Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 571

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 16 өдөр

 

 

 

 

Д.Ц, Д.М, Д.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Отунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00070 дугаар шийдвэртэй Д.Ц, Д.О, Д.М нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Шт холбогдуулан Н.Лын өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран өмчлөгч хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Отунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, Д.Ц, нэхэмжлэгч Б.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, гуравдагч этгээд Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц, Д.М, Д.О нарын нэхэмжлэлийн шаардлага, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: нэхэмжлэгч нарын өвөг эцэг Д.Н, эх Н.Л нар нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 26 тоот орон сууцыг хамтран өмчилдөг байсан. Эх Н.Л 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан бөгөөд хүүхдүүдийнхээ хамт Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Улаанхуаран 5-171 тоотод олон жилийн турш амьдарсан. Өвөг эцэгД.Н нь ач, зээ, ах, дүү нараа танихгүй, алцгеймер өвчтэй болсон ба түүнийг нас барахаас өмнө өвөөгийн дүү Д.Д биднийг өвөөтэй уулзахыг хориглодог байсан.

Нас барагч Н.Лын өвийг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Д.Н өвлөхдөө бусад өвлөгчид мэдэгдээгүй буюу өв хүлээн авах ёстой хүүхдүүдийн эрхийг зөрчсөн. Мөн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ц.Ц гэдэг хүнийг орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмсэн, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д.Н орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл хийсэн байна. Д.Ц, Д.О, Д.М нарын өвлөх ёстой эд хөрөнгийг тэнэгрэх өвчтэй Д.Н өвлөн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.6, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч нарыг Н.Лын өв залгамжлагч болохыг тогтоож, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн үндэслэл, шаардах эрх, түүнийг нотлох баримт байхгүй. Монголын нотариатчдын танхимаас олгосон 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1342 тоот лавлагаанд зааснаар Д.Цгийн өв авах хүсэлт бүртгэгдээгүй бөгөөд тэрээр өвлөх эрхтэй болохоо нотлоогүй. Д.Ц өмчлөгч биш, өвлөгч биш. Үндсэн хууль, Иргэний хуульд зааснаар өмчлөгч хуульд заасан зөвшөөрөгдсөн хэлбэрээр гэрээ хийж хэнд ч өмчөө шилжүүлэх эрхтэй. Иргэн Д.Н 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ц.Цыг өөрийн хүсэл зоригийн дагуу орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй. Гэрээг гэрчлэх үед Д.Н бие эрүүл, ухаан саруул байсан бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар түүнийг эрхийг хүлээн зөвшөөрөх бүрэн боломжтой байсан. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Ц нь 000455414 гэрчилгээтэй, Ү-2204009425 бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг нотариатын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч биш болсон. Иргэн Д.Н хэлцэл хийснээс хойш нас барсан нь урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байхаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зохицуулсан. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй болохыг үүгээр тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардах эрхтэй болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Талийгаач Д.Нн эгч Д.Долгор нь Н.Лыг төрүүлсэн бөгөөд дүү Д.Н Н.Лыг өөрийн нэрээр овоглосон. Н.Л нагац ах Д.Нтай нэг гэрт хамт амьдарч байгаагүй. Д.Цгий гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нотаримтч Б.Ш нь Д.Н, Ц.Ц, Д.Д, Л.Ж биднийг суулгаж байгаад талийгаач Д.Нгаас хэд хэдэн зүйл асууж дэвтэрт бичсэн, бас талийгаачийн гэрт очиж үзсэн. Буцаж ирээд Д.Н ахаас та төрсөн дүү Д.Дийг асарч, сувилж чадна гэж бодож байна уу гэхэд 1992 оноос хойш надтай зууралдаж яваа хүн, ганц үлдсэн дүү минь үхэн үхтэл асрамжлах сувилах ёстой, тэр Н.Лын хүүхдүүдээс хэн ч тус дэм болоогүй, Д.Ц хааяа үзэгддэг байсан ч сүүлд үзэгдэхээ больсон. Харин Д.Н ахын төрсөн дүү Цэрмаагийн охин Наранцэцэг их тус дэм болж, дулаан углааш, цамц оёж, бууз банш, хонины бүтэн мах хүртэл авчирч өгдөг байсан. Д.Ц нь Н.Л нас барсан 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд холбогдох байгууллагад хандаагүй. Д.Н тэнэгрэх өвчтэй болоогүйг нотлох эмнэлгийн магадлагаа байгаа бөгөөд тэрээр сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвар хэвийн байсан ба уг байрыг зараад Д.Эрдэнийн хүүхдүүдэд хувааж өгөөрэй гэсэн гэжээ.

 

Шүүх: 1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О, Д.М нарыг Н.Лын өвлөгч болохыг тогтоож, хариуцагч Б.Шын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Д.Цгийн шаардлага болон 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 200 төгрөгийг улсын орлогод үлдэх, хариуцагч Б.Шаас 210 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Д.М нарт олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн нэгдүгээр үндэслэл болох Д.Н нь үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, эрх зүйн чадамжгүй болсон гэх үндэслэлийг “хэдийгээр түүнд байнгын асаргаа шаардлагатай байгаа нь түүнийг өв хүлээн авах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч Д.О, Д.М нарыг өвлүүлэгч Н.Лтай хамт амьдарч байсан талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Н.Лын иргэний үнэмлэхний лавлагаагаар түүний сүүлд оршин сууж байсан хаяг нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 5 дугаар гудамж, 171 тоот байх ба уг хаягт нэхэмжлэгч Д.М, Д.О нар мөн бүртгэлтэй болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхний лавлагаагаар тус тус тогтоогдож байна. Мөн Н.Лын нас барсны гэрчилгээнд оршин сууж байсан хаягийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УХ 5-171 тоот гэжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргаас гаргуулсан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 5 дугаар гудамж, 171 тоот хаягт оршин суух хүн, ам өрхийн бүртгэлийн двтрээс үзэхэд 2011 оноос өрхийн тэргүүлэгч Дашзэвэгийн Мгийн өрх, мөн 2012 оноос өрхийн тэргүүлэгч Цгийн Батбаярын өрх тус тус бүртгэлтэй байх ба Ц.Батбаярын ам бүлд Нн Л, Дашзэвэгийн О нар бүртгэлтэй байна” гэжээ.

Өвлүүлэгч Н.Лтай нас барах хүртэл Д.О, Д.М нарыг хамт амьдарч байсан талаар дээрх 3 баримтыг үндэслэсэн. Эдгээр баримтууд дараах үндэслэлээр өвлөгч Д.О, Д.М нар өвлүүлэгчтэй нэг хаягт бүртгэлтэй боловч түүнтэй хамт амьдарч байгаагүй нь тогтоогдоно. Нас барагч Н.Дулавжав Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 5-171 тоот хаягт бүртгэлтэй боловч Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багт оршин сууж байсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгч Н.Лыг 2012 оны 05 сарын 25-ны өдөр нас барах үед түүнтэй хамт амьдарч байсныг ойлгох бөгөөд нэг хаягт бүртгэлтэй боловч хамт амьдраагүй өвлөгч нарыг хэлэхгүй.

Шүүх Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.3-т зааснаар Н.Лыг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 5-171 тоот хаягт оршин сууж байсан гэж үзсэн. Дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.3-т шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан шиг нас барагчийн байнгын оршин сууж байсан газрын хаягийг тусгана гэсэн хуулийн заалт байхгүй. Нас барагч Н.Л Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 5-171 тоотод бүртгэлтэй байсан нь үнэн бөгөөд бүртгэлтэй байсан иргэний харъяаллаар нас барсны гэрчилгээ авсан байхад шүүхээс нас барсны бүртгэлийн гэрчилгээнд нас барагчийн байнгын оршин суугаа газрын хаягийг тусгасан байна гэсэн нь буруу.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 5 дугаар гудамж, 171 тоот хаягийн өрхийн бүртгэлийн дэвтрээс харахад Дашзэвэгийн М, Цгийн Батбаяр гэх 2 өрхийн бүртгэл байна. Д.М, Ц.Батбаяр нар нь тухайн хашаанд тус тусдаа байшинтай өрх тусгаарлаж амьдардаг. Тухайн өрхүүд тусдаа өрх болох нь Д.Мгийн өрхийн бүртгэлийн дэвтрийн дугаар 111065072231, Ц.Батбаярын өрхийн бүртгэлийн дэвтрийн дугаар 111065072431 гэх өөр өөр дугаараас харагдана. Өрхийн бүртгэлээс харахад нэхэмжлэгч Д.М нь өвлүүлэгч Н.Лтай өөр тусдаа өрхийн бүртгэлтэй нь харагддаг. Иймд Д.Мг өвлүүлэгч Н.Лтай хамт амьдарч байсан гэж үзэхгүй.

Харин 111065072431 дугаартай Ц.Батбаярын өрхийн бүртгэлийн дэвтэрт Н.Л, Д.О нар өрхийн гишүүнээр бүртгэгдсэн, Д.Ц нь уг гишүүдийг бүртгүүлэхдээ өөрөө гарын үсэг зурж, өрхийн бүртгэл хөтлөх журмыг зөрчсөн. Иймд нэхэмжлэгч Д.О, Д.М нар өвлүүлэгч Н.Лтай хамт амьдарч байсан талаарх баримтууд эргэлзээтэй, өрхийн бүртгэлийн дэвтрийн нүүр засвартай, бүртгэл хийлгэсэн огноо харагдахгүй, бүртгэлийг тухайн хаягт оршин суудаггүй Д.Ц хийлгэсэн байна.

Нэхэмжлэгч Д.О нь охин Э.Анужин, Э.Агарбат нарын хамт Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, 37 дугаар байрны 24 тоотод нөхөр Эрдэнэбилэгийн хамт 1997 оноос хойш хамт амьдарч байгаа. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн боловч уг маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч Д.Ц, Д.О, Д.М нар хариуцагч, нотариатч Б.Шт холбогдуулан Н.Лын өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “хамтран өмчлөгч нэмж оруулах” хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “хамтран өмчлөгч хасуулах” хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг тус тус хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд Д.Д нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Ш нь Д.Нн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан орон сууц өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай өргөдлийг үндэслэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байр, 26 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг /цаашид “орон сууц” гэх/ өвлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр олгосон, мөн өдөр Д.Н, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д.Д, Д.Н, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус гэрчилсэн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /1хх 4, 9-10, 31-32/

Нас барагч Д.Н, нас барагч Н.Л нар нь орон сууцыг дундаа хамтран өмчилж байсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх 8, 28, 38/ Гуравдагч этгээдийн зүгээс нас барагч Н.Лыг нас барагч Д.Нн төрсөн болон өргөж авсан хүүхэд биш гэсэн агуулгатай тайлбар гаргасан боловч энэхүү тайлбар нь эдгээр хүмүүсийн дээрх орон сууцыг хамтран өмчлөн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлыг үгүйсгэх нөхцөл байдалд шууд хамааралтай баримт биш болно.

Учир нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлээр тодорхойлно. Уг хоёр нас барагч этгээдүүд орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй, уг бүртгэл хүчинтэй хэвээр байсан бөгөөд Н.Л 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч Н.Лын хүүхдүүд болох нэхэмжлэгч Д.Ц, Д.О, Д.М нар, түүнчлэн нас барагч Д.Н нарыг  түүний хууль ёсны өвлөгч гэж үзэхээр байна. /1хх 8, 12, 36, 2хх 9, 38, 72-75/

Нэхэмжлэгч Д.М, Д.О нар Н.Лыг нас барах хүртэл түүнтэй хамт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 5 дугаар гудамж, 171 тоот хаягт оршин сууж байсан болох нь хэрэгт авагдсан нас барагч Н.Л, нэхэмжлэгч Д.М, Д.О нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Н.Лын нас барсны гэрчилгээ болон эдгээр этгээдүүдийн оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 5 дугаар гудамж, 171 тоотод бүртгэлтэй талаар хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэсэн байдлаар нотлогдож байна. /2хх 67-83/

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт “өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухай нотариат, баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж зааснаар өвлөгч Д.О, Д.М нарыг өв хүлээн авахаас татгалзсан гэх баримтгүй тул тэдгээрийг Н.Лын өвийг хүлээн авсан гэж үзнэ. /2хх 38, 67-71, 76-82/ 

Харин нэхэмжлэгч Д.Ц, нас барагч Д.Н нар нь нас барагч Н.Лтай хамт амьдарч байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлөө холбогдох байгууллагад гаргаагүй болох нь Монголын Нотариатчдын танхимын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1342 дугаар лавлагаагаар тогтоогдсон  тул эдгээр хүмүүсийг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /1хх 5/

Шүүх нэхэмжлэгч Д.О, Д.М нарыг өвлүүлэгч Н.Лын өвлөгч болохыг тогтоохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүйг залруулан өөрчлөлт оруулав. Өөрөөр хэлбэл, Д.М, Д.О нар орон сууцны өвлүүлэгчид ногдох хэсгээс өвийн журмаар хүлээн авбал зохих хөрөнгө нь гуравдагч этгээд Д.Дийн өмчлөлд бүртгэгджээ. /1хх 77/ Үүний улмаас нэхэмжлэгч Д.О, Д.М нарын өвлөх эрх нь зөрчигдсөн байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч Н.Лын хууль ёсны өвлөгч болохоо хүлээн зөвшөөрүүлэхээр шаардах эрхтэй болно.

Хариуцагч, нотариатч нь Д.Нд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохдоо түүний гаргасан өргөдөлд хавсаргасан баримт бүрэн эсэх, өвлүүлэгч нас барах үедээ хаана, хэнтэй амьдарч байсан зэргийг тодруулалгүйгээр түүнийг нас барагч Н.Лын өвлөгч хэмэх, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2, 8.2.11 дэх хэсгийг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн. Ийнхүү эрх бүхий этгээдээс гаргасан актын дагуу Н.Лын өвийг хуулийн дагуу өвлөх эрхээ хэрэгжүүлээгүй этгээдэд шилжүүлснээр эдгээр хоёр этгээдийн өв залгамжлах субъектив эрх зөрчигдсөн байна.

Түүнчлэн, хариуцагч нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Н.Л, Д.Н нарын өмчлөлд бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр Ц.Цыг нэмж бүртгүүлэх тухай Д.Н, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан хэлцлийг гэрчилсэн байна. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт зааснаар Д.Н хэлцэлд дурдсан орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй болох нь нотлогдоогүй байхад хариуцагч дээрх хэлцлийг гэрчилсэн нь буруу болно.

Нэхэмжлэгч нар хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д.Н, Ц.Ц, Д.Д нарын хооронд байгуулагдсан орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгчөөс Д.Н, Ц.Ц нарыг хасуулах тухай хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “... Д.Н тэнэгрэх өвчтэй байхдаа дээрх хэлцлийг хийсэн тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус болно” гэж тайлбарлажээ. 

Нас барагч Д.Нг байнгын асаргаа шаардлагатай иргэнээр тодорхойлж байсан болох нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах тухай гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /1хх-113-130/ Тэрээр бусдаар асруулах хугацаанд буюу амьд байхдаа 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийжээ. /1хх 27, 42/

Нэхэмжлэгч тал Д.Нг дээрх хэлцлийн учир холбогдол, үр дагаврыг ойлгоогүй буюу эрх зүйн чадамжгүй байсан байдал баримтаар тогтоогдоогүй. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар аливаа этгээдийг эрх зүйн чадамжгүй гэж зөвхөн  шүүх тогтоох эрхтэй бөгөөд ийм баримт хэрэг байхгүй болно.

Иймд хариуцагч буюу нотариатч нь хамтран өмчлөгчөөс хасуулах тухай хэлцлийг гэрчлэхдээ хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д заасан улсын бүртгэлд үндэслэсэн өмчлөх эрхтэй өмчлөгч нар уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн бие даасан байдлын зарчмын хүрээнд, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн. Энэхүү хэлцлийг гэрчилсэн нь хууль зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль хэрэглээний хувьд зөв болно. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 528 дугаар зүйлийн 528.1” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                                                            Ч.ЦЭНД

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ