Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181ШШ2019/02560 дугаар шийдвэртэй, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, “К М ББСБ”  ХХК-д холбогдох, хугацаа хэтэрсэн зээл төлүүлсэн ажлын урамшуулал 153 208 031 төгрөг, бусад зардалд 46 700 төгрөг, нийт 153 255 031 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хариуцагч байгууллагад хуульч, хуулийн зөвлөх, Тамгын газрын захирал, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тамгын газрын захирал, Хуулийн зөвлөхийн үндсэн үүргийн дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг төлүүлэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, шийдвэр гүйцэтгэх албаар болон компанийн шугамаар зээл төлүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэдэг, тайлагнадаг. Байгууллагын Эрсдэлтэй зээлтэй ажиллах тухай журмын дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг шийдвэрлүүлж, төлүүлсэн үнийн дүнгээс урамшуулал авдаг байсан юм.

Гэтэл тус байгууллагын шинэ Гүйцэтгэх захирал У.Барсболд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр намайг ажлаас халсан боловч, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04776 дугаар шийдвэрээр намайг албан тушаалд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хэрэгжиж байгаа боловч хариуцагч компанийн захирал У.Барсболд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

2015 онд “К М ББСБ”  ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээлдэгчид болох У.Эрдэнэзул, Д.Бат-Өлзий, Д.Энхзул нарын зээлийг би хариуцан ажиллаж, харьяалах шүүхүүдэд нэхэмжлэл гарган нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хэмжээгээр шийдвэрлүүлсэн. Зээлдэгч Д.Бат-Өлзий шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг “К М ББСБ”  ХХК-д бүрэн төлсөн, зээлдэгч Д.Энхзул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөрөө бүрэн төлж, У.Эрдэнэзулын төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба ажиллагаа хийж байгаа болно. Эдгээр зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх ёстой үүргийг шүүхээр амжилттай шийдвэрлүүлсэн, зарим зээлүүд шүүхийн шийдвэрт тогтоосон хэмжээгээр бүрэн барагдсан. Иймд байгууллагын Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам, ажил гүйцэтгэх гэрээний дагуу доорх үнийн дүнг нэхэмжилж байна. Үүнд:

У.Эрдэнэзулаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэрээр 2 542 437 404 төгрөг гаргуулж, “К М ББСБ”  ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн 5 хувиар тооцон 127 121 870 төгрөг, Д.Энхзулаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/02001 дугаар шийдвэрээр 165 374 025 төгрөг гаргуулан “К М ББСБ”  ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн тул үнийн дүнгийн 5 хувиар тооцон 8 268 701 төгрөг, Д.Бат-Өлзийгөөс  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дугаар шийдвэрээр 356 355 207 төгрөг гаргуулж, “К М ББСБ”  ХХК-д олгуулахаар шийдвэрлэж, Д.Бат-Өлзий нь уг мөнгийг бүрэн төлсөн тул үнийн дүнгийн 5 хувиар тооцон 17 817 760 төгрөг, нийт урамшуулалд 153 208 331 төгрөг, мөн шүүхийн архиваас нотлох баримт хуулбарласаны хураамж 27 500 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 19 200 төгрөг, нийт 153 255 031 төгрөгийг “К М ББСБ”  ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Талууд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээний дагуу “К М ББСБ”  ХХК нь ажил олгогч, ажилтанаар хөдөлмөрийн харилцаатай байсан. Аливаа ажилтан нь хөдөлмөрийн гэрээний дагуу өөрийн ажлын чиг, үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг чанартай гүйцэтгэж, оронд нь цалин хөлс авах харилцаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үндсэн суурь зарчим юм. “К М ББСБ”  ХХК нь зээлийн үйлчилгээг олон нийтэд үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллага бөгөөд тухайн хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх, туслах ажилтан бүр нь байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд зээлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, байгууллагын мөнгөн хөрөнгийн эрсдэлийг хамгаалах үүрэгтэй ажилладаг. Иргэн Б.Б- нь “К М ББСБ”  ХХК-ийн хуульчаар ажиллаж байхдаа компанийн удирдлагыг хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, байгууллагыг эрсдэлд оруулж буй чанаргүй зээлийг зохих хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Харин үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн амжилттай, амжилтгүй ажилласан үр дүндээ cap бүр цалин хөлс авсан бөгөөд тухайн ажил, үйлчилгээ нь байгууллагын биет бус хөрөнгө байдаг. Б.Б- нь хийсэн ажлын үр дүнг өөрт хадгалагдахаар буруу бодож, урамшууллын /нэхэмжлэлдээ Ажил гүйцэтгэх гэрээ гэсэн/ гэрээгүйгээр урамшуулал авах ёстой байсан гэж нэхэмжилсэн нь хууль болон нийгмийн ёс суртахуунд нийцэхгүй юм.

Зээлдэгч У.Эрдэнэзулд хамааруулан 127 121 870 төгрөгийн урамшууллыг шаардсан тухайд, уг зээлийн маргаан нь “К М ББСБ”  ХХК-аас 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр  У.Эрдэнэзулын авсан 2 зээлийн гэрээтэй холбоотой асуудал юм. Дээрх зээлийг төлүүлэхийн тулд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Б.Б- нь ажилтан Д.Нямдаваагийн хамт байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс оролцож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4534 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүx 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1103 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Б.Б-ийг ажиллахаа больсоноос хойш 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 101/ШШ2016/01693 дугаар шийдвэр гаргахад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Далайжаргал, С.Чинзориг, Б.Баднайсүрэн нар оролцсон. Хариуцагчийн давж заалдах гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1391 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхэд “К М ББСБ”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Даваатулга оролцсон.

Зээлдэгч Д.Энхзулд холбогдох иргэний хэрэгт тус байгууллагыг төлөөлж Б.Далайжаргал, Б.Б- нар 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс оролцсон, хэргийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэн, нэхэмжлэгч байгууллагын удирдлагаас хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэхийг төлөөлөн оролцож байгаа ажилтнуудад байнга илэрхийлдэг байсан. Уг маргааныг удирдлагын зүгээс хурдан шийдвэрлүүлэх чиглэл өгч байхад удирдлагын зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хэргийг 230 хоногт шийдвэрлүүлсэн байна.

Зээлдэгч Д.Бат-Өлзийд хамаарах 17 817 760 төгрөгийн урамшуулалын тухайд холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь зөвхөн Б.Б-ийн ажлын үр дүн байгаагүй юм. Учир нь, “К М ББСБ”  ХХК нь 2014 оноос чанаргүй зээлийн нийт зээлийн дүнд эзлэх хувь өсөж, тодорхой хэмжээнд байгууллага эрсдэлд орж 2015 оноос зээл бүрийг хэвийн төлөлтөд оруулах, чанаргүй зээлийг шүүхийн байгууллагаар шуурхай шийдвэрлүүлэхийг байгууллагын удирдлагаас ажилтан бүрт чиглэл өгч ажилласан. Мөн Д.Бат-Өлзий болон бусад хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын материалд удирдлагаас тухай бүр анхаарч, зээлдэгч нартай биечлэн уулзаж, асуудлыг түргэн шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд тэр зээлдэгч нарын нэг нь Д.Бат-Өлзий байсан.

“К М ББСБ”  ХХК-ийн зүгээс дээрх 3 зээлдэгч нарын зээлийн асуудлыг тухайн үеийн хуулийн ажилтан иргэн Б.Б-оор шийдвэрлүүлэхээр тусгайлан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, ажлын гүйцэтгэлийг эрсдэлийн хувь хэмжээгээр дүгнэн тооцож, захирлын урамшуулал олгох тушаал гаргаж, тушаалд дурдсан урамшуулал буюу мөнгөн хөрөнгийг өгөөгүй асуудал oгт байхгүй. Ажилтан нь удирдлагын даалгасан ажлыг чанартай, чанаргүй гүйцэтгэсэн асуудал л байсан. Б.Б-ийг байгууллагаас ажилтны хөнгөлөлттэй зээлийн журамд хамрагдаж авсан 2 зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд тодорхойгүй үндэслэл, баримтгүй нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргаж, байгууллагыг шүүхэд хариуцагчаар оролцуулж, байгууллагын удирдлага, ажилтнуудыг залхаах, улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх зорилгоо гүйцэлдүүлэхээр ажиллаж байгаа. Хариуцагчийн зүгээс иргэн Б.Б-ийн гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн үндэслэлд тооцогдох ажил олгогч, ажилтан нарын хооронд ажлын үр дүнг тооцож урамшуулал олгох гэрээ буюу үүрэг гүйцэтгэхийг нотлох баримт бичиг огт байхгүй, нэхэмжпэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй, тодорхойгүй байгааг харгалзалгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “К М ББСБ”  ХХК-аас 17 823 760 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 135 431 271 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 927 038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К М ББСБ”  ХХК-аас 247 069 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-ид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил үүрэг, нэхэмжлэгчийн ажлын хэр хэмжээг зөв тооцоололгүй, хариуцагч өөртөө ашигтайгаар хэрэглэсэн байдалд үндэслэл бүхий шинжилгээ хийлгүйгээр шаардах эрхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Б.Б- нь хууль зүйн үндэслэл тооцооллыг хийснээр зээлдэгч У.Эрдэнэзулд холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 222 210 764 төгрөгийн нэхэмжлэл гаргаж, уг шаардлагаа 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 73 596 616 төгрөгөөр, 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр                      63 267 266 төгрөгөөр, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 183 345 956 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, 2 542 437 404 төгрөгийг шаардсан.

Шүүх дээрх үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч “Кредит Монгол” ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Барсболд нь У.Эрдэнэзулаас авах 2 542 437 404 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Эвлэрүүлэн зуучлагч, шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч “Голомт банк” ХХК-д өгөх өглөгөндөө тооцсон нь нотлох баримтаар тогтоогдсон ба энэ нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг илэрхийлж, хариуцагч энэ үр дүнг өөрт ашигтайгаар хэрэглэсэн байдлыг нотлож байгаа нь надад олгогдох ажлын хөлсөнд шууд хамааралтай. Иймд шударга ёсны зарчмын үүднээс хөлсөөр ажиллах гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг зөв дүгнэвэл зээлдэгч У.Эрдэнэзулд холбогдох иргэний хэргийн үнийн дүнгээс 63 560 935 төгрөгийг надад олгох ажлын хөлс гэж дүгнэнэ. 180 хоногт багтааж зээлийн маргааныг шийдвэрлүүлээгүй, зээл төлүүлэх ажлыг хийж гүйцэтгээгүй тул шаардах эрхгүй гэх дүгнэлт нь намайг ажлаас үндэслэлгүй халсан ажил олгогч, ажиллуулагчийн хууль бус тушаалтай шууд холбоотой тул үүнийг ажил олгогч хариуцахаас гадна миний шаардах эрх хууль ёсны гэж үзнэ.

Зээлдэгч Д.Энхзулд холбогдуулан Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 159 701 800 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Уг шаардлагын хууль зүйн үндэслэл, тооцооллыг мөн би хийж гүйцэтгэсэн. 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 10 998 656 төгрөгөөр нэмэгдүүлж, шүүх нэмэгдүүлсэн дүн болох 165 374 025 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, энэхүү  шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шударга ёсны зарчмын үүднээс хөлсөөр ажиллах гэрээний дагуу миний хийж гүйцэтгэсэн ажлыг зөв дүгнэх юм бол зээлдэгч Д.Энхзулд холбогдох ажлын хөлсийг 4 134 350 төгрөг гэж үзнэ. Анхан шатны шүүх “...ажиллагаанд өөр этгээд оролцсон тул шаардах эрхгүй...” гэх дүгнэлт нь намайг ажлаас үндэслэлгүй халсан ажил олгогчийн хууль бус тушаалтай шууд холбоотой тул үүнийг ажил олгогч хариуцах ёстой, миний шаардах эрх хууль ёсны юм.

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.4 дэх хэсэгт ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас болж гэрээг цуцлахад хүргэсэн бол гэрээ цуцалснаас учирсан хохирлыг ажиллуулагч хариуцна гэж хуульчилсанаас дүгнэвэл, хариуцагч нь намайг ажлаас үндэслэлгүй халсан үйл баримт нь хөлсөөр ажиллах гэрээнд харш үйлдэл болсон. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэх бололцоогүй болгох замаар ажлын хөлс төлөхөөс татгалзах, зайлсхийх санаа зоригийн илэрхийлэл боловч, энэ үйлдэл нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04776 дугаар шийдвэрээр хууль бус үйлдэл болох нь хөдөлбөргүй тогтоогдсон тул хөлсөөр ажиллах гэрээний дагуу надад олгогдох учиртай ажлын хөлсийг хариуцах хууль зүй, гэрээний үүрэгтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээр хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас 17 817 760 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь тус байгууллагад Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаалтай үндсэн ажилтанаар ажиллаж байсан. Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам бол Тусгай активын ажилтнуудад хамааралтай журам. Тусгай активын ажилтанууд үндсэн цалин бага байдаг учраас тэднийг барагдуулсан зээлийнх нь тодорхой хувиар урамшуулж ажлын үр дүнг нэмэгдүүлэх ажлын хүрээнд боловсруулсан журам юм.

Нэхэмжлэгчийн хувьд үндсэн цалингийн хэмжээ тухайн үед өндөр цалин хөлстэй байгууллагын удирдах албан тушаалтнуудын нэг байсан. Тиймээс 2003 оноос 2015 оны хүртэлх хугацаанд Б.Б- нь дээрх журмын дагуу хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулж эрсдэлтэй зээлтэй ажиллаж байгаагүй бөгөөд энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдож байна. Хэрвээ Б.Б- нь дээрх журмын дагуу байгууллагатай гэрээ байгуулан эрсдэлтэй зээлийг барагдуулж, цалин хөлс, урамшуулал авч байсан бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасны дагаа нийгмийн даатгал шимтгэл төлөх ёстой байсан. Түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас харахад үндсэн цалингаас өөр орлого тогтоогдохгүй байна.

Хэрэгт хавсаргагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос харахад байгууллагын эрх ашгийг хамгаалахаар компанийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох үндсэн үүрэгтэй бөгөөд энэ ажлынхаа хүрээнд зээлдэгч Д.Бат-Өлзийгөөс гэрээний үүргийн гүйцэтгэлд 356 355 207 төгрөгийг шаардсан шүүх хуралдаанд байгууллагыг төлөөлөн оролцсон болно. Мөн эрсдэлтэй зээлтэй ажиллах журмын дагуу гэрээ байгуулагддаг гэж бүх гэрчүүд мэдүүлсэн байхад гэрээ байгуулагдсан гэж үзэж мөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “К М ББСБ”  ХХК-д холбогдуулан, хугацаа хэтэрсэн зээл төлүүлсэн ажлын урамшуулал 153 208 031 төгрөг, архив болон нотариатын үйлчилгээний төлбөрт зарцуулсан 46 700 төгрөг, нийт 153 255 031 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч байгууллагад ажиллах хугацаандаа байгууллагын “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам”-ын дагуу хугацаа хэтрүүлсэн зээлдэгч У.Эрдэнэзул, Д.Энхзул, Д.Бат-Өлзий нарын зээлийн тооцоолол, хууль зүйн үндэслэлийг тодорхойлж, тэдгээрт холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг шийдвэрлүүлэх ажиллагаанд оролцсон тул шүүхийн шийдвэрийн үнийн дүнгийн 5 хувьд тооцсон урамшууллыг гаргуулна гэжээ. /1хх1-4/

 

Хариуцагч нь дээрх шаардлагыг, нэхэмжлэгч өөрийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үндсэн ажлаа хийж, түүнд хамаарах цалин хөлсөө авсан, тусгайлан урамшуулал олгох хууль зүйн үндэслэлгүй гэх агуулгаар татгалзаж байна. /1хх26-27/

 

Хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/02001 дугаар шийдвэрээр зээлдэгч Д.Энхзулаас зээлийн үүрэгт 165 374 025 төгрөг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дугаар шийдвэрээр Д.Бат-Өлзийгөөс 356 355 207 төгрөг, мөн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1693 дугаар шийдвэрээр зээлдэгч У.Эрдэнэзулаас 2 542 437 404 төгрөгийг тус тус гаргуулж, “К М ББСБ”  ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба тухайн иргэний хэрэг тус бүрийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Б.Б- оролцсон үйл баримт тогтоогдож байна. /1хх52-115/ Талууд Б.Б- дээрх ажиллагаанд оролцсоноор үнийн дүнгийн урамшуулал авах эсэх талаар маргажээ.

 

Анхан шатны шүүх урамшууллын талаарх зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, ажил олгогч байгууллагын “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам”-ын “...5.6.Салбар бие дааж эрсдэлтэй зээлийг төлүүлэх үйл ажиллагаа явуулах хугацаа 180 хоног байх бөгөөд энэ хугацаанд ТАА /тусгай активын алба/, хуулийн зөвлөхтэй хамтарч ажиллана, 5.6.1.Хэрэв эрсдэлтэй зээлийг төлүүлэх ажиллагаа 180 хоног дотор шийдвэрлэгдсэн нөхцөлд зээлийн хорооны шийдвэрээр урамшуулал тусгай активын албад тухайн зээлийн эрсдэлийн хувь тогтоосон үнэлгээний 5 хувиар тооцож урамшуулал олгоно, 6.5.3.2.Баг нь Компанитай эрсдэлтэй зээл барагдуулах талаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах бөгөөд компанийн хуулийн зөвлөх нь зээл төлүүлэх багийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана...” гэснийг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээх буюу хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. /1хх118-127/

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам”-д үндэслэн эрсдэлтэй зээлийг төлүүлэх ажиллагаа 180 хоног дотор төлүүлсэн тохиолдолд багт ажиллаж байгаа ажилтантай эрсдэлтэй зээлийг түргэн хугацаанд шуурхай төлүүлэх ажлыг гүйцэтгэх, шүүхээр шийдвэрлэгдсэн үнийн дүнгийн 5 хувьд урамшуулал тооцох үндэслэлтэй байна.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 17 817 760 төгрөг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Учир нь, “К М ББСБ”  ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Д.Бат-Өлзийд холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 356 355 207 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. “К М ББСБ”  ХХК нь Б.Б-ид дээрх нэхэмжлэлийг гаргасан өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгосон итгэмжлэлийг олгож, үүнээс хойш 64 хоногийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6961 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. /1хх108-115/

 

Дээрх тохиолдолд шүүх “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам”-д зааснаар 356 355 207 төгрөгийн 5 хувиар тооцож, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хариуцагчийн “үнийн дүнгийн 5 хувьд тооцож 17 817 760 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруу” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. 

 

Харин, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос зээлдэгч Д.Энхзулаас гаргуулахаар шийдвэрлэсэн 165 374 025 төгрөгийн үнийн дүнгээс 4 134 350 төгрөг гаргуулах хэсгийг хангах үндэслэлтэй байна. Тухайн зээлдэгчид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь салбарын менежер Б.Далайжаргалын хамт “К М ББСБ”  ХХК-ийн эрх ашгийг хамгаалахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 76 хоногийн дараа буюу 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч Д.Энхзулаас нийт                 165 374 025 төгрөг гаргуулан “К М ББСБ”  ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. Иймд уг үнийн дүнгийн 5 хувь 8 268 701 төгрөгийн 50 хувь 4 134 350 төгрөгийн урамшуулал Б.Б-ид ногдох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам”-д заасан 180 хоногт хэрэг шийдвэрлэгдсэн байна. /1хх73-107/

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь У.Эрдэнэзулд холбогдох 2 359 091 448 төгрөг гаргуулах ажиллагаанд оролцож байсан боловч уг иргэний хэрэг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрлэгдсэн нь “Эрсдэлтэй зээлтэй ажиллах журам”-ын 5.6-д заасан 180 хоногоос хэтэрсэн төдийгүй Б.Б- нь хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх ажиллагаанд оролцоогүй нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд дээрх зээлдэгчтэй холбоотой урамшуулал гаргуулах талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

 

Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181ШШ2019/02560 дугаар шийдвэрийн

 тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “К М ББСБ”  ХХК-аас 21 958 110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131 296 921 төгрөгт холбодох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “....247 069...” гэснийг “... 267 740...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 247 068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-ийн төлсөн 496 426 төгрөгийн 415 326 төгрөгийг улсын орлогод үлдээж, 81 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД                                                               

                                       ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                         Т.ТУЯА