Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

И.Алтанчимэг, О.Бадрахбаатарын нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00502 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, ПЭ75033149 регистрийн дугаартай, Бээлийнхэн овогт Идэшийн Алтанчимэг, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, ШЕ67051516 регистрийн дугаартай, Хорхон овогт Очирбатын Бадрахбаатар нарын нэхэмжлэлтэй Ховд тулга ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмардорж түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 14,620,437 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Ярант боомтоор 45-73 ХОҮ улсын дугаартай автомашинаар 60 тонн цементийг оруулж ирж Ховдын тулга ХХК-д хүлээлгэн өгсөн. Цементийнхээ үнийг Ховдын тулга ХХК-иас удаа дараа нэхсэн боловч нэг ч төгрөг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд дээрх цементийн үнэ 9,347,520 төгрөг, гаалийн татвар 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс 3,800,000 төгрөг нийт 14,620,437 төгрөгийг Ховдын тулга ХХК-иас гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбар:Тус шүүхэд хандан гаргасан Идэшийн Алтанчимэгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 2014 оны 07 дугаар сарын 18-нд Ховд аймгийн Ярант боомтоор 60тн цемент оруулж ирж хүлээлгэн өгсөн үнэ 14,620,437 төгрөгийг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжилж буй цементийг манай компани хүлээн авсан зүйл байхгүй. Эсба интернэйшнл ХХК нь авсан бидэнтэй хамааралгүй болно гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00502 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ховдын тулга ХХК-иас цементийн үнэ 9,256,104 төгрөг, гаалийн татвар 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс 3,800,000 төгрөг нийт 14,529,021 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Алтанчимэг, О.Бадрахбаатар нарт олгож, илүү нэхэмжилсэн 91,416 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ2019/01369 дугаартай Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Ховдын тулга ХХК-д авсан эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 14,620,437 /арван дөрвөн сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховдын тулга ХХК-иас 14,529,021 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Алтанчимэг нарт олгосугай гэж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамаарлтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгч И.Алтанчимэгийн гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэлийг И.Алтанчимэг шүүхэд гаргасан ба И.Алтанчимэг нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч ажилтай атлаа өөрийн нэрээр гаалиар цемент оруулж гарган худаалдах эрх зүйн үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй нэхэмжлэл гаргасан нь И.Алтанчимэг байхад О.Бадрахбаатарыг хамтран нэхэмжлэгчээр тогтоож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч И.Алтанчимэг, О.Бадрахбаатар нар нь хариуцагч Ховдын тулга ХХК-д холбогдуулан 14,620,437 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Ховдын тулга ХХК-ийн төлөөлөгч Ц.Мягмардорж нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... манай компани Эсба интернэшнл ХХК-тай зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус зуурмагт орох цементийг Эсба интернэшнл ХХК өөрөө авч манайд нийлүүлэхээр тохиролцсон. И.Алтанчимэгийн нэхэмжилж буй цемент нь Эсба интернэшнл ХХК-ийн цемент юм” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх “нэхэмжлэгч О.Бадрахбаатар, И.Алтанчимэг нар нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Булган дахь гаалийн Ярант боомтоор 60тн цементийг Ц.Цогтсайханы эзэмшлийн 45х73 ХОҮ улсын дугаартай авто машинаар тээвэрлэн хилээр оруулж, улмаар Булган сумаас Ховд аймаг хүртэл тээвэрлэн Ховд аймагт Ховдын тулга ХХК-д буулгасан. Жолооч Ц.Цогтсайханы тээврийн хөлс 3,800,000 төгрөгийг  нэхэмжлэгч О.Бадрахбаатар төлсөн. Уг цементийг Ховдын тулга ХХК хүлээн авсан” гэх баримтыг үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь:

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмардоржийн “уг цементийг манайх хүлээж авсан нь үнэн боловч цементийг Эсба интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бетон зуурмаг үйлдвэрлэн Эсба интернэшнл ХХК-д нийлүүлсэн. Цементээ Эсба интернэшнл ХХК өөрөө  нийлүүлж байсан ба манай компани өөрсдийн элс хайргаа гаргаж, бетон зуурмаг үйлдвэрлэсэн. Гаалийн мэдүүлгийг манай компани дээр хийхээр тохирсон. Цементийг Эсба интернэшнл ХХК-иас н.Анхбаяр гэдэг хүн ирж, би орчуулагч нь байгаа юм гээд буулгаад, гаалийн мэдүүлгийг нь өгөөд явдаг байсан. Иймээс манай Ховдын тулга ХХК нь Эсба интернэшнл ХХК-иас бетон зуурмагийн үнийг нэхэмжлэхдээ тэдний оруулж ирсэн 5 машин буюу 258.65 тн цементийн үнэ, гаалийн мэдүүлэг зэргийг хасаж тооцсон” гэх  үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Үүнд. Гэрч Д.Дуламсүрэнгийн мэдүүлэг[1]-ээр хариуцагчийн татгалзал буюу дээр дурдсан үйл баримт тогтоогддог бөгөөд Ховдын тулга ХХК нь Эсба  интернэшнл ХХК-иас бетон зуурмагийн үнэ нэхэмжилсэн хэрэгт түүний гаргасан тооцоо нийлсэн актад нэхэмжлэгч И.Алтанчимэг, О.Бадрахбаатар нарын 45х73 ХОҮ улсын дугаартай авто машинаар тээвэрлэн хилээр оруулж ирсэн 60 тн цементийг хасаж тооцсон байна. Энэ нь анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үзлэг[2]-ээр тогтоогдсон байна.

              Мөн хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсгээс үзвэл.

            Нэхэмжлэгч Ховдын тулга ХХК-ийн төлөөлөгч Ц.Мягмардорж нь “...зуурмаг нийлүүлэхэд их хэмжээний цемент ордог учраас цементийг хангаж чадахгүй гэдгээ хэлээд Эсба интернэшнл ХХК өөрсдөө цементээ нийлүүлэхээр болсон. ...Эсба интернэшнл ХХК-иас цементээ зөөж дийлэхгүй байсан. Мөн цемент зээлээр авч байсан бөгөөд зээлээр авч байсан цемент нь Ярантын боомтоор орж ирдэг байсан учраас Мэргэжлийн хяналтын газрын болон гаалийн мэдүүлэг зэргийг нэмж хэрэгт хавсаргасан байгаа” гэж тайлбарласан бол хариуцагч   Эсба  интернэшнл ХХК-ийн төлөөлөгч Ц.Батхишиг нь “Ц.Мягмардоржийн дээр дурдсан тайлбарыг үгүйсгэж маргаагүй бөгөөд харин Ц.Мягмардоржийн дүү Ц.Пүрэвдорж нь Баян-Өлгий аймагт Прокурорын барилгыг барьж байх үедээ манай Эсба  интернэшнл ХХК-иас бараа материал, бэлэн мөнгө авсныг Ховдын тулга ХХК-ийн бетон зуурмагийн үнэд тооцуулсан” гэж маргасан байна[3].

            Иймд “хариуцагч Ховдын тулга ХХК нэхэмжлэгч И.Алтанчимэг, О.Бадрахбаатар нарын хооронд 60 тн цемент захиалсан гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу уг цементийн үнийг Ховдын тулга ХХК төлөх үүрэгтэй” гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ховдын тулга ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, хариуцагч Ховдын тулга ХХК-д буцаан олгов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, И.Алтанчимэг, О.Бадрахбаатар нарын нэхэмжлэлтэй Ховдын тулга ХХК-д холбогдох 14,620,437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Ховдын тулга ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Н.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                               Б.ДАМБА

                                  

                                                                                                         М.НЯМБАЯР

                 

 

 

           

 

 

           

           

 


[1] Хавтаст хэргийн 190 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 160 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийнм 98-99 дүгээр хуудас