Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2385

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/02385

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: тоотод байрлах, регистрийн дугаартай, Б.ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, регистрийн дугаартай, Д ТӨХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, илүү төлсөн 18.921.935 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов. 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.ХХК нь 2010 оноос хойш эд хөрөнгийн түрээсийн гэрээг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Д ТӨХК нартай байгуулан, Д ТӨХК-п байрлах ажилчдын цайны газрыг ажиллуулж эхэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Үндэсний шуудан өдөр тутмын сонинд хэвлэгдсэн түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад Б.ХХК нь холбогдох журмын дагуу оролцож сонгогдсон. Гэвч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гэрээг батлахгүй өдийг хүрсэн. Ингээд Д ТӨХК-аас гэрээ батлагдаж иртэл нэмэлт гэрээ хийх шаардлагатай байна гэж хэлсний дагуу 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3-354/16 тоот Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах гэрээнд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж талууд гарын үсэг зурсан. Уг нэмэлт өөрчлөлтөд 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 10.000 төгрөг байсныг 15.000 төгрөг гэж өөрчилсөн байсан. Компанийн зүгээс энэ талаар тухайн үед асуухад Төрийн өмчийн хорооноос гэрээ хуучин үнээрээ батлагдаад ирэхээр зөрүүгээ тооцож болно, одоогоор гэрээгүй болохоор аудитаас тавьсан шаардлагын дагуу гэрээ хийх хэрэгтэй байна, санаа зоволтгүй гэж хэлсэн. Дулааны цахилгаан станц нь улсын онцгой объект бөгөөд ажилчдыг тасралтгүй хоол хүнсээр хангах шаардлагатай байсан тул бид гэрээ батлагдаж ирэхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн хүсэлттэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд гэрээ батлагдахгүй өдийг хүрсэн тул бид арга буюу 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр илүү төлсөн төлбөрөө буцаан авах тухай 19/719-1 албан бичгийг Д ТӨХК-д хүргүүлсэн. Гэвч 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1/1971 тоот хариу албан бичгээр түрээсийн төлбөрийн зөрүүг буцаан олгох боломжгүй талаар хариу өгсөн тул шүүхэд хандсан. Засгийн газрын 2001 оны 134 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмын 14-т “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлнэ” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар түрээсийн гэрээг баталгаажуулах ёстой байсан. Мөн дээрх журмын 16 дугаар зүйл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 119 тоот тогтоолын хавсралтаар Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг баримтлах ба жишиг үнийг тогтоохдоо түрээслэгчийн эрхэлж буй үйл ажиллагааны ангилал, салбар, чиглэл, зориулалтаас нь хамааруулан тогтоохоор баталсан. Манай компанийн явуулж буй үйл ажиллагааны чиглэл нь тус жишиг үнэд заасан бусад гэсэн ангилалд буюу 10.000 төгрөгөөр тооцохоор байгаа юм. Мөн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар илүү төлсөн төлбөрөө гаргуулах эрхтэй гэж үзэж байгаа. Иймд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр баталсан 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах 3-354/16 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, Д ТӨХК-д илүү төлсөн 18.921.935 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд тайлбарлахдаа: Тус компани нь 2011 оноос Б.ХХК-тай ажилчдын 1, 2 дугаар цайны газрын нийт талбайг 278 м.кв байхаар тооцон түрээслүүлсэн. Гэтэл 2017 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шалгалт хийгдэж цайны газрын талбайн хэмжээг дутуу тооцож түрээслүүлсэн байх тул дутуу тооцож гэрээ байгуулсан түрээсийн төлбөрийн зөрүү 13.400.000 төгрөгийг Б.ХХК-иас тооцон авах, хорин хувийг зохих журмын дагуу улсын төсөвт төвлөрүүлэхийг даалгасан. Шалгалтын мөрөөр ажилчдын цайны газрыг хэмжиж үзэхэд 693.76 м.кв талбайтай байсан бөгөөд Б.ХХК нь 8-9 жилийн хугацаанд 693.76 м.кв талбайтай цайны газрыг 278 м.кв талбайгаар тооцож түрээслэж байсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлдээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийн дагуу 1 м.кв талбайг 10.000 төгрөгөөр тооцохоор байгаа гэж байгаа боловч тогтоолд заасан жишиг үнэ нь хамгийн бага үнийг зохицуулах зохицуулалт юм. Тус компани нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах 3-354/16 тоот гэрээ байгуулан түрээслүүлсэн бөгөөд түрээсийн гэрээний 11.2-т “талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй, нэмэлт өөрчлөлтийг бичгээр хийх бөгөөд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Нэмэлт өөрчлөлт энэхүү гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж цайны газрын талбайн хэмжээг нэмэлгүйгээр 1 м.кв талбайг 10.000 төгрөг гэснийг 15.000 төгрөг гэж өөрчилсөн. Иргэний хуульд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч тал үнэ нэмэгдүүлэхийг зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэж байвал шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шаардаж болохгүй байхаар заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

   Билэг арвижих зоог ХХК нь Д ТӨХК-д холбогдуулан түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, илүү төлсөн 18.921.935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагыг гаргажээ.

 

   Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Б.ХХК, Д ТӨХК нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3-354/16 тоот Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах гэрээнд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

 

Дээрх нэмэлт өөрчлөлтөөр талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3-354/16 тоот Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах гэрээний 1-д “...Гэрээний 5.1 дэх заалтад “Түрээсээр ашиглаж буй үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр нэг сард 1 м.кв талбай нь 10.000 төгрөг байх гэснийг 15.000 төгрөг байх гэж, мөн нийт 278 м.кв талбайн төлбөр 2.780.000 төгрөг гэснийг 4.170.000 төгрөг байна гэж...” тус тус өөрчлөлт оруулахаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Б.ХХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэр, холбогдох журам нь гарахгүй байсаар өнөөдрийг хүртэл үндэслэлгүйгээр төлсөн 18.921.935 төгрөгийг буцаан гаргуулж, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3-354/16 тоот Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч Д ТӨХК нь хууль болон гэрээнд зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч тал үнэ нэмэгдүүлэхийг зөвшөөрч гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, маргаж байгаа болно.

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнэ батлах тухай” тогтоолын хавсралтаар Түрээслэгчийн эрхэлж буй үйл ажиллагааны ангилал, салбар, чиглэл, зориулалтаар нь 1 м.кв ашигтай талбайн түрээсийн төлбөрийн жишиг үнийг “...Худалдаа үйлчилгээ, Албан тасалгааны зориулалтаар, Банк, санхүүгийн үйл ажиллагаанд 15.000 төгрөг”, “...Бусад 10.000 төгрөг” байхаар тогтоосон байх бөгөөд түрээслэгч-түрээслүүлэгчийн хооронд байгуулсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний төлбөрийн хэмжээ нь батлагдсан жишиг үнээс багагүй байхаар... зохицуулсан байна.

         

          Дээрх тогтоолын дагуу зохигчид харилцан тохиролцож, түрээсээр ашиглаж буй үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр нэг сард 1 м.кв нь 15.000 төгрөг байхаар харилцан тохиролцож “Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах 3-354/16 тоот” гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хууль болон гэрээнд харшлаагүй болох нь тогтоогдож байна.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3-354/16 тоот “Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах гэрээ”-ний 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 119 дүгээр тогтоолыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Ажилчдын цайны газрыг түрээсээр ажиллуулах гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт оруулсныг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхой хуульчилж өгсөн бөгөөд дээрх гэрээ нь хуулийн холбогдох заалтад хамаарахгүй юм.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн  хэсэгт заасныг баримтлан Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Д ТӨХК-д холбогдох түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, илүү төлсөн 18.921.935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 252.560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ДАВААСҮРЭН