Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 64

 

 

Капитал банк ХХК дахь Банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00485 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 Капитал банкны байранд байрлах, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Усны аж ахуйн 24 айлын орон сууцны 17 тоот оршин суух, Арлынхан овогт Жижгээгийн Эрдэнэбилэг /ПЮ79020616/, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Усны аж ахуйн 24 айлын орон сууцны 17 тоот оршин суух, Данхар овогт Хаш-Эрдэнийн Мандах /ПЮ77012267/ нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 4,501,936.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 9,114,301.61 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нар нь 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2014/135 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэйгээр 2017 оны 4 сарын 08-ны өдөр хүртэл хугацаатайгаар жижиг дунд бизнесийн зээл авсан.2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2014/135 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Тус барьцаагаараа Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах 688,5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195, гэрчилгээний дугаар нь 000208534 дугаартай барьцаа хөрөнгийг барьцаалсан. Мөн Ховд аймгийн Жаргалант сум Хаш түлхүүр авто сургуулийн 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн суудлын машиныг тус тус барьцаалж зээл авсан.Тухайн зээлдэгч нар нь гэрээний үндсэн хугацаанд зээлээсээ 1,059,728.92 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 1,156,251.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,204.14 төгрөг, нийт 2,225,184.75 төгрөгийг төлсөн байна. Ж.Эрдэнэбилэг нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 4,501,093.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөг, нотариатын хөлс 7000 төгрөг, нийт 9,114,301.61 төгрөгийг Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нараас гаргуулахаар нэхэмжилсэн. 2014/135 тоот гэрээг үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоот 688.5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195, гэрчилгээний дугаар 00208534, Ховд аймгийн Жаргалант сум Хаш түлхүүр авто жолооны сургуулийн 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн суудлын машинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Би үндсэн зээлийн үлдэгдэл 3,940,271.08 төгрөгийг төлнө. Үндсэн зээлийн хүүний үлдэгдэл 4,501,936.81 төгрөгийн 50 хувийг төлнө. Нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөгийг төлж чадахгүй. Хүү давхар төлөх боломжгүй. Нотариатын хөлс 7,000 төгрөгийг төлнө. Нийт 6,198,239.44 төгрөгийг 3 жилийн хугацаатай сар сард тооцож графикт оруулж өгнө үү. Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах 688.5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195, 00208534 дугаартай хашааны газар, 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн машин хоёрыг үүргийн гүйцэтгэлээр хангуулахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байна. Би хотоос ирээд зээл төлөгдөөгүй сараас эдийн засагчтай нь уулзаад хүүгээ зогсоогоод өг ах нь төлж чадахгүй байна. Би үндсэн мөнгөө графикийн дагуу төлнө гэж 2017 онд хандсан. Ингэж намайг хүү зогсоогоод өгөөч гэж хандахад зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан гэжээ.

Хариуцагч Х.Мандах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 2014 оны 4 сарын 08-нд Ховд аймгийн Капитал банкнаас жижиг дунд бизнесийн зээл болох 5,000,000 төгрөгийг авснаа зөвшөөрч байна. Харин цаг хугацаа алдаж байлгаж байгаад зээлийн өндөр хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00485 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасны баримтлан хариуцагч Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нараас үндсэн зээл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 2,133,238.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191,432.03 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 6,271,941.99 /зургаан сая хоёр зуун далан нэгэн мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,842,359.62 /хоёр сая найман зуун дөчин хоёр мянга гурван зуун тавин есөн төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Г-1617004195 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000208535 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 688,5 м.кв өмчлөх эрхийн газар, 45-17 ХОА улсын дугаартай, аксент маркийн суудлын автомашин зэргээр хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нараас улсын тэмдэгтийн хураамж 115,301 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ. 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжилсэн үнийн дүнгээс 2,842,359,62 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө мөн зээлийн гэрээний 4.2.5-д зээл зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.4 дэх заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд банк зээлийн үлдэгдэл үнийн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг хүчингүй болгож, зээлдэгч нараас 9,114,301,61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн,хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчөөгүй шийдвэр нь хууль ёсны байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь үндсэн зээл 3.940.271.08 төгрөг, зээлийн хүү 4.501936.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 665.093.72 төгрөг, наториатын хөлс 7.000 төгрөг  бүгд 9.114.301.61 төгрөг гаргуулах,барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хариуцагч Ж.Эрдэнэбилэг,Х.Мандах нарт холбогдуулан  гаргажээ.Нэхэмжлэгч нь зээлдэгч нар  гэрээний үндсэн хугацаанд зээл 1.059.728.92 төгрөг, зээлийн хүү 1.156.251.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.204.14 төгрөг нийт 2.225.1.84.75 төгрөг төгрөг төлсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас  нэхэмжлэл гаргаж,  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах 688.5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195,00208534 дугаартай хашааны газар, Хаш түлхүүр авто жолооны сургуулийн 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн машинаар  тус тус  үүргийн гүйцэтгэлээр хангуулж өгөхийг хүсэж тайлбар гаргасан байна.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж үндсэн зээл   3.940.271.08 төгрөг, зээлийн хүү 4.501936.81 төгрөгийн 50 хувь, наториатын хөлс 7.000 төгрөг,нийт 6.198.239.44 төгрөгийг төлнө. Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах 688.5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195,00208534 дугаартай хашааны газар, 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн машин хоёрыг үүргийн гүйцэтгэлээр хангуулахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байна. Зээлийн хүүний 50 хувь, нэмэгдүүлсэн хүү 665.093.72 төгрөгийг төлөхгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн хүүг зогсоолгох талаар хүсэлт гаргаж байсан, хугацаа алдаж байгаад өндөр хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.    Хариуцагч нар үндсэн зээл болон зээлийн хүүгийн 50 хувь, наториатын хөлс төлөх талаар маргаагүй байна.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч  Ж.Эрдэнэбилэг Х.Мандах нар нь 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Капитал банктай жижиг дунд бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 5.000.000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй байхаар тохиролцжээ, /хх-ийн 6-8 дугаар тал/  Мөн  өдөр барьцааны гэрээ байгуулж, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах 688.5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195,00208534 дугаартай хашааны газар, 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн машин зэргийг 5.000.000.00 төгрөгт тооцон барьцаалжээ.

Энэхүү гэрээнүүд нь   Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгүүдэд заасан зээл, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.Талууд хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний 8.3.2.-т “Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь / хавсралт-1/-ийн дагуу төлөөгүй бол”, 8.3.3.-т Зээлдэгч энэхүүү гэрээнд заасан зээл,зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/“ банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгохоор тусгажээ.Хариуцагч Ж.Эрдэнэбилэг Х.Мандах нар нь 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчсөн байна. Энэ талаар талууд маргахгүй байна.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дуусах байжээ.

Нэхэмжлэгч тал гэрээний үүрэг зөрчигдсөн өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 25-наас гэрээний хугацаа дуусах 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр  хүртэлх 23 сар  14 хоногийн хугацаанд гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл,  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардаагүй байна. Үүнээс хойш Капитал банк ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн татан буулгах өдөр хүртэл хариуцагч нараас гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардсан эсэх нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5.-д “хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл”-ээр үүрэг дуусгавар болно гэж зохицуулжээ.

 Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байхад зээлдүүлэгч нь  гэрээний 8.3.2.-т, 8.3.3.-т зааснаар “өөрийн санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгох” үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагагын зарим  хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2,  453 дугаар зүйлийн 453.1 дэх заалттай нийцэж байна гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй  байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.4-д  зааснаар зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  60428 төгрөг гаргуулж  улсын орлого болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож  ТОГТООХ нь:

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагчийн  төлөөлөгчийн   давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.4.-д   зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  60428 төгрөг гаргуулж  улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   М.НЯМБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                     Б.ДАМБА

 

                                                                                                              Н.ТУЯА