Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0300

 

М.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч М.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0196 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Э-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0196 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  М.Э-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан бүх хугацааны хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Б-т холбогдох хэсгийг захиргааны байгууллага дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж   шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж миний эрхийг ноцтой зөрчсөн. Учир нь би шүүхэд маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий  хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй бөгөөд тус хуулиар эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдэд тодорхой хугацааны өмнө мэдэгдэж, өөрөөс нь тайлбар авахыг хуульчилсаар байхад миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул тус актыг хүчингүй болгож өгөх нэхэмжлэл гаргаж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн тохиолдолд цалин хөлсөө нэхэмжлэх, сонгон шалгаруулалтад тэнцээгүй тохиолдолд нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэж байна. Шүүх миний ажиллаж байсан орон тоог хасагдаагүй, хариуцагчийн тайлбар нь нотлогдохгүй, үндэслэлгүй гэх мөртлөө цалин нэхэмжлэх эрхгүй гэж байгаа нь хуулийг мэдэхгүй байгаа гэж ойлгогдоно. Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан гэж хариуцагчийн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй,...томилуулах шаардлага гаргаж байгаа нь биелэгдэх боломжгүй байна” гэсэн зөрчилтэй дүгнэлт хийж шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, хавтаст хэрэгт байх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлах, түүнд үндэслэж шийдвэрийг гаргадаг байхад шүүх миний ажлын байрыг хасагдаагүй юм гэж дүгнээд тэрхүү ажилд нь эгүүлэн томилох боломжгүй гэж байгаа нь хуульч хүн хүртэл ойлгохгүй шийдвэр болжээ. Шүүх ажилд эгүүлэн томилуулах боломжгүй гэж дүгнэх боловч хариуцагч байгууллага намайг халахаас өмнө, хойш миний ажиллаж байсан хэлтэс, энэ байгууллагад олон орон тоонд шинээр албан хаагчид томилогдон хууль бусаар томилсоор байхад шүүх миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж болох байсан. Мөн шүүх захиргааны актыг 3 сараар түдгэлзүүлсэн боловч миний бие сонгон шалгаруулалтад ороход хасагдах нь тодорхой. Ингээд дахин шүүхэд гомдол гаргах гээд эцэс төгсгөлгүй шүүхийн асуудлаас болж хөдөлмөрлөх эрхийг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэж чадахгүй байна. Улсын дээд шүүхийн тогтоолд “...нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэхийг заалгүй орхигдуулсан” гэж дүгнээд хэргийг анхан шатанд буцааж байхад дахин 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж байгаа нь шүүх урьд гаргасан шийдвэрээ 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ямар ч ялгаагүй байдлаар шийдвэр гаргаж байгаа нь Улсын дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн асуудалд дүн шинжилгээ хийгээгүй хэргийг яг адилхан зарчмаар шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаар байна. Миний үндсэн ажил хяналт, шинжилгээний мэргэжилтэн бөгөөд тухайн байгууллагын үйл ажиллагааны бодлогын баримт бичигт хяналт, шинжилгээ хийж холбогдох зөвлөмжийг албан тушаалтанд тухай бүр гарган өгч ажилладаг албан тушаал буюу энэ чиг үүрэг хариуцагч байгууллагад байгааг Б.Б-ийн ажлын байрны тодорхойлолтод урьд байсан хэвээрээ батлагдсан байхад шүүх энэ чиг үүрэг хаачсан талаар дүгнэж чадахгүй, ямар хуулийн заалтыг хэрэглэх талаар мэдэхгүй, хуулийг бодит нөхцөл байдалтай шалтгаант холбоогоор дүгнээгүй, ажлаас халах болсон нийслэлийн Засаг даргын 2016 оны ажлын хэсгийн зөвлөмжийг мөн дүгнээгүй зэрэг нь үндэслэл бүхий хууль ёсны шийдвэрлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/86 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ч хамгийн сүүлд буюу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2 дугаар хавсралтаар урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах”-ыг хүсчээ.

Шүүх нэхэмжлэгчийн дээрх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч нь “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж зохих бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлагаа “Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагатайгаа холбогдуулж гаргасан байхад “Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай холбож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад “Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Б-т холбогдох хэсгийг захиргааны байгууллага дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн”, нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр “шинэ бүтцээр нэгтгэсэн ажлын байранд томилогдох ёстой байсан” гэж тодруулсан байхад “нэхэмжлэгчээс томилуулахыг хүссэн албан тушаал шинэчлэн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй” гэж дүгнэсэн зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн алдаа гаргасан байх бөгөөд хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүй үүднээс давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаал гарч, уг тушаалын 1 дүгээр хавсралтаар Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж “Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч М.Э, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан Б.Б нарын албан тушаал, ажлын байрны чиг үүргийг нэгтгэж “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрыг бий болгосон байх ба энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т  “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан зохицуулалт хэрэглэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтнаас тусгайлсан ажлын хэсэг томилж дүгнэлт гаргуулан, ажлын байрны тодорхойлолтоор адил чиг үүрэг бүхий 2 мэргэжилтний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа 1 мэргэжилтнийг шалгаруулж авах үүрэгтэй.

          Хэдийгээр хариуцагч талаас гаргасан тайлбартаа М.Э, Б.Б нарын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг харгалзаж шийдвэрлэсэн гэсэн ч тухайн үед шалгаруулалт явуулсан нь нотлогдоогүй, гагцхүү үр дүнгийн гэрээний үнэлгээг харгалзан харьцуулалт хийснийг “тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг” шалгаруулсан гэж үзэх боломжгүй.

          Ийнхүү хариуцагч нь хуульд заасан үүргээ зөрчиж шалгаруулалт явуулалгүйгээр нэхэмжлэгч М.Э-ыг чиг үүрэг нь шилжсэн албан тушаалд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т  заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангах үндэслэлтэй.

Харин шинэчлэн батлагдсан “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд гуравдагч этгээд Б.Б томилогдон ажиллаж байгаа, тэрээр нэхэмжлэгчийн адил төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрх бүхий этгээд учир түүний ажиллаж байгаа ажлын байранд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоохыг даалгах нь Төрийн албаны тухай хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчигдөхөөр байна.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан “шүүх ажлын байрыг хасагдаагүй гэж дүгнээд тэрхүү ажилд нь эгүүлэн томилох боломжгүй гэсэн нь буруу” тухай гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд харин хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулан “шалгаруулалт явуулах”-ыг даалгаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашгийг хамгаалах, сэргээн тогтоох ач холбогдолтой болно.

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар М.Эыг урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон тул “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн шаардлагыг хангах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага хангагдаагүй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор” гэж үзэх боломжгүй ч Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө хохиролд тооцон шаардах эрхтэй гэж үзнэ.

Хохирлын хэмжээг нэхэмжлэгчийн урьд ажиллаж байхдаа авч байсан үндсэн цалин 545.107 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 11 сар 12 хоногоор тооцож 6.207.186 төгрөг /545.107х11сар=5.996.177, 545.107:31х12хоног=211.009/-өөр тогтоосон бөгөөд хоолны болон тээврийн хөлсөнд олгодог нэмэгдэл цалинг тухайн хугацаанд нэхэмжлэгч ажил үүрэг бодитоор гүйцэтгээгүй тул хохиролд тооцох боломжгүй.

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохдоо хариуцагч нь урьд олгосон нэг удаагийн тэтгэлэгийг суутган тооцох эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоос “шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, цалин нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь буруу” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, эс үйлдэхүйтэй холбоотой маргасан гэх үндэслэлээр “сонсох ажиллагаа явуулаагүй” тухай гомдлыг, хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр “нийслэлийн Засаг даргын 2016 оны ажлын хэсгийн зөвлөмжийг дүгнээгүй” тухай гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтад баримталсан “106.1, 106.2, 106.3.11” гэснийг “106.3.4, 106.3.7, 106.3.13” гэж, 1 дэх заалтыг “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-ын нэхэмжлэлээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэний албан тушаалд М.Э, Б.Б нарыг хуульд зааснаар шалгаруулан томилохыг болон захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд 6.207.186 /зургаан сая хоёр зуун долоон мянга нэг зуун наян зургаа/ төгрөг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай” гэж, 2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                 ШҮҮГЧ                                                     Д.БААТАРХҮҮ

                                 ШҮҮГЧ                                                    Э.ЗОРИГТБААТАР  

                                 ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН