Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 26

 

“Д- Г-” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00191/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 03-ны өдрийн 1116 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Д- Г-” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “Ш- Г-” ХК-д холбогдох

"2018 онд дулааны эрчим хүч, цэвэр усаар хангасан болон бохир ус татан зайлуулсны үлдэгдэл төлбөр 177.986.184,18 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэл,

“Худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 1.353.090.619,86 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл  бүхий   иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Д- Г-” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага “Ш- Г-” ХК-тай жил бүр дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах тухай гэрээг байгуулж, байгууллага хоорондын тооцоог хийж дүгнэдэг билээ. Гэтэл хариуцагч байгууллага нь гэрээний дагуу үйлчилгээ авч байгаа боловч төлбөрийг бүрэн төлөх талаар ямар ч санаачилга гаргахгүй жил бүр төлбөр нь нэмэгдэж, манай байгууллагын ажилчдын цалин хөлс цагтаа тавигдахгүй, татварын болон нийгмийн даатгалын өр төлбөрт орох зэрэг хүндрэл бэрхшээл гарах болсон тул “Ш- Г-” ХК-иас гэрээний дагуу төлбөрийг яаралтай гаргуулж авах шаардлагатай болж байна. 2018 оны 01 сараас 2018 оны 12 сарыг дуустал дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах тухай гэрээний дагуу тооцоо хийхэд “Ш- Г-” ХК нь манай байгууллагад эцсийн үлдэгдлээр 177.986.184,18 төгрөгийн төлбөртэй байна. Иймд дээрх байдлуудыг анхааран үзэн “Ш- Г-” ХК-иас 2018 оны 1 сараас 2018 оны 12 сарыг дуустал байгуулсан дулааны эрчим хүч болон цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний дагуу 177.986.184,18 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1.047.881 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Д- Г-” ТӨХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “Ш- Г-” ХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Манай компани 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Д- Г-” ТӨХК-тай Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээ байгуулсан билээ. Уг гэрээ ёсоор нэг тонн нүүрсийг 28 000 төгрөгөөр /НӨАТ-гүй үнэ/ худалдан авагч “Д- Г-” ТӨХК-ийн саналыг үндэслэн нүүрс нийлүүлэхээр болсон. 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар буюу гэрээний хугацаа дуусгавар болоход худалдан авагчид нийт 7590 тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд гэрээ дуусгавар болоход худалдан авагч 95.537.929,86 төгрөгийн өртэй байсан. Үүнийг 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийлүүлэгч болон худалдан авагч талууд анхан шатны баримтуудаа тооцооны үлдэгдлийн баталгаа болон 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээний биелэлтийн тухай актыг тус тус үйлдсэн байдаг. Гэвч худалдан авагч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул гэрээний 5.3-т ... худалдан авагч нь тухайн сард авсан нүүрсний үнийг ... төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцно .. гэж зааснаар алданги нь 47.768.965 төгрөг болсон. 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Ш- Г-” ХК-ийн ажлын байранд 2012 оны нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээг дүгнэх хурлаар талууд 2012 оны гэрээг дүгнэж, нүүрсний төлөгдөөгүй үнийн алдангийг хүлээн зөвшөөрч, өр төлбөрийг төлөх талаар график гаргаж ажиллахаар тохиролцсон ч манай талаас явуулсан гэрээ дүгнэсэн хурлын мэдэгдэл, актыг баталгаажуулж ирүүлээгүй. 2012 оны үлдэгдэл төлбөр 95.537.929,86 төгрөг дээр алданги 29.261.628,9 төгрөгийг нэмээд нийт 124.799.558,76 төгрөгийн өр үүссэн ба алданги нь нэмэгдсэн болно. Манай байгууллагын зүгээс удаа дараа бичгээр шаардлага хүргүүлсэн боловч өр төлбөрөө төлж гэрээгээ байгуулаагүй.

Өнөөдрийн байдлаар 2012 оны нүүрсний үлдэгдэл төлбөр болох 143.306.894,86 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн 22 316.3 тонн нүүрсийг гэрээ байгуулж, үнэ тохиролцоогүй тул төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон үнэ болох 50.050 төгрөгөөр тооцох ба ийнхүү тооцон гаргасан 1.116.930.815 төгрөг, мөн 2014 оны 11 дүгээр сарын 01-ээс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн 13 089 тонн нүүрсийг гэрээ байгуулж, үнэ тохиролцоогүй тул Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон үнэ болох 88.000 төгрөгөөр тооцох ба тооцон гаргасан 1.151.832.000 төгрөг, нийт 2.393.578.213 төгрөг болсон. Үүнээс талуудын хооронд байгуулагдсан Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээний 4.5 дахь хэсэг болон Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу 2 байгууллагын хоорондын тооцоогоо харилцан тооцож ирсэн тул “Д- Г-” ТӨХК-ийн төлсөн 1.058.979.090 төгрөгийг хасвал 1.353.090.619,86 төгрөгийн нүүрсний үлдэгдэл байна. Иймд “Д- Г-” ТӨХК-аас нүүрсний үнийн үлдэгдэл төлбөрт 1.353.090.619,86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Д- Г-” ТӨХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлээ татан авч байгаа нь мөн хуулийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул 2012-2015 онуудын нүүрсний үнийн асуудал шүүхээр дахин хэлэлцэгдэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүх нэхэмжлэлээс татгалзсан гэж үзэн нэхэмжлэгч байгууллагад улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн буцаан олгосон байна.

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-т зааснаар Зохицуулах хорооны бүрэн эрхэд ... Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох, аргачлалыг батлах, тооцоог хянах гэсэн үндэслэлээр манай хоёр байгууллага эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоосон үнийг мөрдөх ёстой байхад тус компани нь Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоосон үнэ гэж нүүрсний өндөр үнээр өр төлбөр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Манай байгууллага нь дулаанаар хангалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул тус хорооноос тогтоож өгсөн нүүрсний болон дулааны эрчим хүч бусад үнэ тарифыг мөрдөн төлөх үүрэгтэй байдаг. Бид удаа дараа хүсэлт гаргаж хоёр компанийн нягтлан бодогч нар Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоосон үнээр тооцоо нийлж үзэхэд 2016 оны эцсийн байдлаар “Д- Г-” ТӨХК нь тус компанид 83.0 сая төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогдож байсан. Манай байгууллага нь өр төлбөрөө боломжийн хэмжээгээр барагдуулж дууссан бөгөөд одоо “Ш- Г-” ХК-аас үйлчилгээ үзүүлсэн хөлсөө нэхэмжилж байгаа юм.

Иймд дээрх үндэслэлээр “Ш- Г-” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1116 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 -д тус тус зааснаар хариуцагч “Ш- Г-” ХК-иас 177.986.184,18 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д- Г-” ТӨХК-д олгож, нүүрсний үлдэгдэл төлбөр 1.353.090.619,86 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.047.881 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.923.403 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш- Г-” ХК-аас 1.047.881 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д- Г-” ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг давж заалдсан гомдолдоо:

            Дархан Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

... “Д- Г-” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй талаар:

 “Д- Г-” ТӨХК-ийн захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “тус компанийн зүгээс 2017 онд 772.783.824 төгрөгийн ус, дулааныг, 2018 онд 1.028.051.928 төгрөгийн ус, дулааныг, нийт 1.800.835.752 төгрөгийн ус, дулааныг “Ш- Г-” ХК-д нийлүүлсэн” гэж мэдүүлсэн. Харин 2 дугаар хавтаст хэргийн 2-25 дахь талд авагдсан “Д- Г-” ТӨХК-аас гаргаж өгсөн “Ш- Г-” ХК-ийн хэрэглэсэн ус, дулааны тооцооны баримтуудыг нэмж тооцвол нэхэмжлэгч компани нь 2017, 2018 онуудад нийт 1.664.657.866 төгрөгийн ус, дулааныг “Ш- Г-” ХК-д нийлүүлсэн байна. Мөн тэрээр “Ш- Г-” ХК-аас 2017 онд 504.323.245 төгрөгийн үнэ бүхий нүүрс, 2018 онд 1.035.478.153 төгрөгийн үнэ бүхий нүүрс нийт 1.539.801.398 төгрөгийн нүүрсийг авсан талаар мэдүүлсэн бөгөөд хариуцагчийн зүгээс маргаагүй юм.

Ийнхүү нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан анхан шатны баримтуудын үнийн дүнд 136.177.886 төгрөгийн зөрүү гарч байгаа бөгөөд энэ хэмжээгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан уг баримтууд нь тооцоо нийлсэн акт огтоосоо биш бөгөөд талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх зорилгоор “Ш- Г-” ХК болон “Д- Г-” ТӨХК нарын захирлуудад танилцуулах зорилгоор үйлдсэн баримтууд юм. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Х.Аманбек нь 1 дүгээр хавтаст хэргийн 158-161 дэх талуудад авагдсан баримтуудыг тооцоо нийлсэн акт биш талаар шүүхэд гаргасан тайлбартаа мэдүүлсэн. Түүнчлэн талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн баримтууд тус бүр компаниудын санхүүгийн тамга, тэмдэг дарагдсан байдаг. Гэтэл энэхүү баримтуудад “Ш- Г-” ХК-ийн санхүүгийн тамга дарагдаагүйгээс үзэхэд уг баримтуудыг тооцоо нийлсэн акт гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

1. “Ш- Г-” ХК-ийн зүгээс “Д- Г-” ТӨХК-тай байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу 2012-2015.11.30 хүртэлх хугацаанд нийлүүлсэн нүүрсний үлдэгдэл төлбөр 1.353.090.619 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. “Д- Г-” ТӨХК-д нийлүүлсэн нүүрсний үнийг эрх бүхий этгээдүүдийн харилцан тохиролцож тооцсон үнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2013-2016 оныг хүртэл хугацаанд талуудын хооронд нүүрс нийлүүлэхтэй холбоотой аливаа гэрээ, хэлцэл байгуулагдаагүй тул “Ш- Г-” ХК-ийн зүгээс Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс тогтоосон үнээр нүүрсний төлбөр шаардаж буй холбогдох хуульд бүрэн нийцэж байна. Тиймээс “Ш- Г-” ХК-ийн зүгээс компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоосон үнэлгээгээр нүүрсний үнийг шаардаж буй үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой байна.

Ийнхүү анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд  гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэл бүхий байдал тогтоогдож  байна.

            Нэхэмжлэгч “Д- Г-” ХК нь хариуцагч “Ш- Г-” ХК-д холбогдуулан 2018 оны дулааны эрчим хүч, цэвэр усаар хангасан, бохир ус татан зайлуулсны  үлдэгдэл төлбөр 177.986.184,18 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч  “Ш- Г-” ХК нь нэхэмжлэгчид холбогдуулан “...2012 оны нүүрсний үлдэгдэл төлбөр...” ...2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2014 оны 10 дугаар сарын 30-ны ...,  ...2014 оны  11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны..., нийт 2.393.578.213 төгрөг болсон, ...төлсөн  1.058.979.090  төгрөгийг хасвал  1.353.090.619,86 төгрөгийн  үлдэгдэл байна, ...үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар сөрөг  нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

            Анхан шатны шүүх  зохигчдын  хооронд  эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх  үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нүүрсний үнэ гаргуулах сөрөг нэхэмжлэлийг, үнийн талаар тооцоо нийлсэн баримтыг 2 байгууллага харилцан тохиролцсон гэж дүгнэн  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            “Д- Г-” ХК, “Ш- Г-” ХК-ийн хооронд “Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах”  гэрээ  жил бүр байгуулагддаг,

нэхэмжлэгч нь  2017\22  гэрээний  дагуу  6,352 килокалор дулаан, 27,541 метр куб цэвэр ус, 26,794 метр куб бохир ус татан зайлуулсан, 

2018\13 гэрээний дагуу 8,535 килокалор дулаан,  24,875 метр куб  цэвэр ус, 24,875  метр куб бохир ус татан зайлуулж, 

2017 онд 772.789.820 төгрөгийн, 2018 онд 1.028.051,968 төгрөг нийт 1.800.841.788  төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлснээс, “Ш- Г-” ХК 2017 онд 504.323.245 төгрөг,  2018 онд 1.035.478,151 төгрөг нийт 1.539.801.396 төгрөгийг төлж 261.040.392 төгрөгийг төлөөгүй  байна. Энэ  үлдэгдлээс хариуцагчийн  нийлүүлсэн 2012 оны  нүүрсний үнийн үлдэгдлийг 83.048.210 төгрөгөөр тооцон  хасаад нэхэмжлэлийн  шаардлагын  хэмжээг  177.986.184 төгрөг  гэж  тодорхойлсон  байна.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч тал эрчим хүчээр хангах үүрэг хүлээж, худалдан авагч тал үнийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний үүргийг хоёр талын хэн аль нь шаардах эрхтэй.

Хариуцагч “Ш- Г-” ХК нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан боловч уг  үндэслэлээ тодорхой бичээгүй гэхдээ  нэхэмжлэгч хариуцагчийн уг татгалзлыг эсэргүүцэж Хот суурингийн ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны  өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан үнэ, дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах хорооны  2014 оны 12 дугаар сарын 23-ны  өдрийн 238 тоот тогтоол,  2017 оны  07 дугаар сарын 03-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор өөрчилж батлагдсан үнээр тооцохдоо уг тогтоолуудыг мөрдөж эхлэх хугацаанаас тооцсоныг буруутгах боломжгүй.

Талуудын хооронд байгуулсан эрчим хүчээр хангах 2017, 2018 оны гэрээнд  “...төлбөр тооцоог Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн баталсан тарифыг мөрдлөг болгоно” гэж  тохиролцсоныг  дурдах нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн  тухайд

“Ш- Г-” ХК болон “Д- Г-” ХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр “Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээ” байгуулсан, гэрээний дагуу нийлүүлсэн 7590 тонн нүүрсний үнэ 95.537.929,86 төгрөгийн өр авлагатай байсан, 2013 онд 13.057,3 тонн, 2014 онд 12.619,4 тонн, 2015 онд 9.729,18 тонн нүүрсийг  гэрээгүйгээр  нийлүүлсэн  байна.

“Ш- Г-” ХК гэрээ байгуулаагүй үед  нийлүүлсэн  нүүрсний үнийг 2013-2014 онд  50.050 төгрөгөөр, 2014-2015 оны 11 сарын  байдлаар 88.000 төгрөгөөр тооцон, үүн дээр  2012 оны нүүрсний үлдэгдэл төлбөрийг нэмж, өөрийн хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнийг суутган, үлдэгдэл 1.353.090.619,86 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Зохигчид  нийлүүлсэн нүүрсний хэмжээний талаар  болон 2012 оны өр төлбөрийн  талаар маргаагүй харин гэрээ байгуулаагүй үед нийлүүлсэн нүүрсний үнийн талаар  маргаж байгаа.

Нүүрсний үнийг “Ш- Г-” ХК-ийн ТУЗ  өөрчилж тогтоосон талаар болон  шинэ үнээр гэрээ байгуулах саналыг “Д- Г-” ХК-д хүргүүлж байжээ.Гэвч худалдан авагч тал  гэрээг  өөрчлөн байгуулахгүй, шинэ  үнийг хүлээн  зөвшөөрөөгүй  байна. Хэдий тийм ч  “Ш- Г-” ХК Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 “Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ эрхлэх талаар  тухайн зах зэлд давамгайлж байгаа этгээд  энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан гээд гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй” гэж зааснаар харилцагч байгууллагатай гэрээ байгуулахыг  эсхүл нүүрс нийлүүлэхээс  татгалзах эрхгүй юм.

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар  “тариф тогтоох аргачлал  боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн  тарифыг  хянаж батлах,  хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх” эрхтэй, эрхийн дагуу үнийн аргачлалыг  баталж байсан гэхдээ 2013-2015 онд нүүрсний үнийн  аргачлалыг гаргасан талаар баримт  хэрэгт авагдаагүй болно.

Талууд  гэрээг өөрчлөн байгуулаагүй хэдий ч  худалдах худалдан авах үйлдэл  хийгдсэн байх тул нүүрсний үнийг нэхэмжилсэн  маргааныг шүүх  шийдвэрлэвэл зохино.

“Ш- Г-” ХК-ийн тодорхойлсноор нүүрсний үнийг 50.050 болон 88.000 төгрөгөөр эсхүл 2012 оны нүүрсний үнээр буюу 28.000 төгрөгөөр мөн тооцох     боломжгүй.

            “Д- Г-” ХК 2012 оны нүүрсний үнийн үлдэх төлбөр болох  95.537.929,86 төгрөгөөс 83.048.210 төгрөгийг 2017, 2018 онд нийлүүлсэн бүтээгдэхүүний үнээс хасч тооцсон байх тул тооцооноос хассан дүн 12.489.719,86 төгрөгийг гэрээний дагуу тооцсон алданги болох 47.968.964 төгрөгийн хамт  60.458.683,86 төгрөгийг  төлөх  үүрэгтэй  байна.  Энэ  дүн дээр  2013,2014,2015  оны  11 сарын байдлаар  нийлүүлсэн  нүүрсний  үнийн  зөрүүд  нэхэмжилсэн  хэмжээний  зарим хэсэг буюу  74.850.297,04  төгрөг, нийт 135.308.980,9  төгрөг  буюу  сөрөг нэхэмжлэлийн үнийн 8 хувьтай тэнцэх хэсгийг “Д- Г-” ХК-иас гаргуулах нь Иргэний хуулийн  13 дугаар зүйлд заасан шудрага  ёсны зарчимд  нийцнэ .

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх дүгнэлтийг үндэслэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 03-ны өдрийн 1116 дугаар шийдвэрийн  ТОГТООХ  хэсгийн  1 дүгээр заалтыг 

“...нүүрсний үлдэгдэл төлбөр 1.353.090.619,86 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг  “Д- Г-” ХК-иас  нүүрсний үнийн үлдэгдэл төлбөр 87.340.016,9 төгрөг, 2012 оны  гэрээний дагуу алданги 47.968.964 төгрөг нийт 135.308.980,9 төгрөгийг гаргуулж, “Ш- Г-” ХК-д  олгож, сөрөг нэхэмжлэлээс 1.217.781.638,96 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”,

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...олгосугай” гэснийг “...олгож” гээд  “Д- Г-”  ХК-иас  834.495 төгрөг гаргуулж,  “Ш- Г-” ХК-д  олгосугай” гэж тус тус  өөрчлөлт  оруулсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар  “Ш- Г-” ХК-иас давж  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 7.971.285 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

         

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                             АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                          ГҮЙЦЭТГЭГЧ  ШҮҮГЧ                            О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                            Л.АМАРСАНАА

                                                                                                           С.ЭНХЖАРГАЛ