Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2

 

 

Д.Т, П.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 621 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 913 дугаар магадлалтай, Д.Т, П.Л нарт холбогдох 1806 0406 71110 дугаартай эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овгийн Д. Т нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “Их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, З овгийн П. Л нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Т-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, П.Л-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

уг ялыг 2019 оны 12 дугаар сарын 1-ний дотор төлүүлэх,Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний дотор төлүүлэхээр тус тус тогтоож,

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Л.Н-н нэр дээр бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн М.Н-д олгохыг Баянгол дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-аас 15.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Т-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б гаргасан гомдолдоо: “Д.Т-ыг гэм буруутайд тооцож ял оногдуулсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг шийтгэх тогтоол болон магадлалаар нэг мөр шийдвэрлээгүй орхигдуулсан нь үндэслэлгүй болсон.

Д.Т нь Алтан Эг ББСБ-аас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээл авсан бөгөөд тухайн үед зээлийн барьцаа болох гэмт хэргийн замаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж 59/2 дугаар байрны 29 тоот хаягт орших 65 м.кв талбайтай орон сууц нь түүний өмчлөлд байсан. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000472455 дугаартай 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр олгосон гэрчилгээгээр бүрэн нотлогдоно.

Дээр дурдсан үл хөдлөх эрх хөрөнгө өмчлөх тухай эрхийн гэрчилгээ нь хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр бүхий үнэт цаас байсан тул Алтан Эг ББСБ-аас тухайн орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь аливаа хууль зөрчөөгүй үйлдэл юм. Тиймээс өнөөдрийг хүртэл Д.Т, А.Б нартай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа болно.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Т, иргэний хариуцагч А.Б нар Алтан-Эг ББСБ-аас зээл авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд иргэний хариуцагч А.Б өөрт ноогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 16.536.517 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин Д.Т нь зөвхөн нэмэгдүүлсэн хүүнд маргаантай гэсэн байхад иргэний нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхээс Л.Н-н нэр дээр бүртгэлтэй Алтан-Эг ББСБ-ын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан орон сууцны өмчлөх эрхийг Иргэний хуулийн ямар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй гэж үзэж байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, зээлийн гэрээний дагуух төлбөрийг төлөөгүй, түүний санхүүгийн чадвар торгуулийн ял шийтгэл биелүүлэх боломжтой эсэхийг харгалзан үзэхгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэлийг шийдвэрлээгүй нь хууль бус болсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Насанбат хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийн асуудал дээр хэлэх зүйл байхгүй байна. Харин хохирлын асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэхдээ энэ талаар тогтоох хэсэгт дурдаагүй нь буруу байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Т, П.Л нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Д.Т нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэн М.Н-с “Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 59/2 байрны 29 тоот 65 м.кв, 3 өрөө орон сууцыг 65.000.000 төгрөгөөр худалдаж авна” гэж хуурч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж 65.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Л нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Д.Т-аас “байрны урьдчилгаанд өгөөрэй” гэж итгэмжлэн хариуцуулсан 15.000.000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар,  шүүгдэгч П.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн тэдгээрийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Т-т 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Л-д 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

Харин шүүгдэгч Д.Т нь хохирогч М.Н-н эх Т.Т-н нэр дээр бүртгэлтэй орон сууцыг 65.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн уг орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 12-нд өөрийн нэр дээр шилжүүлж, улмаар “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, авсан зээлээ төлж чадахгүй болмогц хохирогч М.Н-д мэдэгдэхгүйгээр уг орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 29-нд “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Л.Н-н нэр дээр шилжүүлсэн болох нь хохирогч М.Н-н мэдүүлэг /хх-24/, гэрч Т.Т-н мэдүүлэг /1хх-33/, орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ, /1хх-89, 105/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /1хх-90, 106/, үл хөдөлөх эд хөрөнгийн лавлагаа /1хх-108/ болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдсон байхад тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч Т.Т-н өмчлөх эрхийг сэргээхгүйгээр, уг орон сууцыг хохирогч М.Н-д шилжүүлж бүртгэхийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллага нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй бөгөөд Д.Т, А.Б нартай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах  нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 621 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Л.Н-н нэр дээр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн Y2205061319 тоот гэрчилгээтэй Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 59/2 дугаар байрны 29 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Т.Т-д олгохыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний нэхэмжлэгч “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллага нь Д.Т, А.Б нартай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 913 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН