Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00851

 

2021           06            24                                          001/ХТ2021/00851

 

 

 

...................ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар магадлалтай,

 

...................ийн нэхэмжлэлтэй

................... холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ...................ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг Б.Байгалмаа гэгчид зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, зээл авч өгсөн бөгөөд Б.Байгалмаа нь зээлээ төлөөгүйн улмаас миний нэр дээр 19,189,008 төгрөгийн төлбөр гарсан. Энэ шийдвэр дээр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд миний өмчлөлийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 234 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн байгаа боловч миний орон сууцыг 32,518,628 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн байгаад гомдолтой байна. Иймд тус үнэлгээг хүчингүйд тооцож, дахин үнэлгээ гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ...................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базарсад, Б.Хишигжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.18-ны өдрийн 455 дугаартай шийдвэрээр ...................ээс 19,189,008 төгрөг гаргуулж, Газар капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ................... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан...................дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 234 тоотод байрлах 18.0 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад ................... нь үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч Газар капитал ББСБ 28.000.000 төгрөгийн үнийн санал өгсөн. Талууд үнийн санал тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг 2019.11.11-ний өдөр талуудад мэдэгдэн, тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан ...................ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Ашид билгүүн ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ...................ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ...................ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гомдол гаргагч ...................ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ................... хяналтын гомдолдоо: Иргэний миний өөрийн эзэмшилд байдаг байрыг Газар партнерс ББСБ-д барьцаанд тавьсан ба төлбөрийг бүрэн барагдуулаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарсан. Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус байрыг үнэлгээнд оруулсан. Ингэхдээ үнэлгээг зах зээлийн үнээс маш доогуур үндэслэлгүй үнэлсэнд гомдолтой байгаа тул шүүхэд гомдлоо гаргасан ч шүүх мөн л эсрэг шийдвэр гаргасаар байна. Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих хуулийн үндэслэлтэй байна.

 

................... нь ................... холбогдуулж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчдын мэтгэлцэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

 

Шүүх зохигчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.18-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр ...................ээс 19,189,008 төгрөгийг  гаргуулж Газар капитал партнерс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч шийдвэрийг гүйцэтгэхээр ...өмчлөлийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 234 тоотын 18.0 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан байна.

 

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн, талууд тохиролцоогүй тул шинжээчээр Ашид билгүүн ХХК-ийг томилсон, үл хөдлөх хөрөнгийг 32,518,628 төгрөгөөр үнэлсэн 2019.11.06-ны өдрийн үнэлгээ, нэхэмжлэгч үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн зэрэг эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Шинжээч үнэлгээ гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй, хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур болохыг нэхэмжлэгч хэрхэн тогтоож нотолсон, шүүхэд баримт гаргаагүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД