөөс 90 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар маргалдагч талуудын хооронд хууль зүйн хүчин чадалтай эрх үүрэг үүссэн гэх эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй, аливаа сургуулиас тавигдах тэтгэлгийн болон сонгон суралцах ангийн талаарх мэдээллийг гадаадад суралцахуйц хэлний мэдлэг эзэмшсэн хэн ч болов гуравдагч этгээдээс хамааралгүйгээр үнэн зөвөөр урьдчилан олж авах боломжтой тул энэ талаар төөрөгдөх нь суралцагчийн хэт болгоомжгүй хэлбэр гэж дүгнэн зохигчдын хооронд үүрэг үүсээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв. 

14. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судалж, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй гэх агуулгатай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2058 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Соджаргал, өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Соджаргалаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 348,867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ                        Д.ЦОЛМОН

 ШҮҮГЧИД                          Н.БАЯРМАА

                                            П.ЗОЛЗАЯА

                                            Б.МӨНХТУЯА

                                            Х.ЭРДЭНЭСУВД