Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 143

 

                                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01251/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........ аймгийн .......... сум, ......... баг, ...... хороолол, ...... байрны ..... тоотод оршин суух Х овогт Ц-ийн С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

“Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ц.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, Б.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ц.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг Б гэгчид зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, зээл авч өгсөн бөгөөд Б нь зээлээ төлөөгүйн улмаас миний нэр дээр 19,189,008 төгрөгийн төлбөр гарсан. Энэ шийдвэр дээр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд миний өмчлөлийн ..... сумын ........ баг, ........ хороолол, ........ байрны ... тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Хөрөнгийн үнэлгээний АБ ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн байгаа боловч миний орон сууцыг 32,518,628 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн байгаад гомдолтой байна. Иймд тус үнэлгээг хүчингүйд тооцож, дахин үнэлгээ гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, Б.Х- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаартай шийдвэрээр Ц.С-ээс 19,189,008 төгрөг гаргуулж, ГП ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.С- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Ү-.............. дугаартай, .......... аймгийн ....... сумын ........ баг, ...... хороолол, ..... байрны ...... тоотод байрлах ..... мкв талбайтай ... өрөө орон сууцыг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад Ц.С- нь үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч ГП ББСБ 28,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн. Талууд үнийн санал тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг 2019 оны 11 сарын 11-ний өдөр талуудад мэдэгдэн, тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Ц.С- нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, “АБ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай шаардлага гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байна.

 

Гомдол гаргагч Ц.С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “АБ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбарыг хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд энэхүү хуулбар дээр 2019 оны 11 сарын 21-ний өдөр хуулбарлан өгөв гэсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хийсэн огноогоор тооцож, шүүх 2019 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан Ц.С-ийн гомдлыг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан болно.

 

Гэтэл шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, талуудын тайлбараар гомдол гаргагч Ц.С-т 2019 оны 11 сарын 06-ны өдрийн “АБ” ХХК-ийн үнэлгээний тайланг 2019 оны 11 сарын 12-ны өдөр танилцуулсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл үнэлгээний тайлантай танилцуулсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр Ц.С- нь “танилцлаа. Гомдлоо шүүхэд гаргая 2019.11.12,  10 цаг 10 минут” гэж тэмдэглэж гарын үсгээ зурсан байна.

Гомдол гаргагч Ц.С- нь хөрөнгийн үнэлгээний тайлантай 2019 оны 11 сарын 12-ны өдөр танилцсан байх боловч шүүхэд гомдлоо 2019 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. 

 

Хоёр. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 455 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 56 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 001/ХТ2018/01527 дугаартай тогтоолоор Ц.С-ээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар 19,189,008 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 324,095 төгрөг гаргуулж, “ГП партнерс ББСБ” ХХК-д олгохоор, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ц.С- нь 19,189,008 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ....... аймгийн ......... сумын .......... баг, .......... хороолол, ..... байрны ......... тоот хаягт байрлах ....... мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 19,189,008 төгрөгийг хангуулахаар шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 5468 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 816 дугаартай гүйцэтгэх хуудас, 2019 оны 01 сарын 03-ны өдрийн 19070106 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 455 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 56 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 001/ХТ2018/01527 дугаартай тогтоолыг талууд нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй боловч тэдгээрт үндэслэн бичигдсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас хэрэгт авагдсан, талууд дээрх баримтын талаар маргахгүй гэсэн болохыг дурдаж байна.  

 

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 19070106/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 19070106/03 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор тус тус Эрхийн улсын бүртгэлийн                Ү-.............. дугаарт бүртгэлтэй, ......... аймгийн ........ сумын .......... баг, ....... хороолол, .... байрны ....... тоот хаягт байрлах ......... мкв талбай бүхий, .... өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, улмаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.С- үнийн санал өгөөгүй болох нь эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлээр 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 2019/22 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилсны дагуу “АБ” ХХК-ийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн ҮХХ/319-37 дугаартай үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 32,518,628 төгрөгөөр үнэлжээ.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгуулага хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Гомдол гаргагч Ц.С- нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ дээр дурдсан орон сууцыг  зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү доогуур үнэлсэн гэх ямар үндэслэл байгаагаа тодорхойлж чадаагүй бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч Ц.С- нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ц.С-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “АБ” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Ц.С-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “АБ” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ОЮУНЦЭЦЭГ