| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2019/00362/И |
| Дугаар | 60 |
| Огноо | 2019-12-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 60
Б.Д нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
х Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00489 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 62 айлын орон сууцны 2-20 тоотод оршин суух, ПВ58010623 тоот регистрийн дугаартай, Т овогт Б.Д нэхэмжлэлтэй, ХИС холбогдо иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .ЭнхЖжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор 4,656,657 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, Ховд их сургуулийн захирал Б.Нямдоржийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай ажилд авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Би 1979 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургуулийн номын сангийн ангийг эчнээгээр төгссөн. 1980 оны 10 дугаар сарын 07-ноос Ховд аймаг дахь Улсын багшийн дээд сургуулийн номын санд номын санчийн ажил албан тушаалд томилогдсон. Тус сургуульд 1981 оноос хойш ном зүйчийн албан тушаалд томилогдож мэргэжпээрээ тасралтгүй 39 жил 6 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, үе үеийн захирал, албан тушаалтануудтай ажиллаж байсан. Ховд их сургуулийн захирал В.Сайнбаярын 2018 оны 03 сарын 29-ны өдрийн Б/81 дугаартай тушаалаар ажлаас халагдаж, өөрийн эрх хууль ёсны ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан. Ингээд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн27 //ШШ2011538/006 дугаартай Шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ний өдрийн 55 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00412 дугаартай тогтоолуудаар эцэслэн шийдвэрлэж намайг урьд ажиллаж байсан Ховд их сургуулийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилсон. Ховд их сургуулийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай Ажилд авах тухай тушаал гаргасан. Гэтэл хариуцсан номын сан нь уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж байх ёстой номнууд нь хуудаснууд нь ашиглах боломжгүй дутуу мөн актлагдах номнууд нь гарах зэрэг нь хяналтын явцад тогтоогдсон. Жишээлбэл уншлагын нэгдүгээр танхимд тооллого хийсэн номыг хянахад 4 цагийн хугацаанд 108 ширхэг номны хуудас нь ашиглагдах боломжгүй 10 гаруй ном нь ашиглагдахгүй актлагдах номнууд байсан. Энэ талаар Ховд их сургуулийн номын сангийн эрхлэгч С.Төгсжаргалд бодит байдлыг үзүүлэхэд удирдлагууд нь дорвитой арга хэмжээ аваагүй. Миний бие Ховд их сургуульд тасралтгүй 39 жил 6 сар ажилласан. Энэ хугацаанд 2009 оноос хойш номын тооллого хийх асуудлыг удаа дараа удирдлагуудад тавьсан боловч энэхүү асуудлыг авч хэлэлцэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Мөн Ховд их сургуулийн номын санч Д.Цоож нь 2012 оны номын тооллогоор 64 ширхэг, 2018 оны тооллогоор 218 ширхэг ном дутсан байдаг. Миний бие Ховд их сургуулийн номын санг бүрэн тооллогод оруулж, оюутан, багш, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах нь миний гол зорилго юм. Номын сангийн тухай хуулийн 19.1-д номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ном хэвлэлийн тооллого хийх хугацааг номын сангийн төрөл, сан хөмрөгийн хэмжээ, зориулалтаас хамааран тогтоох хуулийг мөрдөж ажилласны төлөө удаа дараа дарамт шахалтанд орж удаа дараа ажлаасаа чөлөөлөгдөж байгаад гомдолтой байна. Ховд их сургуулийн захирал Б.Нямдорж нь 2019 оны 06 сарын 20-ны Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж ажпаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалсанд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу захирал Б.Нямдорж нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Дээрх Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргахдаа надтай зөвшилцөөгүй. Би Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 018/0062153/ШШ27 дугаартай Шийдвэр гарсан өдрөөс хойш Ховд их сургуулийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаал гарч ажилд томилсон өдөр хүртэлх 7 сар 16 хоногийн нийт 5039755 төгрөгийн цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргаад удаагүй намайг ажлаас чөлөөлсөн. Ховд их сургуулийн захирал 2019 оны 06 сарын 20-ны Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 79 дүгээр зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаал, Ховд их сургуулийн дүрэм-ийн 3.15, Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам-ын 5.3.1, 5.3.8, 5.3.10а дахь заалтуудыг үндэслэн ажпаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Ажилтан нь аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-д багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичэээлийн эрхлэгч сургалтын менежер, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно, Мөн хуулийн 43.1.4 төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож, нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг тухай жилийн төсөвт тусгах, 43.5 төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15 заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас тооцож нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгана. Мөн хуулийн 43.7 Энэ хуулийн 43.1.4, 43.5-д заасан нэг удаагийн тэтгэмж олгох цалингийн дундаж хэмжээ олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно, 2019 оны Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дундажаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дээд хэмжээ хэтрэхгүй байна гэжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч Б.Д Ховд их сургуулийн захирлын Б/133 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульчилсаны дагуу ажлаас чөлөөлсөн. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан Ээлжийн амралтын олговор тооцох журам-ын дагуу ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралт олговорыг тооцон олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Б.Д-т өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг тооцон олгосон. Харин нэхэмжлэгчийн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.5, 43.7-д заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэрт гарахдаа буцалтгүй тусламж нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах ёстой гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Ховд их сургууль нь статусын хувьд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн байгууллагад хамаарахгүй тул хуулийн дээрхи заалтуудаар харилцаа нь зохицуулагдахгүй болно. Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д өндөр насны тэтгэвэрт гарч байгаа албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байхаар зохицуулсан байх бөгөөд доод хэмжээг хуульчлаагүй, нэг удаагийн тусламж олгох журмыг Засгийн газар тогтоохоор хуульчилсан байна. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан заалтад нийцүүлэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталсан бөгөөд энэхүү журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00489 дугаар шийдвэрээр: “ 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-н Ховд их сургуульд холбогдох Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор 4,656,657 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ховд их сургуулийн захирал Б.Нямдорж нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 79 дүгээр зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаал, Ховд их сургуулийн дүрмийн 3.15, Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1, 5.3.8, 5.3.10а дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 627 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр болсон. Мөн Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 55 дугаартай магадлал хэвээр үлдсэн. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанаас 2019 оны 03 сарын 26-ны өдөр 412 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт тушаал авагдсан бөгөөд 1980 оноос хойш ном зүйч, катологичоор ажиллаж байсан бөгөөд тасралтгүй 39 жил, 6 сар ажилласан хүнийг өнөөдөр ээлжийн амралтыг нь олгохдоо шүүхийн шийдвэрээр томилогдоод, эргээд 5 сард ажилд томилоод, эргээд 6 сард ажлаас нь чөлөөлж байгаа нь 6 хоногоор тооцсон нь Б.Д-н эрх зүйн байдлыг дордуулсан тушаал гаргасан гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр ээлжийн амралтыг нь буруу бодож гаргасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан. Б.Д-ын хувьд 60 гаруй настай болсон нь үнэн учраас ажлаас нь чөлөөлсөн асуудлыг ярьдаг. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор Б.Д-ыг 65 нас хүрээгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл энэ талаар давж заалдах шатны магадлал дээр тодорхой тайлбарласан байхад 60 нас хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж заасан. Энэ нь 6 хоногийн амралтын мөнгө олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан.
Гэтэл дээрх тушаалаар Б.Д-т 6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байдаг бөгөөд Засгийн газрын тогтоолыг оруулж ирдэг. Гэтэл хуулиас давсан Засгийн газрын тогтоол гэж байхгүй. Хавтаст хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар 1 хуудас баримтыг оруулж ирсэн бөгөөд гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна гэж ойлгохоор байгаа. харин хариуцагч байгууллагад мэдэгдсэн эсэх асуудал нь өнөөдөр надад хамааралгүй. Ямар ч байсан ном зүйч, катологич гэсэн албан тушаал дээр 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл ном зүйчээр томилоод, ном зүйч гэсэн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаад явчихсан нөхцөл байдал тогтоогддог. Ховд их сургуульд 39 жил ажилласан байтал ээлжийн амралтыг 14 хоногоор тооцоод, 6 хоногийн ээлжийн амралтаар мөнгөн тэтгэмж олгосон нь тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 36.2-т заасан заалтуудтай нийцэхгүй байгаа. Мөн ажил хүлээлцсэн тэмдэглэл дээр ажил хүлээлгэж өгсөн хүний гарын үсэг байхгүй байгаа. Өмнөх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дээр ажил хүлээлцээгүй байна гэж заасан. Гэтэл хүлээлцсэн гэсэн гаргуулбар оруулж ирсэн. Энэ тохиолдолд ажил хүлээлцсэнийг нотлохоор Б.Д өөрөө гарын үсэг зурснаар хүлээлцсэн гэсэн асуудал бий болно. Гэтэл Б.Д-ын зүгээс ажил хүлээлцсэн акт дээр гарын үсэг зураагүй. Б.Д-ын хувьд шинээр ажилд орж байгаа хүн биш бөгөөд хуулиараа урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон байхад хуулийн хугацаагаар ажилласан жилийг нь буруу тооцоолж, 6 хоногоор ээлжийн амралт олгосон нөхцөл байдал нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч ХИС-д холбогдуулан Ховд Их Сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б133 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах,нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Ховд Их Сургуулийн захиралын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б133 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйч, каталогичийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах,нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, Ховд их сургуулийн захирал Б.Нямдоржийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай “ажилд авах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Энхжаргал нь Б.Д-ыг “Ховд их сургуулийн ном зүйч, каталогичийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах”, “Ховд их сургуулийн захирал Б.Нямдоржийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай “ажилд авах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор 4.656.657 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43 .2, 79 дүгээр зүйл,Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаал, “Ховд их сургуулийн дүрэм-ийн 3.15, “Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.3.1,5.3.8,5.3.10а дахь заалтыг тус тус үндэслэн Б.Д нь 61 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байх тул 2019 оны 6 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ном зүйчийн үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахдаа ажлаас халсан үндэслэлээ тушаалдаа тодорхой заах нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх бөгөөд “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар ажилтаныг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т зааснаар ажилтаныг ажлаас чөлөөлснийг давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж “ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна гэж дүгнэж” түүний Ховд Их Сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б133 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор 4.656.657 төгрөг гаргуулах,нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “Ховд их сургуулийн ном зүйч, каталогичийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах”, “Ховд их сургуулийн захирал Б.Нямдоржийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай “ажилд авах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлагаасаа татгалзсаныг шүүх шийдвэрлэхгүй орихгдуулсан алдааг зөвтгөж шийдвэрт зохих өөрчлөлт оруулж,нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00489 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Ховд их сургуулийн ном зүйч, каталогичийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах”, “Ховд их сургуулийн захирал Б.Нямдоржийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай “ажилд авах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлагаасаа татгалзсан” болохыг дурдсугай.гэж, “2” гэснийг “3” гэж,”3”-гэснийг “4” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Н.ТУЯА