Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00665

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03282 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр магадлалтай

Д.Цгийн нэхэмжлэлтэй,

Б.Шт холбогдох

2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр олгосон Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улмаар мөн өдрийн болон 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах, орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, гуравдагч тэгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Доржпагам, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нотариатын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний өвөө Д.Намсрай, миний ээж Н.Дуламжав нар нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 26 тоот орон сууцыг хамтран өмчилдөг байсан. Миний ээж Н.Дуламжав нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Миний өвөө Д.Намсрай нь орон гаран, ач зээ хамаатан садан ах дүү нараа танихаа байсан ба бид түүнийг өндөр насныханд тохиолддог алцгеймер гэж ойлгодог байсан. Өвөөг нас барахаас өмнө өвөөгийн дүү Д.Дэндэвдорж нь биднийг өвөөтэй уулзахыг хориглоод та нарыг танихгүй хүнтэй уулзаж яах гээд байгаа юм гэж загнадаг байсан. Өвөөг нас барсны дараа орон сууцны асуудал буюу овгийн асуудлыг нь сонирхох шаардлага үүсээд лавлагаа авахад нэлээд эргэлзээтэй зүйл гарсан учир шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрлээ. 2012 оны 5 дугаар сарын 25-нд нас барсан манай ээж Н.Дуламжавын өвийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүн танихаа байсан манай өвөө өвлөж авчээ. Ингэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заагдсан бусад өвлөгчид мэдэгдээгүй буюу төрөл садны лавлагаа аваагүйгээр өв хүлээн авах ёстой хүүхдүүдийн эрхийг зөрчсөн байна. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр буюу өвлөх эрхийн гэрчилгээ авсан өдөр манай ээж, аав, өвөө нарын хэнийх нь ч хамаатан биш Ц.Цэенханд гэдэг хүнийг хамтран өмчлөгчөөр оруулжээ. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүн танихаа байсан миний өвөө орон сууцны өмчлөлөөс хасах хэлцэл хийжээ. Дээрх эргэлзээтэй хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож цаашид эрхээ сэргээлгэх зорилгоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн хууль, Иргэний хуульд өмчлөгч хуульд заасан зөвшөөрөгдсөн хэлбэрээр гэрээ хийж хэнд ч өмчөө шилжүүлэх эрх нь хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Иргэн Д.Намсрай 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ц.Цэенхандыг өөрийн хүсэл зоригийн дагуу өмчлөгчөөр нэмсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсний дагуу гэрээг үйлдсэн нь хуульд харшлахгүй болно. Гэрээг гэрчлэх үед Д.Намсрай бие эрүүл, ухаан саруул байсан бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д Эрхийг хүлээн зөвшөөрөх бүрэн боломжтой байсан болно. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Цэенханд нь 000455414 гэрчилгээтэй, УБД Ү-2204009425 бүртгэлтэй байрнаас өөрийн хүсэлтээр өмчлөгчөөс хасуулсан гэрээг нотариатын бүртгэл № 166 бүртгэгдсэн тул эрх зүйн үр дагавар үгүй өмчлөгч биш болсон байна. Иргэн Д.Намсрай хэлцэл хийснээс хойш нас барсан нь урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байхаар иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зохицуулсан. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл тоггоогдоогүй тул нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй болохыг үүгээр тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардах эрхтэй болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Дэндэвдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ойролцоо байрладаг нотариатчин Б.Шыг буруутгаж 2015 оны 08 дугаар сарын 26, 2017 оны 02 дугаар сарйн 10-ны үл хөдлөхийн гэрчилгээний үйлдлийг буруутгаж хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Нотариатчийн уг үйлдлийг хуульд зааснаар гүйцэтгэсэн гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Намсрай ах,Цэенханд, Дэндэвдорж, Доржпагам бид дөрөвийг суулгаж байгаад талийгаач Намсрай ахаас хэд хэдэн зүйл асууж дэвтэрт бичсэн бас талийгаачийн гэрт очиж үзсэн. Буцаж ирээд Намсрай ахаас та төрсөн дүү Дэндэвдоржийг асарч, сувилж чадна гэж бодож байсан уу? гэхэд хариулж 1992 оноос хойш надтай зууралдаж яваа хүн, ганц үлдсэн дүү юм чинь намайг үхэн үхтэл асрамжлах сувилах ёстой, тэр Дуламжавын хүүхдүүдээс хэн ч тус дэм болоогүй Ц хааяа үзэгддэг байсан сүүлдээ бүр алга. 2014 оны зун бид хотоос 130 км зайнд байгаа хөгшчүүлийн хороололд байгаа зусландаа жил болгон аваачин 2 сар гаруй хугацаанд агаарт сувилж асарч сувилдаг байв. Бид нэг өдөр талийгаач Намсрай ах, дүү Дэндэвдорж, зээ дүү Наранцэцэг, бэр дүү Доржпагам бид нартай ярилцаад Цгээр асруулахаар тохиролцоод зээ дүү Наранцэцэг, Доржпагам бид хоёр Цгийнд орж энэ тухайгаа яриад за одоо авчирч өгөх үү гэхэд Ц нь За яахавдээ тэг дээ гэж дурамжхан зөвшөөрсний дагуу буцаж очоод талийгаач Намсрай ахыг Доржпагам би Наранцэцэг бид хоёр Цгийн гэрт нь хүргэж сайн асрахыг зөвлөөд Д.Цд хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа Доржпагам би Д.Цгээс өвөөтэйгээ дасч байгаа биздээ гэхэд ёстой яршигтай өвгөн юм байна телевиз хаа, цонх нээ эрт унт, шуугилдлаа, гэрэл унтраа гэх мэтээр төвөгтэй байна 1-2 хоногоос хот орохдоо гэрт нь аваачин орхиноо гэж хариулсан. Доржпагам би арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байсан, Жимсэнд яваад ирсэн чинь 10 дугаар байр 26 тоот гэрт нь орхисон байлаа. Намсрай ахыг асрамжлахаас 100 хувь татгалзсан хүн бол Ц мөнөөс мөн юм.

Ц нь 2012 оны 05 дугаар сарын 25-наас хойш \Дуламжав нас барсан\ 2015 оны 08 дугаар сарын 25-ны хооронд 3-н жил хуулийн аль ч байгууллагад хандаагүй. Намсрай ах өөрөө нотариатч дээр очсон гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03282 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Шын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаарт бүртгэж өвлэх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шаас улсын тэмдэгтийн хураамжид 210 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 энэ заалт хамаатай юу эргээд яръя гэсэн байна шүүгчээ дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Шт холбогдох, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаарт бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамтран өмчлөгч хасуулах хэлцлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгох тухай Д.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2018/19886 дугаар захирамжаар гуравдагч этгээд нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.26-ны өдрийн 44 тоот магадлал нь үндэслэл бүхий болж чадаагүй учир хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Болсон явдлын талаар:

Намсрай, Дуламжав нь нэг гэр бүлийн /өргөж авсан эцэг, өргөмөл охин/ байсан ба Намсрай нь нь өөр хүүхэдгүй, Дуламжав нь 3 хүүхэдтэй байсан.

Дуламжавын 3 хүүхэд нь ээж Дуламжавыг орон сууцны хамтран өмчлөгч гэдгийг огт мэддэггүй байсан байдаг.

2012 онд Дуламжав нь нас барсан ба охиныхоо нас барснаас хойш мартамхай, барьсан тавьснаа ч мэдэхгүй буюу зөнөгрөлийн өвчин эхэлсэн байдаг.

Зөнөгрөх өвчин нь асаргаанд орох хүртэл 5-10 жил болдог гэх ба маш богино хугацаанд тусдаг халдварт өвчнөөс ялгаатай байдаг байна.

Намсрай нь 2016 онд зөнөглөсөн гэх эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсан гэхээр ойролцоогоор 2011 оноос өмнө зөнөгрөл нь эхэлсэн байх магадлалтай.

Хэрэгт авагдсан баримтаар зөнөглөх өвчтэй байсан Намсрай нь зөнөгрөх өвчин эхэлснээс хойш 3 жилийн дараа өв хүлээн авах өргөдөл гаргаад, хамтран өмчлөгч оруулаад, хамтран өмчлөгчөөс хасагдаад явна гэхээр гэрээсээ гараад төөрдөг, юу хийж байгаагаа мэдэхгүй хүний хувьд хүсэл зоригийн илэрхийлэл гэхэд эргэлзээ төрж байна.

Хоёр. Намсрай өмчлөх эрхээсээ татгалзсан талаар:

Намсрай нь 2016 оны 6 сарын 7-нд эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр “зөнөгрөх, тэнэгрэх”өвчний учир байнгын асаргаа тогтоогдож байдаг.

2016 онд дүү Дэндэвдорж нь анх гэрээслэл хийх гэж оролдсон байдаг ба гэрээслэл хийхэд гэрээслэгчийн оюун санаа эрүүл эсэх талаар эмнэлгийн бичиг шаардагдсан учир эмнэлгийн эрүүл гэсэн бичиг шаардагдахгүй хэлцэл болох өмчлөх эрхээсээ хасагдах хэлцлийг нотариатаар хийлгэсэн байна.

Нийслэлийн шүүх “зөнөгрөх, тэнэгрэх” архаг хүн гэрээслэл үйлдэх боломж байхгүй учир “хүсэл зоригийн илэрхийлэл”-ээрээ өмчлөгчөөс хасагдах хэлцлийг хөндлөнгийн гэрчгүй, асран хамгаалагчийг оролцуулалгүйгээр хайх эрхтэй гэж шийдвэр гаргасан нь эргэлзээтэй.

Гурав. Өмчлөх эрхээс татгалзсан гэж үзсэн тухайд:

Иргэний хуульд хамтран амьдарч байгаагүй хүн нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй бол өвөөс татгалзсанд тооцохоор хуульчилсан учир нэхэмжлэгч нарыг өвөөс татгалзсан гэжээ.

Учир нь өвлөгч байх ёстой төрөөгүй хүүхэд, төрсөн боловч өөр этгээдийн асрамжинд байгаа хүүхэд, өвлөгч боловч сураггүй байж байгаад ирсэн хун, өвлөгч нь цэрэгт алба хааж байсан... гэх мэт өргөдлөө өгөх боломжгүй, мэдэхгүй маш олон тохиолдлыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй.

Мөн талийгаачийг үл хөдлөх хөрөнгөтэй байгаа эсэхийг мэдэхгүй хүн нотариатаар орж өв нээлгэх хүсэлтээ гаргах гэхэд хүлээн авдаггүй ба өвийн гэрчилгээ олгохдоо зөвхөн гэрчилгээг үндэслэн өвийн гэрчилгээ олгодог ба тодорхойгүй хөрөнгөнд өвийн гэрчилгээ олгодоггүй.

Тэгвэл Дуламжавын охин ээжийгээ үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээн дээр өмчлөгчөөр бүртгэгдсэн болохыг олж мэдсэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргасан нь өмчлөх эрхээсээ татгалзсан үйлдэл биш.

Намсрай 2012 онд нас барсан өргөмөл охиныхоо өвийг 2015 онд “зөнөгрөх, тэнэгрэх” өвчтэй үедээ хүлээн авах өргөдөл өгсөн үйлдэл нь мөн адил өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдох цаг хугацаанд буюу хуульд заагдсанаар татгалзсанаасаа хойш 2 жилийн дараа өв хүлээн авчээ.

Нэгэнт хууль Намсрай болон Ц нарыг ялгаварлан гадуурхахгүй гэвэл нэг бол хоёул өвөөс татгалзсан, эсхүл хоёулаа өвлөгч байх ёстой.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.26-ны өдрийн 44 тоот магадлал нь Үндсэн Хуулийн 2-р бүлэг 14-р зүйлийн 14.1, 2, 16-р зүйлийн 16.3 , Иргэний Хуулийн 82.2-р заалт болон Нотариатын тухай хуультай зөрчилдсөн байх тул хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Ц нь Б.Шт холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр олгосон Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улмаар мөн өдрийн болон 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах, орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгчийн тайлбарласнаар түүний эх Н.Дуламжав 2012 оны 05 дугаар сарын 25-нд нас барсан, тэрээр эхээс гурвуулаа байтал 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн эх Н.Дуламжавын эцэг буюу нэхэмжлэгчийн өвөг эцэг Д.Намсрай нь Н.Дуламжавтай хамтран өмчилж байсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол 10 дугаар байрны 26 тоот орон сууцыг өөрийн нэр дээр өвлөн авахаар хүсэлт гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн нотариатч Б.Ш өвлөх эрхийн гэрчилгээ олгосноор тус орон сууцыг ганцаараа өмчлөх болсон байна.

Улмаар дээрх гэрчилгээнд үндэслэн орон сууцны өмчлөгчөөр Ц.Цэенхандыг нэмж бүртгүүлэн, 2017 онд өөрийгөө болон Ц.Цэенхандыг өмчлөгчөөс хассан хэлцлийг хийж, тус хэлцлүүдээ нотариатчаар гэрчлүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх “...нотариатч нь хүсэлт гаргагчаас өвлөх эрхийнхээ талаар шаардлагатай баримтыг ирүүлсэн эсэхийг нягталж, ирүүлээгүй тохиолдолд түүнийг ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж шаардаагүй, түүнчлэн бусад өвлөгч байгаа эсэх талаарх мэдээллийг зөвхөн Нотариатын танхимын өвийн бүртгэлийн талаарх лавлагаагаар хязгаарлаж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч Д.Ц нь хууль ёсны өвлөгч мөн боловч хуульд заасан хугацаанд өвлөх эрхээ хэрэгжүүлээгүй тул өвөөс татгалзсан гэж үзнэ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлнэ, шүүхийн шийдвэрт шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг заана, шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ гаргана гэсэн заалтыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.1.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Цг Д.Намсрайн зээ охин, Н.Дуламжавын төрсөн охин болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тэрээр нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байхад хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар талууд маргаагүй гэх үндэслэл зааж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн Д.Намсрай нь нотариатын үйлдэл хийлгэх үедээ бусдын асрамжид байсан гэх нэхэмжлэгчийн талбар, холбогдох баримтууд болон түүнийг эс зөвшөөрсөн хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг харьцуулан үнэлэлгүй орхигдуулсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зорилго, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацааны талаар дүгнэлт хийгээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03282 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД