Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 28

 

Ц.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01251/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

"Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.С-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг Б.Б- гэгчид зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, зээл авч өгсөн бөгөөд Б.Б- нь зээлээ төлөөгүйн улмаас миний нэр дээр 19.189.008 төгрөгийн төлбөр гарсан. Энэ шийдвэр дээр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд миний өмчлөлийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 234 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн байгаа боловч миний орон сууцыг 32.518.628 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн байгаад гомдолтой байна. Иймд тус үнэлгээг хүчингүйд тооцож, дахин үнэлгээ гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базарсад, Б.Хишигжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаартай шийдвэрээр Ц.С-ээс 19.189.008 төгрөг гаргуулж, Газар капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.С- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Ү-2003000633 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 234 тоотод байрлах 18.0 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад Ц.С- нь үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч Газар капитал ББСБ 28.000.000 төгрөгийн үнийн санал өгсөн. Талууд үнийн санал тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг 2019 оны 11 сарын 11-ний өдөр талуудад мэдэгдэн, тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Ц.С-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Ашид билгүүн ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.С- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Миний бие өөрийн өмчлөлийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4-234 тоот байрыг өөрийн ажиллаж байсан “Дархан хөвөн” ХХК-ийн захирал Б.Б-д барьцааны зөвшөөрөл олгож зээл авч өгсөн. Б.Б- нь зээлээ төлөөгүйн улмаас миний нэр дээр 19.189.008 төгрөг гарсан.

            Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний байрыг хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-аар үнэлгээ хийлгэж 32.518.628 төгрөгөөр үнэлүүлсэн. Миний зүгээс байрыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг үнэлгээний материалыг танилцуулахдаа 14 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй гэсний дагуу гомдол гаргасан. Үнийн санал авах тухай тогтоолыг надад ойлгомжтой тайлбарлаагүй. Шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу ажиллагаагаа явуулж чадаагүй гэж үзэж байна.

            Иймд нэг талыг хэт барьж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Гомдол гаргагч Ц.С- Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги /цаашид ШШГГ/-д холбогдуулж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлыг гаргасан бөгөөд хариуцагч ШШГГазар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх гомдол гаргагч Ц.С-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тэрээр эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж гарсан тул хүчингүй болгуулахаар давж заалдсан гомдол гаргаснаар хэргийг хүлээн авч, бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр Ц.С-ээс 19.189.008 төгрөг гаргуулж,”Газар капитал партнерс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Хүчин төгөлдөр болсон шийдвэрийг гүйцэтгэж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5468 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж гарч, захирамжийн дагуу  мөн өдрийн 816 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 19070106 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэгдсэн байна.

Улмаар шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, зээлийн барьцаанд тавигдсан Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 234 тоотын 18.0 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг  битүүмжлэх ба хураах ажиллагаа явагджээ.

Дархан-Уул аймаг дахь ШШГГазрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19070106/02 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай”, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19070106/03 дугаартай “эд хөрөнгө хураах” тухай  тогтоолууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд зааснаар гарсан бөгөөд гомдол гаргагч Ц.С- /төлбөр төлөгч/ нь эдгээр тогтоолуудын талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож болох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус, мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар  төлбөр төлөгч Ц.С-ээс үнийн санал өгөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийг шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/22 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор томилжээ.  Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК  2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ҮХХ/319-37 дугаартай үнэлгээний тайлангаар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 234 тоотын 18.0 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг  32.518.628 төгрөгөөр үнэлсэн байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар “шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг” ойлгоно гэж заасан, шинжээчээр томилогдсон “Ашид билгүүн” ХХК-ний захирал Ч.Жамьян нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд мөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг олон улсын үнэлгээний стандартын дагуу зах зээлийн хандлагын аргыг хэрэглэн үнэлгээний тайлан гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Ц.С- нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтийн төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг “зах зээл”-ийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн гэж гомдсон боловч энэ гомдлоо нотлох баримтыг шүүхэд гаргаж, мэтгэлцээгүй.

            Түүнчлэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар ажиллагааг хуульд нийцүүлж хийгээгүй талаар болон шүүхийн ямар дүгнэлт хэргийн нөхцөл байдалд нийцээгүй талаар тодорхой зүйл дурдаагүй болно.

Хэргийн 47 дугаар талд авагдсан баримтаас үзвэл гомдол гаргагч Ц.С-  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлантай Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 11 дүгээр сарын 12-нд танилцсан байх ба 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүхэд гомдлоо гаргасан нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх  гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг буюу шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд гомдол гаргагч Ц.С-ийн шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж чадаагүй, шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.С-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гомдол гаргагч Ц.С-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                        

        

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                             АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                           ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ 

                                                             ШҮҮГЧИД                                С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                              Л.АМАРСАНАА