Улсын дээд шүүхийн

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00109

 

“Д” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1116 дугаар шийдвэр,  

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаар магадлалтай,

“Д” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ш” ХК-д холбогдох,

2018 онд дулааны эрчим хүч, цэвэр усаар хангасан болон бохир ус татан зайлуулсны үлдэгдэл төлбөр 177,986,184.18 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1,353,090,619.86 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ТӨХК нь хариуцагч “Ш” ХК-д холбогдуулан 2018 онд дулааны эрчим хүч, цэвэр усаар хангасан болон бохир ус татан зайлуулсны үлдэгдэл төлбөр 177,986,184.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нүүрс худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 1,353,090,619.86 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1116 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 -д тус тус зааснаар хариуцагч “Ш” ХК-иас 177,986,184.18 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ТӨХК-д олгож, нүүрсний үлдэгдэл төлбөр 1,353,090,619.86 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,047,881 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,923,403 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХК-иас 1,047,881 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

  

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1116 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг “...нүүрсний үлдэгдэл төлбөр 1.353.090.619,86 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Д” ХК-иас нүүрсний үнийн үлдэгдэл төлбөр 87.340.016,9 төгрөг, 2012 оны гэрээний дагуу алданги 47.968.964 төгрөг нийт 135.308.980,9 төгрөгийг гаргуулж, “Ш” ХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1.217.781.638,96 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...олгосугай” гэснийг “...олгож” гээд “Д” ХК-иас 834.495 төгрөг гаргуулж, “Ш” ХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар “Ш” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 7,971,285 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 26 тоот магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн буюу 135,308,980.9 төгрөгийг “Д ТӨХК-иас гаргуулж “Ш ХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл болон тогтоох хэсгийн заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн доорх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. “Д ТӨХК нь Дархан-Уул аймгийн Ш сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэр ус, дулаанаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд эрх бүхий байгууллагын тогтоосон үнэ тарифаар хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах үүрэгтэй. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар “Эрчим хүчний зохицуулах хороо нь үнэ тариф тогтоох, аргачлал боловсруулах ... тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үнэ тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнииг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх үүрэгтэй тул /хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 180-182 хуудас/ Эрчим хүчний зохицуулах хорооны 2015.01.30-ны өдрийн 4/86 тоот албан бичиг, 2018.01.11-ний өдрийн 4/36 тоот албан бичгээр 2014 онд Д ТӨХК-д нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооны 288 тоот тогтоолоор тогтоосон үнийг баримтлах тухай зааж “Ш” ХК-д хүргүүлсэн, 2015.09.04-ний өдрийн албан бичгээр мөн үнийн талаар “ШХК-д хүргүүлсэн зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Эрчим хүчний зохицуулах хорооны 288 дугаар тогтоолоор нүүрсний үнийн дээд хязгаарыг тодорхой зааж компанид хүргүүлсэн нь 3 дугаар хавтас хэргийн 182 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан байхад давж заалдах шатны шүүхээс 2013-2015 онд нүүрсний үнийн аргачлалыг гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй гэж хэргийн материалтай бүрэн танилцаагүй байж буруу дүгнэлт гаргасан байна. Мөн компанийн хооронд гэрээ байгуулсан болон бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмжээ, чанар, тоо хэмжээний талаар ямар нэгэн маргаан гаргаагүй нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний талаар компанийн нягтлан бодогч нар нь жил бүр тооцоо хийж, тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан нь /1 дүгээр хавтасны 69 дүгээр хуудас, 3 дугаар хавтасны 193 хуудас/ авагдсан бөгөөд зөвхөн үнийн талаар маргаж байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-д заасан ... гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй гэсэн хуулийн заалтыг баримталж шийдвэр гаргасныг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. “Ш ХК нь 2014.10.29-ний өдрийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу нүүрсний үнийг нэг тонныг 80,000 төгрөгөөр тооцож /1 дүгээр хавтасны 77 дугаар хуудас/ “ДТӨХК-иас нүүрсний үнийн төлбөр 1,353,090,619.86 төгрөг нэхэмжилж байгаа боловч ТУЗ-ийн тогтоолын хавсралтанд ямар байгууллага хамрагдах ёстой нь тодорхойгүй, 2014-2015 онд татварын газарт нүүрсний үнийг бууруулж буруу тайлагнасан, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.1.14, 9.1.16, 9.1.18-д зааснаар үнэ тогтоох эрхтэй эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг биелүүлээгүй, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглох хуулийн заалтуудыг зөрчсөн, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтуудаар тогтоогдож чадаагүй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.Д” ТӨХК нь иргэд аж ахуйн нэгж байгууллагад цэвэр ус, дулаанаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ явуулдаг, төсвийн санхүүжилт авдаг төрийн өмчит байгууллага бөгөөд жил бүр алдагдалтай ажилладаг тул өндөр үнэтэй нүүрсний үнийг төлөх ямар ч чадамжгүй төсвийн хуулийг зөрчих эрхгүй байгууллага бөгөөд Эрчим хүчний хорооноос тогтоосон тарифаар үйлчилгээний үнийг тооцох үүрэгтэй юм. Мөн дээрх хугацаанд Эрчим хүчний зохицуулах хорооноос удаа дараа станцуудад борлуулж буй үнээр нүүрс нийлүүлэх талаар албан тоот ирүүлж байснаас гадна тус компани дээр ирж ажиллан холбогдох албан тушаалтнуудад тайлбар хийж байсан. “Ш ХК нь 2012-2015 онуудад “Д ТӨХК-д нийлүүлсэн нүүрсний үнийн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч энэ нэхэмжлэлээ өмнө нь 2016 оны 3 сард иргэний анхан шатны шүүхэд агуулга, тоо хэмжээ адилхан гаргаж шийдвэрлүүлэн анхан шатны шүүх 2016.04.18-ны өдөр шийдвэрлэж, 2016 оны аймгийн шүүхийн 137 дугаар магадлалаар хэрэг хүчингүй болж дахин шийдвэрлэх гэж байхад Ш” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016.11.21-ний өдөр нэхэмжлэлээс татгалзсан хүсэлт гаргасан тул 2016.11.24-ний өдрийн 6642 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлээс татгалзсан захирамж гарсан байхад шүүхүүд энэ талаар дүгнэлт хийгээгүй шүүх хуралдаанаар хэлэлцүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. /1 дүгээр хавтас 130 дугаар хуудас/

2012 оны жилийн эхний үлдэгдлийг 2 байгууллагын нягтлан бодогч нар тооцоо нийлсэн актаар 95,537,929.86 төгрөгийг 2013.01.23-ны өдөр баталгаажуулснаас хойш үлдэгдлийг тооцсон. Ш ХК татварын байгууллагад тайлагнасан тайлангаар нотлогдохгүй байгаа тул 1,353,090,619.86 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Татварын байгууллагад дараах байдалтай тайлагнасан байна. Үүнд: 2013.01.01-ээс 2014.10.30 хүртэл нийлүүлсэн 22,316.3 тн нүүрсийг гэрээ байгуулж үнэ тохиролцоогүй тул ТУЗ тогтоосон үнэ болох 50,050 төгрөгөөр тооцсон гэх боловч Дархан-Уул аймгийн татварын хэлтсээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтанд авагдсан материалд 1 тн нүүрсний үнийг 30,800 (НӨАТ орсон үнэ) төгрөгөөр тооцон тайлагнасан байна. 2014.01.01-ээс 2015.11.30 хүртэл хугацаанд нийлүүлсэн 13,089 тн нүүрсийг гэрээ байгуулж үнэ тохиролцоогүй тул ТУЗ тогтсосон үнэ болох 88,000 төгрөгөөр тооцсон гэж байгаа боловч 2014.11.01-ээс 2015.01.31 хүртэл нийлүүлсэн 4,869.18 тн нүүрсийг 88,000 төгрөгөөр тооцож 428,487,840 төгрөгөөр татварт тайлагнажээ. 2015 оны 1 сард нийлүүлсэн 1,517.6 тн нүүрсийг татварт 50,050 төгрөгөөр 2015 оны 2 сард нийлүүлсэн 1920 тн нүүрсийг татварт огт тайлагнаагүй байна, зөвхөн бэлэн мөнгөөр зөөврийн худагт авсан нүүрсийг тайлагнасан. 2015.3-4 сарыг дуустал нийлүүлсэн 2,880 тн нүүрсийг 50,050 төгрөгөөр буюу 144,144,000 төгрөгөөр татварт тайлагнасан. 2015.9-11 сарыг дуустал нийлүүлсэн 3,427.98 тн нүүрсийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2014.12.10-ны өдрийн 228 дугаар тогтоолоор тогтоосон үнэ болох 33,000 төгрөгөөр тооцож 113,123,340 төгрөгөөр тус тус татварын байгууллагад тайлагнасан тооцоог сөрөг нэхэмжлэл гаргасан үнийн дүнтэй харьцуулан анхан шатны шүүхээс нотлох баримтанд үндэслэн нарийвчлан тооцоо хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э болон өмгөөлөгч Б.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Д” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй “Ш” ХК-д холбогдох иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 26 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн хариуцагч талаас энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн талуудын хооронд үүссэн харилцаа нь гэрээг өөрчлөн байгуулаагүй хэдий ч нүүрс худалдах, худалдах авах харилцаа тогтсон байгаа тухай, улмаар ТУЗ-өөс тогтоосон үнэ өөрчлөгдсөн талаар болон шинэ үнээр гэрээ байгуулах саналыг Д ХК-д хүргүүлж байсан болох, худалдан авагч түүнд хариу ирүүлээгүй болох, гэвч нүүрсээр тасалдалгүй компанийнхаа үндсэн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байсан зэрэг болсон үйл баримтыг үнэн зөв дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар хүлээн зөвшөөрөхүйц бодитой дүгнэлт хийсэн. Гэхдээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биш яагаад зарим хэсгийг хангаж байгаа талаарх дүгнэлт нь талуудын хоорондох маргааны үйл баримттай шалтгаант холбоогүй болон хэрэгт авагдсан нотлох баримтаар дэмжигдэхгүй буюу үндэслэл муутай байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайлбал,Ш” ХК-ийн тодорхойлсноор нүүрсний үнийг 50,050 болон 88,000 төгрөгөөр тооцох боломжгүй гэж дүгнэсэн. /Магадлалын 6 дахь тал доороос 2 дахь догол мөрт/ “Энэ дүн дээр 2013, 2014, 2015 оны 11 дүгээр сарын байдлаар нийлүүлсэн нүүрсний үнийн зөрүүд нэхэмжилсэн хэмжээний зарим хэсэг буюу 74,850,297.04 төгрөг, нийт 135,308,980.9 төгрөг буюу сөрөг нэхэмжлэлийн үнийн 8 хувьтай тэнцэх хэсгийг гаргуулах” гэх дүгнэлт. /Магадлалын 6 дахь тал доороос 1 дэх догол мөрт/ Өөрөөр хэлбэл, яагаад тооцох боломжгүй гэх дүгнэлтэд хүрсэн үндэслэл огт байхгүй буюу Компанийн тухай хуульд заасан ТУЗ-ийн эрх хэмжээ, түүнээс олгогдсон үүрэг даалгаврын хүрээнд гүйцэтгэх захирлын явуулсан үйл ажиллагаа, компани хооронд харилцаж ирсэн тогтсон журмын дагуу хүргүүлсэн хуульд үл харшлах санал, албан тоот, шийдвэрийг яагаад огт үнэлэхгүй хийгээд үл хэрэгсэж байгаад хууль зүйн бодитой үндэслэл хэрэгтэй. Тиймээс шүүх шийдвэрийнхээ үндэслэл, шалтгаант холбоог зааж чадахгүй байгаа, тухайн шийдвэрт хүргэх болсон дүгнэлт нь нотлох баримтаар дэмжигдэхгүй байгаа зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимд нийцэхгүй байна. “Ш ХК-ийн хувьд энэ олон жил маргааныг дэвэргэж хэрэглэгчийг хясан боогдуулаагүй, үндэслэлгүйгээр үнээ нэмээгүй бөгөөд зөвхөн бодитой гарч буй зардал, зүй ёсны ашиг, компанийн эрх бүхий этгээдийн тогтоосон үнийн хүрээнд л асуудалд хандаж ирсэн юм. Тиймээс аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хоёр хуулийн этгээдийн хооронд болсон гэрээг байгуулах үйл баримт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т “хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн”, 196 дугаар зүйлийн 196.1.7-д “ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй” гэж заасан зохицуулалтад нийцэх тул худалдагч талаас худалдан авагч талд хүргүүлсэн үнээр гэрээний төлбөрийг шаардах хууль зүйн үндэслэлтэй, улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах ёстой.

Түүнчлэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар “Ш” ХК нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан боловч уг үндэслэлээ тодорхой бичээгүй гэжээ. /Магадлалын 5 дахь тал доороос 1 дэх догол мөрт/ Бид үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжлэлд заасан хэмжээгээр бус хэрэгт авагдсан анхан шатны баримтаар нотлогдсон хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болно. Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “манай компани нь 2017 онд 772,783,824 төгрөгийн ус, дулааныг, 2018 онд 1,028,051,928 төгрөгийн ус, дулааныг, нийт 1,800,835,752 төгрөгийн ус, дулааныг “Ш ХК-д нийлүүлсэн гэдэг юм. /Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой туссан байгаа/

Харин хэргийн 2 дугаар хавтасны 2-25 дахь талд авагдсан анхан шатны баримтаар “Ш ХК нь 2017 онд 710,854,778 төгрөгийн, 2018 онд 953,802,088 төгрөгийн нийт 1,664,656,866 төгрөгийн ус, дулааныг хэрэглэсэн болох нь тогтоогддог. Нөгөө талаас “Ш” ХК нь 2017 онд 504,323,241 төгрөгийн, 2018 онд 1,028,051,928 төгрөгийн нийт 1,539,801,391 төгрөгийн нүүрсийг “Д” ХК-д нийлүүлсэн байдаг. Гэрээнд зааснаар харилцан тооцвол 2017, 2018 оны ус, дулааны төлбөр 1,664,656,866 төгрөгөөс мөн оны нүүрсний төлбөр 1,539,801,391 төгрөгийг хасахад 124,855,475 төгрөгийн төлбөр гарах ба үүнийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг юм. Харин анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг нотлох баримтад бус нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон. Иймд Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 26 дугаар магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

7. Нэхэмжлэгч “Д” ТӨХК нь хариуцагч “Ш” ХК-д холбогдуулан 2018 онд дулааны эрчим хүч, цэвэр усаар хангасан болон бохир ус татан зайлуулсны үлдэгдэл төлбөр 177,986,184.18 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...2017 оны 22 дугаартай “Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ”-ний дагуу 6352 кл дулаан, 27541 м3 цэвэр ус нийлүүлсний, 26794 м3 бохир ус татан зайлуулсны төлбөрийг, мөн 2018 оны 13 дугаартай гэрээний дагуу 8535 кл дулаан, 24875 м3 цэвэр ус нийлүүлсний, 24875 м3 бохир ус татан зайлуулсны төлбөрийг нэхэмжилнэ... гэж тодорхойлжээ.

 

8. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...2017, 2018 онд Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ хийсэн, гэрээний дагуу нэхэмжилж буй төлбөр баримтаар тогтоогдоогүй, тооцоо нийлсэн акт байхгүй... гэсэн тайлбар гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нүүрс худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 1,353,090,619.86 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Зохигч шүүхэд 2017, 2018 онд байгуулсан “Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ”-ний дагуу нийлүүлсэн дулаан, цэвэр усны болон бохир ус татан зайлуулсны төлбөрийн хэмжээ болон гэрээ байгуулаагүй хугацааны буюу 2013-2015 оны 11 дүгээр сарын хугацаанд нийлүүлсэн нүүрсний үнийг ямар эрхийн актыг үндэслэн, ямар үнэ тарифаар тооцох, төлөх төлбөрийн талаар маргасан байна.

11. Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй дээрх үндэслэлд дүгнэлт хийлгүй, “...хоёр байгууллагын 2019.10.19-ний өдрийн Тооцоо нийлсэн тухай баримтаар “Д” ТӨХК-аас ямар нэгэн өр төлбөргүй талаар тусгасан боловч 2 тал ус, дулааны төлбөрийн талаар тооцоо нийлээгүй, хариуцагч нь ус, дулааны төлбөрийг харилцан тооцсон болон төлбөр төлсөн талаар нотлогдоогүй” гэж дүгнэн, хариуцагч “Ш” ХК-аас 2017, 2018 онд нийлүүлсэн цэвэр ус, дулааны болон бохир ус татан зайлуулсны үлдэгдэл төлбөрт 177,986,184.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэвч анхан шатны шүүх ямар баримтад үндэслэж ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүхийн үндэслэл болгосон 2019.10.19-ний өдрийн тооцоо нийлсэн тухай тэмдэглэл /3хх-193 тал/-ээр хоёр компанийн 2012-2018 онд нийлүүлсэн нүүрсний тоо хэмжээний талаар тохиролцсоныг талууд төлөх төлбөрийн талаар тооцоо нийлсэн гэж үзэхгүй, мөн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар дүгнэлт хийж чадаагүй байна. 

 

12. Мөн, давж заалдах шатны шүүхийн ...“Ш” ХК-ийн тодорхойлсноор нүүрсний үнийг 50,050 болон 88,000 төгрөгөөр эсхүл 2012 оны нүүрсний үнээр буюу 28,000 төгрөгөөр мөн тооцох боломжгүй. ...“Д” ХК нь ...2012, 2017, 2018 оны тооцооллоор нүүрсний үнэд ...60,458,683.86 төгрөгийг төлөх үүрэгтэй. Энэ дүн дээр 2013, 2014, 2015 оны 11 сарын байдлаар нийлүүлсэн нүүрсний үнийн зөрүүд нэхэмжилсэн хэмжээний зарим хэсэг болох 74,850,297.04 төгрөг, нийт 135,308,980.9 төгрөг буюу сөрөг нэхэмжлэлийн үнийн 8 хувьтай тэнцэх хэсгийг “Д” ХК-аас гаргуулах нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ... гэж дүгнэхдээ төлбөрийн тооцоолол ойлгомжгүй, эргэлзээтэй, нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.  

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан, хоёр шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.   

14. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1116 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.15-ны өдөр төлсөн 834,495 төгрөг, хариуцагчаас 2020.04.21-ний өдөр төлсөн 7,136,789 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД