| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 183/2018/03595/и |
| Дугаар | 173 |
| Огноо | 2020-01-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 173
“Ц Х” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02524 дугаар шийдвэртэй,”Ц Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т Г С” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 273 880 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2010 оноос хойш Монгол Улсын геологи хайгуулын салбарт геологи хайгуулын консалтинг, хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр эрчимтэй ажиллаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй компани юм. Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшлийн Ховд аймгийн Булган сумын нутаг, Нарийн харын нуруу гэх газарт байрлах 15/012227 тоот хайгуулын талбайд хайгуулын ажил гүйцэтгүүлэх санал тавьсан. Хүсэлтийн дагуу хариуцагчийн хайгуулын талбайд соронзон гажил, цахилгаан хайгуулын зүсэлт, цахилгаан соронзон гажил тогтоогдсон хувирлын бүсийн сонирхол татах хэсгүүдэд хүдрийн биетийг хайх зорилгоор хайгуулын налуу цооног төлөвлөж, баганат өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээг боловсруулж, гарын үсэг зурж, тамга даран хариуцагчид хүргүүлсэн. Тэд ажлын урьдчилгаа 100 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлж, ажлаа яаралтай эхлүүлэхийг хүссэн учир мэргэжлийн геологичид болон өрөмдлөг-техникийн багийг томилон ажиллуулсан.
Манай ажилчид 2015 оны 11 дүгээр сарын сүүлээс 2016 оны 1 дүгээр сар хүртэл тухайн газарт нийт 5 цооног өрөмдөж, цооногуудаа захиалагч “Т Г С” ХХК-ийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байдаг. Гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 373 880 000 төгрөг болсон ба урьдчилгаанд төлсөн 100 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 273 880 000 төгрөгийг төлөхийг шаардахад “удахгүй төлнө, түр хүлээгээч” гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн.
“Т Г С” ХХК-ийн хийж гүйцэтгүүлсэн ажил нь Монгол Улсын баруун хязгаарт, цаг уурын хүнд нөхцөлд байсан ч компанийн геологичид, өрөмдлөг-техникийн баг хүчин чармайлт гарган ажиллаж ажлын үр дүнг захиалагч компанид өгсөн байхад хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргээ хариуцагч тал биелүүлсэнгүй. Иймд гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 273 880 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Булган сумын нутаг Нарийн харын нуруу гэх газарт өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, харилцан тохиролцсон ёсоор 100 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан гэрээ байгуулагдаагүй, 45 374 880 төгрөг гэх утга байхгүй. 2015 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2018 онд ажлыг хийж дуусгасан. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар “Т Г С” ХХК-иас нэхэмжлэгч нь тухайн гэрээтэй холбоотой үлдэгдэл төлбөр шаардаж, албан бичиг хүргүүлж байгаагүй. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т Г С” ХХК-иас 166 780 257 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч”Ц Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 107 997 844 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 526 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Т Г С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 991 853 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч”Ц Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр “Т Г С” ХХК нь Ховд аймгийн Булган сумын нутаг, Нарийн харын нуруу гэх газарт өрөмдлөгийн ажлыг 100 000 000 төгрөгөөр хийлгэх талаар тохиролцож төлбөрийг бүрэн төлсөн. Энэ талаар хэн аль нь маргадаггүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлын хөлс 100 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан талаар дурддаг. Улмаар 2016 оны 01 дүгээр сард өрөмдлөгийн ажил дуусч хариуцагч тухайн ажлыг хүлээн авсан бөгөөд талуудын хооронд дээрх ажлын хүрээнд бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, гагцхүү амаар тохиролцсон асуудал байдаг.
Түүнчлэн 2015 оны 11 дүгээр сараас хойш нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид ажлын үлдэгдэл төлбөрийг шаардаж нэг ч удаа албан бичиг, нэхэмжлэх зэргийг ирүүлж байгаагүй. Шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг дүгнэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв дүгнэсэн ч нэхэмжлэгчийн гаргасан зардлын тооцоо нь хариуцагчаас нэхэмжлэгчид тохиролцсон ёсоор төлж барагдуулсан 100 000 000 төгрөгтэй давхцаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө тооцооллын алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл, зардал гэх 166 780 257 төгрөг нь 100 000 000 төгрөг дээр нэмж гарсан зардал биш болох нь ойлгомжтой байсаар атал үүнийг тодруулаагүй. Мөн 1 644.4 т.м өрөмдлөгийн ажлыг 100 000 000 төгрөгөөр тооцож хийлгэсэн нь 2 дугаар хавтас 29 дэх талд авагдсан баримтаар тогтоогдсоор байтал нэхэмжлэгчийн гаргасан баримтад үндэслэн 166 780 257 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой.
Үндсэндээ талууд анх 2015 оны 11 дүгээр сард 100 000 000 төгрөгөөр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгүүлэхээр”Ц Х” ХХК-тай амаар тохиролцож 100 000 000 төгрөгийн төлбөрийг тухайн үед нь бүрэн төлж, улмаар өрөмдлөгийн ажил буюу 5 цооногийг хүлээн авснаар талуудын хооронд байгуулагдсан хэлцэл дуусгавар болсон. Хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх үлдэгдэл төлбөр байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч”Ц Х” ХХК нь хариуцагч “Т Г С” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 273 880 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан “Нарийн харын нуруу /ХV-012227/ талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан” /1хх225-2хх30/ болон зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Ховд аймгийн Булган сум, Нарийн харын нуруу гэх газарт 1 644.4 т.м өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон байна. Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Зохигчид ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүйд болон ажлын үр дүнгийн хэмжээний талаар маргаагүй, харин хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 100 000 000 төгрөг нь “гэрээний урьдчилгаа” эсхүл “ажлын нийт хөлс” эсэхэд маргасан байна.
Талууд ажил эхлэх болон ажлын үр дүнг хүлээлцсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байгаа тохиолдолд шүүх зохигчдын нотлох үүргийнхээ дагуу гаргасан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх учиртай. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн хүсэлтээр Ховд аймгийн Булган суманд нийт 1 644.4 т.м өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхэд 166 780 257 төгрөгийн зардал гаргасан талаарх баримтыг ирүүлж, гэрчээр хариуцагч байгууллагын геологич ажилтай Д.Даваадоржийг асуулгах хүсэлт гаргасныг, шүүх хангаж түүнээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан байна. /1хх146-215, 2хх116,117/
Гэрч Д.Даваадорж нь “...1 т.м өрөмдлөгийн ажлыг 100 000 төгрөгөөс 130 000 төгрөгийн үнээр хийж гүйцэтгэдэг...” гэж мэдүүлсэн, мөн нэхэмжлэгчээс зардал гэж гаргасан 166 780 257 төгрөгийн үнийн дүнг ажлын үр дүн 1 644.4 т.м хэмжээнд хуваан үзэхэд 1 т.м ажлын хөлс нь 101 423 төгрөг болж байна. Ингээд шүүх гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн гаргасан зардал гэх баримтуудыг харьцуулан үнэлж нийт ажлын хөлсийг 166 780 257 төгрөгийн хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Үүнээс талуудын маргаагүй үнэ буюу хариуцагчийн өмнө нь төлсөн 100 000 000 төгрөгийг хасч тооцвол нэхэмжлэлийн шаардлагаас нийт 66 780 257 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж байна.
Түүнчлэн, хэрэгт авагдсан Татварын Ерөнхий газарт нэхэмжлэгчээс 2015 оны 4 дүгээр улирлын санхүүгийн байдлыг тайлагнасан баримтад нийт 64 ажилчны цалин хөлс төлөгдсөн гэх боловч тухайн ажилчид бүгд хариуцагчийн захиалсан ажлыг гүйцэтгэхэд оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн гадна нэхэмжлэгч хэдэн ажилчин ажилласан талаар өөрөө нотлох үүрэгтэй байжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дах заалтад зохих өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02524 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т Г С” ХХК-иас 66 780 257 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч”Ц Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 207 099 743 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,
тогтоох хэсгийн 2 дах заалтын “...991 853...” гэснийг “...491 851...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Т Г С” ХХК-иас төлсөн 992 000 төгрөгийн 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Т.ТУЯА