Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 03282

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2018/03282

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Б.Ш-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Д,

Нотариатын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Доржпагам, түүний өмгөөлөгч Д.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нотариатын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Миний өвөө Д.Намсрай, миний ээж Н.Дуламжав нар нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 26 тоот орон сууцыг хамтран өмчилдөг байсан. Миний ээж Н.Дуламжав нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нас барсан.

Миний өвөө Д.Намсрай нь орон гаран, ач зээ хамаатан садан ах дүү нараа танихаа байсан ба бид түүнийг өндөр насныханд тохиолддог алцгеймер гэж ойлгодог байсан. Өвөөг нас барахаас өмнө өвөөгийн дүү Д.Д нь биднийг өвөөтэй уулзахыг хориглоод “Та нарыг танихгүй хүнтэй уулзаж яах гээд байгаа юм” гэж загнадаг байсан.

Өвөөг нас барсны дараа орон сууцны асуудал буюу овгийн асуудлыг нь сонирхох шаардлага үүсээд лавлагаа авахад нэлээд эргэлзээтэй зүйл гарсан учир шүүхэд нэхэмжлэл                    гаргахад хүрлээ. Үүнд:

1. 2012 оны 5 дугаар сарын 25-нд нас барсан манай ээж Н.Дуламжавын өвийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүн танихаа байсан манай өвөө өвлөж авчээ.

Ингэхдээ Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1 дэх хэсэгт заагдсан бусад өвлөгчид мэдэгдээгүй буюу төрөл садны лавлагаа аваагүйгээр өв хүлээн авах ёстой хүүхдүүдийн эрхийг зөрчсөн байна.

2. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр буюу өвлөх эрхийн гэрчилгээ авсан өдөр манай ээж, аав, өвөө нарын хэнийх нь ч хамаатан биш Ц.Цэенханд гэдэг хүнийг хамтран өмчлөгчөөр оруулжээ.

3. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүн танихаа байсан миний өвөө орон сууцны өмчлөлөөс хасах хэлцэл хийжээ.

Дээрх эргэлзээтэй хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож цаашид эрхээ сэргээлгэх зорилгоор нэхэмжлэл гаргаж байна.

 

Иймд 2015.08.26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 2015.08.26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017.02.10-ны өдрийн хамтран хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй нотариатын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаарах эрх, түүнийг нотлох баримт байхгүй байна.

Нэхэмжлэлд миний ээж Н.Дуламжав нь 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан өвөө 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өв авсан Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1 дэх хэсэгт заагдсан бусад өвлөгчид мэдэгдээгүй төрөл садны лавлагаа аваагүй өв авах эрхтэй хүүхдүүдийн эрхийг зөрчсөн гэжээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгчид өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргахаар мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т уг хугацаанд өвлөгч өвлөгдөх хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэжээ.

Монголын нотариатчдын танхимаас олгосон 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №1342 тоот лавлагаанд Д.Ц өв авах хүсэлт бүртгэгдээгүй байна.

Д.Ц өвлөх эрхтэйгээ нотлоогүй байна /нэхэмжлэлд/

2015 оны 8 дугаар сарын 26-нд хамаатан биш Ц.Цэенхандыг хамтран өмчлөгчөөр оруулж, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өмчлөгчөөс хасах хэлцэл хийжээ эргэлцээтэй хэлцэлийг гэрчилсэн нотариатын үйлдэлийг хүчингүй болгож цаашид эрхээ сэргээлэх зорилгоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Д.Ц өмчлөгч биш, өвлөгч биш

Үндсэн хууль, Иргэний хуульд өмчлөгч хуульд заасан зөвшөөрөгдсөн хэлбэрээр гэрээ хийж хэнд ч өмчөө шилжүүлэх эрх нь хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Иргэн Д.Намсрай 2015.08.26 өдөр Ц.Цэенхандыг өөрийн хүсэл зоригийн дагуу өмчлөгчөөр нэмсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсний дагуу гэрээг үйлдсэн нь хуульд харшлахгүй болно.

Гэрээг гэрчлэх үед Д.Намсрай бие эрүүл, ухаан саруул байсан бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д Эрхийг хүлээн зөвшөөрөх бүрэн боломжтой байсан болно. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Цэенханд нь 000455414 гэрчилгээтэй, УБД Ү-2204009425 бүртгэлтэй байрнаас өөрийн хүсэлтээр өмчлөгчөөс хасуулсан гэрээг нотариатын бүртгэл № 166 бүртгэгдсэн тул эрх зүйн үр дагавар үгүй өмчлөгч биш болсон байна. Иргэн Д.Намсрай хэлцэл хийснээс хойш нас барсан нь урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байхаар иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зохицуулсан.

Нотараиатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл тоггоогдоогүй тул нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй болохыг үүгээр тайлбарлаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардах эрхтэй болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Д.Д би ХБ37092071 РД-тай иргэний үнэмлэхтэй, Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 6-р байрны 3-р тоотод амьдардаг. Сүүлийн үед чихний сонсгол суларсан тул өөрийн хань Лувсанхандын  Доржпагам ХБ50071063 РД-тай мөн дээрх хаягт хамт 45 жил амьдарч байна. Иймд өөрийн биеийн өмнөөс төлөөлүүлэн зохих журмын дагуу уг хуралдаанд оролцуулж байна. Нотариатаар батлуулсан баримт хавсаргав. Доржпагам би Д.Дийг төлөөлөн үнэн зөвөөр бичснээ хуулийн өмнө андгайлж байна. Талийгаач Намсрайн эгч Долгор насандаа Дуламжавыг төрүүлээд эмэгтэй хүний зовлонгоо төрсөн дүү Намсрайдаа тайлбарлаж, дүү Намсрай нь эгчээ өрөвдөөд зөвшөөрч нэрэнд нь бичигдсэн юм. Дуламжав нагц ах Намсрайтай нэг гэрт хамт амьдарч байгаагүй. Намсрайн төрсөн дүү Эрдэнийнд нагац эх Дуламсангийн хамт нэг гэрт хадамд гартлаа амьдарсан. Боржигон Дашзэвэгтэй гэрлэж гурван хүүхэд төрүүлж өсгөсөн. Цэцэгээ нь боловсролтой, өндөр зэрэглэлийн тогоочоор Буянт-Ухаа олон улсын онгоцны буудалд олон жил ажилласан юм. Түргэн ууртай нилээд түрэмгий авиртай хүн. Амьдарлын боломжоороо ах дүү садан дотроосоо дээгүүрт орно. Хань, нөхөр, үр хүүхэд нь төлөв, түвшин хүүхдүүд нь бүгд орон сууцанд өөрөө ч орон сууцанд амьдардаг боломжийн амьдралтай айл юм. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхээс утасдаж 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр уг шүүх дээр очиж хавтаст хэрэгтэй танилцаж мэдсэн юм.

Үүнд : Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ойролцоо байрладаг нотариатчин Шижирбаатарыг буруутгаж 2015 оны 08 дугаар сарын 26, 2017 оны 02 дугаар сарйн 10-ны үл хөдлөхийн гэрчилгээний үйлдлийг буруутгаж хүчингүй болгож өгнө үү гэсэн байлаа. Нотариатчийн уг үйлдлийг хуульд зааснаар гүйцэтгэсэн гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Намсрай ах, Цэенханд, Д, Доржпагам  бид 4-ийг суулгаж байгаад талийгаач Намсрай ахаас хэд хэдэн зүйл асууж дэвтэрт бичсэн бас талийгаачийн гэрт очиж үзсэн. Буцаж ирээд Намсрай ахаас та төрсөн дүү Дэндэвдоржийг асарч, сувилж чадна гэж бодож байсан уу?

Хариулт: 1992 оноос хойш надтай зууралдаж яваа хүн, ганц үлдсэн дүү юм чинь намайг үхэн үхтэл асрамжлах сувилах ёстой, тэр Дуламжавын хүүхдүүдээс хэн ч тус дэм болоогүй Ц хааяа үзэгддэг байсан сүүлдээ бүр алга. Өнгөрсөн 3 жил дотор байр, сайр тэгье ингье гэж хандаагүй гэсэн. Намсрай ах гэнэт уурлаж нүүр нь час улаан болсон. Тэгсэн байтлаа нотариатчийн шалан дээр  “Түй гээд нулимчихсан би их айсан, гайхсан”. /Доржпагам би/

2014 оны зун бид хотоос 130 км зайнд байгаа хөгшчүүлийн хороололд байгаа зусландаа жил болгон аваачин 2 сар гаруй хугацаанд агаарт сувилж асарч сувилдаг байв. Бид нэг өдөр талийгаач Намсрай ах, дүү Дэндэвдорж, зээ дүү Наранцэцэг, бэр дүү Доржпагам бид нартай ярилцаад Цгээр асруулахаар тохиролцоод зээ дүү Наранцэцэг, Доржпагам бид хоёр Цгийнд орж энэ тухайгаа яриад за одоо авчирч өгөх үү гэхэд Ц нь “За яахавдээ тэг дээ” гэж дурамжхан зөвшөөрсний дагуу буцаж очоод талийгаач Намсрай ахыг Доржпагам би Наранцэцэг бид хоёр Цгийн гэрт нь хүргэж сайн асрахыг зөвлөөд Цд хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа Доржпагам би Цгээс “өвөөтэйгээ дасч байгаа биздээ” гэхэд “Ёстой яршигтай өвгөн юм байна телевиз хаа, цонх нээ эрт унт, шуугилдлаа, гэрэл унтраа гэх мэтээр төвөгтэй байна 1-2 хоногоос хот орохдоо гэрт нь аваачин орхиноо” гэж хариулсан. Доржпагам би арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байсан, Жимсэнд яваад ирсэн чинь 10 байр 26 тоот гэрт нь орхисон байлаа. Цд их гомдсондоо албан газрын шалан дээр Түй гэж нулимсан учир нь энд л байсан. Энэ явдал бодит үнэн гэрчлэх хүн байгаа.  Намсрай ахыг асрамжилахаас 100 хувь татгалзсан хүн бол Ц мөнөөс мөн юм.

Намсрай ахыг тэнэг болсон үед дүү Дэндэвдорж биднийг уулзуулдаггүй хөөдөг туудаг байсан. Үл хөдлөх гэрчилгээ нь гэнэт гарч ирсэн. Дэндэвдорж, Цэенханд нарт шилжүүлсэн гэх мэтээр хэнч үнэмшихээргүй худал мэдүүлсэн байна. Ц нь 2012 оны 05 дугаар сарын 25-наас хойш \Дуламжав нас барсан\ 2015 оны 08 дугаар сарын 25-ны хооронд 3-н жил хуулийн аль ч байгууллагад хандаагүй.Намсрай ах өөрөө нотариатчин дээр очсон. Тэнэгрэл болоогүйг эмнэлгийн магадлагаа хавсаргав. Гэрчлэх хүн байгаа. Намсрай ах биднийг гарахад өөрөө үүндээ түгшиж гаднаас хүн ирвэл онгойлж өгдөг байсан. Хөдөө зусланд байхад Ц 25 метрийн зайтай замаар усанд явах замдаа гадаа сууж байгаа Намсрай ах дээр ирж, ярьж хөөрч байгаагүй. Ядаж 10 хоног сувилж өрөөсөн оймсыг нь ч угаагүй хүн дээ. Намсрай ахын төрсөн дүү Цэрмаагаас гарсан охин Наранцэцэг их тус дэм болж дулаан углааш, цамц оёж, бууз банш, хонины бүтэн мах хүртэл авчирч өгдөг байсан. Хүн хөгшрөх, өвдөж, үхэл болох тохиолдолд явцын дунд хүний мөс чанар, хүнлэг энэрэнгүй хэсэг нь тунарч үлдээд амьсгал хураатал нь ноцолдсоор байгаад дуусдаг шүүдээ.

Тайлбарт бичсэн бүх зүйл үнэн. Асаргааны сүүлийн саруудад морь харах, хүндрэх асуудал ямар хэцүү байсныг бичээгүй шаардлагатай бол асран хамгаалагч Л.Доржпагам би бүрэн хариулж чаднаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Б_Шт холбогдуулан нотариатын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... талийгч ээж болох Н.Дуламжавын өвийг өндөр насныханд тохиолддог зөнөх өвчин тусаж үйлдлийнхээ учир холбогдолгүй ойлгохгүй, хүн танихгүй буюу эрх зүйн чадамжгүй болсон миний өвөө Д.Намсрайд олгохдоо асран хамгаалагчийг байлцуулаагүй түүнчлэн өв хүлээн авах өөр өвлөгч байгаа талаарх төрөл садангийн лавлагаа аваагүй” гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзалын үндэслэлээ “... Д.Ц болон өөр бусад өвлөгч нар өв хүлээн авах талаар хүсэлт гаргаагүй болох нь Монголын Нотариачдын танхимаас олгосон лавлагаагаар тогтоогдсон түүнчлэн хуульд заасан өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгчид өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаагүй, хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй тул өвлөхөөс татгалзсан гэж үзэж Д.Намсрайд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд Нотариатын тухай хуульд заасан журмын дагуу үйлдэл хийсэн” гэж тайлбарлаж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар тодорхойлсон  үндэслэл нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах үндэслэл мөн эсэх, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийе.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж зохицуулсан.

Талийгч Н.Дуламжав 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нас барсан байх ба тэрээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 10 дугаар байрны 26 тоот 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг Д.Намсрайн хамт өмчилдөг байсан болох нь тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 519 дугаар зүйлийн 519.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн газрыг Баянзүрх дүүрэг гэж үзнэ. /х.х-ийн 8, 36 дахь талд/

Хариуцагч Б_Ш нь Баянзүрх дүүрэгт нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан тойрогт нотариатын үйл ажиллагааг эрхлэн явуулсан байна. /х.х-ийн 24 дэх талд/

Хэрэгт авагдсан баримтаар талийгч Н.Дуламжавын өвийг хүлээн авсан талийгч Д.Намсрай нь өндөр настайн улмаас байнгын асаргаа шаардлагатай иргэнд хамрагдаж түүнд асрагч томилж байсан болох нь тогтоогдож байна. х.х-ийн 117-130 дахь талд/

Хэдийгээр түүнд байнгын асаргаа шаардлагатай байгаа нь түүнийг өв хүлээн авах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заасан эрх зүйн чадамжгүй иргэн гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг гагцхүү шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцдог тул тус үндэслэл нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй юм.

Харин төрөл садангийн лавлагааг аваагүй нь хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлд дүгнэлт хийхэд дараах үндэслэл тодорхойлогдож байна.

Баянзүрх дүүргийн нотариатч Б_Ш 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 10 дугаар байрны 26 тоот 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг Д.Намсрайд өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хүсэлт гаргагч Д.Намсрайд олгосон Нотариатчдын Танхимын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1342 дугаартай лавлагааг үндэслэжээ.

Өвлөх эрхийн гэрчилгээ авахын тулд нэг талаас хүсэлт гаргагч нь өв хүлээн авах эрхтэй болохоо нотолсон холбогдох баримтаа гаргаж өгөх, нөгөө талаас нотариатч тухайн үйлдлийг хийхэд шаардагдах баримт хангалттай бүрдсэн эсэхийг нягталж шийдвэрлэх үүрэгтэй.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт дэх хэсэгт хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо үндэслэх баримт бичгийн талаар зохицуулж, 43.2.1-д “хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг”-ийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгоно гэж зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч нь өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгч болохыг нотолсон баримтыг ирүүлэхээс гадна түүнээс өөр хууль ёсны өвлөгч байхгүй, эсхүл өөр өвлөгч байсан ч тэдгээр нь өв хүлээж авахаас татгалзсан талаарх холбогдох баримтаар түүнийг өвлүүлэгчээс өвлөгдөж буй хөрөнгийг өвлөх эрх бүхий этгээд гэж үзнэ.

Гэтэл өв хүлээн авахаар хүсэлт гаргасан талийгч Д.Намсрай нь талийгчийн төрсөн охин Д.Ц болон хууль ёсны бусад өвлөгч нарт мэдэгдэлгүй, өөрийн эрхийн талаар үнэн зөв мэдээлэлийг гаргаж өгөөгүй, энэ талаарх холбогдох баримтыг нотариатчид ирүүлээгүй байна.

Нотариатын  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т “Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ” гэжээ.

Нотариатч Б_Ш нь хүсэлт гаргагчаас өвлөх эрхийнхээ талаар шаардлагатай баримтыг ирүүлсэн эсэхийг нягталж, ирүүлээгүй тохиолдолд түүнийг ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж шаардаагүй, түүнчлэн бусад өвлөгч байгаа эсэх талаарх мэдээллийг зөвхөн Нотариатчдын Танхимын өвийн бүртгэлийн талаарх лавлагаагаар хязгаарлаж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд заасан журмын дагуу нотариатын үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж зохицуулсан.

Талийгч Н.Дуламжавыг нас барснаас хойш 3 жил 3 сарын дараа талийгч Д.Намсрай нотариатчид хандан өв хүлээн авах талаар хүсэлт гаргасан нь хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэл боловч өв хүлээн авахаар хүсэлт гаргасан этгээдийг өөрийн эрхийн талаар үнэн зөв мэдээлэлийг гаргаж өгөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл болон тус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцох үндэслэлтэй.

Ийнхүү шийдвэрлэсэн нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “нотариатын зарчим”-д нийцнэ гэж үзэв.

Шүүх тус маргааныг хянан шийдвэрлэхдээ нотаритын үйлдэл хуульд заасан процессийн журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран хасуулах хэлцэл хүчин төгөлдөр бус эсэх, түүнчлэн талийгч Д.Намсрай эсхүл нэхэмжлэгч Д.Ц өвлөгч эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б_Шын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаарт бүртгэж өвлэх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б_Шаас улсын тэмдэгтийн хураамжид 210,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЭНХЖАРГАЛ