Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00225 дугаар шийдвэртэй, Т.Б-гийн нэхэмжлэлтэй, “У И”  ХХК-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Л.Баасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, Б.Шайрийбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Т.Б- миний бие  2016 оны 7 дугаар сард “Жэйкобс инженеринг” ХХК-д хүний нөөцийн администратор албан тушаалд томилогдож, алдаа дутагдалгүй ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь үр бүтээлтэй гүйцэтгэдэг байсан. Манай байгууллага ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулан эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалсаар ирсэн. Миний бие үндсэн ажлын хажуугаар 2018 онд хамт олны санал дэмжлэгээр тус хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Намайг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, “Жэйкобс инженеринг” ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дүрмийн 9.5-д зааснаар 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажилтны ажил, албан тушаалын орон тоо хасагдсан гэж ажлаас халсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн орон тооны цомхотгол болоогүй бөгөөд миний ажлын байрны орон тоон дээр миний туслах байсан хүн ажиллаж байгаа. Намайг ажлаас халснаас хойш олон ажлын байрны санал гаргаж иргэдийг ажилд авсан. Ажлын байрны цомхотгол буюу орон тоо хасагдсан бол алдаа дутагдалгүй ажлаа хийж байсан намайг зарласан ажил, албан тушаал болон өөр албан тушаалд ажиллуулах санал тавиагүй нь хууль зөрчсөн. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Т.Б- нь “Хүний нөөцийн администратор”-ын албан тушаалд ажиллаж байгаагүй. Компани 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын 089/19 тоот тушаалаар бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу тус албан тушаалын орон тоог хассан. Т.Б-д хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бичгээр хүргүүлж, албан тушаалын орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр цуцлах болсон талаар 45 хоногийн өмнө мэдэгдсэн. Тэрээр 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын эх хувийг гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснээс хойш орон тоог дахин бий болгоогүй бөгөөд уг албан тушаалд өөр этгээдийг авч ажиллуулаагүй болно.

Т.Б- нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан асуудлаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасны дагуу тэрээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор буюу 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэл гаргах ёстой. Түүнчлэн нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн аливаа хүндэтгэн үзэх шалтгааны талаар огт дурдаагүй. Тиймээс Т.Б-гийн хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Б-г “У И”  ХХК-ийн “Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч”-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 000 000 төгрөгийг хариуцагч “У И”  ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, дэвтэр тус бүрийн нөхөн бичилт хийхийг хариуцагч “У И”  ХХК-д даалгаж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У И”  ХХК-аас 206 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч ажилгүй байсан үеийн 7, 8, 9, 10 дугаар сарын цалинг 12 000 000 төгрөг гэж нэхэмжилсэн. Бодит байдалд 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу ажилгүй байсан бүх хугацааг /2019 оны 7,8,9,10,11,12, 2020 оны 01 сар/ шүүх харгалзахгүй анх нэхэмжлэлд дурдсан 12 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс шүүх шийдвэрлэсэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 126 хоног ажилгүй байсан. Энэ хугацаанд өөрийн тооцоолсон 17 909 581 төгрөгөөр хохирч байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар хязгаарлах учиргүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүйн, бодитой талаас нь үнэлээгүйн улмаас 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүрмийн орчуулгын хувийн эх баримтыг нотлох баримтаар өгөөгүй тул үнэлэх боломжгүй гэжээ. Хариуцагчийн зүгээс “Жэйкобс Инженеринг” ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүрмийн Монгол хэл дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн (улсын бүртгэгчийн тэмдгийн дардас бүхий) хувийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өгснийг шүүх үнэлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэдийгээр тус дүрэмд орчуулгын тамга дарагдсан боловч уг дүрэм нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт цорын ганц албан ёсоор бүртгэгдсэн дүрэм болохыг шүүх анхаараагүй. Тус дүрмийн 2 дах хуудсанд улсын бүртгэлийн баталгааны тэмдэг дарагдаж, бүх хуудсанд улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдэг дарагдсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/208 тушаалаар батлагдсан хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-ын 2.1.9-т улсын бүртгэгч хуулийн этгээдийн дүрэм /гэрээ/-ийн эхний хуудасны баруун дээд хэсэгт улсын бүртгэлийн баталгааны тэмдэг дарж, бусад хуудасны баруун доод хэсэгт хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулна гэжээ. Улмаар ХЭУБГ нь дүрмийн зөвхөн Монгол хэл дээрх хувь дээр баталгааны болон бүртгэлийн тэмдэг дарж улсын бүртгэлд бүртгэдэг болохыг шүүх дүгнээгүй. Энэхүү практик нь хавтаст хэрэгт авагдсан компанийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дүрмийн Англи болон Монгол хэл дээрх хувиудаар нотлогдож байгаа. Компанийн тухай хууль /2011/-ийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Иймд хариуцагчаас нотлох баримтаар гаргасан дүрэм нь хүчин төгөлдөр тул зайлшгүй үнэлэгдэх ёстой баримт. Хэрэв анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт цуглараагүй талаар эргэлзээтэй байсан бол шүүх хуралдааныг товлохгүй байх үүрэгтэй атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдааныг зарлаж, явуулсан байна.

Шүүх тус компанийн гүйцэтгэх захиралд компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрх “Жэйкобс Инженеринг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Сингапур улсын хуулийн этгээд “Жэйкобс Инженеринг Сингапур Пити Элтиди” ХХК-ийн тогтоолоор олгогдсон гэх тайлбарыг нотлогдоогүй гэж үзэх талаар буруу дүгнэлт хийсэн. Тодруулбал, компанийн цор ганц хувьцаа эзэмшигч болох “Жэйкобс Инженеринг Сингапур Пити Элтиди” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэрээ сольж “Уорли Инженеринг Сингапур Пити Элтиди” ХХК болж бүртгэлийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэтэл шүүх талуудын маргаагүй асуудалд шууд дүгнэлт хийсэн. Нэхэмжпэгч, “Жэйкобс Инженеринг Сингапур Пити Элтиди” ХХК нь “Уорли Инженеринг Сингапур Пити Элтиди” ХХК болсон талаар огт маргаагүй.

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын лавлагаанд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн Компанийн үүсгэн бкйгуулагч нь “Уорли Инженеринг Сингапур Пити Элтиди” ХХК гэсэн техникийн алдаа гаргасныг тус газраас ирүүлсэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 6/933 албан бичгээр зөвшөөрсөн бөгөөд хариуцагч бус харин төрийн байгууллагын гаргасан алдааг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон. Компанийн хувьцаа эзэмшигч солигдоогүй, зөвхөн нэрээ өөрчилсөн, нэг хуулийн этгээд болохыг нотолсон баримт болох хуулийн этгээдийн регистрийн дугаар хэргийн баримтуудад дурдагдсан байхад шүүх үнэлээгүй. Компанийн хувьцаа эзэмшигч солигдсон тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээний арын нүүрэнд энэ талаар тэмдэглэл хийгддэг бөгөөд тухайн хуулийн этгээдийн, өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн дугаар өөрчлөгддөг. Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний арын хуудсанд 2019 оны 02 сараас 09 сарын хоорондох компанийн хийлгэсэн бүртгэлийг тэмдэглэсэн ба хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн талаар нэг ч тэмдэглэгээ байхгүй.

Шүүх талуудын огт маргаагүй буюу хувьцаа эзэмшигчийн талаар дүгнэлт хийж, сайн  дураар тайлбар хийж, үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн, Васант Ратан Малхотра нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрт гарын үсэг зурах эрх бүхий этгээд болох нь хэргийн 237, 120, 127 дах талд авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүх анхаараагүй дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцнэ гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч “У И”  ХХК /хуучнаар “Жейкобс инженеринг” ХХК/-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх1-2, 31/

 

Ажил олгогч “Жейкобс инженеринг” ХХК /одоогийн “У И”  ХХК/ нь ажилтан Т.Б-г 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тэдгээрийн хооронд байгуулсан 074-16-01 дугаар хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн, “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн администратор” албан тушаалд дадлагын 3 сарын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх76-83, 88/ Улмаар, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирлын 189/16 дугаар тушаал, мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 228/16 дугаар тушаалаар түүний дадлагажих хугацаа болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож “Бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч” албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар томилон, 74-16-2 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан ажил олгогчоос гаргасан дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /1хх70-71, 91-95/

 

Ажил олгогч нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Т.Б-тай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 143/19 дугаар тушаалдаа, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, компанийн дүрмийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүрмийн 9.5 (c) дэх хэсэг, гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 089/19 тоот тушаалыг тус тус баримтлан, ажилтны ажил, албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэл заажээ. /1хх74/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан. Хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн “Хөдөлмөрийн зардал танах, ажилтны тоог цөөрүүлэх болон орон тоо хасахыг батлах тухай” тогтоол, гүйцэтгэх захирлын 089/19 дугаар тушаал /1хх153-157, 202-204/ зэргээр хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагчийн албан тушаалын орон тоог хассан гэх боловч “Бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч” Т.Б- /1хх72-73/, “Ажилтан бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, элсүүлэлтийн албаны администратор” Б.Хулан /1хх137-138/, “Хүний нөөцийн зохицуулагч” Ж.Солонго /2хх28-30/ нарын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үнэлвэл, тухайн байгууллагын бүтцээс нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр бодитоор байхгүй болсон буюу тухайн байгууллагад уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал хэргийн бусад баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

 

Мөн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын “Ажил, албан тушаалын жагсаалтыг шинээр батлах, зарим ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болсонд тооцох тухай” /1хх200-202/ тушаалд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан компанийн ажил, албан тушаалын жагсаалтыг хүчингүй болгож, зарим орон тоог хасах, цөөрүүлэх өөрчлөлт оруулах талаар дурдсан байх боловч хэргийн баримтаар өмнө нь батлагдсан нийт ажлын байрнаас хэдэн орон тоо хасагдаж, цөөрсөн эсэх үйл баримт тогтоогдсонгүй. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж буй тохиолдолд тэрээр уг үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар хариуцагч баримт гаргаж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.  

 

Анхан шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар Т.Б-гийн эрхэлж байсан “Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч”-ийн ажлын байрны тоог ажил олгогч дахин бий болгосон гэж үзэх үндэслэлгүй гээд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон дүгнэлт агуулгын хувьд хууль зүйн үндэслэлтэй. Харин “Жейкобс инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захиралд компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрх олгогдсон гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэсэн хэсэг нь буруу болжээ.

 

Учир нь, хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /1хх109-111/, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Жэйкобс инженеринг” ХХК-ийн дүрэм, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “У И”  ХХК-ийн дүрэм /1хх113/, хувьцаа эзэмшигчийн тогтоол /1хх153, 155-157/ гэх бичгийн баримтуудаар “Жэйкобс инженеринг” ХХК-ийн оноосон нэр “У И”  ХХК болж өөрчлөгдсөн,  тус хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Эшли Баскервилле /Baskerville Ashley/ болох нь эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн, түүнд компанийн бүтцийн өөрчлөлтийг хүчин төгөлдөр болгох үүднээс шаардлагатай бүхий л арга хэмжээ авах бүрэн эрхийг хувьцаа эзэмшигчээс олгосон үйл баримт тогтоогдсон байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.  

 

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлээ, “шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөх олговорын хэмжээг буруу тодорхойлсон” гэж, нөгөө талаас хариуцагч нь “талуудын маргаагүй үйл баримт болох гүйцэтгэх захирал болон компанийн эрх зүйн байдалтай холбогдох агуулгаар шүүх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу, нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэх агуулгаар тус тус тайлбарласан байна.

 

Мөн нэхэмжлэгч Т.Б- нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааг энэхүү шүүх хуралдаан болж буй 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гэж тодорхойлж, нийт 22 955 000 төгрөгөөр хохирч байна гэснийг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэмжээгээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг шинээр тодорхойлсон байдлаар талуудыг мэтгэлцүүлэх боломжгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасантай нийцэхгүй юм.

 

Харин, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан Т.Б-гийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага зэргийг харьцуулан үнэлвэл, ажилгүй байсан хугацааны талаар гаргасан анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг зөвтгөн дараах өөрчлөлтийг оруулж байна. Өөрөөр хэлбэл, Т.Б- нь ажлаас чөлөөлөгдсөн өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлс олгогдсон талаар маргаагүй тул түүний дундаж цалин хөлсний хэмжээг 2019 оны 5, 6, 7 дугаар сарын цалингийн хэмжээний дундажаар тодорхойлно. Ийнхүү тооцоход, 1 сарын дундаж цалин 2 556 916 төгрөг, ажлын 1 хоногт 118 926 төгрөг ногдож байна. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд олгогдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нь нийт 14 509 014 төгрөг болно. Үүнээс нэхэмжлэгчийг “орон тоо хасагдсан” үндэслэлээр ажлаас чөлөөлөх үед ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу түүнд олгосон гэх тэтгэмжийн талаар талууд маргаагүй тул 2 000 000 төгрөгийг хасч, хариуцагчаас нийт 12 509 014 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.  

 

Хариуцагч талын давж заалдах гомдлын хувьд, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд дээр дурдсан агуулгаар гомдлыг хангахгүй орхив.  

 

Шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулсантай холбоотойгоор түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилсан өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...12 000 000 төгрөгийг...” гэснийг “...12 509 014 төгрөгийг...” гэж өөрчлөн,

 тогтоох хэсгийн 3 дах заалтын “...206 950 төгрөгийг...” гэснийг “...215 094 төгрөгийг...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “У И”  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР                                                                      

                                       ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА