Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01182

 
 

 

Билиг арвижих зоог ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02385 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 148 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Билиг арвижих зоог ХХК

Хариуцагч: Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК

 

нэхэмжлэл: түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, илүү төлсөн 18,921,935 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяагийн хяналтын журмаар 2020.02.21-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Билиг арвижих зоог ХХК нь 2010 оноос хойш Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, хариуцагч нартай эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн ажилчдын цайны газрыг ажиллуулж эхэлсэн. 2017.04.27-ны өдөр Үндэсний шуудан сонинд хэвлэгдсэн түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад Билиг арвижих зоог ХХК холбогдох журмын дагуу оролцож сонгогдсон. Гэвч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэрээг батлахгүй өдий хүрсэн. Хариуцагч нь гэрээ батлагдаж иртэл нэмэлт гэрээ хийх шаардлагатай байна гэснээр 2016.08.11-ний өдрийн 3-354/16 дугаар Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах гэрээнд 2018.05.25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж талууд гарын үсэг зурсан. Уг гэрээгээр 1 м.кв талбайн түрээс 10,000 төгрөг байсныг 15,000 төгрөг гэж өөрчилсөн. Тухайн үед дээрх үнийн өөрчлөлтийн талаар асуухад Төрийн өмчийн хорооноос гэрээ хуучин үнээрээ батлагдаад ирэхээр зөрүүгээ тооцож болно, одоогоор гэрээгүй учир аудитын шаардлагын дагуу гэрээг хийх хэрэгтэй гэсэн. Дулааны цахилгаан станц нь улсын онцгой обьект бөгөөд ажилчдыг тасралтгүй хоол хүнсээр хангах шаардлагатай тул бид гэрээ батлагдаж ирэхээр асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлттэйгээр үйл ажиллагаа явуулсан ч гэрээ батлагдахгүй өдий хүрсэн тул арга буюу 2019.07.19-ний өдөр илүү төлсөн төлбөрөө буцаан авах тухай 19/719-1 дугаар албан бичиг хариуцагчид хүргүүлсэн. 2019.08.19-ний өдөр 1/1971 дугаар албан бичгээр түрээсийн төлбөрийн зөрүүг буцаан олгох боломжгүй хариу өгснөөр шүүхэд хандсан. Засгийн газрын 2001 оны 134 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмын 14-т төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлнэ гэсний дагуу ТӨБЗГ түрээсийн гэрээг баталгаажуулах ёстой байсан. Дээрх журмын 16 дугаар зүйл, ТӨБЗГ-ын 2016.10.27-ны өдрийн 119 тоот тогтоолын хавсралтаар Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг баримтлах ба жишиг үнийг тогтоохдоо түрээслэгчийн эрхэлж буй үйл ажиллагааны ангилал, салбар, чиглэл, зориулалтаас нь хамааруулан тогтоохоор баталсан. Манай үйл ажиллагааны чиглэл нь тус жишиг үнэд заасан бусад гэсэн ангилал буюу 10,000 төгрөгөөр тооцохоор байгаа. Иймд 2018.05.25-ны өдөр баталсан 2016.08.11-ний өдрийн Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах 3-354/16 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагчид илүү төлсөн 18,921,935 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: 2011 оноос Билиг арвижих зоог ХХК-тай ажилчдын 1, 2 дугаар цайны газрын нийт талбайг 278 м.кв байхаар тооцон түрээслүүлсэн. Гэтэл 2017 онд ТӨБЗГ-аас шалгалт хийж цайны газрын талбайн хэмжээг дутуу тооцож түрээслүүлсэн байх тул төлбөрийн зөрүү 13,400,000 төгрөгийг Билиг арвижих зоог ХХК-иас тооцон авах, 20 хувийг зохих журмын дагуу улсын төсөвт төвлөрүүлэхийг даалгасан. Шалгалтын мөрөөр ажилчдын цайны газрыг хэмжиж үзэхэд 693.76 м.кв талбайтай байсан. Билиг арвижих зоог ХХК 8-9 жилийн хугацаанд 693.76 м.кв талбайг 278 м.кв талбайгаар тооцож түрээсэлж байсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь ТӨБЗГ-ын 2016.10.27-ны өдрийн 119 дугаар тогтоолоор Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийн дагуу 1 м.кв талбайг 10,000 төгрөгт тооцох гэж байгаа боловч тогтоолд заасан жишиг үнэ нь хамгийн бага үнийг зохицуулах зохицуулалт. Тус компани 2016.08.11-ний өдөр цайны газрыг түрээсээр ажиллуулах 3-354/16 дугаар гэрээ байгуулж түрээслүүлсэн ба гэрээний 11.2-т талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй, нэмэлт өөрчлөлтийг бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулна, нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэж заасны дагуу 2018.05.25-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж цайны газрын талбайн хэмжээг нэмэлгүйгээр 1 м.кв талбайг 10,000 төгрөг гэснийг 15,000 төгрөг гэж өөрчилсөн. Иргэний хуульд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан ба нэхэмжлэгч үнэ нэмэгдүүлэхийг зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд ИХ-н 492.2.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэж байвал шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шаардаж болохгүй байхаар заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 183/ШШ2019/02385 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Билэг арвижих зоог ХХК-ийн нэхэмжлэлтэй Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-д холбогдох түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох, 18,921,935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 252,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 148 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд ...Иргэний хуулийн 3.5-д зааснаар хуульд тухайлан заасан бол Засгийн газрын тогтоолыг иргэний эрх зүйн хэм хэмжээг нөхөн зохицуулна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөл олгох журмыг тогтоох талаар хуульд тусгайлан заасан тохиолдолд заана. ... Үүнээс үзвэл зөвшөөрөл өгөх журам, хуульд заасныг л зөрчсөн бол хүчин төгөлдөр бус болохоор заасан, хуульд заасан журмын дагуу дахин шинээр Засгийн газрын тогтоол гарснаар зохих этгээдийн зөвшөөрлийг тогтоох талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д тусгайлан заагаагүй болно... гэжээ. ИХ-ийн 3.5-д Хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно гэжээ. Өөрөөр хэлбэл хуульд заасан тохиолдолд Засгийн газар журам гаргана. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.1-т Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэж заасан. Тэгэхээр Засгийн газрын 2001 оны 134 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам нь Иргэний хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцүүлэн гарсан. Гэтэл магадлалд хуульд заасан журмын дагуу дахин шинээр Засгийн газрын тогтоол гарснаар зохих этгээдийн зөвшөөрлийг тогтоох талаар ИХ-н 56.1.8-д тусгайлан заагаагүй болно гэснийг хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энд дахин зөвшөөрөл авах асуудлыг хөндөөгүй, тухайн гэрээг хэн хийх эрхтэй вэ, хэрхэн хүчин төгөлдөр болох вэ гэдэг ойлголт юм. ИХ-н 50.1-т Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл нь эрх олгож буй эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн талаар хуульчилсан. Мөн Төрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журманд 1.1-т Монгол Улсын төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө; 2.13-т Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулахдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно; болон 2.14-т Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлнэ. Мөн ИХ-н 53.1-т Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан. Тэгвэл хэргийн материалд энэ талаар огтоос нотлох баримт байхгүй бөгөөд харин ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг зөвшөөрөл өгөхгүй байгааг нотлосон албан бичгийг хүргүүлсэн байдаг. Хоёр шатны шүүхээр цайны газрыг аль ангилалд багтаан төлбөрийг тооцдог талаар тодруулж хариуцагч ийм зохицуулалт байдаггүй талаар хэлж байсан. Тэгвэл 2020.02.18-ны өдрийн 49 тоот Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор Төрийн өөрийн өмчийн түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоосон. Энэхүү тогтоолын хавсралтын 1 дэх хэсэгт үйл ажиллагааны ангилал, салбарын чиглэл зэргийг харгалзан цайны газар 10,000 төгрөг гэж тодорхойлсон ба энэхүү тогтоолыг тус газрын http://www.pcsp.gov.mn/file/3955 цахим хуудаснаа байрлуулсан байна. Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Билиг арвижих зоог ХХК нь 2019.09.18-ны өдөр Дулааны гуравдугаар цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-д холбогдуулан ...нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018.05.25-ны өдрийн гэрээний нэг дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 18,921,935 төгрөг гаргуулах -ыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Билиг арвижих зоог ХХК, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК нар 2016.08.11-ний өдөр 3-354/16 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээнд 2018.05.25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, түрээсийн төлбөрийг нэг сард 1 м.кв талбай нь 10,000 төгрөгөөс 15,000 төгрөг болгож, нийт 4,170,000 төгрөгөөр тохиролцжээ.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн зохих хэсгийг бусдад түрээслүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх хуулийн шаардлага байхгүй тул гэрээ хүчин төгөлдөр байна, шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг хүчин төгөлдөр бус гэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

 

2. Талууд ...тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн.. гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн бол гэрээ байгуулсанд тооцно. Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхдээ зохигч нар гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хууль, холбогдох бусад хуульд нийцсэн байна.

 

3. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

 

Талууд харилцан тохиролцон түрээсийн төлбөрийг тогтоосон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг зөрчөөгүй бөгөөд эрх бүхий этгээдээс түрээсийн гэрээний доод хэмжээг тогтоосон нь нэхэмжлэгчид бус, харин хариуцагчид хамааралтай байна.

 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцжээ.

 

4. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02385 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 148 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 252,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

П.ЗОЛЗАЯА

Б.УНДРАХ