Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

 

“Б А З”  ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02385 дугаар шийдвэртэй, “Б А З”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ Д  3 Ц С”   ТӨХК-д холбогдох, түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, илүү төлсөн 18 921 935 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: “Б А З”  ХХК нь 2010 оноос хойш Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, хариуцагч нартай эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, “ Д  3 Ц С”   ТӨХК-ийн ажилчдын цайны газрыг ажиллуулж эхэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Үндэсний шуудан сонинд хэвлэгдсэн түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад “Б А З”  ХХК холбогдох журмын дагуу оролцож сонгогдсон. Гэвч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэрээг батлахгүй өдий хүрсэн. Хариуцагч нь гэрээ батлагдаж иртэл нэмэлт гэрээ хийх шаардлагатай байна гэснээр 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3-354/16 дугаар “Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах гэрээ”-д 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж талууд гарын үсэг зурсан. Уг гэрээгээр 1 м.кв талбайн түрээс 10 000 төгрөг байсныг 15 000 төгрөг гэж өөрчилсөн.

Тухайн үед дээрх үнийн өөрчлөлтийн талаар асуухад Төрийн өмчийн хорооноос гэрээ хуучин үнээрээ батлагдаад ирэхээр зөрүүгээ тооцож болно, одоогоор гэрээгүй учир аудитын шаардлагын дагуу гэрээг хийх хэрэгтэй, санаа зоволтгүй гэсэн. Дулааны цахилгаан станц нь улсын онцгой обьект бөгөөд ажилчдыг тасралтгүй хоол хүнсээр хангах шаардлагатай тул бид гэрээ батлагдаж ирэхээр асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлттэй үйл ажиллагаа явуулсан ч гэрээ батлагдахгүй өдий хүрсэн тул арга буюу 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр илүү төлсөн төлбөрөө буцаан авах тухай 19/719-1 дугаар албан бичиг хариуцагчид хүргүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1/1971 дугаар албан бичгээр түрээсийн төлбөрийн зөрүүг буцаан олгох боломжгүй хариу өгснөөр шүүхэд хандсан.

Засгийн газрын 2001 оны 134 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмын 14-т төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлнэ гэсний дагуу ТӨБЗГ түрээсийн гэрээг баталгаажуулах ёстой байсан. Дээрх журмын 16 дугаар зүйл, ТӨБЗГ-ын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 119 тоот тогтоолын хавсралтаар Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг баримтлах ба жишиг үнийг тогтоохдоо түрээслэгчийн эрхэлж буй үйл ажиллагааны ангилал, салбар, чиглэл, зориулалтаас нь хамааруулан тогтоохоор баталсан. Манай үйл ажиллагааны чиглэл нь тус жишиг үнэд заасан “бусад” гэсэн ангилал буюу 10 000 төгрөгөөр тооцохоор байгаа.

Мөн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар талууд хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул илүү төлсөн төлбөрөө гаргуулах эрхтэй. Иймд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр баталсан 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах 3-354/16 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагчид илүү төлсөн 18 921 935 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: 2011 оноос “Б А З”  ХХК-тай ажилчдын 1, 2 дугаар цайны газрын нийт талбайг 278 м.кв байхаар тооцон түрээслүүлсэн. Гэтэл 2017 онд ТӨБЗГ-аас шалгалт хийж цайны газрын талбайн хэмжээг дутуу тооцож түрээслүүлсэн байх тул төлбөрийн зөрүү 13 400 000 төгрөгийг “Б А З”  ХХК-иас тооцон авах, 20 хувийг зохих журмын дагуу улсын төсөвт төвлөрүүлэхийг даалгасан. Шалгалтын мөрөөр ажилчдын цайны газрыг хэмжиж үзэхэд 693.76 м.кв талбайтай байсан. “Б А З”  ХХК 8-9 жилийн хугацаанд 693.76 м.кв талбайг 278 м.кв талбайгаар тооцож түрээсэлж байсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь ТӨБЗГ-ын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 119 дугаар тогтоолоор Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийн дагуу 1 м.кв талбайг 10 000 төгрөгт тооцох гэж байгаа боловч тогтоолд заасан жишиг үнэ нь хамгийн бага үнийг зохицуулах зохицуулалт.

Тус компани 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цайны газрыг түрээсээр ажиллуулах 3-354/16 дугаар гэрээ байгуулж түрээслүүлсэн ба гэрээний 11.2-т “талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй, нэмэлт өөрчлөлтийг бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулна, нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж цайны газрын талбайн хэмжээг нэмэлгүйгээр 1 м.кв талбайг 10 000 төгрөг гэснийг 15 000 төгрөг гэж өөрчилсөн. Иргэний хуульд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан ба нэхэмжлэгч үнэ нэмэгдүүлэхийг зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэж байвал шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шаардаж болохгүй байхаар заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан “Б А З”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ Д  3 Ц С”   ТӨХК-д холбогдох түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, илүү төлсөн 18 921 935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэртээ “түрээслэгч байгууллагын ашиглаж байгаа талбайн хэмжээг багаар тооцож олон жил хамгийн доод үнээр түрээслүүлж байна” гэжээ. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/467 дугаар Дулааны гуравдугаар цахилгаан станцын дарга Ч.Чинбатаас ТӨБЗГ- ын дарга Б.Ганбатад хүргүүлсэн албан бичигт “... цайны газрын талбайн нийт хэмжээ 476.5 м.кв байгаа бөгөөд түрээслүүлэгч талын зарласан нийт талбайн хэмжээ зөрүүтэй байна..” гэж, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Үндэсний шуудан сонины 13 дугаар талд хэвлэгдсэн Түрээслэгчийн сонгон шалгаруулах зард 1 дүгээр давхарт байрлах 278 м.кв талбай гэж, харин 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Өнөөдөр сонины В5 нүүрэнд Түрээслэгчийг сонгон шалгаруулах зард 1 давхарт байрлах 530.9 м.кв талбайг түрээслүүлэх, талбайн 60 хувийг хөнгөлөх талаар зар нийтлэгдсэн байна.

Түрээсийн талбайн хэмжээг түрээслэгчийн зүгээс гаргаагүй, түрээслүүлэгчийн тогтоосон хэмжээгээр гэрээ байгуулан ажиллаж байсан ба гэрээ болон сонгон шалгаруулалтын мэдээлэлд мөн адил ямар нэгэн байдлаар хөнгөлөлт урамшуулал байгаа тухай зүйл, тайлбар байдаггүй. Харин хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаас харвал түрээслүүлэгч 2018 онд түрээсийн талбайн хэмжээг дахин тогтоож 2019 онд байршуулсан зард шинээр тогтоосон талбайн хэмжээгээр тавьсан нь харагдаж байна. Хариуцагчийн хэлсэнчлэн “Б А З”  ХХК-д хөнгөлөлттэй түрээсэлсэн гэх зүйл огт байгаагүй бөгөөд 2019 оны зараас тухайн талбайн 60 хувийг хөнгөлж байгааг харж болохоор байна.

Шүүх, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй. Өөрөөр хэлбэл, хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй байхыг ойлгох юм гэж хуулийн заалтыг тайлбарлажээ. УДШ-ийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.2-т “Энэ зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно” гэж тайлбарласан. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн  албан бичигт “... 2017, 2018 онд түрээсийн гэрээ байгуулаагүй байх ба...” гэсэн нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 354/16 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлт нь хүчин төгөлдөр бус болохыг маш тодорхой илэрхийлсэн байна.

Засгийн газрын 2001 оны 134 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмын 5-д “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон төрийн өмчит хуулийн этгээд байна”, тус журмын 10-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална” гэж заасан. Дээрх албан бичигт Түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварын дагуу түрээсийн гэрээний төслийг боловсруулан өөрийн талаас баталгаажуулж танайд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээг баталгаажуулаагүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл журамд заасны дагуу хийгдэх үлгэрчилсэн загварт нийцсэн жинхэнэ гэрээг баталгаажаагүй болохыг баталсан байна. Бид хэргийн 75-77 дугаар талд уг батлагдаагүй гэрээг баримтаар хүргүүлсэн ба гэрээний 3.1-т түрээсийн 1 м.кв талбайн үнийг 10 000 төгрөг гэж бичсэн байгаа юм.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Б А З”  ХХК нь хариуцагч “ Д  3 Ц С”   ТӨХК-д холбогдуулан түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, илүү төлсөн 18 921 935 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3-354/16 дугаартай “Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах гэрээ”-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 1 м.кв түрээсийн талбайн төлбөрийг 10 000 төгрөг байсныг 15 000 төгрөг болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл. Уг хүчин төгөлдөр бус хэлцэл буюу нэмэлт өөрчлөлтийн улмаас илүү төлөгдсөн нийт               18 921 935 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу гаргуулна гэж тайлбарласан. Үүнээс гадна, давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хуралдааны явцад тайлбарлахдаа 2017, 2018 онд байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь зөвшөөрөөгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус гэх үндэслэлүүдийг заажээ.

 

Хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2014 он, 2015 он, 2016 он тус бүрийн түрээсийн гэрээ, гэрээ дүгнэсэн акт зэрэг бичгийн баримтууд болон талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч “Б А З”  ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах “ Д  3 Ц С”   ТӨХК-ийн 278 м.кв талбай бүхий ажилчдын цайны газрыг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах зорилгоор 1 м.кв түрээсийн талбайг 10 000 төгрөг буюу нийт 2 780 000 төгрөгөөр түрээсэлсэн үйл баримт тогтоогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хх15-70/

 

Харин 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3-354/16 дугаар гэрээний 5.1 дэх заалт буюу 1 м.кв талбайг түрээслэх үнийг 15 000 төгрөг болгож өөрчилсөн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийг хариуцагч талын хүсэлтээр дүр үзүүлэн хийсэн эсэх талаар маргажээ. /хх71/

 

Дээрхээс үзвэл, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр талуудын хооронд хийсэн гэрээний нэмэлт өөрчлөлтийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, тухайн хэлцлийн дагуу тодорхой үр дагавар үүсч, түрээсийн гэрээний гол зүйл болох эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгч талд шилжүүлсэн, нэхэмжлэгч тал түрээсийн зориулалтаар нь үйл ажиллагаа явуулан ашиглаж гэрээний төлбөрийг хариуцагч талд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхдээ гэрээг бичгээр байгуулж, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу талууд харилцан нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байгаа нь маргаан бүхий гэрээг түрээсийн гэрээний үр дагавар үүсгэх зорилгогүйгээр хийгдсэн буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй байна.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт зэргээс үзвэл, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хуулийн дээрх зохицуулалт нь нарийвчлан тогтоосон заалт бөгөөд түүнийг ямар нэгэн байдлаар өргөжүүлэн тайлбарлах боломжгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэж заажээ.

 

Гэтэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 нь “хууль”-иар зөвшөөрөл өгөх ёстой этгээд зөвшөөрөл өгөөгүй байх юм бол энэ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болох ёстой. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсэгт зааснаар хуульд тухайлан заасан бол Засгийн газрын тогтоолыг иргэний эрх зүйн хэм хэмжээг нөхөн зохицуулна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолоор “зөвшөөрөл” олгох журмыг тогтоох талаар хуульд тусгайлан заасан тохиолдолд заана. Дээр дурдсанчлан, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт төрийн өөрийн өмчийн хөрөнгө түрээслэх журмыг Засгийн газар батална гэсэн ба Засгийн газрын 2001 оны 134 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмыг баталсан байдаг. Талууд энэ талаар маргаагүй. Үүнээс үзвэл, зөвшөөрөл өгөх журам, хуульд заасныг л зөрчсөн байх юм бол хүчин төгөлдөр бус болохоор заасан болохоос биш, хуульд заасан журмын дагуу дахин шинээр Засгийн газрын тогтоол гарснаар зохих этгээдийн зөвшөөрлийг тогтоох талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д тусгайлан заагаагүй болно.

 

Иймд нэхэмжлэлд дурдсан хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэж, хэлцлийн үр дагаварыг арилгуулах арга хэмжээ авах боломжгүй тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б А З”  ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА