Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00191/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............ аймаг, .......... суманд байрлах “Д” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...... аймаг, . сум, “Ш” ХК-д холбогдох

 

2018 онд дулааны эрчим хүч, цэвэр усаар хангасан болон бохир ус татан зайлуулсны үлдэгдэл төлбөр 177 986 184.18 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн,

 

Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1 353 090 619.86 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага “Ш”- ХК-тай жил бүр дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах тухай гэрээг байгуулж, байгууллага хоорондын тооцоог хийж дүгнэдэг билээ. Гэтэл хариуцагч байгууллага нь гэрээний дагуу үйлчилгээ авч байгаа боловч төлбөрийг бүрэн төлөх талаар ямар ч санаачилга гаргахгүй жил бүр төлбөр нь нэмэгдэж, манай байгууллагын ажилчдын цалин хөлс цагтаа тавигдахгүй, татварын болон нийгмийн даатгалын өр төлбөрт орох зэрэг хүндрэл бэрхшээл гарах болсон тул “Ш”- ХК-аас гэрээний дагуу төлбөрийг яаралтай гаргуулж авах шаардлагатай болж байна. 2018 оны 01 сараас 2018 оны 12 сарыг дуустал дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах тухай гэрээний дагуу тооцоо хийхэд “Ш”- ХК нь манай байгууллагад эцсийн үлдэгдлээр 177 986 184.18 төгрөгийн төлбөртэй байна. Иймд дээрх байдлуудыг анхааран үзэн “Ш”- ХК-аас 2018 оны 1 сараас 2018 оны 12 сарыг дуустал байгуулсан дулааны эрчим хүч болон цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний дагуу 177 986 184.18 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1 047 881 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д” ТӨХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч “Ш”- ХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатаа:

Манай компани 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Д” ТӨХК-тай Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээ байгуулсан билээ. Уг гэрээ ёсоор нэг тонн нүүрсийг 28 000 төгрөгөөр /НӨАТ-гүй үнэ/ худалдан авагч “Д” ТӨХК-ийн саналыг үндэслэн нүүрс нийлүүлэхээр болсон. 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар буюу гэрээний хугацаа дуусгавар болоход худалдан авагчид нийт 7590 тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд гэрээ дуусгавар болоход худалдан авагч 95 537 929.86 төгрөгийн өртэй байсан. Үүнийг 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийлүүлэгч болон худалдан авагч талууд анхан шатны баримтуудаа Тооцооны үлдэгдлийн баталгаа болон 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээний биелэлтийн тухай актыг тус тус үйлдсэн байдаг. Гэвч худалдан авагч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул гэрээний 5.3-т ... худалдан авагч нь тухайн сард авсан нүүрсний үнийг ... төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцно .. гэж зааснаар алданги нь 47 768 965 төгрөг болсон. 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Ш”- ХК-ийн ажлын байранд 2012 оны нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээг дүгнэх хурлаар талууд 2012 оны гэрээг дүгнэж, нүүрсний төлөгдөөгүй үнийн алдангийг хүлээн зөвшөөрч, өр төлбөрийг төлөх талаар график гаргаж ажиллахаар тохиролцсон ч манай талаас явуулсан гэрээ дүгнэсэн хурлын мэдэгдэл, актыг баталгаажуулж ирүүлээгүй. 2012 оны үлдэгдэл төлбөр 95 537 929.86 төгрөг дээр алданги 29 261 628.9 төгрөгийг нэмээд нийт 124 799 558.76 төгрөгийн өр үүссэн ба алданги нь нэмэгдсэн болно.

Түүнчлэн 2012 онд худалдан авсан нүүрсний төлбөрөө бүрэн барагдуулж, 2012 оны нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээ тус гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болсон тул 2013 онд нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулж нүүрсээ худалдан авахаа шаардахад гэрээ дахин байгуулах нь битгий хэл өмнө онд үүссэн өр төлбөрөө төлөхгүй, гэрээ дүгнэсэн актаа ч баталгаажуулж ирүүлээгүй юм. Манай байгууллагын зүгээс удаа дараа бичгээр шаардлага хүргүүлсэн боловч өр төлбөрөө төлж гэрээгээ байгуулаагүй. Гэвч өвлийн улирал байсан тул сум орон нутгийн иргэд, байгууллагын өнтэй дулаан өвөлжих, сум орон нутаг хөлдөх аюул зэргийг харгалзан өнөөдрийг хүртэл нүүрсээ нийлүүлсээр байна.

Өнөөдрийн байдлаар 2012 оны нүүрсний үлдэгдэл төлбөр болох 143 306 894.86 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн 22 316.3 тонн нүүрсийг гэрээ байгуулж, үнэ тохиролцоогүй тул төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон үнэ болох 50 050 төгрөгөөр тооцох ба ийнхүү тооцон гаргасан 1 116 930 815 төгрөг, мөн 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн 13 089 тонн нүүрсийг гэрээ байгуулж, үнэ тохиролцоогүй тул Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон үнэ болох 88 000 төгрөгөөр тооцох ба тооцон гаргасан 1 151 832 000 төгрөг, нийт 2 393 578 213 төгрөг болсон.

Үүнээс талуудын хооронд байгуулагдсан Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээний 4.5 дахь хэсэг болон Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу 2 байгууллагын хоорондын тооцоогоо харилцан тооцож ирсэн тул “Д” ТӨХК-ийн төлсөн 1 058 979 090 төгрөгийг хасвал 1 353 090 619.86 төгрөгийн нүүрсний үлдэгдэл байна. Иймд “Д” ТӨХК-аас нүүрсний үнийн үлдэгдэл төлбөрт 1 353 090 619.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Д” ТӨХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“Ш”- ХК нь нүүрс худалдан авах тухай 2012 оны гэрээний дагуу нүүсрний үнэ 1 397 047 818 төгрөгийг манай компаниас гаргуулахаар /одоо гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн үнэ, агуулгатай адилхан нэхэмжлэлийг/ 2016 онд анхан шатны шүүхэд гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн үнэ, шүүхээр хянуулсан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага шүүхэд өөрөө хүсэлт гаргаж 2016 оны 11 сард нэхэмжлэлээ татан авсан болохыг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 6692 тоот шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлээ татан авч байгаа нь мөн хуулийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул 2012-2015 онуудын нүүрсний үнийн асуудал шүүхээр дахин хэлэлцэгдэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүх нэхэмжлэлээс татгалзсан гэж  үзэн нэхэмжлэгч байгууллагад улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн буцаан олгосон байна.

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-т зааснаар Зохицуулах хорооны бүрэн эрхэд ... Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох, аргачлалыг батлах, тооцоог хянах гэсэн үндэслэлээр манай хоёр байгууллага эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоосон үнийг мөрдөх ёстой байхад тус компани нь Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоосон үнэ гэж нүүрсний өндөр үнээр өр төлбөр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Манай байгууллага нь дулаанаар хангалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул тус хорооноос тогтоож өгсөн нүүрсний болон дулааны эрчим хүч бусад үнэ тарифыг мөрдөн төлөх үүрэгтэй байдаг. Бид удаа дараа хүсэлт гаргаж хоёр компанийн нягтлан бодогч нар Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоосон үнээр тооцоо нийлж үзэхэд 2016 оны эцсийн байдлаар “Д” ТӨХК нь тус компанид 83.0 сая төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогдож байсан. Манай байгууллага нь өр төлбөрөө боломжийн хэмжээгээр барагдуулж дууссан бөгөөд одоо “Ш”- ХК-аас үйлчилгээ үзүүлсэн хөлсөө нэхэмжилж байгаа юм.

Иймд дээрх үндэслэлээр “Ш”- ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Д” ТӨХК нь хариуцагч “Ш”- ХК-д холбогдуулан дулаан эрчим хүч, цэвэр усаар хангасан болон бохир ус татан зайлуулсны үлдэгдэл төлбөр 177 986 184,18 төгрөг гаргуулах, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөр 1 353 090 619,86 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж Эрчим хүчний зохицуулах хорооноос хянаж тогтоосон үнээр нүүрсний үнийг тооцож, 2017 оны 22 дугаартай Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээний дагуу нийлүүлсэн 6352 кл дулаан, 27541 м3 цэвэр ус, 26794 м3 бохир ус татан зайлуулсны төлбөр, 2018 оны 13 дугаартай Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээний дагуу нийлүүлсэн 8535 кл дулаан, 24875 м3 цэвэр ус, 24875 м3 бохир ус татан зайлуулсны төлбөрийг харилцан тооцсон тооцооны дагуу үлдэгдэл төлбөр 177 986 184,18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагч нь 2017, 2018 онд Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ хийсэн. Гэрээний дагуу цэвэр ус, дулаан авч, бохир усыг татан зайлуулж байсан боловч нэхэмжлэлийн шаардлага нь анхан шатны баримтаар нотлогдохгүй байх бөгөөд тооцоо нийлсэн акт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч “Д” ТӨХК, хариуцагч “Ш”- ХК-ийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2017/22 дугаартай Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2018/13 дугаартай Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулагдсан байна. / хх-ийн 5-10/

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “Д” ТӨХК нь 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 сарыг дуустал “Ш”- ХК-ийн хэрэглэсэн ус, дулааны тооцооны бичилтийг хүргүүлснийг “Ш”- ХК-ийн Ерөнхий нябо, нябо, механик зэрэг эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж хүлээн авч байсан болох нь тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 2-25 дугаар хуудас/

            Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны 12 дугаар 02-ны өдрийн 61 дугаартай “Д” ТӨХК-ийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ, тариф, суурь хураамж батлах тухай тогтоолын хавсралтаар цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг тогтоосон байх бөгөөд үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага төвлөрсөн шугамд холбогдсон тоолууртай 1350 төгрөг, тоолуургүй 1620 төгрөг, зөөврөөр 10 000 төгрөг, бохир ус тоолууртай 1400 төгрөг, тоолуургүй 1400 төгрөг гэж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 191 дугаартай Тариф батлах тухай тогтоолоор Дархан-Уул аймгийн “Ш”- сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифаар үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг хэмжүүрээр 93500 төгрөг, 150,1 м3-дээш эзэлхүүнтэй 1700 төгрөг, 150,0 м3 хүртэл эзэлхүүнтэй 1500 төгрөгөөр тус тус тооцохоор тогтоосон байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2017/22 дугаартай Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээний 4.4-д Талуудын хооронд төлбөр тооцоог Эрчим хүчний зохицуулах хороо, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн баталсан тарифыг мөрдлөг болгоно гэж тусгажээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д Зохицуулах зөвлөл нь цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх эрхийг хэрэгжүүлнэ, 10.2.Зохицуулах зөвлөл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үзүүлэх үйлчилгээний тарифыг хянан батлахдаа дараах зарчмыг баримтална, 10.2.1-д цэвэр ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, зөөвөрлөн түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх, 10.2.2-т тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон байх, 10.2.3.тарифын бүтэц хэрэглэгчид ойлгомжтой, энгийн байх, 10.2.4.Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйл, 6.1-д заасны дагуу үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах, 10.3.Тухайн хот, суурин газарт хүн амыг цэвэр усаар хангах үйлчилгээний тарифыг ижил түвшинд хүргэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь зохицуулах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тогтоосон 61 дүгээр тогтоолоор батлагдсан үнэ буюу 1 метр куб цэвэр ус 1,350 төгрөг, татан зайлуулсан бохир усны 1 метр кубыг 1,400 төгрөгөөр тооцсон. Дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны 238 тоот тогтоолоор батлагдсан задгай хэрэглээг 1 метр кубын 1,700 төгрөг, тоолууртай хэрэглэгчийн 1 килокалор нь 85,000 төгрөг байхаар тогтоосон. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор 1 метр кубээр авч байгаа дулааныг 1,700 төгрөгөөр, хэмжүүртэй хэрэглэгчийн үнийг 93,500 төгрөгөөр тооцохоор тооцож дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг шаардсан нь дээр дурдсан хуульд нийцсэн байна.

Талууд нь 2017 оны 2017/22 дугаартай Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээний 4.2, 2018 оны 2018/13 дугаартай Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээний 4.2-т ...Нүүрс, худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг энэхүү гэрээний дагуу төлөгдөх төлбөрөөс хасч тооцно. Хэрэв Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөх төлбөр энэхүү гэрээний дагуу төлөгдөх төлбөрөөс хэтэрсэн нөхцөлд нийлүүлэгч нь илүү гарсан хэмжээний төлбөрийг Нүүрс, худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу төлнө,  Нүүрс худалдах, худалдан авах гэрээний 4.1-д Талууд тухайн сард нийлүүлэгдсэн нүүрсний хэмжээг тодорхойлсон актыг дараа сарын 5-ны дотор үйлдэн баталгаажуулна, 4.2-т Тухайн сард нийлүүлсэн, хүлээн авсан нүүрсний тоог энэхүү гэрээний 5.1-д заасан актыг үндэслэн худалдан авагч, нийлүүлэгч байгууллагуудын тооцоо хариуцсан нягтлан бодогч нар дараа сарын 10-ны дотор багтаан акт үйлдэн баталгаажуулна гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь бэлнээр болон дансаар харилцан төлбөр шилжүүлж байгаагүй бөгөөд ус, дулааны төлбөр, нүүрсний төлбөрийг харилцан тооцож ирсэн талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь 2013 оноос 2016 он хүртэл 2 байгууллага “Ш”- ХК-тай нийлүүлсэн нүүрс, “Д” ТӨХК ус, дулааны төлбөрийг тооцож ирсэн гэж нотлох баримтаар 2 байгууллагын 2013-2016 онуудын тооцоо нийлсэн баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 158-161/

Хариуцагч нь дээрх баримтыг тооцоо нийлсэн акт гэх үндэслэлгүй, 1 тн нүүрсний үнийг “Ш”- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон үнэ тарифаар тооцох ёстой гэж маргаж 1 353 090 619,86 төгрөгийн нүүрсний үлдэгдэл гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг 2012 оны нүүрсний үлдэгдэл төлбөр 95 538 000 төгрөг, алданги 50 хувиар тооцож 47 769 000 төгрөг, нийт 143 307 000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30 хүртэл нийлүүлсэн 22 316,3 тн нүүрсийг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон үнэ болох 50050 төгрөгөөр тооцож 1 116 930 815 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн 13089 тн нүүрсийг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон үнэ болох 88 000 төгрөгөөр тооцож 1 151 832 000 төгрөг, нийт 2 393 090 619,86 төгрөг болсон. Үүнээс талуудын хооронд байгуулагдсан Нүүрс нийлүүлэх, худалдах, худалдан авах тухай гэрээний 4.5 дахь хэсэг болон Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу 2 байгууллагын хоорондын тооцоогоо харилцан тооцож ирсэн тул “Д” ТӨХК-ийн төлсөн 1 058 979 000 төгрөгийг хасвал 1 353 090 619,86 төгрөгийн нүүрсний үлдэгдэлтэй байгаа тул гаргуулна гэж тодорхойлсон болно.

“Ш”- ХК, “Д” ТӨХК нар нь 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ТУЗ/06/2012 дугаартай Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 1 тн нүүрсний суурь үнийг НӨАТ тооцохгүйгээр 28000 төгрөгөөр худалдан борлуулахаар, тухайн сард нийлүүлсэн, хүлээн авсан нүүрсний тоог энэхүү гэрээний 5.1-д заасан актыг үндэслэн худалдан авагч, нийлүүлэгч байгууллагуудын тооцоо хариуцсан нягтлан бодогч нар дараа сарын 10-ны дотор багтаан акт үйлдэн баталгаажуулахаар, худалдан авагч нь тухайн сард авсан нүүрсний үнийг энэхүү гэрээний 3.4 дэх заалтын дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 %-ийн алданги тооцохоор тохиролцжээ.

Талууд 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний хоорондох нүүрс худалдах, худалдан авах гэрээ дүгнэх хурлыг хийж протокол үйлдсэн байх бөгөөд нийлүүлэгдсэн нүүрсний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 95 538 000 төгрөгийн үлдэгдэлтэй түүнд ногдох алданги 29 261 628,9 төгрөгийг “Д” ТӨХК төлөхөөр тохиролцож, Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэн “Ш”- ХК-ийг төлөөлөн нягтлан бодогч Х.Аманбек, “Д” ТӨХК-ийг төлөөлөн П.Сүнжидмаа нарын гарын үсэг зурж баталгаажуулсан баримтын талаар талууд маргаагүй болно. /1-р хавтаст хэргийн 69-75/

2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш талууд гэрээ байгуулаагүй боловч 2013 оноос 2015 оны 10 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд нүүрс нийлүүлсэн байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 158-161 дүгээр хуудсанд авагдсан 2 байгууллагын нягтлан бодогч нарын тооцоогоор 2013 оны эхний үлдэгдэл 95 538 000 төгрөг дээр  2013 онд нийлүүлсэн 13057,30 тн, 2014 онд нийлүүлсэн 12 619,40 тн, 2015 онд 11649,18 тн, 2016 онд 13737,10 тн нүүрсийг 1 тн-ыг 30800 төгрөгөөр тооцож, “Д” ТӨХК-ийн цэвэр ус, бохир ус, дулааны төлбөрийг хасч үлдэх 83 048 210 төгрөгийг “Д” ТӨХК төлөхөөр үлдэгдэлтэй гэж дүгнэж 2 байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж санхүүгийн тэмдэг дарагдсан байна.

 

Хариуцагч нь дээрх баримтууд нь тооцоо нийлсэн акт биш энэ байдлаар эвлэрэх талаар 2 байгууллагын захирлуудын гаргуулж байсан баримт гэж маргаж хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд тооцооны баримтад гарын үсэг зурсан “Ш”- ХК-ийн ерөнхий нябо Х.Аманбекийг гэрчээр асуулгасан бөгөөд гэрч нь ... тооцоолол бол зүгээр л туршиж үзсэн зүйл, тооцоо нийлсэн акт биш, хоёр талын удирдлагуудыг эвлүүлэх гэсэн зүйл юм. Татварт гаргасан тайлан дээрх бол яг манай үндсэн үнэ гэж мэдүүлсэн боловч

хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байх бөгөөд харин дээрх тооцооны баримтуудад тусгагдсан үнийн дүн нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж ирүүлсэн 1-р хавтаст хэргийн 64 -р хуудсанд авагдсан баримтад тусгагдсан “Д” ТӨХК нь нүүрсний төлбөрт 1 058 979 000 төгрөг төлсөн гэж тооцсон дүнтэй тохирч байх тул дээрх баримтыг талууд Нүүрс худалдах, худалдан авах гэрээний 4.1-д заасны дагуу 2 байгууллагын хооронд тооцоо нийлсэн баримт гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “ерөнхий нягтлан бодогч” гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг хэлнэ, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан бөгөөд “Д” ТӨХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан Ж.Даш, “Ш”- ХК-ийг төлөөлж Х.Аманбек нар тооцоо нийлсэн баримтыг компаний эрх бүхий этгээдүүд компанийг төлөөлөн тооцоо нийлсэн баримт гэж үзэх бөгөөд дээрх баримтуудыг хууль бус хүчингүйд тооцсон талаар нотлогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

   Мөн 2 байгууллагын ерөнхий нягтлан бодогч нар 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2012-2018 онд нийлүүлсэн нүүрсний тоо хэмжээг хүснэгтээр гаргаж Тооцоо нийлсэн тухай тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд нийт 91 119,72 тн нүүрс нийлүүлсэн гэж дүгнэсэн дүнгийн талаар талууд маргаагүй бөгөөд тооцоонд ямар нэгэн өр төлбөрийн тооцоо үүсэхгүй гэж тохиролцож гарын үсэг зурсан баримтыг талууд үгүйсгэж маргаагүй тул 2013-2016 онуудад болон 2019 онд 2 байгууллага харилцан тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

   Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д Зохицуулах хороо нь 9.1.4-д тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх, 9.1.5.эрчим хүчний хэрэглээг хамгийн бага өртгөөр хангах чадавхийг бүрдүүлсэн, зохих ашгийн түвшин бүхий үнэ, тарифын тогтолцоог бий болгох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэжээ.

 

   Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар тогтоолоор “Ш”- ХК-ийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нийлүүлж буй 1 тн нүүрсний үнийн тооцоог 36500 төгрөгөөс дээшгүй байхаар, 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 286 дугаартай тогтоолоор Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийн тооцоог хянах тухай тогтоолоор “Ш”- ХК-ийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нийлүүлж буй 1 тн нүүрсний үнийн тооцоог 38500 төгрөгөөс дээшгүй байхаар баталжээ.

 

   Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “Ш”- ХК-ийн 2012-2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан болон “Д” ТӨХК-д эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар 2012-2015 онд нийлүүлсэн нүүрсний хэмжээ, үнийг хэрхэн тайлагнасан талаарх Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн нотлох баримтаар хариуцагч “Ш”- ХК нь татварт 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл нийлүүлсэн 4869.18 тонн нүүрсийг 88 000 төгрөгөөр, 2015 оны 01 дүгээр сард нийлүүлсэн 1517.6 тонн нүүрсийг 50,050 төгрөгөөр тайлагнаж, 2015 оны 02 сард нийлүүлсэн 1920 тонн нүүрсийг тайлагнаагүй, 2015 оны 03 дугаар сараас 04 сар хүртэл нийлүүлсэн 2880 тонн нүүрсийг 1 тонныг 50,050 төгрөгөөр, 2015 оны 05 сараас он дуустал нөат-тай нь 1 тонныг 33,000 төгрөгөөр тооцож тайлагнаж байсан болох нь тогтоогдож байх боловч компаний эрх бүхий этгээдүүд харилцан тохиролцож нүүрсний үнийг 2013-2014 оны 11 сар хүртэл 30800 төгрөгөөр, 2014 оны 12 сараас 2015 оны 12 сарыг дуустал 33 000 төгрөгөөр, 2016 оны 1 сараас 2016 оны 12 сарыг дуустал 40150 төгрөгөөр тооцож тооцоо нийлсэн баримтыг буруутгах үндэслэлгүй байна.

   Хариуцагч “Ш”- ХК нь 1 тн нүүрсний үнийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай Нүүрсний үнэ тогтоох тухай тогтоолоор ..тус компаниас гэрээт хэрэглэгчдэд болон жижиг хэрэглэгчдэд нийлүүлэх, борлуулах 1 тн нүүрсний /НӨАТ-тай/ үнийг 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 50050 төгрөгөөр тооцон мөрдөхөөр, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай тогтоолын хавсралтаар ...гэрээт хэрэглэгч албан байгууллага 0-300 нүүрсний фрактай бол 45 500 төгрөгөөр, 50-300 бол 60 000 төгрөгөөр, жижиг хэрэглэгчид 0-300 бол 80 000 төгрөгөөр борлуулахаар тогтоосон тул 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30 хүртэл нийлүүлсэн 22 316,3 тн нүүрсийг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон үнэ болох 50050 төгрөгөөр, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн 13089 тн нүүрсийг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон үнэ болох 88 000 төгрөгөөр тооцно гэж маргаж, нотлох баримтаар “Д” ТӨХКд нүүрс нийлүүлсэн баримтын түүвэрийг ирүүлсэн бөгөөд 2012-2013 оныг дуустал 1 тн нүүрсийг 30800 төгрөгөөр, 2014 оны 1 сараас 2014 оны 10 дугаар сарын 31 хүртэл 1 тн-ыг 30800 төгрөгөөр, 2014.11.01-нд 1 тн-ыг 88000 төгрөгөөр, 2014.11.03-ны 50050 төгрөгөөр, 2014.11.13-2014.12.29 хүртэл 88000 төгрөгөөр, 2015.10.15-наас 2015.10.27 хүртэл 50050 төгрөгөөр, 2015-2016 онд 50050, 88 000, 33000 төгрөгөөр, 2017-2018 онд 40150, 42350 төгрөгөөр тус тус тооцож байсан түүвэр ирүүлсэн боловч энэ нь Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст тайлагнасан үнийн дүнтэй зөрүүтэй байх бөгөөд Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.6-д энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох эрхтэй гэж зааснаар “Ш”- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон нүүрсний үнийг зах зээлд нийлүүлэх үнэ гэж үзэх үндэслэлтэй боловч “Д” ТӨХК-д нийлүүлсэн нүүрсний үнийг талууд гэрээгээр болон эрх бүхий этгээдүүд харилцан тохиролцож тооцсон үнэ гэж үзэхээр байна.

 

   Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг өмнө шүүх хуралдаанаар хэлэлцсэн гэж маргаж байгаа боловч тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 644 дугаартай шийдвэрээр “Ш”- ХК-ийн нэхэмжлэлтэй “Д” ТӨХК-д холбогдох нүүрсний үнийн төлбөр 1 397 047 818 төгрөг гаргуулах шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаартай магадлалаар хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

 

   Дээрх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ш”- ХК нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой төлбөр тооцоог дахин нягтлах, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхээс урьтал болгохгүй, харилцан ойлголцох, хамтран ажиллах шаардлагатай гэсэн үндэслэлээр татан авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч нэхэмжлэлээ татан авсныг баталж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 143 190 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулахаар шийдвэрлэснийг хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зориулалттай, эсхүл зориулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14.“хангагч” гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ, 14.2.1.гэрээний нөхцөлд тохирсон тоо, хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэх, чанар, аюулгүй байдлын шаардлагад хяналт тавих; 14.2.6.үйлчилгээний тарифын хэмжээ тогтоох саналыг боловсруулж, Зохицуулах зөвлөлөөр батлуулж, мөрдөх үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч “Д” ТӨХК нь дулаан, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үндсэн чиг үүрэгтэй, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд мөн байх бөгөөд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүч, цэвэр усаар хангах үүргээ биелүүлсэн талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч “Ш”- ХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй,  Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д “хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ, 15 дугаар зүйлийн 15.1.3-д цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ тус тус биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

   Хоёр байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2012-2018 онд нийлүүлсэн нүүрсний тоо хэмжээг хүснэгтээр гаргаж Тооцоо нийлсэн тухай баримтаар “Д” ТӨХК-аас ямар нэгэн өр төлбөргүй талаар тусгасан боловч 2 тал ус, дулааны төлбөрийн талаар тооцоо нийлээгүй, хариуцагч нь ус, дулааны төлбөрийг харилцан тооцсон болон төлбөр төлсөн талаар нотлогдохгүй байх тул хариуцагч “Ш”- ХК-аас 2017, 2018 онд нийлүүлсэн цэвэр ус, дулаан, бохир ус татан зайлуулсны үлдэгдэл төлбөр 177 986 184,18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн нүүрсний төлбөр 1 353 090 619,86 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 -д тус тус зааснаар хариуцагч “Ш”- ХК-аас 177 986 184.18 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ТӨХК-д олгож, нүүрсний үлдэгдэл төлбөр 1 353 090 619,86 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 047 881 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 923 403 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш”- ХК-аас 1 047 881 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ТӨХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУЯА