Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01024

 

2021           09            14                                          001/ХТ2021/01024

 

 

 

........., ......... нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00502 дугаар шийдвэр,

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар магадлалтай,

 

........., ......... нарын нэхэмжлэлтэй

“.........” ХХК-д холбогдох

 

14,620,437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .........ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, нэхэмжлэгч .........ын өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014.07.18-ны өдөр Ховд аймгийн Ярант боомтоор 45-73 ХОҮ улсын дугаартай автомашинаар 60 тонн цементийг оруулж ирж ......... ХХК-д хүлээлгэн өгсөн. Цементийнхээ үнийг “.........” ХХК-иас удаа дараа нэхсэн боловч нэг ч төгрөг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд дээрх цементийн үнэ 9,347,520 төгрөг, гаалийн татвар 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7,000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс 3,800,000 төгрөг нийт 14,620,437 төгрөгийг ......... ХХК-иас гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандан гаргасан Идэшийн .........ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 2014.07.18-нд Ховд аймгийн Ярант боомтоор 60тн цемент оруулж ирж хүлээлгэн өгсөн үнэ 14,620,437 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжилж буй цементийг манай компани хүлээн авсан зүйл байхгүй. “.........” ХХК нь авсан бидэнтэй хамааралгүй болно гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00502 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч ......... ХХК-иас цементийн үнэ 9,256,104 төгрөг, гаалийн татвар 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс 3,800,000 төгрөг нийт 14,529,021 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........., ......... нарт олгож, илүү нэхэмжилсэн 91,416 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ2019/01369 дугаартай Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагч ......... ХХК-д авсан эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 14,620,437 /арван дөрвөн сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... ХХК-иас 14,529,021 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ......... нарт олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ........., ......... нарын нэхэмжлэлтэй ......... ХХК-д холбогдох 14,620,437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч ......... ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ: Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмардоржийн “уг цементийг манайх хүлээж авсан нь үнэн боловч цементийг ......... ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бетон зуурмаг үйлдвэрлэн ......... ХХК-Д нийлүүлсэн. Цементээ .........ХХК өөрөө нийлүүлж байсан ба манай компани өөрсдийн элс хайргаа гаргаж, бетон зуурмаг үйлдвэрлэсэн. Гаалийн мэдүүлгийг манай компани дээр хийхээр тохирсон. Цементийг ......... ХХК-с н.Анхбаяр гэдэг хүн ирж, би орчуулагч нь байгаа юм гээд буулгаад, гаалийн мэдүүлгийг нь өгөөд явдаг байсан. Иймээс манай ......... ХХК нь ......... ХХК-с бетон зуурмагийн үнийг нэхэмжлэхдээ тэдний оруулж ирсэн 5 машин буюу 258.65 тн цементийн үнэ, гаалийн мэдүүлэг зэргийг хасаж тооцсон” гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Үүнд. Гэрч Д.Дуламсүрэнгийн мэдүүлэг 1-ээр хариуцагчийн татгалзал буюу дээр дурдсан үйл баримт тогтоогддог бөгөөд ......... ХХК “.........ХХК-иас бетон зуурмагийн үнэ нэхэмжилсэн хэрэгт түүний гаргасан тооцоо нийлсэн актад нэхэмжлэгч ........., ......... нарын 45x73 ХОҮ улсын дугаартай авто машинаар тээвэрлэн хилээр оруулж ирсэн 60 тн цементийг хасаж тооцсон байна. Энэ нь анхан шатны шүүхийн 2019.10.28-ны өдрийн үзлэг 2-ээр тогтоогдсон байна. Мөн хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсгээс үзвэл: Нэхэмжлэгч ......... ХХК-ийн төлөөлөгч Ц.Мягмардорж нь “...зуурмаг нийлүүлэхэд их хэмжээний цемент ордог учраас цементийг хангаж чадахгүй гэдгээ хэлээд ......... ХХК өөрсдөө цементээ нийлүүлэхээр болсон... ......... ХХК-иас цементээ зөөж дийлэхгүй байсан. Мөн цемент зээлээр авч байсан учраас Мэргэжлийн хяналтын газрын болон гаалийн мэдүүлэг зэргийг нэмж хэрэгт хавсаргасан байгаа” гэж тайлбарласан бол хариуцагч ......... ХХК-ийн төлөөлөгч Ц.Батхишиг нь “Ц.Мягмардоржийн дүү Ц.Пүрэвдорж нь Баян-Өлгий аймагт Прокурорын барилгыг барьж байх үедээ манай ......... ХХК-иас бараа материал, бэлэн мөнгө авсныг ......... ХХК-ийн бетон зуурмагийн үнэд тооцуулсан” гэж маргасан байна. Иймд “хариуцагч ......... ХХК нэхэмжлэгч ........., ......... нарын хооронд 60 тн цемент захиалсан гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу уг цементийн үнийг ......... ХХК төлөх үүрэгтэй” гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж бодитойгоор үнэн зөв эргэлзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, хариуцагчийн тайлбарт хэт ач холбогдол өгч, хэтэрхий нэг талыг барьж, тухайн хэрэгт хамааралгүй нотлох баримттай хольж хутган тайлбарлаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зориудаар ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй гол үндэслэл болсон ......... ХХК, ......... ХХК-ийн хооронд 2014.08.01-ний өдөр байгуулсан “Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ нь нэхэмжлэгч ........., ......... нарын нэхэмжилж буй 45-73 ХОҮ улсын дугаартай машинаар Ц.Цогтсайхан гэдэг жолоочийн тээвэрлэн ирж 2014.07.18-ны өдөр ......... ХХК-д буулгасан 60 тн цементтэй хамааралгүй болох нь дараах баримтуудаар нотлогддог. Нэг. ......... ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд өдөр тутмын нь үйл ажиллагаандаа цемент ашигладаг. Нэхэмжлэгч ........., ......... нарын үнийг нь нэхэмжилж буй цемент болох нь 45-73 ХОҮ улсын дугаартай машинаар Ц.Цогтсайхан гэдэг жолооч 60 тн цементийг ......... ХХК-д буулгасан. Энэ 60 тн цемент ......... ХХК-д буух үед ......... ХХК, ......... ХХК-ийн хооронд “Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх талаар яригдаагүй байсан ба уг “Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг 2014.08.01-ний өдөр 60 тн цемент нийлүүлснээс даруй хагас сарын дараа байгуулсан байдаг. /хх 108-р хуудас/ Хоёр. ......... ХХК Эсба интернешнл ХХК-ийн хооронд 2014.08.01-ний өдөр байгуулсан “Бетон зуурмаг Үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дугаартай шийдвэр /хх 98-р хуудас/ Гурав. ......... ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Дуламсүрэн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг: .........ээс Анхбаярт 60 тн цемент явуулсан баримт санхүүгийн баримтанд байдаг. Уг цементийг хэзээ буулгасныг мэдэхгүй. Бид Эсба интернешнл ХХК-д нийлүүлсэн зуурмагныхаа мөнгийг авч чадаагүй байсан тул шүүхэд хандсан байгаа. Бид нар гаалийн мөнгө мэдүүлэгний мөнгийг хасаад үлдсэн тооцоогоо нэхэмжилсэн. ......... гэдэг хүнд 60 тн цементийн үнийн өглөгтэй гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн гэж мэдүүлдэг /хх 190-193-р хуудас/ Дөрөв. Ц.Цогтсайханы гэрчээр өгсөн мэдүүлэг: 2014.07.18-ны өдөр 45-73 ХОҮ улсын дугаартай машинаар 60 тн цемент тээвэрлэж Булган боомтоор оруулж ирсэн. Уг цементийг би ачиж Ховд аймагт байрлах ......... ХХК-ийн хашаанд буулгасан. Тухайн үед манаач нь байсан байх. ........., ......... нараас тээврийн хөлсөө бүрэн авсан. Би Тулга ХХК-с ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй гэж мэдүүлдэг. /хх 136-137-р хуудас/ Тав. Хариуцагч Ц.Мягмардоржийн шүүх хуралдаан дээр .........ийн цемент гээд 258 тонн 4,5 машин ачаад манай хашаанд орж ирээд зогссон байсан. Бүгдийг нь Анхаа манай цемент гэсэн тэрийг нь бид нар буулгасан... .........ийн цементийг манай компани Эсба компаний цемент гэж ойлгож авсан. Цаанаас цементийг ......... зээлээр авсан байх...гэж мэдүүлдэг. Зургаа. Хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар ........., ......... нар нь 2014.07.18-ны өдөр ......... ХХК-д 60 тн цемент нийлүүлсний үнэ 14,529,021 төгрөгийг ......... ХХК төлөөгүй болох нь нотлогдсоор байхад Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Иймд хэргийг хянан үзэж магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

 

Хоёр шатны шүүх “.........” ХХК-д холбогдох цементийн үнэ 14,620,437 төгрөг гаргуулахыг хүссэн ........., ......... нарын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар зохигч талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй, хэргийн ач холбогдол бүхий байдал тодорхойгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч нар худалдах-худалдан авах гэрээний дагуу цемент хүлээлгэн өгсөн тул үнэ, зохих зардлыг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч нь нэхэмжлэгч нараас цемент хүлээн авсан үйл баримтыг зөвшөөрч, харин уг материалыг “.........” ХХК зуурмаг хийлгэхээр нийлүүлсэн гэж маргажээ.

 

Зохигчийн хоорондох маргааны зүйл нь гэрээ байгуулагдсан эсэх асуудал болсон байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, талууд гэрээний бүх нөхцөлийн талаар харилцан зөвшилцсөн эсэх, тэдгээрийн хооронд үүрэг үүссэн эсэх, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй нь учир дутагдалтай болсон байна.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүйгээс гадна нэг талын тооцооны баримт, “.........” ХХК болон “.........” ХХК-ийн хоорондох маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт тусгагдсан үйл баримтыг тодруулахгүйгээр шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт нийцээгүй, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, зохигч мэтгэлцэж чадсан эсэхийг тус тус анхаараагүй байв.

 

Маргааны зүйл болох 60 тн цементийг “.........” ХХК нэхэмжлэгч нараас хүлээн авч, бетон зуурмаг үйлдвэрлэн “.........” ХХК-д нийлүүлэхдээ уг цементийн үнийг хасч тооцсон гэж байгаа боловч “...нэхэмжлэгч нараас нийлүүлсэн 60 тн цементийн үнийг “.........” ХХК хариуцна...” гэх агуулгатай “.........” ХХК-ийн албан бичгээс үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болсноос гадна уг цемент нь хилээр орж ирэхдээ “.........” ХХК-ийн нэр дээр орж ирсэн баримт байх боловч хариуцагч уг баримтыг үгүйсгэж ......... нь татвар төлөхгүйн тулд манай компанийн нэрээр оруулж ирэхээр итгэмжлэл хийлгэж авсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч ......... нь “.........” ХХК-тай хэлцэл байгуулсан атлаа яагаад “.........” ХХК-д хандаж цементийн үнийг хэн хариуцах талаар баримт авах болсон, нэхэмжлэгч ......... нь итгэмжлэлийн талаар ямар тайлбар гаргах, цементийг нийлүүлэх үед “.........” ХХК-ийн ажилтан Анхбаяр байсан гэх нөхцөл байдлуудыг тодруулах нь гэрээ байгуулагдсан эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой байжээ. Түүнчлэн хариуцагч “.........” ХХК нь “.........” ХХК-иас зуурмагны үнийг нэхэмжилж шүүхэд хандахдаа нэхэмжлэгч нарын нийлүүлсэн зуурмагийг хасч тооцсон байж болох боловч энэ нь зөвхөн эдгээр этгээдийн хооронд хамааралтай эсэхийг анхаарахын зэрэгцээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хэлцэл байгуулагдсан эсэх асуудал нь маргааны зүйл болохыг шүүх анхаарах нь зүйтэй байна.

 

Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00502 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 230,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

 

            ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

 

                                                                                       П.ЗОЛЗАЯА

 

                                                                                       Б.МӨНХТУЯА

 

                                                                                 Г.ЦАГААНЦООЖ